Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/447

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Б.Ундрах,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Э-т холбогдох 2108003990618 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр Завхан аймгийн Их уул суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл * дугаар баазад жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд ээж нарын хамт Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Бага наран *** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овгийн М Э /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 01 сарын 31-нээс 2021 оны 02 сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Бага наран ** дүгээр гудамжны орчимд иргэн Г.А-ын гээгдүүлсэн “Redmi Note-8 Pro” маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 410,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Шүүгдэгч М.Энь 2021 оны 01 сарын 31-с 02 сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Бага наран ** дүгээр гудамжны орчимд иргэн Г.А-ын гээгдүүлсэн “Redmi Note-8 Pro” маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 410,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :      

      - хохирогч Г.А-ын...Би 2021 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр би М-ын гэрт очиж, Энхбаяртай хамт архи уусан...2 шил архи уусан...23 цаг өнгөрч байсан байх тэр үед М-ын гэрээс нь гарч явж байгаад нээх холдоогүй эхнэр рүүгээ залгах гээд гар утсаа гаргаж ирэх гэхэд миний гар утас байхгүй байсан...Залгуулахад миний гар утас дуудаж байгаад дуудлагыг тасдахаар нь дахин залгахад миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан...Гар утсаа 690,000 төгрөгөөр, резинэн гэрээ 5000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-07-08, 47/,

- гэрч Н.М-ын...Тухайн өдөр А, Э бид нар манайд архи уусан...архи дуусаад...А гэр лүүгээ явлаа гэж хэлээд явсан. Мөн Э эхнэр хүүхдийн хамтаар манай гэрт унтсан. Шөнийн 01 цагийн орчимд Г.А манай хашааг давж орж ирээд хаалга нүдэж, эхнэр хаалга онгойлгосон чинь гэр орж ирээд би гар утсаа танайд орхисон байна гэж хэлээд гар утсаа хайсан. Мөн манай эхнэрийн дугаараас өөрийн дугаар луугаа залгуулсан, тэр үед гар утас нь холбогдоогүй...гэх мэдүүлэг /хх-11-12/,  

- гэрч Э.А-ын...манай аав Энхбаяр нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өглөө намайг унтаж байхад гэрт орж ирээд аав нь гар утас оллоо гэсэн...Тэгээд аав гар утсанд байсан сим картыг нь гаргаж хаяад миний нэр дээр байдаг 994**** дугаарын сим картыг уг гар утсанд хийгээд аав Э бид 2 ээлжилж барьдаг байсан гэх мэдүүлэг /хх-36/,  

- гар утсанд үзлэг хийсэн...уг Redmi Note-8 Pro маркийн гар утсан дээр байх 861****, 861119* имэй код нь гээгдүүлсэн гэх Redmi Note-8 Pro маркийн гар утасны 861190******, 86111904****** имэй кодтой таарч байх тул тэмдэглэл болгон бичив...гэх тэмдэглэл /хх-41-43/,   

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан... Redmi Note-8 Pro маркийн гар утас 400,000 төгрөг, өнгөгүй гэр 5000 төгрөг, шилэн наалт 5000 төгрөг, нийт 410,000 төгрөгөөр тогтоож байна....гэх /хх-16-17/,  

- шүүгдэгч М.Э-ын...Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн орчимд дэлгүүр явах замдаа гар утас олсон...Тэгээд би уг гар утсыг задлаад сим картыг гаргаж охины нэр дээр байдаг 99406153 дугаарыг хийж уг гар утсыг нь ашиглаж байсан. Тэгээд цагдаагаас утсаар ярьж дуудахаар нь би ирж уулзаад гар утсыг өгсөн...гэх мэдүүлэг /хх-28, 55-56/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.            

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно            

Иймд шүүгдэгч М.Э-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан олгосон, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх /хх-44, 48, 78/ тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч тус гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхэд ээжийн хамт амьдардаг, Зорчигч тээврийн нэгтгэл **дугаар баазад жолооч ажилтай, хөрөнгө, орлого болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-65, 67-68, 71, 72, 77, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч М.Э-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.               

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.      

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР