| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0465/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/449 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/449
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Д.Нямбат,
Шүүгдэгч, хохирогч Д.Р, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Р, Б.У нарт холбогдох 2108 00000 0353 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “******“ ХХК-д операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны Налуу ** дүгээр гудамжны ***тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Ц овгийн Д-ын Р /РД:*******/,
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “********” ХХК-д савалгаачин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны Алтайн *** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Б овгийн Б-ийн У /РД:*****
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Р нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны “Болор” нэртэй баарны гадаа Б.У-рыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө хавирч газар унаган биед хамар ясны сэлтэрч цөмөрсөн хугарал, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, 2-р шүдний сэтэрсэн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын салстад цус хуралт, баруун бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Унь 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны “Болор” нэртэй баарны гадаа Д.Р-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь чулуугаар цохиж биед зулайн хуйханд шарх, баруун завжны дотор салстад цус хуралт, зүүн хөмсөг, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.Р нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны “Болор” нэртэй баарны гадаа Б.У-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө хавирч газар унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-01/,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021.02.28-ны өдөр Б.У нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо караокены гадна зүс таних хүмүүст зодуулсан...гэх тэмдэглэл /хх-02/,
- Б.У-ын хохирогчоор өгсөн...2021 оны 02 дугаар сарын 28-ны өглөө нь ажлын 4 хүнтэй хамт 6 том пиво уусан, орой Б-тай уулзсан...пабад орж нэмж уусан...Р миний санаж байгаагаар намайг газарт унагаан толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон, нэг сэргэхэд нүүр хавдсан, хөл өвдөг хэсгээр хавдсан байсан.../хх-16-17/ гэх болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- Б.У-ын гэрчээр өгсөн...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 08 цагт ажлаасаа буусан...Ажлын газрын Н, Н, М, О бид нар 2.5 л 6 ш пиво уусан, Бмашин барьж явсан. Б орой уулзая гээд 17 цагийн үед намайг ирж авсан ба үсээ засуулсан. Дараа нь Б, түүний эхнэр, дүү нь, дүүгийнх нь эхнэр болон найз нарынх нь хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” пабад ирсэн. Тэгээд паб ороод дуу дуулж байгаад Б-тай хамт тамхи татах гээд гараад, тамхи татаад зогсож байтал гэнэт нэг хүн ирээд араас толгой хэсэг рүү цохисон. Тэгээд би хариу зодолдсон...Миний бодлоор Б-ын дүү нь болон тэрний найз нь найзууд нь зодсон байх, тэгээд би тасарчихсан...Сэрээд харахад эхнэр Н ирчихсэн маргалдаад зогсож байсан гэх мэдүүлэг /хх-27, 35/,
- шинжээчийн дүгнэлт...Б.У-ын биед хамар ясны сэлтэрч цөмөрсөн хугарал, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, 2-р шүдний сэлтэрсэн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын салстад цус хуралт, баруун бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх /хх-68-69/,
- гэрч Д.Б-ын... 2021 оны 02 дугаар сарын 28-ны өглөө эрт ажил дээрээ байхдаа Ууганбаатарт би орой эхнэр хүүхэд болон дүү нараа аваад зааланд тоглодог юм уу эсхүл гарч караоке орно гэж ярилцсан...Бид Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Болор нэртэй паб караоке ороод 3 цаг гаран суусан...Манай дүү Р танай найз чинь надад томроод дуулах гэж байгаа дууг болиулаад байна гэж хэлсэн...Тэгээд би утсаа аваад найзтай нь яриад дуудах гэтэл миний утсыг өгөхгүй байсан. Тэгтэл миний хоолойг гараараа боосон. Тэр үед манай дүү Р харчихаад ирээд...мангасдаад...толгой хэсэг рүү нь гараараа 1 цохиод, хавираад газарт унагаасан...унахдаа засмал зам дээр унасан...Тэр үед дүү Р-ийг битгий зодоон цохион хий гээд холдуулсан...Би У манай дүүг цохиж байхыг хараагүй, манай дүүгийн найзууд У-ыг зодоогүй...гэх мэдүүлэг /хх-54-55/,
- гэрч Б.Ө-гийн...У-ыг эхлээд манай дүү Р хавсарч боржуур дээр унагаасан...гэх мэдүүлэг /хх-39-40/,
- гэрч Э.А-ын...Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ байж байхад манай найз У над руу 21 цагийн үед над руу залгаад би хүнд зодуулчихлаа, ирээд аваад гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгтэл хаана юм бэ гэж асуухад Болор пабын үүдэн дээр гэж хэлсэн. Тэгээд би машинтайгаа яваад очсон. Тэгтэл Болор пабын хажуу талын дэлгүүрийн гарцны наана зогсож байсан. Тэгээд Ууганбаатар дээр очсон. Тэгтэл надад тэр залуу намайг зодсон гээд намхан нуруутай, дэлдэн чихтэй, хар өнгийн подволктой залууг заасан. Намайг очиход У-ын нүүрний баруун талд нь хавдчихсан байсан. Хөл нь доголчихсон байсан...хамраас нь цус гарсан байсан...Нөгөө залуу дээр очоод цагдаад өгье гэж бодож байтал У ирээд гараараа тухайн залуугийн нүүр хэсэг рүү цохисон...нөгөө залуу У-ын нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-43/,
- гэрч Г.Ж-ийн...Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед гэртээ байж байхад манай найз Р над руу залгаад ирээд машин бариад гэрт хүргээд өгөөч би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж надад хэлсэн...Тэгтэл Р гарч ирээд тухайн үл таних залуутай замын уулзвар дээр маргалдсан...Тэгтэл тухайн үл таних залуу газраас юм аваад Р-ийн толгой хэсэг рүү цохисон. Хэдэн удаа цохисныг би хараагүй. Салгах хооронд Р, үл таних залуу хоёр бие биенээ хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-47/,
- гэрч Д.Н-гийн... 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...манай нөхөр Ууганбаатар өнөөдөр Будын төрсөн өдөр би гарч болох уу гэхэд нь тэг тэг гэж хэлсэн...Тэгээд орой 22 цагийн үед манай нөхөр залгаад би зодуулчихлаа, цагдаагийн газар байна гэж хэлэхээр нь очтол цамбын цагдаагийн хэлтсийн хажууд таарсан. Тэгтэл баруун талын хөл нь доголчихсон. Хамраас нь цус гарчихсан байхаар нь хамт цагдаа руу орсон...гэх мэдүүлэг /хх-58/,
- шүүгдэгч Д.Р-ийн...Тухайн үед пабын гадна У манай ахыг энгэрээс нь барьчихсан зогсож байсан. Би та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд У над руу чи тийм том юм уу гөлөг минь гэж хэлсэн. Би ахаасаа У-ыг салгах гээд татсан. Тэгтэл У миний ам руу хуруугаа хийгээд татсан. Манай ах Б яах гээд байгаа юм бэ зодоон цохион хийхгүй шүү гэж хэлсэн...Би У-рыг цохисоноо хүлээн зөвшөөрч байна гэх мөрдөн байцаалтад өгсөн /хх-89-90/ болон...У-ыг 2 удаа цохисон, үйлдлээ зөвшөөрч байгаа тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Б.У нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны “Болор” нэртэй баарны гадаа Д.Р-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Д.Р-ийн хохирогчоор өгсөн...би гэрчээр мэдүүлэхдээ тодорхой ярьсан...хааяа толгой өвдөж байна /хх-23/ гэх болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- Д.Р-ийн гэрчээр өгсөн...2021 оны 02 дугаар сарын 28-ны 18 цагийн үед эхнэр Э, төрсөн ах Б болон түүний эхнэр Ө, Ө эгчийн найз О, манай ахын найз У нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Болор нэртэй паб кароаке орсон... Тэгтэл пабын гадна У манай ахыг энгэрээс нь барьчихсан зогсож байсан. Би та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Унад руу чи тийм том юм уу гөлөг минь гэж хэлсэн. Би ахаасаа Уыг салгах гээд татсан. Тэгтэл У миний ам руу хуруугаа хийгээд татсан... Тэгээд би А гэх дэлгүүрийн баруун талд зогсоод тамхи асаах гээд байж байтал У ганцаараа гартаа чулуу барьж гүйж ирээд миний толгой хэсэг рүү цохих гэхэд би бултсан. Тухайн үед миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт буюу духан дээр нэг удаа цохисон. Тэгээд би та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний үснээс бариад доош дарж байгаад толгой хэсэг рүү чулуугаар 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-31-32/,
- гэрч Д.Бын...Тэр үед дүү Рийг битгий зодоон цохион хий гээд холдуулсан. Гэтэл найз нь гэх залуу ирсэн...Тэгтэл гэнэт манай дүү ирээд танай найз чинь толгой хагалчихлаа гэж хэлээд гараараа толгойгоо дараад цусаа үзүүлсэн, би манай дүүг У цохиж байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-54/,
- гэрч Б.Өийн...Уыг эхлээд манай дүү Р хавсарч боржуур дээр унагаасан. У босч ирээд Рийн толгой руу гартаа барьсан чулуугаар цохисон, хоорондоо барилцаад байхаар нь Б болон би салгасан гэх мэдүүлэг /хх-39-40/,
- гэрч Э.Аын...Би Уын дуудсанаар тухайн газарт очсон. Намайг очиход Уын нүүрний баруун талд нь хавдчихсан байсан. Хөл нь доголчихсон...хамраас нь цус гарсан байсан...Нөгөө залуу дээр очоод цагдаад өгье гэж бодож байтал Уирээд гараараа тухайн залуугийн нүүр хэсэг рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-43/,
- гэрч Г.Жийн...Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед гэртээ байж байхад манай найз Р над руу залгаад ирээд машин бариад гэрт хүргээд өгөөч би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж надад хэлсэн...Тэгтэл Р гарч ирээд тухайн үл таних залуутай замын уулзвар дээр маргалдсан...Тэгтэл тухайн үл таних залуу газраас юм аваад Р-ийн толгой хэсэг рүү цохисон...Салгах хооронд Р үл таних залуу хоёр бие биенээ хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-47/,
- гэрч Д.Э-ийн...тухайн үед манай нөхөр Р-ийн толгойноос нь цус гарчихсан, мөн зүүн талын хөмсөгний дээр нь зулгараад улайгаад хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-50/,
- шинжээчийн дүгнэлт...Д.Р-ийн биед зулайн хуйханд шарх, баруун завжны дотор салстад цус хуралт, зүүн хөмсөг, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.../хх-73-74/,
- шүүгдэгч Б.У-ын...Тухайн үед Б-тай гадна тамхи татаад зогсож байхад нэг хүн ирээд араас толгой хэсэг рүү цохисон. Би хариу зодолдсон. Тэгээд би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор тэрнээс хойш яг ямар үйлдэл хийснээ мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар Б-ын дүүгийнх нь толгой хэсэг рүү гартаа чулуу барьж байгаад нэг удаа цохисноо санаж байна...гэх мэдүүлэг /хх-99/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар тус бүр тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Тодруулбал, шүүгдэгч Д.Р-ийн гэмт санаатай үйлдэл ба хохирогч Б.У-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, мөн шүүгдэгч Б.У-ын гэмт санаатай үйлдэл ба хохирогч Д.Р-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хооронд тус тус обьектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон, хохирогч нарын эрүүл мэндэд тус бүр учирсан тухайн гэмтлийг тухайн шүүгдэгч тус бүрээс өөр хэн нэг этгээд учруулсан гэж үзэх үндэслэл, нотлох баримтгүйгээс гадна шүүгдэгч тус бүрд холбогдох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг болохыг дурдах нь зүйтэй.
Харин тус хэрэгт хохирогч тус бүрээс мэдүүлэг авахдаа гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авч буй мэт байдлаар асуулт асууж, хариулт авсан, харин хохирогчоос мэдүүлэг зохих журмаар авахын оронд “өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна уу” гэсэн асуулт тавьж, “нэмж ярих зүйл байхгүй” гэх хариулт авсан /хх-16-17, 22-23/ төдийгөөр хохирогчоос мэдүүлэг авах үндэслэл, журам, оролцогч нарын эрх, үүргийн хүрээ хязгаарыг илтэд зөрчсөн байгааг онцлон анхааруулж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтын хүрээнд тус хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж шүүхээс үзэв.
Иймд шүүгдэгч Д.Р, Б.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт тус бүр холбогдох тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ут шүүх эмнэлгийн үзүүлсэн 8000 төгрөг, шимтгэл 2000 төгрөг, толгойн томографийн зураг авхуулсан 100,000 төгрөг, шүдний эмнэлэгт 2 шүдний эмчилгээ хийлгэсэн 490,000 төгрөг нийт 600.000 төгрөгийн хохирол учирсан баримттай /хх-60-61, 62, 134/, хохирогч Д.Рд толгойн томографикийн зураг авхуулсан 100,000 төгрөг, Ази фарм эмийн сан 5460 төгрөг, эмийн 5460 төгрөг, 5100 төгрөг нийт 110560 төгрөгийн хохирол учирсан баримтууд /хх-64-67/ байх тул хохирогч нарын хохирлыг харилцан тооцож, шүүгдэгч Д.Роос 489.440 төгрөг гаргуулж хохирогч Б.Ут олгох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролд хохирогч Б.У нь хамар ясны сэлтэрч цөмөрсөн хугарлыг эмчлүүлэх, мөн зүүн дээд 1-р шүдний сулрал, 2-р шүдний сэлтэрсэн хугарлыг дахин эмчлүүлэх болон ажилдаа 15 хоног явж чадаагүйн цалин хөлс 420,000 төгрөг, ажлаа хийсэн бол авах байсан урамшууллын 1,000,000 төгрөг /хх-17, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Д.Р нь гэмт хэргийн улмаас учирсан ажилдаа 4 хоног явж чадаагүйн цалин хөлс 320,000 төгрөг /хх-23, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус нэхэмжилсэн байх боловч хохиролд холбогдох нотлох баримтууд тус хэрэгт цуглараагүй байх тул шийдвэрлэх боломжгүй ба хохирогч тус бүрд гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлынх талаарх нотлох баримтаа тус бүр бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч Д.Р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, “Таван толгой түлш” ХХК-д өргөгчийн оператор ажилтай буюу тогтмол цалингийн орлоготой болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-50, 101, 106, 114-120, 121-123, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Б.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 2 бага насны хүүхдийн хамт амьдардаг, хувийн тээврийн хэрэгсэлтэй, “Таван толгой түлш” ХХК-д засварчин ажилтай буюу тогтмол цалингийн орлоготой болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-58, 102, 127-133, шүүх хуралдааны тэмдэглэл/ бөгөөд тус тус судлагдсан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Рд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тус бүрд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.У, Д.Р нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Рийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 500.000 төгрөгийн, Д.Рд оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шүүгдэгч тус бүрд 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Д.Р нар тус бүрд оногдуулсан тухайн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-оос 489.440 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ут олгосугай.
6. Хохирогч Б.У, Д.Р нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус бүр нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР