Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0094/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогч М.А,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Гт холбогдох эрүүгийн 2118000000065 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Г /РД: /, 1987 оны 11 дүгээр сарын 09-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Гыг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн ** дүгээр брак байрны ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, баруун зовхи, хамрын нуруу, хацрын баруун хэсэгт цус хуралт, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Гын өгсөн: ...Манай хүүхдүүдийн том хоёр нь миний хүүхэд биш, бага нь миний хүүхэд юм. Бид хамт амьдраад 3 жил гаран болж байна. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай хоёр хуурай ах орж ирээд 0.75 литрийн архи уучхаад манайхаас гараад явсан. Би хэвтэж байтал манай дүү гаднаас орж ирээд “...ах унтсан юм уу?...” гэж асуухад хамтран амьдрагч “...унтаагүй, нохой унталтаар унтаж байгаа...” гэж хэлсэн. Тэгээд хэрүүл хийгээд би гэрээс гараад Арбатын гудамжаар уруудаж яваад “.....” нэртэй буудалд хуурай ах дээрээ очсон. Тэгээд нэмж архи уусан, дахиж архи авахаар буудлаас 20 цагийн үед гараад 18-ын дэлгүүр орсон боловч архи байхгүй байсан. Би буудалд хоночхоод маргааш нь харьсан. Тэгтэл М.А толгойгоо боосон байсан. Тэгээд “яасан юм бэ?” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм. Чамайг цагдаад өгчихсөн шүү” гэж хэлсэн. Удалгүй цагдаа орж ирсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан тогоо манай тогоо мөн гэх мэдүүлэг,

Хохирогч М.Аийн өгсөн: ...Гыг 15 цагийн үед гарч явсны дараа би байрныхаа эгч нар руу залгаад “Ц.Гтай муудчихлаа, хэдүүлээ ганц юм ууя” гэхэд “тэгье” гээд байрны гадаа 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тухайн үед намайг гэр рүүгээ орох гэхэд байрны орц гэрэлгүй байсан. Цагдаа нар ирж үзлэг хийхээс өмнө манай хажуу айлын хүмүүс гэрэл хийсэн байх. Би 2 ширхэг кофе аваад эмнэлэгт үзүүлэх гэж явахдаа нэгийг нь, цагдаагийн гадаа нөгөөг нь амандаа хийж зажилсан. Кофе архины үнэрийг дардаг...  гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч М.Аийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Өнөөдөр өдөр Гын хамаатны ах Га, төрсөн дүү Бү нар ирээд тэр гурав 0.75 литрийн 1 шил архийг хувааж уугаад Гыг дагуулаад гарсан. Тэгээд орой 19 цагийн үед Г согтуу орж ирээд над руу “гичий, янхан” гэх мэтээр хэл амаар доромжлоод миний толгой руу тогоо авч шидсэн. Тэгтэл миний толгой хагарч их цус гарсан. Би өнөөдөр архи уугаагүй. Бид хоёр 2014 онд танилцаад 2018 оноос хамтран амьдрах болсон. Би хүүхдээ бодоод Гт гомдолгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

-2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...Гыг явсны дараа би байрныхаа Ба, Дэ хоёртой 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад 18 цагийн үед гэртээ ороод унтаж байсан. Ингээд 19 цаг өнгөрч байхад Г ганцаараа согтуу орж ирээд миний цүнхийг ухаад байсан. Тэгэхээр нь би босоод Гыг гэрээс гарах гэж байхад нь татаж оруулсан. Г орж ирээд ширээн дээр байсан дунд зэргийн багтаамжтай дугуй хэлбэрийн хөнгөн цагаан материалтай тогоог аваад шидсэн. Тэгээд шидсэн тогоо нь миний зулай орчмыг онож гэмтээсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 119/,

Гэрч М.Ацийн өгсөн: Өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад манай охин Аз над руу “хурдан А эгчийнд хүрээд ир, Г ах согтуу ирээд А эгчийн толгойг хагалчихлаа” гэж ярихаар нь би яваад очсон. Тэгтэл Аийн толгой нь хагарчихсан цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Аз “Г ах гаднаас согтуу орж ирээд А эгчийг хэл амаар доромжлоод байхаар нь би Г ахыг хөөж гаргах гэтэл хоолны тогоо аваад А эгч рүү шидэхэд толгой руу нь оноод толгой нь хагарчихсан” гэж хэлсэн. А бас энэ болсон асуудлаа хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Насанд хүрээгүй гэрч А.Азын өгсөн: ...орой 18 цагийн үед хамтран амьдрагч Г нь ганцаараа согтуу орж ирээд А эгч тэр хоёр маргалдаад байсан. Тэгээд А эгч Г ахыг гэрээсээ хөөж гаргасан. Удалгүй Г ах гэртээ орох гээд хаалга цохиод байхаар нь А эгч намайг хаалгаа онгойлгочих гэхээр нь би онгойлгосон. Тэгээд Г ах орж ирээд баруун гараараа А эгчийн хацрыг 1 удаа цохисон. Ингээд би болиулаад салгахад ширээ дээр байсан аяга тавгийг унагаагаад саарал өнгийн дугуй хэлбэртэй тогоогоор А эгчийн толгой руу шидсэн. Тэгээд А эгчийн толгойноос цус гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч Б.Бяийн өгсөн: ...Тухайн өдөр 19 цагийн үед хажуу айл буюу 10 тоотод гал асууж ороход Г, А нар нь хэрэлдэж маргалдаагүй байсан бөгөөд Г нь согтуу байсан. Тэгээд галаа аваад гэртээ ороход удалгүй А цустайгаа холилдсон байдалтай толгой нь хагарсан манайд орж  ирсэн. Тэгээд “Г тогоогоор толгой руу цохиод хагалчихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч Б.Аягийн өгсөн: ...Г 19 цаг 20-30 минутын үед манайд ирээд “өдөр А бид 2 сална гээд би уурлаад гараад ирсэн. Одоо “......” нэртэй зочид буудалд Ба, Га ах хоёртой байгаа. Тэгээд саяхан намайг гарахын өмнө Бадралын утас руу А залгаад “Миний толгойг хүн хагалчихлаа. Гэрэл шатсан харанхуй байсан болохоор хэн хагалсныг нь хараагүй” гэж хэлсэн. Би гэртээ очмооргүй байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Гэрч Б.Бын өгсөн: Намайг буудалд Га хамт байхад Г над руу утсаар яриад миний байсан буудалд ирж хоносон. Г орой 18 цагийн үед “Ая эгчээс ганц юм аваад ирье” гэж яваад 19 цагийн үед “Ая эгч намайг согтуу байна гээд архи өгсөнгүй” гэж хэлээд хоосон орж ирсэн. Атэй хэрэлдэж муудалцсан талаар юм яриагүй гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч Б.Бхийн өгсөн: А гэх эмэгтэй 2021 оны 02 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед “гэртээ нөхөртөө зодуулсан” гэх өгүүлэмжтэй тусламж авсан. Тухайн үед толгойн оройн хэсэгт хуйханд 3 сантиметр орчим язарсан шархтай байсан. Шарх өнгөц байдалтай байсан. Тэгээд шарханд цэгцлэлт хийж оёдол тавьж боолт хийж зөвлөгөө өгч буцаасан. А тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Атэй хамт хэн гэж хүн ирснийг мэдэхгүй байна. А архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй учраас өөрт нь зөвлөгөө өгч явуулсан. Ар гэрт нь хүлээлгэж өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн ** дүгээр брак байрны ** тоотод үзлэг хийхэд хувцасны шүүгээний цааш шалан дээр нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байна. Хувцасны шүүгээний хажууд жижиг тавиур дээр хохирогчийн толгой руу цохисон гэх нэг талаараа дотогш хонхойсон, 2 талдаа бор өнгийн бариултай, мөнгөлөг саарал өнгөтэй тогоо байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх-ийн 7-11/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан нэг талдаа дотогш хотойсон, 2 талдаа бор өнгийн бариултай, гадна талдаа мөнгөлөг саарал өнгөтэй, дотор талдаа хар өнгөтэй, дугуй хэлбэрийн тогоог эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 142 дугаартай “М.Аийн биед зулайн хуйханд шарх, баруун зовхи, хамрын нуруу, хацрын баруун хэсэгт цус хуралт, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,

М.Аийн толгойн оройн хэсэг хуйханд 3 сантиметр орчим язарсан шархтай, шарх өнгөц гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-45/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны  02 дугаар  сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19 цагийн орчимд  Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн ** дүгээр брак байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.А, гэрч н.Аз, гэрч н.Ац, гэрч н.Бя нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт өгөх боломжгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Г нь гэрээсээ гарч яваад маргааш өглөөний 10 цагийн үед гэртээ очиход хохирогч М.А “би чамайг цагдаад миний толгойг хагалсан гээд мэдүүлсэн шүү” гэж хэлсэн гэдэг. Хохирогч өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч мөн адил гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байна. Гэсэн хэдий ч асуулт асуухад өөрийнхөө архи уусныг болон н.Бын утас руу утасдсан гэж мэдүүлээд байна. Мөрдөн байцаалтын шатанд анх мэдүүлэг өгөхдөө согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан, мөн бичиг үсэг мэдэхгүй хүнээс мэдүүлэг авсан зэрэг нөхцөл байдлаас анх өгсөн хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрж байна. Хохирогч толгой хагалуулсан гэх цаг хугацаанд шүүгдэгч Ц.Г нь гэрч н.Аягийнд очсон байдаг. Энэ байдал нотлогдож байгаа учраас Ц.Г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Ц.Гыг цагаатгаж өгнө үү гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг эргэлзээтэй, хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан цаг хугацаанд шүүгдэгч нь гэрч Б.Аягийн гэрт байсан нь тогтоогдсон тул түүнийг цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Хохирогч М.А нь мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн эхний мэдүүлэг нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэх нь эргэлзээтэй гэж байгаа боловч хохирогч 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхдөө мөн л “Ц.Г над руу тогоо шидсэн” гэх үйл баримтын талаар мэдүүлсэн байгаа тул хохирогчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй ба хохирогч хэргийн үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй нь түүний урьд өгсөн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцээний үндэслэл болсон гэрч Б.Бын өгсөн “...Г орой 18 цагийн үед “Ая эгчээс ганц юм аваад ирье” гэж яваад 19 цагийн үед “Ая эгч намайг согтуу байна гээд архи өгсөнгүй” гэж хэлээд хоосон орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, гэрч Б.Аягийн “...Г 19 цаг 20-30 минутын үед манайд ирсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/ нь шүүгдэгч Ц.Г нь “......” зочид буудалд очсон, буудлаас гарч явсан, гэрч Б.Аягийн гэрт очсон гэх үйл баримтыг нотолж байгаа боловч цаг хугацааны хувьд тодорхойгүй, таамаглалд үндэслэсэн тул шүүгдэгч Ц.Г нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан цаг хугацаанд гэрч Б.Аягийн гэрт байсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Харин тухайн үйл баримтыг шууд харсан насанд хүрээгүй гэрч А.Азын “...Г ах орж ирээд баруун гараараа А эгчийн хацрыг 1 удаа цохисон, ширээн дээр байсан аяга тавгийг унагаагаад, саарал өнгийн дугуй хэлбэртэй тогоог А эгчийн толгой руу шидсэн...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн “...хувцасны шүүгээнээс цааш шалан дээр нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байна. Хувцасны шүүгээний хажууд жижиг тавиур дээр нэг талаараа дотогш хонхойсон, 2 талдаа бор өнгийн бариултай, мөнгөлөг саарал өнгөтэй тогоо байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч М.Ацийн “...манай охин Аз над руу залгаад “хурдан А эгчийнд хүрээд ир, Г ах согтуу ирээд А эгчийн толгойг хагалчихлаа” гэж ярихаар нь би яваад очсон. Аз “Г ах хоолны тогоо аваад А эгч рүү шидэхэд толгой руу нь оноод толгой нь хагарчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бяийн “...А цустайгаа холилдсон байдалтай толгой нь хагарсан манайд орж ирсэн. Тэгээд “Г тогоогоор толгой руу цохиод хагалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан нэг талдаа дотогш хотойсон, 2 талдаа бор өнгийн бариултай, гадна талдаа мөнгөлөг саарал өнгөтэй, дотор талдаа хар өнгөтэй, дугуй хэлбэрийн тогоо зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар шүүгдэгч Ц.Г нь хохирогч М.Атэй маргалдан улмаар түүний нүүр лүү цохиж, ширээн дээр байсан тогоог хохирогч руу шидсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Г, хохирогч М.А нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох хамтран амьдрагч мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч М.Ац, насанд хүрээгүй гэрч А.Аз нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Ц.Гын хамтран амьдрагч М.Аийн бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Аийн эрүүл мэндэд зулайн хуйханд шарх, баруун зовхи, хамрын нуруу, хацрын баруун хэсэгт цус хуралт, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Аийн “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 119/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан ба хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид оногдуулах ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгч Ц.Г нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хамтран амьдрагч болон хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 57-58, 60-65/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай албан бичиг /хх-ийн 84/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Гын ажил эрхлэлтийн байдал, ам бүлийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг талдаа дотогш хотойсон, 2 талдаа бор өнгийн бариултай, гадна талдаа мөнгөлөг саарал өнгөтэй, дотор талдаа хар өнгөтэй, дугуй хэлбэрийн 1 ширхэг тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Гт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан нэг талдаа дотогш хотойсон, 2 талдаа бор өнгийн бариултай, гадна талдаа мөнгөлөг саарал өнгөтэй, дотор талдаа хар өнгөтэй, дугуй хэлбэрийн 1 ширхэг тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР