| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0090/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0090/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Иргэний хариуцагч Ж.М,
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт О.Дд холбогдох эрүүгийн 2118000000099 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт О.Д /РД: /, 1997 оны 5 дугаар сарын 03-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.................” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Дын өгсөн: Ухрах үйлдэл хийхдээ хүн мөргөсөн нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн. Уг тээврийн хэрэгсэл нь Ж.Мынх юм... гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ж.Мын өгсөн: Тухайн үед би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан учраас Даар машинаа бариулсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Г.Оийн өгсөн: ...Нийг нүхэн гүүр хүртэл хүргэж өгөх гээд хамт явж байсан чинь “.............” дэлгүүрийн ойр орчимд гэнэт намайг машин мөргөөд би газарт унасан. Тэгээд би цагдаа иртэл босохгүй байж байхад эмнэлгийн тусламжийн машин ирээд намайг аваад явсан. Тухайн үед гадаа харанхуй, тэр машин ухарч байсан болохоор гэрэл чийдэн нь харагдаагүй. Дээрээс нь би халамцуу явж байсан. Миний эмчилгээний зардалд 90.000 төгрөг зарцуулагдсан. Д нь анх толгойны зураг авхуулахад 150.000 төгрөг өгсөн. Цаашдаа толгойн зураг дахин авхуулах шаардлагатай. Гар маань гипсдүүлсэн байдалтай байгаа. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32, 35/,
Иргэний хариуцагч Ж.Мын өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Д бид хоёр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт **-** ДАУ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй “............” ХХК-ийн ус, ундаа, будаа, элсэн чихрийг дэлгүүрүүдээр түгээж явсан. Тэгээд “...........” дэлгүүр лүү орох гудамжаа өнгөрөхөд Д нь зогсож байгаад шууд ухрах үйлдэл хийхэд дохиолол чанга дуугараад эрэгтэй хүн орилоод гүйгээд ирсэн. Тэгээд би буугаад харсан чинь нэг эмэгтэй машины ард мөргүүлээд хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Гэрч Ц.Нийн өгсөн: ...Тэгээд бид хоёр хашааны үзүүр өнгөрөөд шороон зам дээр явж байтал гэнэт бид хоёрыг машин мөргөсөн. Тухайн машин ухарч байхдаа 5-10 километр цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. О унахдаа гараа дараад унасан тул гар нь гэмтсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Шүүгдэгч О.Дын яллагдагчаар өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Мын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт **-** ДАУ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй “...........” ХХК-ийн ус, ундааг дэлгүүрүүдээр түгээж явсан. Тэгээд “.........” дэлгүүр лүү явах гэж байхад гудамжаа өнгөрөөд буцаж ухрах үйлдэж хийж байхад дохиолол дуугараад хүн мөргөчихсөн. Тэгээд буугаад харахад нэг хөгшин эгч газарт уначихсан нэг ах унаад босож ирээд “замаа харахгүй яасан юм бэ?” гээд загнасан... гэх мэдүүлэг /хх-ийн 76/,
Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 2 дугаар гудамжны 2 тоот хашаа байх... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хх-ийн 5-9/,
Г.Оийн баруун гар бугуйгаар эмзэг хавдсан гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 10-11/,
Шүүгдэгч О.Д нь тухай хэрэг болсон өдөр согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй гэх тэмдэглэл /хх-ийн 12/,
...ачааны бүхээгтэй тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийхдээ тээврийн хэрэгслийн ард явах 2 хүнийг мөргөж, 1 хүн нь босож ирээд, тээврийн хэрэгслийн баруун талын хаалганаас хүн бууж, тээврийн хэрэгслийн их гэрэл унтарч байгаа нь бичигдсэн байв гэх “Цаст” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/,
“.........” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18/,
Хохирогч Г.Оийн баруун гарын рентген зураг /хх-ийн 25, 47/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 171 дугаартай “Г.Оийн биед шууны богтос ясны далд хугарал, тархи доргилт, зүүн гуянд цус хуралд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/,
Хохирогч Г.Оийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 48/,
Шинжээч Ш.Бямбажавын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “**-** ДАУ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн стандартыг хангаж замын хөдөлгөөнд оролцож байсан байна. Иймээс тухайн осолд автомашины бүрэн бус байдал нөлөөлөөгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 56-63/,
Мөрдөгч, дэслэгч Ш.Амарбаясгалангийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний 23 дугаартай “...О.Д нь **-** ДАУ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Оийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна” гэх магадалгаа /хх-ийн 66-67/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Д нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 2 дугаар гудамжны 2 тоотын харалдаа шороо зам дээр **-** ДАУ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Оийг мөргөж эрүүл мэндэд нь шууны богтос ясны далд хугарал, тархи доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох санал гаргаж байна гэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Шүүгдэгч О.Д нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 2 дугаар гудамжны 2 тоотын харалдаа шороо зам дээр **-** ДАУ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Оийн биед мөргөн эрүүл мэндэд нь шууны богтос ясны далд хугарал, тархи доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.Дын **-** ДАУ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1, 10.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл нь хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой бөгөөд хохирогч Г.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Оийн эрүүл мэндэд шууны богтос ясны далд хугарал, тархи доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний “...Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, “...жолооч О.Д нь 150.000 төгрөгөөр толгойн зураг авхуулсан, 20.000 төгрөгөөр 2 удаа толгой бариулсан, 38.250 төгрөгөөр алтангагнуур, барагшун, 42.000 төгрөгөөр кальци тус тус худалдаж авч өгсөн. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр өглөө. Миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй...” гэх хүсэлт /хх-ийн 129/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгч О.Д нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, “Жинст Хөдрөг” ХХК-нд жолооч ажилтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/, “Жинст Хөдрөг” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай албан бичиг /хх-ийн 103/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч О.Дын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч О.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Дын хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын хэмжээ, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Дд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР