Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 943

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 02 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00943

                  Улаанбаатар хот

 

                       

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40,000-ын 1 дүгээр байрны 20 тоотод оршин суух Боржигэн овогт Дамдинсүрэнгийн Дагиймаа /РД:ХБ58043061/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40,000-т, 3А оффис өөрийн байранд байрлах, “Топика” ХХК /РД:5022444/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2,402,926 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дагиймаа, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч “Топика” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Энхзол, гэрч Г.Цэцэгдэлгэр, иргэдийн төлөөлөгч Ю.Ичинноров, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дагиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн оршин суудаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Топика” ХХК-ийн дэлгүүрээс охиныхоо сугалаанд хожсон флашийг солиулах гэж байгаад дэлгүүрийнх нь шатны хажуугийн мөсөн дээр хальтирч унасаны улмаас зүүн гарын тохой хэсэг гэмтсэн.

Тухайн үед хальтирч уначихаад босч чадахгүй байж байтал замаар явж байсан хоёр хүүхэд өргөж босгоод дэлгүүр дотор оруулж өгсөн. Гар маш ихээр өвдөж байсан бөгөөд хугарсан гэдгийг нь мэдээгүй байж байгаад Гэмтлийн эмнэлэг дээр очиж зургаа авахуулаад хугарсан байна гэдгийг мэдсэн.

Эдний компанийнх нь хүн намайг манай дүүтэй хамт эмнэлэгт хүргэж өгсөн. Би тэр өдрөө хагалгаанд орсон. Энэ гэмтлийн улмаас миний гар хатингаршиж байгаа учраас би “Монгол хьюндай” эмнэлэгт үзүүлэхэд физик эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.

Ингээд би хөдөлгөөн засах болон физик эмчилгээ хийлгэж байгаа, нийтдээ надад эм, тариа, хагалгааны төлбөр, физик эмчилгээний төлбөр болон бусад зардлууд нийлээд 2,402,926 төгрөгийн зардал гарсан.

Энэ зардлаасаа охин Д.Дэлгэрийн 3 хоногийн цалин болох 109,080 төгрөг, мэс заслын эмч нарт өгсөн 100,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасна. Гурван сарын хугацаатай фикик эмчилгээ хийлгэхэд 1,350,000 төгрөг болно гэж хэлсэн. Үүний дагуу би эмчилгээ хийлгэж байгаа.

Хэрвээ эдний байгууллага цас, мөсөө цэвэрлэсэн бол би хальтирч унахгүй байсан. Ийм учраас “Топика” ХХК-иас 2,402,926 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч “Топика” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Энхзол шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллага тогтмол цас мөсөө цэвэрлэдэг. Бид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолын дагуу “Топика клуб” байгуулж, байгууллагын 50 ажилтан 3 баг болоод гадна орчныхоо цас, мөсийг байнга цэвэрлэдэг.

2016 оны 12 дугаар сарын 27-ны орой ажил тарах гэж байхад манай ажлын гадаа хүн хальтраад унасан гэхээр нь худалдааны зөвлөх Буянбаатарыг Дагиймаа гуайтай хамт эмнэлэг рүү явуулсан.

Манай ажлын хүн Дагиймаа гуайн хамаатны хүнтэй хамт эмнэлэг дээр байж байгаад хагалгаанд оруулчихаад харьсан байдаг. Дагиймаа гуайн охин нь надтай яриад ээжийнхээ эмчилгээний зардалд 500,000 гаран төгрөг гаргаад байна танай байгууллага эмчилгээний зардлын зарим хэсгийг гаргаад өгөх боломж байна уу гэсэн.

Би өөрөө настай ээжийгээ асардаг учраас энэ хүмүүст хүн ёсоор хандаж 300,000 төгрөгийг өгье, үлдсэнийг нь бусад байгууллагуудад энэ зардлаа хэлээрэй гэж хэлсэн.

Тэгээд ч Дагиймаа гуайн хальтирч унасан гээд байгаа газар нь манай шатны дунд хэсэг биш шатны эхний үзүүр хэсэг нь харагдаад байгаа юм.

Учир нь энэ зургаас харахаар шатны үзүүр хэсэг дэх зүлэгний үндэс харагдаж байгаа. Тэгэхээр Дагиймаа гуай өөрөө унасан хэсгээ тодорхойлж чадахгүй байна.

Нөгөө талаар явган хүний замын хажууд төв замын боржуур байдаг бөгөөд уг боржуурыг даваад буухад цөмрөлттэй хэсэгт хий гишгэж унасан байх магадлалтай, мөн өөрийнхөө анхаарал болгоомжгүйгээс болж гэмтсэн гэж үзэж байна.

1,052,000 төгрөгийн задаргаанд эмчилгээний төлбөр орсон байдаг. Энэ төлбөр миний тооцоолсоноор 366,000 төгрөг болсон. Үүн дээр нэмээд охин Дэлгэрийн 3 өдрийн аваагүй цалин нэхэмжилсэн байсан. Эмч нарт өгсөн 100,000 төгрөг, цаашид гарч болзошгүй 450,000 төгрөг. Мөн такси үйлчилгээнд зарцуулсан 130,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байдаг. Энэ нь үндэслэлгүйгээр нэхэмжилсэн харагдаж байгаа. Цаашдаа гарч байгаа эмчилгээний зардлыг эмнэлгийн мэргэжилтэн биш учир хэд гарахыг хэлж мэдэхгүй байна.

Тэгэхээр нэхэмжлэгчийн хэлсэн задаргаанд мөн эмчид өгсөн авлигалын мөнгө, такси үйлчилгээний мөнгө, охины цалин зэрэг орсон байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дагиймаа нь “Топика” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 2,402,926 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

             Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Дагиймаа нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Топика” ХХК-ийн шатны хажууд тогтсон мөсөн дээр халтирч унасаны улмаас зүүн гараа гэмтээж, төлөвлөгөөт журмаар мэс заслын эмчилгээнд орж, эмчилгээ болон эмийн төлбөрт нийт 2,402,926 төгрөг зарцуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа охин Д.Дэлгэрийн 3 хоногийн цалин болох 109,080 төгрөг, мэс заслын эмч нарт өгсөн 100,000 төгрөг, нийт 209,080 төгрөгийн шаардлагаасаа татгалсан болно.

 

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэй хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

             Дээрх гэмтлийн улмаас Д.Дагиймаа нь зүүн гарын тохой хэсгийн хугасан гэмтлээ хадуулж, хагалгааны төлбөрт 16,076 төгрөг, эм тариа болон бусад зардалд 681,219 төгрөг, мэс заслын дараах болон сэргээн засах болон фикик эмчилгээний төлбөрт 1,007,000 төгрөг, нийт 1,704,295 төгрөгийг тус тус зарцуулсан ба энэ нь “Тэф трейд” ХХК, “Ази фарм” ХХК, Монос Улаанбаатар ХХК-иудын болон Ачтан эмнэлгийн НӨАТ-ын баримтууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Кассын орлогын ордер, SGT эмийн сан, Баруун Оргил ХХК-ийн Зарлагын баримтууд /хх-ийн 17-31 , 192-204 х/, Рефлекс болон “Эм би эс мед” ХХК-ийн кассын орлогын ордер, НӨАТ-ын баримтууд /хх-ийн 106-112, 115-121, 150-167, 190-191 х/, амбулаториор эмчлүүлэгчийн картан дээр бичсэн эмчийн бичиг /хх-ийн 62-64 х/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

            Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаартай “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг баталсан байх ба уг журмын 1.1-д “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хотын тохижилт, нийтийн эзэмшлийн эд аж ахуйг арчлан хамгаалах, орчноо цэвэр байлгах талаар хүлээлгэх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг мөрдөхөд энэхүү журмыг баримтална”, 1.2-т “Энэхүү журмыг Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон төрийн бус бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин сууж буй иргэн дагаж мөрдөнө” гэжээ.

 

Уг журмын 2 дахь хэсэгт албан байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд албан байгууллага, аж ахуйн нэгж нь өмчийн харъяаллаас үл хамааран орчны тохижилтын талаар дараах үүргийг хүлээхээр заасан байх бөгөөд 2.1-д “Байгууллага бүр /Томоохон барилга байгууламжид олон тооны аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бол ерөнхий эзэмшигч байгууллага, тухайн объектын өмч/ байршлын болон тохижилтын зураг гарган батлуулж, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, тэнд ажиллагсдын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ”, 2.2-т “Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах”, 2.3-т “байгууллагууд нь хөрш зэргэлдээх байгууллага, аж ахуйн нэгжтэй хаяа нийлсэн байрлалын байдлаас хамааран хоорондоо сул чөлөөтэй буюу эзэнгүй талбай үлдээхгүй байхаар тооцож, газраа хуваарилан, цаашид хэрхэн тохижуулах асуудлаа хамтран шийдвэрлэсэн байх” гэж заасан байна.

 

Энэ заалтад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба уг нэмэлт өөрчлөлтөөр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт хариуцах талбайг 50 метр байхаар өөрчилсүгэй” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” байдаг.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүн ёсоор манай байгууллага хальтирч уначихлаа гээд ороод ирэхэд нь бид тусламж үзүүлсэн, байгууллагын эргэн тойрон дахь цасаа байнга цэвэрлэдэг гэж маргаж, гэрэл зураг болон гар утасны мессежийг фото зурагт буулгасан хэлбэрээр гаргаж өгсөн бөгөөд эдгээр нь хариуцагчийн татгалзлын үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч хэргийн материалд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн огноотой хальтирч унасан гэх газрын гэрэл зургийг хавсаргаж ирүүлсэн бөгөөд хариуцагч нь “энэ зураг бол манай байгууллагын шатны үзүүр хэсэг байна. Нэхэмжлэгч шатны гол хэсэгт унасан гэж байгаа боловч замын боржуурын хонхорхой хэсэгт хальтирч унасан байх магадлалтай” гэж тайлбарласан боловч энэ тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Дагиймаа нь өөрийн болгоомжгүй байдлын улмаас нийтийн эзэмшлийн зам талбайд хальтирч унасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч “Топика” ХХК нь “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын 2.1, 2.2, 2.3-т заасан өөрийн хариуцах 50 метр талбайн буюу шатны хажуу хэсгийн явган хүний зам дээрх цас, мөсөө цэвэрлэх нийтээр дагаж мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Дагиймаагийн “Топика” ХХК-ийн шатны хажууд хальтирч унасан үйл явдал нь дээрх байгууллагын “өөрийн хариуцсан 50 метр доторхи цас, мөсөө цэвэрлээгүй эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой” байна.

 

Иймд хариуцагч “Топика” ХХК-иас 1,704,295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дагиймаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас унааны мөнгө болон баримтаар нотлогдоогүй бусад зардлын 698,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч “Топика” ХХК-иас 1,704,295 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дагиймаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 698,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,380 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Топика” ХК-иас 42,218 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дагиймаад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                                                                           

ДАРГАЛАГЧ                                      Х.ДАШДЭЧМАА

 

ШҮҮГЧИД                                       И.АМАРТӨГС

 

                                                                                                  Ж.БАЙГАЛМАА