Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/443

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Н.Улсболд,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Б-т холбогдох 2108000000593 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Баянцагааны ** дүгээр гудамж, ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн М-гийн Б /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо, Горькийн *** дугаар гудамжны орчимд Т.Э-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р, зүүн дээд 1-р шүдний углуургын зөрөөгүй хөндлөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.Б 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Горькийн ** дугаар гудамжны орчимд Т.Э-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :             

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01/,  

- хохирогч Т.Э-ны...Би 2021 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн  шөнийн цагт...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг Горкийн ** дугаар гудамжны орчим машинаа зогсоогоод Б, Э бид нар машинаас бууж бие зассан, Б миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан тэр үед би доошоо тонгойсон тэгсэн миний нүүр хэсэгт хөлөөрөө дахиад нэг удаа өвдөглөж цохисон. Тэгтэл миний нүүр амнаас цус гарч дээд үүдэн хоёр шүд хөдөлчихсөн. Тэгээд би шууд тэндээсээ гэмтлийн эмнэлэг ойрхон болохоор орж үзүүлэн цагдаад гомдол гаргасан...Анх үзүүлэхэд томографикт 120,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөгийн зардал гарсан. Одоо өдөр бүр шарлага хийлгэж байгаа, шарлаг дуусахаар хоёр шүдээ хийлгэнэ гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-06-07/,   

- гэрч Б.Э-ын...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ...Э, Б хоёр хоорондоо үл ялих зүйлээс болж маргаад байсан...Гэтэл Б, Э хоёр машины гадаа барьцалдаад авсан байхаар нь би машинаас бууж тэр хоёрыг салгасан. Тэгэхэд л Э-ы амнаас цус гарч, уруул нь хавдчихсан байсан....гэх мэдүүлэг /хх-11/,  

- хохирогчийн толгойн томографикийн оношилгоо /хх-19-21/,

- шинжээчийн дүгнэлт...Т.Э-ы биед тархи доргилт, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р, зүүн дээд 1-р шүдний углуургын зөрөөгүй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хоёр шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх /хх-22-23/,

- шүүгдэгч М.Б-ын...Би 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн 02  цаг өнгөрч байхад...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг Горькийн хэсэгт намайг бие засаж байхад Эрдэнэбулган араас барьж аваад зуураад байхаар нь зүгээр байлдаа гэж хэлээд зүүн гараараа хойш саваад цохичихсон чинь уруулаас нь цус гараад эхэлсэн. Тэгсэн Э над руу орилж чарлан чамайг ална гээд байсан, Э салгасан...Би Э-д учруулсан хохирол 1,800,000 төгрөг бэлнээр өгч хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-35-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.      

Иймд шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шинжээчийн дүгнэлтэд заасан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд шүүгдэгч 1.800.000 төгрөг төлөхөөр хохирогчтой тохиролцсон, үүнээс 1.200.000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч нь гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хх-61/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Пиөрли Тауэр ХХК-д барилга хариуцсан даамлаар сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажилладаг, тогтсон цалин орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-15, 17, 41, 54-56, 64, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                     

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь 500.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР