Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0139

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ч

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: ЭМДЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй ЭМДЕГ-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0838 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү, Г.М, Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0190/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь ЭМДЕГт холбогдуулан “С” ХХК-ийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй ЭМДЕГ-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0838 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас ЭМДЕГт холбогдуулан гаргасан “С” ХХК-ийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй ЭМДЕГ-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0838 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгчээс “тус эмнэлгийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй ЭМДЕГ-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“С” ХХК нь иргэдэд сэргээн засах үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний зардлыг авч, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/141 дүгээр шийдвэрээр баталсан эмчилгээний 175 орны хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Тухайн харилцааг маргаан бүхий хугацаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай” тогтоолоор зохицуулж байсан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.4-т “төлбөрийн хэмжээг тогтоох” эрхийг заасан бөгөөд энэ дагуу эмнэлэг тус бүт төлбөрийн хэмжээг тогтоох нь Үндэсний зөвлөлийн шийдвэрлэх эрх хэмжээний асуудал болно.

3.2. 19 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт “... хувийн хэвшлийн Сэргээн засах клиник эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцон санхүүжүүл” гэж зорилго, зохицуулалтдаа тодорхой заасан бөгөөд үүний дагуу хавсралтын 1-д зааснаар “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” төрөлд 300,000 төгрөгөөр төлбөрийг тооцож ирсэн.

Харин 1-р хавсралтын 6-д “Сэргээн засах тусламж үйлчилгээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аль алинд нь 110,000 төгрөг” байхаар заасан. Гэтэл ижил үнийн дүнтэй нөхцөл заавал дээрх байдлаар бичих шаардлага байхгүй .Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн зардлыг өөр өөрөөр тогтоосон байх тохиолдлыг тусгайлан зохицуулсан болох нь ойлгомжтой байна. Мөн ижил хэмжээгээр санхүүжилт олгож байгаа учраас даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй ажиллахыг даалгасан.

Хариуцагч ЭМДЕГт “төлбөрийн хэмжээг тогтоох, өөрчлөх” эрхийг хуулиар олгоогүй бөгөөд 19 дүгээр тогтоолоор зөвхөн тогтоох, өөрчлөх” эрхийг хуулиар олгоогүй бөгөөд 19 дүгээр тогтоолоор зөвхөн Үндэсний зөвлөлийн тогтоосныг “... хэрэгжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэж заасан байхад дээд шатны эрх бүхий байгууллагын тогтоосон хэмжээг багасган эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг тогтоож байгаа нь үндэслэлгүй.

3.3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д зааснаар зөвхөн “гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хянах, гэрээгээ дүгнэх” нь хариуцагч байгууллагын үүрэг. Өөрөөр хэлбэл, хэдэн даатгуулагч хэвтэн эмчлүүлсэн тоо тохирч байгаа, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журамдаа нийцсэн, үнэн бодитой эсэхийг хянах эрх, үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх байдлаар тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн эрх хэмжээний асуудалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, эсхүл хариуцагчид тухайн эрх байгаа эсэхийг зөвтгөсөн тайлбарыг гаргаагүй байна.

3.4. Нэхэмжлэгч “сэргээн засах тусламж үйлчилгээг хэвтүүлэн үзүүлдэг” гэсэн байхад анхан шатны шүүхээс “3. сэргээн засах эмчилгээг хийгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, 4. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд “сэргээн засах тусламж үйлчилгээ”-г үзүүлэхээр харилцан тохиролцсон гэж дүгнэсэн.

Эрүүл мэндийн тухай хууль болон 19 дүгээр тогтоолд заасан “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам”-ийн 2.2-т заасан  “хэвтүүлэн эмчлэх” төрлийн үйлчилгээг заасан.

Харин уг журмын 2.8-д заасан Сэргээн засах тусламж үйлчилгээнд хамаарахгүй болно. Учир нь “С” ХХК-ийн үйлчилгээ нь аливаа байгалийн нөөцөд түшиглэсэн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэггүй тул 1. Рашаан сувилал биш. Эрт болон уртын тусламж үйлчилгээ үзүүлдэг тул зөвхөн 2. Эрт үеийн гэж үзэх боломжгүй. Үүнийг анхан шатны шүүх Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2021 оны 2/332, 1/415 дугаартай албан бичгээр тодруулж “эмнэл зүйн эрт үеийн эмнэлгийн ор” биш, харин “эмнэлгээс гарсны дараах болох урт хугацааны тусламж, үйлчилгээний ор” ангилалд хамаардаг болохыг тогтоосон. Түүнчлэн хэвтүүлэн олон хоногоор эмчлэх тул өдрийн бус, мөн уламжлалт аргаар дагнасан үйлчилгээ үзүүлдэггүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “С” ХХК-ийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй ЭМДЕГ-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “С” ХХК-ийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй ЭМДЕГ-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгах” гэж тодруулсныг анхан шатны шүүх хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.1. Хэргийн үйл баримтыг үзвэл нэхэмжлэгч “С” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0004472 дугаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЭМДЕГтай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/45 дугаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 02/03 дугаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр тус тус эрүүл мэндийн даатгалын байгууллагын өмнөөс даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.

3.2. Талууд 2016, 2017, 2018 оны гэрээндээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг үндэслэн, “С” ХХК-ийн үйлчилгээг тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-ний тусламж, үйлчилгээний 1-д заасан “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрөлд хамруулж, үзүүлсэн үйлчилгээ тус бүрд 300,000 төгрөгөөр тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна.

3.3. Гэвч хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д “С” ХХК-ийн үйлчилгээг “Сэргээн засах тусламж, үйлчилгээ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2-т заасныг баримтлан тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-ний тусламж, үйлчилгээний төрлийн 6-д заасан “Сэргээн засах тусламж, үйлчилгээ”-ний төрөлд хамруулж, үйлчилгээний төлбөрийг 110,000 төгрөгөөр тооцож олгосноор маргаан үүсжээ.

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

4.1. “... Сэргээн засах клиник эмнэлгийн үйлчилгээ нь аливаа байгалийн нөөцөд түшиглэсэн, уламжлалт аргаар дагнасан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэггүй, олон хоногоор эмчлэх тул өдрийн бус байхад шүүх сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон гэж буруу дүгнэсэн” гэх гомдлын тухайд.

4.1.1 Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-д “сэргээн засах” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг” гэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “ ”-ын 2.8.1-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ, эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, өдрөөр үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байна”, 2.2.2-т “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 1-107 дахь бүлэгт хамаарах оношийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хамаарна”, 4.4.3-д “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын бүрэлдэхүүнд хэвтүүлэн эмчлэх хугацаанд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэвтүүлэн эмчлэх үед хийгдсэн суурь оношилгоо, шинжилгээ /тайлбарлах/, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтана” гэж тус тус заасан.

4.1.2. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “С” ХХК нь датгуулагчдыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг хэдий ч үзүүлж буй үйлчилгээ нь өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэгдсэн буюу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2-т заасныг баримтлан тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-ний тусламж, үйлчилгээний төрлийн 6-д заасан “Сэргээн засах тусламж, үйлчилгээ”-ний төрөлд хамаарахаар байна.

4.1.3. Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2021 оны 2/332, 1/415 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч “С” ХХК-д хуваарилсан 175 ор нь “Эмнэлзүйн эрт үеийн эмчилгээний ор” биш харин “эмнэлгээс гарсны дараах тусламж үйлчилгээний ор” ангилалд хамаардаг болохыг тодорхойлсноос гадна тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхэд хийсэн шинжээчийн дүгнэлтэд “... Сэргээн засах клиник эмнэлэгт 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 45,746 өвчний түүхүүдийг нэг бүрчлэн шалгахад зөвхөн сэргээн засах эмчилгээ хийгдсэн байна” гэснээс үзэхэд нэхэмжлэгч компанийн үзүүлсэн үйлчилгээ нь анхнаасаа “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрөлд хамаарахааргүй байжээ.

4.2. “... Хариуцагч нь хэдэн даатгуулагч хэвтэн эмчлүүлсэн тоо тохирч байгаа, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журамдаа нийцсэн, үнэн бодитой эсэхийг хянах эрх, үүрэгтэй байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн эрх хэмжээний асуудалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан” гэх гомдлын тухайд.

4.2.1. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2.2-т “захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд”, 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ”, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заасан.

4.2.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “С” ХХК нь ЭМДЕГтай сайн дурын үндсэн дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж заасан байхад гэрээний хугацаа дуусах хүртэл үйлчилгээ үзүүлсэн, төлбөрөө авсан хэр нь үйлчилгээний төлбөрийг “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцуулан гаргуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.2.3. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүрэг” гээд 16 дугаар зүйлийн 16.1.3-д “даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ, худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих,  16.1.7-д “эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын гүйцэтгэлд санхүүгийн хяналт тавих” гэж хариуцагчийн чиг үүргийг тодорхойлсон.

4.2.4. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоол, түүний хавсралтад заасны дагуу “С” ХХК-ийн үзүүлж буй үйлчилгээний төрлийг тодорхойлж, хууль болон гэрээнд заасны дагуу үзүүлсэн тусламж үйлчилгээнд тохирсон санхүүжилт олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.

Гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

    

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ