| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 187/2018/0108/Э |
| Дугаар | 517 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 517
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор А.Оюунгэрэл,
шүүгдэгч Б.Б,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 1710011880050 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б.Б, 1975 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч болон хүүхдийн хамт, .... тоотод оршин суудаг,
Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 292 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:.../,
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл хотхоны 94 дүгээр байрны 119 тоот гэртээ хамтран амьдрагч В.Дыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 1.465.930 төгрөгийг гаргуулж, хохирогч В.Дд олгуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эх Б.Д нь хорт хавдрын улмаас хэвтрийн дэглэмтэй асаргаанд байдаг. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулж байгаа. Иймд эхийгээ асрах, халамжлах шаардлагатай байгаа тул дээрх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болно...” гэв.
Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Бд холбогдох үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх уг үйлдлийг нотлогдон тогтоогдож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж түүнд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж дүгнэж байна. Харин хохирогчид хохирлын мөнгө төлсөн гэх баримтгүй, тухайн хэрэг болсны дараа хохирогч 9 недельтэй ургаа цаашид тээх боломжгүй гэсэн тул авхуулсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл хотхоны 94 дүгээр байрны 119 тоот гэртээ хамтран амьдрагч В.Дыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй” үйлдсэн болох нь:
Хохирогч В.Дын: “...2016 оны 11 дүгээр сараас эхлэн Б.Бтэй хамтран амьдрах болсон. Дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад орой 23.00 цагийн орчимд орж ирэхдээ 3 пивотой орж ирсэн. Тэрийгээ ганцаараа ууж сууж байгаад хөргөгчнөөс архи авч уугаад гал тогоонд байж байхад манай охин бид хоёрын хооронд гүйгээд байсан. Тэгээд унтах болоод байж байтал охин ханиалгахаар нь Б.Б рүү чи эртхэн унтсангүй хүүхэд ханиалгачихлаа гэхэд миний нүүр лүү нулимхаар нь уурлаад охиноо аваад жижиг өрөөнд ороод унтах гээд хэвтэж байтал хөөе гээд дуудахаар нь эргээд харсан чинь нуруу руу өшиглөхөөр нь хөөе чи яаж байнаа гэсэн чинь нүүр лүү өшиглөсөн. Намайг цагдаа дуудаарай гээд хашгирахаар нүүрэн дээр хөнжлөөр бүтээгээд байсан. Охинтойгоо хамт хөнжлөөр бүтээлгэсэн. Тэгээд охин орилсон чинь хөнжлөө аваад цаашаагаа хараад ахиад намайг зодсон...Эхлээд нуруу руу нэг өшиглөөд зүүн нүд рүү өшиглөөд нэмж цохьсон. Цагдаа дуудах гэтэл хөнжлөөр бүтээгээд тэгээд цагдаа дуудах гээд утсаа авахад утас булааж аваад хоёр шанаа руу хоёр удаа цохьсон...Би маш их гомдолтой байна...Би учирсан гэмтэлдээ 1.191.230 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Мөн энэ явдлаас болж Ховд аймгаас төрсөн ахыгаа дуудаж ирүүлэн хажуудаа байлгаж байгаад буцаасан бөгөөд эмнэлгээр явахдаа хүний машинд бензин хийж явсан зэрэг 274.700 төгрөг зарцуулсан юм. Би нийт 1.465.930 төгрөгийг нэхэмжилж байна...Хяналтанд орж амжаагүй. Жирэмсэн гэдгээ мэдээд 3-4 хоног болж байсан...” /хх-7/,
Шүүгдэгч Б.Б: “...би эхнэр В.Дтай 2016 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа бөгөөд манай эхнэр В.Д бид хоёрын хооронд сүүлд танилцсан болохоор бие биетэйгээ үл ойлголцох асуудал гардаг юм. Би Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн хооронд “Истана” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн зөөдөг юм...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэр В.Д нь залгаад намайг элдвээр хэлээд харааж зүхээд зайлаарай гэсэн...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирээд гэрлүүгээ орохдоо 3 лаазтай 0.5 литрийн пиво авч орсон. Гэртээ ороод 3 лаазтай пиво уучихаад мөн эмчилгээний зориулалттай 10 орчим градустай архинаас 100 грамм уусан. Миний хувьд болж байгаа зүйлийг бүрэн гүйцэт ойлгож өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Эхнэр В.Дтай юунд уурласан болон битгий уурла гэж аргадаж ярилцаад хэл амаа ололцоод эхнэр бид...унтах гээд хэвтсэн юм. Хүүхдийнхээ хувцасыг тайлаад нимгэлсэн чинь уурлаад хүүхэд ханиад хүргэх гэлээ шалдан нүцгэн гүйлгэлээ эцэг, эх шигээ золбин хүн шиг өсгөлөө гээд уурлаад байхаар нь би “Чи миний эцэг эхийг дандаа яах гэж ингэж доромжилдог юм” гээд хүчтэй баруун гарын алгаараа түлхэх гэж байгаад нүүрэн тус газар нь хүчтэй цохьчихсон. Би өөрөө том биетэй хүн болохоор тийм олон тооны гэмтэл учруулсан. Дараа нь харахад нүд нь хөхөрчихсөн байсан...Би өшиглөж зодсон асуудал байхгүй...жирэмсэн. Одоо 3 сар гаруй болж байгаа бөгөөд энэ асуудал болсноос хойш уулзаагүй. Хөнжлөөр бүтээсэн зүйл байхгүй...Би хохирлыг түргэн барагдуулна...”/хх-36/ гэх мэдүүлгүүд болон
Шинжээчийн №300 тоот дүгнэлт /хх-18-19/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-57-60/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-65-68/ зэрэг хэрэгт цугларсан анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Б.Б нь В.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх зэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн байдал, уг хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт бодитой дүгнэлт хийлгүй түүнд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хөнгөдсөн байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгож өгөх”-г хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын:
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.Б 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.Б 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ