Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

 

2021        05        24                                               2021/ШЦТ/170                           

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Бэд холбогдох 2121000000181 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ...............үсчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ..................... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ............. овогт Б. /РД: ................../

 

Шүүгдэгч Б нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* 6 дугаар эгнээнд иргэн А.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна...” гэв.

            Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр таньдаг найз ******* гэрт очиход...үсчин ******* /бүтэн нэрийг мэдэхгүй/ хамт байж байсан. Тэгээд С,  Ж бид хоёрт  0.75, 0.5 литрийн савлагаатай  “Хараа” нэртэй 2 шил архи авч өгсөн. С тэр архинаас бараг уугаагүй. Ж бид 2 тэр архийг ууж дуусгасан. Би нилээн согтоод хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгээд би гэрийн гадаа С гэх залуутай маргалдаад хэрэлдэж байхад С миний зүүн нүд рүү 2-3 удаа гараараа маш хүчтэй цохисон. Намайг газар унахад миний дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Тэгээд би Ж-ийн гэрт ороод архиа гаргах гээд хэсэг унтсан. Унтаж босоод харахад миний нүд таглараад юм харахгүй байсан... гэртээ очиход ээж Наранцэцэг миний нүдийг хараад шууд “эмнэлэг явъя” гээд авч яваад үзүүлсэн  ...” гэжээ. /хх-ийн 8-9/

            Гэрч Э.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр аав, ээж, дүү нар гараад явчихсан байхад найз А.Б өглөө 10 цагийн үед манайд архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд бид хоёрыг байж байхад найз Б ганцаараа ирсэн.  Тэгээд Б А.Б бид хоёрт 2 шил архи авч өгсөн. Бид гурав архиа хувааж уусан. А.Б Бийг “ахын дүү”  гээд байсан чинь Б өөдөөс нь “би хэзээ чиний дүү байсан юм, чамаар дүү гэж дуудуулах болоогүй шүү”   гээд хоорондоо маргалдаж хэрэлдээд, барьцалдаж зодолдсон. Би тэр 2-ыг салгаад Бэд хандаж “чи согтуу хүнийг арай хэтэрхий зодож байна” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг салгаад удаагүй байхад А.Бгийн зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан юм харахгүй байсан. Тэгээд байж байгаад А.Б, Б хоёр манай гэрээс явсан ...” гэжээ. /хх-ийн 19/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 220 тоот дүгнэлтэд:                

1. А.Бгийн биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2  удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26/

 

Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед гэртээ унтах гээд байж байхад зүс таньдаг ах А.Б над руу чатаар “сайн уу дүү” гээд  бичсэн... 2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед би гэрээсээ гараад Ж-ийн гэр рүү очсон... бид хоёрыг байж байхад гаднаас А.Б ганцаараа орж ирсэн. Би өглөө гэрээсээ гарахдаа эхнэртэйгээ маргачихсан байсан болохоор архи ууя гээд 2 шил архи аваад А.Б, ******* хоёртой хувааж уусан. Би  тухайн үед согтоод болсон асуудлыг нарийн сайн санахгүй байсан. Ямар ч байсан А.Бтэй маргалдаж, зодолдсон. ...” гэжээ. /хх-ийн 33/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газарт хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 5/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 39/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бэд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Бэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч  ..........  овогт Б нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* 6 дугаар эгнээнд иргэн А.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би өглөө гэрээсээ гарахдаа эхнэртэйгээ маргачихсан байсан болохоор архи ууя гээд 2 шил архи аваад А.Б, Ж хоёртой хувааж уусан. Би тухайн үед согтоод болсон асуудлыг нарийн сайн санахгүй байсан. Ямар ч байсан А.Бтэй маргалдаж, зодолдсон …” гэх мэдүүлэг, хохирогч А.Бгийн “...би гэрийн гадаа С /нарийг нь бүтэн мэдэхгүй/ гэх залуутай маргалдаад хэрэлдэж байхад ******* миний зүүн нүд рүү 2-3 удаа гараараа маш хүчтэй цохисон. Намайг газар унахад миний дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Тэгээд би ******* гэрт ороод архиа гаргах гээд хэсэг унтсан. Унтаж босоод харахад миний нүд таглараад юм харахгүй байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20 тоот дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Бийн үйлдлийн улмаас хохирогч А.Бгийн биед зүүн нүдний зөөлөн эдийн няцралт  буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 220 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүхээс Өзөөн овогт Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирлын талаар: Хохирогч А.Б нь шүүгдэгчээс эмчилгээний төлбөр 76.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б 50.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 26.000 төгрөгийг өгөөгүй байгаа талаар шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байна.  Гэвч хохирогч нь хохиролтой холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч А.Бгийн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........ овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч А.Б нь эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

  

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА