Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0099/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт А.Дд холбогдох эрүүгийн 2018000000468 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт А.Д /РД: /, 1985 оны 11 дүгээр сарын 19-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “.................” ХХК-нд аж ахуйн дарга ажилтай, ам бүл 7, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Д нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Их өвөлжөөт гэх газарт иргэн Ш.Шыг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь толгойн зүүн хэсэг, эрүүн доорх шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...Унтаж байхад Д нь “хөөе хөгшин бандиа” гэж чанга орилсон. Тэгэхээр нь сэртэл “чамайг шаана аа” гээд архины шилийг зууханд цохиход шил нь хагарч миний толгойн зүүн тал руу нэг удаа цохиж зүссэн. Д нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга... гэх хохирогч Ш.Шын мэдүүлэг /хх-ийн 10-12/,

- ...Ш нь өөрийгөө “атаман, та нарыг ална шүү пизда нараа” гэх мэтээр дайрч давшлаад байсан. Д хэсэг чимээгүй сууж байгаад сүүлдээ өөдөөс нь маргаж хоорондоо барилцаад авсан. Тэгтэл Ш нь Дыг шанаа тус газарт гараараа цохиж, хоолойг нь боож заамдаад гайгүй тайвшраад учраа олох шиг болохоор нь би унтсан. Маргааш өглөө нь сэрсэн чинь уурхайн дарга Д ах надад “Д нь Штай маргалдаад толгойг нь хагалсан байна” гэж хэлэхээр нь мэдсэн... гэх гэрч Н.Нийн мэдүүлэг /хх-ийн 13/,

- ...гэрийн гадаа хүмүүс зодоон болоод байна гэж дуудахаар нь гараад хартал Шинээ гэх залуугийн толгой хагарсан байдалтай, манай уурхайн хангалт хариуцсан Дтай маргалдаад зогсож байсан... гэх гэрч Ц.Дын мэдүүлэг /хх-ийн 16/,

- ...Ш нь өөрийгөө “би шоронгоор явсан, чамайг ална шүү” гэх мэтээр Д руу дайраад маргалдсан. Тэгээд би “та нар больцгоо, яах гээд хэрүүл хийгээд байдаг юм бэ?” гэж хэлчхээд гэрээс гарсан. Эргээд ороход Ш гэх залуугийн толгойноос цус гарчихсан байдалтай орон дээр сууж байсан, Д, У 2 сандал дээр сууж байсан... гэх гэрч Ц.Бын мэдүүлэг /хх-ийн 17/,

- ...хүн орилолдоод чанга дуугараад эхлэхээр нь би яваад ортол Ш гэх хүний толгой нь хагарсан байдалтай цус гарч байсан ба Д руу дайрч давшлаад “би чамайг ална аа” гээд байсан... гэх гэрч А.Аын мэдүүлэг /хх-ийн 18/,

- ...Ш нь өөрийгөө “би шоронгийн атаман” гэх мэтээр томорч байгаад сүүлдээ намайг зодох гэхээр нь би өөдөөс нь барилцаж аваад биеэ хамгаалсан. Тухайн үед бид 2 хамт газарт унаад эргээд босож ирэхэд миний хоолойг боочхоод тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд ширээ рүү харахад архины шил ойрхон байсан. Тэгэхээр нь шүүрч аваад уг нь зөөлөн цохино гэж бодсон гэтэл шил Шын толгой дээр хагарч Шын толгойноос цус гарсан... гэх шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

- Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг Их өвөлжөөт гэх газар байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 826 дугаартай “Ш.Шын биед толгойн зүүн хэсэг, эрүүн доорх шархнууд тогтоогдлоо. Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ш.Шын биед учирсан шархнууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Шт учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

- Ш.Шын зүүн шанаа, чих орой хэсгээр зүсэгдсэн шархтай оёдол тавигдсан гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Шын эрүүл мэндэд толгойн зүүн хэсэг, эрүүн доорх шархнууд бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Шын “...Д нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга... гэх мэдүүлэг /хх-ийн 12/, “...надад учирсан хохирлыг А.Д нь бүрэн төлж барагдуулсан бөгөөд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 52/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.Дын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Их өвөлжөөт гэх газарт иргэн Ш.Шыг зодож эрүүл мэндэд нь толгойн зүүн хэсэг, эрүүн доорх шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Д нь ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, “.................” ХХК-нд аж ахуйн даргаар ажилладаг, 2.000.000 төгрөгийн цалинтай зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, Д.Э, Д.Эм, Д.Эн, Д.И, Д.Я нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 45-49/, “..................” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 38/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.Д нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР