Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00260

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 5-р баг Уртбулаг баг 5-3-16 тоотод оршин суух Боржигон овгийн Төрөөгийн Өлзийхишигийн /ТГ:64090600/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Манхан 4-10 тоотод оршин суух Буурал аав овгийн Мягмаржавын Соёлмаад хариуцагдах 890.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.           

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч М.Соёлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Т.Өлзийхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Өлзийхишиг би зээлдэгч М.Соёлмаад 2015-09-28 ны өдөр 500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, сар бүр хүүгээ төлөхөөр 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж, мөнгө зээлдүүлсэн юм. М.Соёлмаа нь өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй байгаа тул зээлдэгч Т Өлзийхишигийг хохироосоор байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 500.000 төгрөг, хүү 360.000 \нэг сард 30.000 төгрөг х 12 сар= 360.000Т\ нийт 860.000 төгрөг төлөх тооцоо гарсан. Зээл, хүүг төлүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч М.Соёлмаа нь “...маргаанаа шүүхээр шийдүүлнэ..." гэсэн учраас эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгож, тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа М.Соёлмаагаас төлөх зээл, хүүгийн хамт 860.000 төгрөг,эвлэрүүлэн зуучлалын хөлс 30000 төгрөг, нийт 890.000Т\найман зуун ерөн мянган\ төгрөг гаргуулж, зээлдүүлэгч Т.Өлзийхишигийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг дэмжинэ.2015 оны 9 сард гэрээ байгуулж 500 000 төгрөг авсан.Гэрээгээр хүү алданги тохирсон.Төлбөрөө төлөхгүй,утсаа авахгүй алга болсон тул хүүг багасгах боломжгүй гэж хэлсэн.Гэрээнд заасан хүү 360 000 төгрөг болж байгаа гэжээ.

   Хариуцагч М.Соёлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Өлзийхишигээс 500.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Үүнээс 60.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа. Уг мөнгийг авахдаа хүү тохирч байгаагүй. Гэтэл хүү тохирсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 440000 төгрөгийг төлнө. Бид эвлэрүүлэн зуучлах төвд хандсан. Гэвч тохиролцоогүй хүүг нэхэмжилж байсан тул бид эвлэрээгүй болно. Тиймээс 890.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

       Хариуцагч М.Соёлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Үндсэн зээл 500 000 төгрөгийг зөвшөөрч байна.Хүүгээ багасгаж өгнө үү гэж хүсэж байна.Би банкны зээлтэй.60 000 төгрөг өгсөн,баримт аваагүй гэжээ.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

        Нэхэмжлэгч Т.Өлзийхишиг хариуцагч М.Соёлмаагаас зээлийн төлбөр,хүү,эвэлүүлэн зуучлах ажиллагааны хураамж нийт 890.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгний хэсгийг зөвшөөрнө гэж тайлбарласан.

       Зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 28-нд мөнгөн зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж нэхэмжлэгчээс 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй,хүүгээ сар бүр төлөх,хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөх нөхцөлтэй хариуцагч зээлж авсан болох нь шүүхэд гаргасан тайлбар,хэргийн 6 дугаар хуудаст авагдсан “мөнгө зээлэх гэрээ” гэсэн баримт зэргээр тогтоогдож байна.

       Хариуцагч гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй.Харин хариуцагч “Уг мөнгийг авахдаа хүү тохирч байгаагүй. Гэтэл хүү тохирсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.440 000 төгрөг төлнө”гэж тайлбарлаж маргаж байна.

       Зохигчдын хооронд байгуулсан мөнгөн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэсэн заалтад нийцсэн зээлийн хүү тохирсон гэрээ байна.

        Хариуцагч уг гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй,Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”гэж,208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаандаа гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардан нэхэмжлэх эрхтэй.

       Хариуцагчийн “хүүгээ багасгана уу” гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч тал зөвшөөрч хүлээн аваагүй тул тэрээр гэрээнд заасны дагуу үндсэн зээл 500 000 төгрөг,гэрээний хугацааны хүү  360 000 төгрөг төлөх үүрэгтэй.

       Хариуцагчийн” 60 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч “төлөөгүй “гэж үгүйсгэсэн ба хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй тул хасаж тооцох үндэслэлгүй байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”үүрэгтэй гэж хэргийн оролцогчийн үүргийг заасан байдаг тул хариуцагч “60 000 төгрөг төлсөн” гэх тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй юм.Иймд нэхэмжлэлийн 860 000 төгрөгний хэсэг хангагдах үндэслэлтэй байна.

      Түүнчлэн хэргийн 8 дугаар хуудаст авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл,30 000 төгрөг төлсөн баримт зэргээр нэхэмжлэгчийн 30 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдсон ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-д “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохиролыг хариуцна” гэж заасан байдаг тул хариуцагч М.Соёлмаа нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа хуулийн дагуу төлсөн тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

      Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

      Улсын тэмдэгтийн хураамж 25 500 төгрөгийг нэхэмжлэгч хуульд заасны дагуу урьдчилан төлсөн тул төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар...төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.4-д заасныг баримтлан М.Соёлмаагаас 890 000 төгрөг гаргуулан Т.Өлзийхишигт олгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 25.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 25 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        3. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АРИУНЦЭЦЭГ