Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/416

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Д.Нямбат,      

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Н-д холбогдох 2108 00000 0536 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “***” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны **** тоотод оршин суудаг, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,  Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар өмнө тэнссэн 2 жилийн хугацааг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Ц овогт Г-ийн Н /РД:******/,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны ***байрны ****тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж, биед баруун хөмсөгний дор болон баруун нүдний зовхи, баруун гарын сарвуунд цус хуралт, шалбаралт хавантай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 34б байрны 62 тоот гэртээ эхнэр Г.Ц-тай эр, эмийн хардалт бүхий таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж улмаар нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :          

- хохирогч Г.Ц-гийн...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Н-ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны ** байрны ** тоотод гэртээ байж байгаад хамаатны хүн хөдөөнөөс ирэхээр нь Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь хүргэж өгсөн. Тухайн айлд 1 шил архийг манай нөхөр тухайн хүнтэй хамт уусан. Тэгээд би жолоо барьж байгаа учраас уугаагүй. Тухайн айлаас гараад явж байхад манай нөхөр лүү танихгүй дугаараас залгаад “чи хаана явж байгаа юм бэ, гэр лүүгээ харьж чадах юм уу гээд байхаар нь чи хэнтэй яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд хэлэхгүй байсан. Дахиад асуухад ангийнхаа хүүхэдтэй ярьж байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн эмэгтэй “чи хэнтэй явж байгаа юм” гэж асуухад манай нөхөр жолоочтойгоо хамт явж байна гэж  хэлсэн. Тэгээд би нөхөртөө хандаж “би чиний жолооч юм уу” гэж хэлээд чимээгүй өнгөрөөсөн. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өглөө босоод чиний ярьсан хүүхэн чинь манай ангийн уулзалт болоход найзын дагаж ирсэн эмэгтэй байна лээ. Чи ямар холбоотой юм гэж асуухад толгой хэсэг рүү болон бие хэсэг рүү гараараа 3 удаа цохисон, дараа нь нүд болон нүүр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон. Мөн үснээс зулгаагаад газар мөргүүлээд, уначихсан байхад нь дээрээс өшиглөөд зодсон...гэх мэдүүлэг /хх-11, 14-15/,    

- насанд хүрээгүй гэрч Н.П-ын...Тухайн өглөө сэрээд хартал аав халуун саваар ширээ цохиод байсан. Тухайн үед аав эрүүл байсан. Тэгээд ээжийг толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-20-21/,   

- шинжээчийн дүгнэлт...Г.Ц-ийн биед баруун хөмсөгний дор болон баруун нүдний зовхи, баруун гарын сарвуунд цус хуралт, шалбаралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.../хх-23-24/,     

        - шүүгдэгч Г.Н-ийн... 2021.03.18-нд цэргийн баяр болж найз Ц-ийн гэрт очсон, тэнд 1 шил архинаас би 3 хундага уусан, тэгээд эхнэрийгээ дуудсан ба бид 2 гэр рүүгээ явж байтал замд манай ангийн Э залгаад ярьсан ба эхнэр учрыг нь олоогүй хардаад эхэлсэн...Э надаас хэнтэй явж байгаа юм гэхээр нь жолоочтойгоо гээд хэлчихсэн юм шиг байна лээ, согтчихсон байсан...Өглөө босоход эхнэр яахлаараа танай ангийн охин чам руу залгадагийн, ямар холбоотой юм бэ, би чиний жолооч юм уу гэх зэргээр хэрүүл хийж, бид 2 маргалдаад би ширээн дээр байсан халуун саваар ширээгээ цохисон. Тэгтэл эхнэр орилоод хараал хэлээд, хэрэлдээд байхаар нь нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Паарны хажууд зогсчихоод орилоод байхаар нь холдуулах гээд үснээс нь татсан. Тэгтэл эхнэр газарт унасан. Газарт унасны дараа миний хөл рүү жийхээр нь би хөлөөрөө нэг удаа бие хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл цагдаа нар орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-36-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.            

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Тус хэрэгт үйлдэгдэхэд хохирогчийн хувьд шүүгдэгчийг түүн рүү гар утсаар ярьсан эмэгтэйтэй хардсан сэтгэл зүйн таагүй байдлын хүрээнд анхлан түүнтэй зүй бусаар харьцсан, үл ойлголцон маргаан үүсгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн болохыг үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.       

Иймд шүүгдэгч Г.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй байх /хх-78/ ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч урьд нь 2 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-38, 42-44,                                                                                                                                                                                             76-77/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.      

Шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Миланкварк ХХК-ийн захирал ажилтай, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй, хөдөлмөрийн чадвараа 79 алдсан болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-48-52, 54-61, 63-/ судлагдсан байна.            

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Г.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.       

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР