Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 00269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                     

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 28-1 тоотод оршин суух Тайж овгийн Тайвангийн Чойжилсүрэнгийн /ОЮ:66052018/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сум Дулаан уул баг, Моностойд оршин суух Түмт овгийн Пүрэвдоржийн Цогбадрахад /ФЖ:76122115/ хариуцагдах 1.715.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн, хариуцагч П.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн хариуцагч П.Цогбадрахаас 1.715.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чойжилсүрэн би 2014 онд П.Цогбадрахын хүсэлтээр 1.280.000 төгрөг зээлсэн. Тогтсон хугацаандаа зээлээ төлөөгүйн улмаас 435.750 төгрөгийн зардал гарган 4 удаа очсон болно. Иймд П.Цогбадрахаас нийт 1.715.750 төгрөг Цогбадрахаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Эвлэрэх боломжгүй,олон удаа худлаа ярьсан.Цогбадрах 2015 онд тугалтай үнээ,2 бяруу идэшний цагаар өгнө гэж тохирч 1 280 000 төгрөг авсан.Намар очиход 1 шүдлэн үхэр 450 000 төгрөгт өгсөн.Би дахиад шүдлэн үхэр,1 үнээ,1 бяруу авах ёстой байсан.3 удаа очсон,зардал их гарсан.Наймаагаа буцааж мөнгө авах хүсэлтэй байна.Намар нь үнээг 700 000 төгрөгт,шүдлэн үхрийг 500 000 төгрөгт,бярууг 300 000 төгрөгт тохирсон.Нийт 1500 000 төгрөг,нэмээд зардлаа нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч П.Цогбадарах шүүхэд гаргасан тайлбартаа: Пүрэвдорж овогтой Цогбадрах миний бие 2015 онд Тайван овогтой Чойжилсүрэнгээс 1.280.000 төгрөг зээлж мөнгөний хариуд үхэр өгнө гэсэн тохироо хийж авсан. Манайд 2 удаа ирсэн. Сүүлд ирэхэд нь шүдлэн үхэр 1-ийг 500.000 төгрөгөнд бяруу 1-ийг 300.000 төгрөгт тус тус бодож нийт 800.000 төгрөний 2 үхэр өгсөн. Үндсэн мөнгөнөөс 480.000 төгрөгний хариуд 2017 оны 05 сард үхэр өгнө. Иймд Чойжилсүрэнгийн замын зардал болох 435.750 төгрөгний нэхэмжлэлийг үгүйсгэж гомдолтой байна. Манайх Орхон аймгийн Жаргалан сумын Дулаан-Уул багийн Моностойд байдаг. Эрдэнэтээс 435.750 төгрөгний зардал яаж тооцсон ийм зардал гарах учиргүй билээ. Иймд та бүхэн миний гомдлыг харгалзан үзэж үнэн бодитоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч П.Цогбадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тугалтай үнээ 700 000 төгрөг,2 бяруу 580 000 төгрөгт тохирч 1 280 000 төгрөг Чойжилсүрэнгээс авсан.Шүдлэн үхэр 450 000 төгрөгт өгсөн.Бусад малаа өгч чадаагүй.Би мөнгө өгч чадахгүй тул малаа өгье гэж бодож байна гэжээ.

        Шүүх нотлох баримтаар зохигчдын тайлбарыг судлаад

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

             Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн хариуцагч П.Цогбадрахаас мал худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 1,715,750 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

         Зохигчдын хооронд 2015 оны хавар мал худалдах худалдан авах аман гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч тугалтай үнээ,2 бярууг идэшний цагаар намар авахаар хариуцагчид 1 280 000 төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

       Хариуцагч намар нь шүдлэн үхэр 450 000 төгрөгт бодож нэхэмжлэгчид өгсөн ба бусад малаа өгөөгүй болохоо зөвшөөрч тайлбарласан.Нэхэмжлэгч “Наймаагаа буцааж мөнгө авах хүсэлтэй байна.Намар үнээг 700 000 төгрөгт,шүдлэн үхрийг 500 000 төгрөгт,бярууг 300 000 төгрөгт тохирсон.Нийт 1500 000 төгрөг,нэмээд зардлаа нэхэмжилж байгаа” гэж шаардлагаа үндэслэж байна.

     Зохигчдын хооронд мал худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д”...худалдагч нь биет байдлын доголдолгүй,эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...үүргийг хүлээнэ” гэсний дагуу гэрээгээр тохирсон хөрөнгийг худалдан авагчид/нэхэмжлэгчид/шилжүүлээгүй,үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж мөнгөө буцаан авахаар шаардлага гаргасан нь үндэстэй байна.

        Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж,227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй”гэж заасан байдаг ба нэхэмжлэгч хариуцагчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа өгч байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул гэрээнээс татгалзаж учирсан хохиролоо арилгуулахаар шаардах эрхтэй.

      Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал,эд хөрөнгийн алдагдал,...үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан ба нэхэмжлэгч 2014 оны намар авах байсан тугалтай үнээ,бяруугаа авч чадаагүй тул одоо үнээг 700 000 төгрөгөөр, шүдлэн үхрийг 500 000 төгрөгт,бярууг 300 000 төгрөгөөр тооцож хохиролоо гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй. Хариуцагч малын үнийн талаар маргаагүй.

        Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгний хэсэг хангагдах үндэслэлтэй гэж дүгнэв.

       Харин замын зардал нэхэмжилсэн хэсэг нь нотлох баримтаар нотлогдоогүй тул хангах үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”үүрэгтэй гэж хэргийн оролцогчийн үүргийг заасан байдаг тул хариуцагч зардал гарсан гэх тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй юм.Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан болно.

            Улсын тэмдэгтийн хураамж 42402 төгрөгийг нэхэмжлэгч хуульд заасны дагуу урьдчилан төлсөн тул төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар...төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээнд гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :        

            1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан П.Цогбадрахаас 1 500 000 төгрөг гаргуулан Т.Чойжилсүрэнд олгосугай.

            2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 215 750 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 42402 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 38950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                                 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ