Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 046

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй,

           Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох,

         “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0169683 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай”  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч талаас Баян-Өлгий аймгийн прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, хариуцагч Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Н, гуравдагч этгээд П.Б түүний өмгөөлөгч Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд хүргүүлсэн дүгнэлтдээ:

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал би тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Н нь иргэн П.Бт холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бүртгэлийн М-140 дугаартай материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хариуцсан нутаг дэвсгэрээ Ойн тухай хуулийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцдаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суудаг иргэн П.Б “Бөх мөрөн” голын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.5 м/куб бургас мод бэлтгэсэн үйлдлийг илрүүлж улмаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад холбогдогч П.Бт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 0169683 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь бүхэлдээ үндэслэлгүй болсон байна.

Учир нь зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мөн хууль тогтоогчоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг гэж заасан байгаа. П.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдэл нь илтэд гэмт хэргийн шинжтэй байхад  эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхгүйгээр шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчиж эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэж прокурор дүгнэв.

Мөн эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн нөхөн төлбөрийг хэрхэн яаж тогтоосон талаар тусгаагүй байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Н нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 4 дүгээр хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Памбажав овогтой Баатарт шийтгэл оногдуулсан 0169683 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас гаргасан тайлбартаа:

2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус сумын 5 дугаар багийн иргэн П.Бын зөрчил гаргасан үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн торгож, хууль бусаар бэлтгэсэн бургас модыг хурааж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан юм. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг 300.000 төгрөгөөр торгохоор заасан байна.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйл ойд хориглох үйл ажиллагаа гэдэгт  29.1.7-д зааснаар иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал зугаалгаар явах гэж заасан байна. Тиймээс би энэ заалтыг үндэслэн шийдвэрлэсэн болно. Бургас модонд нөхөн төлбөр тавихдаа экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар баталсан экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай тушаалын дагуу нэг шоо метр модны үнэлгээ 90,000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд 49 дүгээр зүйлийн 4.1-д ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан байна.

Нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод модон материалын ашиглалтын гарцын дагуу тогтоосон итгэлцүүрээр үржүүлнэ. Түлээн нойтон модонд 1.4 гэсэн итгэлцүүрээр тооцно. Ингэж тооцоход 1.5м3 х 1.4=2.1м3 болно. 2.1м3 х 270.000=567.000 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна.

Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолын дагуу албадлагын арга хэмжээ авсантай холбоотой  хураан авсан хөрөнгө орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журамд заасны дагуу албадлагын арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гарсан гомдлыг шүүх хянан шийдвэрлэх хугацаанд хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийн хадгалалт хамгаалалтыг тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан эрх бүхий албан тушаалтан түүнийг харьяалах байгууллага хариуцна гэж заасны дагуу хураан авсан бургас модны хадгалалт хамгаалалтыг сумын байгаль хамгаалагч Х.Жанарбект хүлээлгэж өгсөн болно.

Дээрх хууль тогтоомжуудыг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд П.Баас гаргасан тайлбартаа:

Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Н нь гуравдагч этгээд П.Б миний гаргасан зөрчилд холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн торгох шийтгэл оногдуулж  хууль бусаар бэлтгэсэн бургас модыг хурааж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

Миний гаргасан зөрчлийг Ойн тухай хуулийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад илрүүлж, дээрх шийтгэлийг  хүлээлгэсэн нь хуульд бүрэн нийцэж байна гэж үзэж байна.

Түүнчлэн П.Б би бургас модыг “Бөх мөрөн” голын ойгоос огтолсон зөрчлөө тухайн үед хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйг гэсэн мэдүүлэг өгсөн болохыг дурдаж байна. Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Нийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. Иймд прокурорын дүгнэлт буюу гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зөрчлийг шалган шийдвэрлэсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн гэдэг байдлаар прокурор дүгнэлт бичсэн байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэдгийг байгаль орчны хяналтын улсын байцаагч зөрчсөн гэдэг байдлаар дүгнэлт бичсэн байна.

Хэргийн материалтай танилцахад, зөрчлийг хэзээ илрүүлсэн, ямар эрх бүхий албан тушаалтан хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн талаарх материалууд зөрчлийн материалд бүрэн авагдсан байна. Тэгэхээр зөрчил оногдуулсан эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ямар байдлаар зөрчсөн нь тодорхой бус байгаа тул үүгээрээ прокурорын дүгнэлт хүчингүй болох ёстой гэж үзэж байгаа. Хариуцагч Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зөрчлийг шийдвэрлэсэн материалыг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрч байгаа. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол” гэснийг прокурорын зүгээс аялал зугаалгад гарахад хог хаягдал хаяхгүй байх, ил гал гаргахгүй байх зэрэг эрх бүхий этгээдээс хориглосон үйл ажиллагаа хийхгүй байхыг ойлгоно гэж өөрөөр тайлбарлаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг салбар хуулиар буюу нарийвчлан зохицуулсан Ойн тухай хуулийн холбогдох зүйл, заалтаар тодорхой зохицуулсан байх бөгөөд үүнийг хариуцагч мөн адил танилцуулсан.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ойд явуулахыг хориглосон үйл ажиллагааны талаар заахдаа 29.1.7-д иргэн, зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх гэж тодорхой тусгасан байгаа. П.Б нь ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Ямар хориглосон үйл ажиллагаа явуулсан бэ гэвэл, ойн сан бүхий газраас эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн байх ба үүнийг зөрчил гаргагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа.

Тэгэхээр хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн нарийвчилсан зохицуулалтаараа хуулийг тайлбарлаж, П.Бт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулсан нь хуульд бүрэн нийцсэн байна. Үүнээс ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй болох нь харагдаж байна. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээний мод бэлтгэсэн байдлыг гэмт хэрэгт тооцох бөгөөд гуравдагч этгээдийн ойгоос мод бэлтгэсэн үйлдлийг зөрчлийн хэрэг гэж үзэж, Зөрчлийн тухай хуулиар түүнд шийтгэл оногдуулсан нь зүйтэй гэж үзэж байна. Дээрээс нь энэ талаар Байгаль орныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан байгальд учруулсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлийн талаар зохицуулсан байх ба мөн хуулийн 49.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох”-оор заасан байдаг. 1 шоометр модын экологи–эдийн засгийн үнэлгээг мод модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн модон материалын ашиглалтын гарцын дагуу тогтоосон итгэлцүүрээр үржүүлэн гэсний дагуу хариуцагч гуравдагч этгээдийн бэлтгэсэн модыг ямар мод байсан, түүнийг хаанаас, хэзээ, хэрхэн бэлтгэсэн зэргийг нэг бүрчлэн судалж үзэхэд энэ нь түлээний нойтон мод байжээ.

Түлээ нойтон модыг 1.4 гэсэн итгэлцүүрээр тооцох ёстой ба ингэж тооцоход 1.5 куб.метрийг 1.4-өөр үржүүлэхэд 2.1 м.куб болно. 2.1 куб.метрийн тооцооллыг гаргахад нийтдээ 567.000 төгрөгийн нөхөн төлбөр гарч байгаа гэж  албан ёсоор тооцоо судалгааг гаргаж ирсэн.

Харин прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  П.Бын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлт гаргасан болохоос бэлтгэсэн мод нь хэдэн м.куб байсан, илтгэлцүүр нь хэд байх ёстой гэдэг ямар нэгэн тооцоо, судалгаа байхгүй учраас энэхүү үйлдлийг шууд гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй гэдгийг шүүхээс анхаарч үзэх нь зүйтэй байна. Тийм учраас хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагчийн П.Бт оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн тухай хуульд бүрэн нийцсэн байна. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулж тэмдэглэлд энэ талаар бүрэн  тусгасан учраас улсын байцаагч дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх ямар нэгэн боломжгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно гэж заасан.   Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ногооннуур сумын 5 дугаар багийн оршин суугч П.Б нь хуульд заасан мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тус сумын нутаг дэвсгэрээс  бургас мод бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон байх ба түүнийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасан “ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэж үзэж, Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0169683 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар 300.000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөр 567.000 төгрөгийн хамтаар нийт 867.000 төгрөг төлүүлэхээр тогтоож, уг шийдвэрийг биелүүлэхийг даалгажээ.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос дараах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт хүргүүлжээ. Үүнд зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг гэж заасан. Иргэн П.Бын зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдэл нь илтэд гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу  шилжүүлэхгүйгээр шийтгэлийн хуудсаар торгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчсөн гэж дүгнэжээ.

            Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг 300.000 төгрөгөөр торгохоор заасан. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох үйл ажиллагаа гэдэгт 29.1.7-д зааснаар ...иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн тохиолдлыг мөн ойлгоно гэж тайлбарлаж маргажээ.

Дээрх байдлаар иргэн П.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс тодорхой хэмжээний бургас мод бэлтгэсэн нь  Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд энэ тохиолдолд түүнийг  35.4-т зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх юм.

            Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол ...хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байх ба  Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д  заасан ойд хориглох үйл ажиллагааны төрөлд  29.1.7-д зааснаар иргэн ...зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн үйл ажиллагаа мөн хамаарахаар байгаа ч хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд хууль бусаар мод бэлтгэсэн тодорхой үйлдлийг зөрчилд тооцож хариуцлага оногдуулахаар зохицуулаагүй, мөн зүйлийн 5-д заасан “ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлд хамаарах зохих зөвшөөрөлгүйгээр иргэний мод бэлтгэсэн үйл ажиллагаа нь дээрх байдлаар Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч, энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцохоор  зохицуулжээ.

Иргэн П.Бын хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйлдэл нь Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шалган шийдвэрлэх харьяаллын бус гомдол, мэдээлэл байх ба  хариуцагч эрх бүхий албан тушаалтны хувьд зөрчлийг шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлэхээр байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш тоолно гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд тухайн хүний хууль бус үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах үндэслэлтэй тохиолдолд мөн хуулиар шийдвэрлэхээр байна. Иймээс  маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан  энэ талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж холбогдох эрх бүхий албан тушаалтны П.Бт шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх байдлаар прокуророос холбогдох эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн гэх дүгнэлт нь үндэслэлтэй байх тул бусад маргаан болох ...шийтгэл оногдуулахдаа шийдвэртээ зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураар биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн, нөхөн төлбөрийг хэрхэн, яаж тогтоосон талаар тусгаагүй гэх үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тус шүүхэд хүргүүлсэн дүгнэлтийн шаардлагыг хангаж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0169683 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан прокурор нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлөх     70 200 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж, улсын орлого болгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  М.РИЗА