Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 141

 

МАГАДЛАЛ

 

2017.01.06                                                  Дугаар 141                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Бигвайт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Бигвайт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Гэгээн цайдам” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний төлбөрт нийт 150 000 юань буюу 43 938 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Мөнхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Зээлийн гэрээ байгуулах үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой байсан гэдгийг өмгөөлөгчийн хувьд сүүлд мэдсэн. Хариуцагч нь Хятадын компаниас худалдах, худалдан авах амаар байгуулсан гэрээний дагуу бараа аваад үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байсан. Улмаар уг Хятад компаний зүгээс байнга Монгол улсад ирээд байх боломжгүй тул “Бигвайт” ХХК-нд шаардах эрхийг амаар шилжүүлэн өгсөн. Улмаар тус компаний захирал саяхан Монголд ирсэн тул шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг бичгээр үйлдэж, өнөөдрийн хуралдаанд гарган өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг 130 000 юань дутуу төлбөртэй талаар хариуцагчтай тохиролцоод, улмаар 10 000 юанийг бэлнээр авч, үлдэгдэл 120 000 юаниас 20 000 юаныг хөнгөрүүлээд, барааны доголдол гээд байсан тул зарим зүйлийг дахин нийлүүлж, улмаар 100 000 юаны зээлийн гэрээ байгуулсан. Энэхүүү зээлийн гэрээ нь мөнгө олгоогүй ба үүрэг сольж байгуулсан юм. Бид өмнөх худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэл гаргаагүй учир нь үүрэг солих талаар тохиролцсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн     236.1.3-т зааснаар өмнөх үүргийг талууд тохиролцон солисон тул өмнөх үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан боловч     хариуцагч нь үүргээ биелүүлэхээс татгалзаад байгаа юм. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсаны дагуу Хятадын компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бараа материал зээлээр худалдаж авсан байдаг. Улмаар уг барааны үнээс 100 000 юань дутуу байсныг дараа төлөхөөр тохиролцсон. Гэвч нийлүүлсэн бараа материал нь доголдолтой байсан тул манай кампани их хэмжээний хохирол учирч, хугацаа их алдсан. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа шахагдаж, 2013 оны 12 дугаар сард ажлаа дуусгах шаардлага тулгарсан тул Хятад компанид доголдолтой буюу захиалгаас өөр төрлийн бараа нийлүүлсэнийг сольж өгөхийг хүссэн байгаа. Гэтэл 2014 онд “Бигвайт компаний захирал зээлийн гэрээ байгуулж, тэгвэл барааг чинь сольж өгнө гэсэн. Үүний дагуу зээлийн гэрээ байгуулсан ба ямар нэг мөнгө аваагүй. Гэтэл нэхэмжлэгч нь сольж өгнө гэсэн бараагаа сольж өгөөгүй. Гэрээ нь анхнаасаа мөнгө өгөөгүй тул байгуулагдаагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар мөнгө олгосноор зээлийн гэрээ хүчин төгөлдөр болдог гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Бигвайт” ХХК-ийн 43 938 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Гэгээн цайдам” ХХК-ийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 377 640 төгрөг, хариуцагчийн 411 730 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: БНХАУ, ӨМӨЗО-ны "Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан" ХХК нь худалдсан барааны үлдэгдэл төлбөр 120 000 юанийг "Гэгээн цайдам" ХХК-аас шаардах эрхийг "Бигвайт" ХХК-д шилжүүлж, шаардах эрх шилжүүлэх хэлцлийг амаар харилцан тохиролцсон. Ийнхүү шаардах эрх шилжсэний дагуу “Гэгээн цайдам” ХХК-д мэдэгдэж зөвшөөрч, 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр талууд зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээ нь шаардах эрх шилжсэнийг нотлох нэг баримт мөн болно. "Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан" ХХК ба “Гэгээн цайдам" ХХК-иуд эрчим хүчний тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг амаар хийсэн тул уг аман гэрээний шаардах эрхийг шилжүүлэх хэлцлийг амаар хийсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д "Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ." гэж заасантай бүрэн нийцнэ. Мөн түүнчлэн амаар байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх хэлцлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бичгээр баталгаажуулж шүүхэд гаргаж өгсөнийг шүүх хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүх "...худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзэх боломжгүй." гэж дүгнэсэн. Худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 100 000 юанийг төлөх баталгаа болгож талууд зээлийн гэрээ байгуулсанаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээр сольсон. Энэ нь талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон болохыг нотолж байна. Хуулийн энэ заалтад худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж болохгүй гэсэн ямар нэгэн хязгаар тогтоогоогүй байхад шүүх боломжгүй гэж дүгнэснээрээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. "Бигвайт" ХХК нь анх тохиролцсон худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийн оронд “Гэгээн цайдам” ХХК-иас зээлийн гэрээний төлбөрийг хүлээн авсан бол Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болох боломжтой юм. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан хэсгийг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй. Зээлийн гэрээ байгуулагдахад хэдийгээр бодитойгоор мөнгө олгогдоогүй ч зээлдэгч нь худалдах, худалдан авах гэрээний худалдан авагчийн үүргээ зээлийн гэрээний үүрэг болгохыг зөвшөөрч гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Анхны үүрэг гүйцэтгүүлэгч болох "Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан" ХХК-ийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийг “Гэгээн цайдам” ХХК-иас шаардсан тохиолдолд шаардах эрх нь "Бигвайт" ХХК-д шилжсэн тул боломжгүй юм. Мөн "Бигвайт" ХХК-ийн зүгээс худалдах худалдан авах гэрээний үүргийг “Гэгээн цайдам”    ХХК-иас шаардсан тохиолдолд талууд зээлийн гэрээ байгуулж үүргийг сольсон буюу өөр үүргийг хүлээлгэж өгөхөөр тохирсон тул мөн л шаардах боломжгүй байсан. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Бигвайт” ХХК нь хариуцагч “Гэгээн цайдам” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 150 000 юань буюу 43 938 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээл аваагүй гэх үндэслэлээр зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анх “...2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр өгсөн 100 000 юанийг, гэрээний 5-д заасан алдангийн хамт гаргуулах...” гэж үндэслэж байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг Ли эрчим хүч шинжлэх ухаан” ХХК нь хариуцагч “Гэгээн цайдам” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэ болох 100 000 юанийг шаардах эрхийг шилжүүлэн авсан...” гэж тайлбарласан байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь БНХАУ-ын дээр нэр бүхий ХХК-д хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 100 000 юанийг төлөх үүрэгтэй байсан нь баримтаар нотлогдоогүй, шаардах эрх шилжүүлж буй хуулийн этгээдтэй эрх зүйн харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.

Түүнчлэн шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээнд заасан мөнгийг аваагүй” гэж тайлбарласан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Иймд нэхэмжлэл болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 377 640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                          ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ