Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00275

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Залуус хороолол 22-11 тоотод оршин суух Халбагад овгийн Бүдрагчаагийн Ганчимэгийн /ФЖ:79122301/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн 9-31 тоотод оршин суух, Халбагад овгийн Өсөхжаргалын Мөнхзулд /ФА:83012601/ хариуцагдах 24,080,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч Ө.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул гэрч, нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ганчимэг миний бие Ө.Мөнхзултай эгч дүүсийн хүүхдуүд юм.Тухайн үед би эрхэлсэн тодорхой ажилгүй гэр зуураа байж нөхрийнхөө олж ирсэн тав арван төгрөгийг цуглуулж хүмүүст 0.5 %-аар хүүлж зээлдэг байсан... Тэгж байтал миний дүү 2012 онд 10.000.000 төгрөг Кипрээс шилжүүлж би тэр мөнгийг нь бүгдийг нь Мөнхзулд зээлдүүлсэн.2012 оны 04 сарын 7-нд 3500000 төгрөг,2012 оны 08 сарын 22-нд 3 000 000 төгрөг,11 сарын 23-нд 7 000 000 тегрөг тус тус зээлсэн.Тэгээд Мөнхзулд хэлсэн миний мөнгө биш шүү, Цээнээгийн мөнгө шүү гэсэн, за за би найдвартай гээд л байдаг байсан.Энэ мөнгөөр Мөнхзул нөхөртөө Истана маркийн машин авч өгсөн.Дараа нь удалгүй утасдаад дахин мөнгө олоод өгөөч мөнгөний хэрэг баина гэхээр нь надад байгаа мөнгө хүрээгүй учраас нөхрийн дүү болох Санчираас асууж өгсөн.Тэр үед Санчир ээждээ 2.000.000 төгрөг хадгалуулсан байсан тэрийг 2013 оны 07 сарын 04-ний өглөө хадмынд ирж аваад надтай хамт 10 цагийн үед хорооллын ХААН банк орж би данснаасаа 3.000.000 төгрөг нэмж авч нийт 5.000.000 төгрөг өгсөн. Энэ 5.000.000 төгрөгийг авахад дүү Зулбаатар нь хамт ирсэн.Тухайн үед би хэлсэн.Одоо болно шүү 18.500.000 төгрөг бага мөнгө бишээ тэглээч энэ мөнгө миний мөнгө биш дүү Санчир,Цээнээ нарын мөнгө шүү дахиж би хүнээс мөнгө хэлэх ч нүүргүй боллоо гэж хэлж байсан. 2013 оны 10 дугаар сард миний дүү Цээнэ Кипрээс ирээд мөнгөө авъя гэсэн. ..би өөрөөсөө 10.000.000 төгрөг гаргаж дүүдээ Мөнхзулын өмнөөс төлсөн.Би Мөнхзулд гадуур мөнгө хүүлдэг хувь хүн.ломбард шиг өндөр хүүтэй өгч байгаагүй,хамаатан садан улс болохоор сарын 4%-ийн хүүтэйгээр зээлдүүлж байсан.Энэ хугацаанд Мөнхзул хүүгээ боломжоороо өгөөд яваад байсан, харин үндсэн мөнгөнөөсөө огт хасалт хийж байгаагүй.Би өөрөөсөө болон нөхрийн дүүгээс авсан мөнгийг Мөнхзулаас хэзээ өгөх вэ? Яаж өгөх вэ? гэсэн чинь барьж байгаа байшингаа дуусгаад түүнийгээ зараад өгье гээд өдийг хүрсэн.Байшингаа бариад л дуусчихвал зараад таны мөнгийг өгмөөр байна.Хот явж байшингаа дуусгах материал аваад хурдхан байшинг нь дуусгаж борлуулж хоорондох төлбөр тооцоогоо дуусгая гэсэн. Ингээд нийтдээ 18.500.000 төгрөгийг Ө.Мөнхзулд зээлүүлсэн. Гэтэл баишингаа барьж дуусчаад өнөөдрийг хүртэл зарагдахаар нь өгье гээд байнга л хэлдэг үгээ хэлээд хугацаа аваад байна... Зээлийн гэрээний хувьд 2015 оны 08 сарын 24-ны өдөр бид хоёр нотариат олж зээлийн гэрээ хийсэн. Уг гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан боловч зээлээс нэг ч төгрөг төлсөнгүй. Иймд гэрээ ёсоор 5 сарын зээлийн хүү 3.700.000 төгрөг, үндсэн мөнгө 18.500.000 төгрөг, алданги 1.850.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд гаргасан зардалд 30.000 төгрөг, нийт 24.080.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.18 500 000 төгрөг зээлж авсан.Хүү алдаг,оног төлж байсан.Өгнө гэж явсаар өдий хүрсэн.эхний мөнгөнүүдийг 5%ийн хүүтэй,сүүлд нь 4%ийн хүүтэй зээлдүүлсэн.2015 оны 8 сард зээлийн гэрээ байгуулсан.2015-5-01-ний өдрөөр огноолж байгуулсан.Энэ гэрээний  дагуу үндсэн зээл 18 500 000 төгрөг,хүү 3 700 000 төгрөг,алданги 1 850 000 төгрөг,эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 30 000 төгрөг,нийт 24 080 000 төгрөгийг нэхэмжилж байна.Миний дансаар 33 864 000 төгрөг Ганчимэгээс орж ирсэн.Үүнээс зээлийн хүү 8 150 000 төгрөг байгаа.Бусад нь надаас зээлээр авч байсан солонгос барааны мөнгө,Түмэнзаяа эгчийн 5 500 000 төгрөг зэрэг байгаа.Мөн найз Бат-Энхээс авсан мөнгөө миний дансаар хийж байсан.Мөн Мөнхзулын ээж Наранцэцэг,дүү Зулбаатар нар надаас байнга мөнгө авч байсан.Төлөхдөө Мөнхзулын дансаар төлж байсан.Би эдгээр хүмүүст бэлнээр мөнгөө өгч буцаагаад мобайл банкаар авдаг байсан гэжээ.

Хариуцагч Ө.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ганчимэгээс анх 2012.04.07-нд            3.500.000 төгрөг, 2012.08.23-нд 3.000.000 тогрөг, 2012.11.23-нд 7.000.000 төгрөг ,2013.07.04-нд 5.000.000 төгрөгийг тус бүрийн сарын 5%-ийн хүүтэй зээлэн авсан.

Эдгээр мөнгийг надад Ганчимэг өгөхдөө дандаа миний ХААН банкны 5096075150 гэсэн данс руу өөрийнхөө нэрээр шилжүүлж байсан....2012.04.07-нд авсан 3.500.000 төгрөгийг 5%-ийн хүү 175.000 төгрөг бөгөөд 2012.5. 6, 7, 8, 9, 10, 11 сар хүртэл нийт 175.000x7= 1.220.000 төгрөг, 2012 оны 9,10,11сар хүртэл нийт 3 удаа 450.000 төгрөг хүү гэж төлсөн. 2012.11.23-нд 7.000.000 төгрөгийн 5%-ийг төоцон өгсөн боловч урьд авсан 3.000.000 төгрөгний хүүг шилжүүлж тооцож өөрөөр хэлбэл 10.000.000 төгрөгнөөс.4 хувийг тооцож 400.000+175.000 төгрөг (3.500.000 төгрөгний хүүг шилжүүлж нийт 575.000 төгрөгний хүү өгөөрэй гээд 2012.12-р сар, 2013 оиы 01-р сараас 07 сарыг дуустал хүү ниит 575.000х 8сар=4.600.000 төгрөгний хүүг сар бүр ХААН банкны дансруу нь төлж байсан. Учир нь Ганчимэг өөрөө хотод байдаг байсан. Ийнхүү хүүг нь сар бүр төлж байсан тул надад эдгээр зээлүүдийг өгч байсан юм.

2013 оны 07 дугаар сарын 04-нд 5.000.000 төгрөгийг 5 хувиар тооцож зээлсэн боловч мөн урьдах зээлийн хүү 575.000 төгрөгөн дээр 5.000.000 төгрөгний хүү 250.000 төгрөгийг нэмж нийт 825.000 төгрөгоөр хүүг төлөөрэй гэсний дагуу, 875.000 төгрөөр 2 удаа, 900.000 төгрөгөөр тус тус 2013 оны 08-р сарын 04-нээс эхэлж 2015 оны 4 сар дуустал нийт 21 сар х 825000 төгрөг=17.325.000 төгрөг. Зарим үед бэлнээр өгч байсан. Нийт 4 удаа зээлсэн мөнгөний хүүд 23.775.000 төгрөгийг 2015 оны 04 сарыг дуустал төлсөн. Ингээд хүүг зогсоолоо, үндсэн мөнгөө хувааж өгөөрэй гэсэн. Би барисан байшинг зарах гээд зарагдахгүй байсаар 2015 оны 8-р сар гарсан. Ингээд 1 өдөр нөхөртэйгээ үзүүлэх баримттай, юмтай болъё чи миний тал мөнгийг өгчих гэтэл өгөх боломж байгаагүй. Солонгос руу авч явж ажилд оруулж өгье, тэгээд миний мөнгийг бага багаар хувааж өгөөрэй гэж сайхан үг хэлж сайхан сэтгэл гарган байсан тул би итгэж баярлаж байсан. Ингээд Солонгос яваад ажил олоод өгвөл тал мөнгийг иь төлнө гэж бодож байсан. Гэтэл Солонгос явах зардалыг чинь олоод аваад явъя гэж хэлж байсан. Энэ үгэнд нь итгэж Ачит худалдааны төвд байдаг нотариат дээр хүрээд ир гээд нөхөртэй узүүлэх юм хэрэгтэй гэж гарын үсэг зуруулсан. Нотариат ч надаас юу ч асуугаагүй, би болохоор Ганчимэгийн үгэнд итгэж нөхөртөө л үзүүлэх гэж хийж байгаа юм байна надаас хүүгээ зогсоолоо гэсэн юм чинь гээд л гарын үсэг зурсан юм. Одоо нэхэж байгаа 24.080.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй 18.500.000 төгрөгийг 4 удаа хуваан авч 23.775.000 төгрөг болгон төлсөн тул нэхэмжлэгчийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Хариуцагч Ө.Мөнхзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.Ганчимэгээс нийт 17 567 000 төгрөг зээлж авсан.Хүүг сар бүр төлж байсан.Нийтдээ  33 864 000 төгрөг Ганчимэгийн дансанд хийсэн байгаа.Үүнээс 23 775 000 төгрөг нь зээлийн хүү юм.Надаас банз мод авч байсан,мөн өөр хүмүүсийн дансаар мөнгө хийж байсан.Энэ бүгд энэ тооцоонд ороогүй.Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй.2016 оны 8 сард гэрээнд гарын үсэг зуруулсан.Нөхөртөө үзүүлэх юмтай болох гэсэн гээд гэрээ байгуулсан.Ганчимэгээс авсан барааны мөнгөө тухайн үед цувуулаад төлсөн.2016 оны 6 сард 609 000 төгрөгний,мөн 485 000 төгрөгний,2015 оны 1 сард 50 000 төгрөгний,2013 онд 1 063 000 төгрөгний,1 570 000 төгрөгний бараа тус тус авсан.Эгч Түмэнзаяагаас нь авсан 5 000 000 төгрөгийг 5 500 000 төгрөг болгож Ганчимэгийн дансанд хийсэн.Найз Бат-Энхээс авсан 10 000 төгрөгийг нэг удаа Ганчимэгийн дансаар хийсэн.Зээлсэн мөнгөө төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт,2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэлд хавсаргасан шүүхийн архиваас авсан баримтууд,нэхэмжлэгчийн тайлбартаа хавсаргасан дансны хуулганы жагсаалт, хариуцагчийн тайлбар,хариуцагчийн Хаан банкны дансны хуулгууд, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгууд,гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн хувийн тооцооны 4ш дэвтэр зэргийг нотлох баримтаар судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Б.Ганчимэг хариуцагч Ө.Мөнхзулаас зээлийн төлбөр,зээлийн хүү,алданги нийт 24,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

       Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.

          Зохигчдын хоорондхи 24,080,000 төгрөгний маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг УДШ-ийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 590 дугаартай тогтоолоор хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан ба шүүх нэхэмжлэлийг буцаасан тул нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргажээ.

        Зохигчдын хооронд мөнгөн зээлийн аман гэрээ байгуулагдаж 2012 оны 4 дүгээр сарын 07-нд 5 000 000 төгрөг,2012 оны 8 дугаар сарын 22-нд 2 067 000 төгрөг,2012 оны 11 дүгээр сарын 23-нд 7 000 000 төгрөг,2012 оны 12 дугаар сарын 16-нд 3 500 000 төгрөг,нийт 17 567 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчээс зээлж авсан болох нь зохигчдын тайлбар,хариуцагчийн дансны хуулга,нэхэмжлэгчийн гаргасан зохигчдын дансны хуулганы жагсаалт/хэргийн 6,39 дүгээр хуудаст/зэргээр тогтоогдсон ба нэхэмжлэгчийн “18 500 000 төгрөг зээлж авсан” гэх тайлбар баримтаар нотлогдоогүй. 17 567 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчээс зээлж авсан талаар хариуцагч маргаагүй.

        Харин, хариуцагч “нийтдээ  33 864 000 төгрөг Ганчимэгийн дансанд хийсэн байгаа.Үүнээс 23 775 000 төгрөг нь зээлийн хүү юм” гэж тайлбарлаж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаагаа үндэслэсэн.

       Нэхэмжлэгч “Миний дансаар 33 864 000 төгрөг Ганчимэгээс орж ирсэн.Үүнээс зээлийн хүү 8 150 000 төгрөг байгаа.Бусад нь надаас зээлээр авч байсан солонгос барааны мөнгө,Түмэнзаяа эгчийн 5 500 000 төгрөг зэрэг байгаа.Мөн найз Бат-Энхээс авсан мөнгөө миний дансаар хийж байсан.Мөн Мөнхзулын ээж Наранцэцэг,дүү Зулбаатар нар надаас байнга мөнгө авч байсан.Төлөхдөө Мөнхзулын дансаар төлж байсан”гэж тайлбарлаж нэхэмжлэлээ үндэслэсэн.

       Зохигчдын гаргасан тооцоо,дансны хуулганы жагсаалт зэргээр 2012 оны 4 дүгээр сарын 07-ноос хойш нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар хариуцагч Мөнхзулаас нийт 33 202 000 төгрөгний орлого орж ирсэн болох нь нотлогдож байна.Зохигчид 2012 оны  1 дүгээр сарын 21-нээс хойш 33 864 000 төгрөг орсон талаар маргаагүй боловч 2012-4-07-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 33 202 000 төгрөг нэхэмжлэгчийн дансанд хариуцагчаас оржээ.

         Хариуцагчийн тайлбараар, нэхэмжлэгчийн эгч Түмэнзаяагаас Ганчимэгээр дамжуулан 5 000  000 төгрөг аваад 5 500 000 төгрөг  болгож дансаар нь өгсөн болох нь нотлогдож байх тул дээрхи мөнгөнөөс хасагдах үндэслэлтэй.Харин нэхэмжлэгчийн “Мөн найз Бат-Энхээс авсан мөнгөө миний дансаар хийж байсан.Мөн Мөнхзулын ээж Наранцэцэг,дүү Зулбаатар нар надаас байнга мөнгө авч байсан.Төлөхдөө Мөнхзулын дансаар төлж байсан”гэж тайлбарласан нь баримтаар нотлогдоогүй.

      Мөн, нэхэмжлэгч шүүх хуралдаанд “Бусад нь надаас зээлээр авч байсан солонгос барааны мөнгө...”гэж тайлбарласан ба хувийн тооцооны 4ш дэвтрийг нотлох баримтаар судлуулсан.Эдгээр дэвтэрт нэхэмжлэгчийн өөрийнх ньтэмдэглэснээр 1,215,000 төгрөг,1063 000 төгрөг,2 522 000 төгрөг, 1570 000 төгрөг,нийт 6 370 000 төгрөгний барааг Мөнхзул авсан гэж тэмдэглэсэн байна.Гэтэл шүүх хуралдаанд хариуцагч, “Ганчимэгээс авсан барааны мөнгөө тухайн үед цувуулаад төлсөн.2016 оны 6 сард 609 000 төгрөгний,мөн 485 000 төгрөгний,2015 оны 1 сард 50 000 төгрөгний,2013 онд 1 063 000 төгрөгний,1 570 000 төгрөгний бараа тус тус авсан”гэж тайлбарласан.Хариуцагч нийт 3 777 000 төгрөгний бараа аваад мөнгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа баримт нотолгоо гаргаагүй тул нэхэмжлэгчид төлсөн 33 202 000 төгрөгнөөс хасаж тооцох үндэстэй.Ийнхүү нийт төлсөн 33 202 000 төгрөгнөөс Түмэнзаяагийн 5 500 000 төгрөг,барааны 3 777 000 төгрөгийг тус тус хасаад үлдсэн 23 925 000 төгрөгийг зээлийн төлбөр,хүү гэж тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ” гэсэн баримтад үндэслэж “...Уг гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан боловч зээлээс нэг ч төгрөг төлсөнгүй. Иймд гэрээ ёсоор 5 сарын зээлийн хүү 3.700.000 төгрөг, үндсэн мөнгө 18.500.000 төгрөг, алданги 1.850.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд гаргасан зардалд 30.000 төгрөг, нийт 24.080.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

       Зохигчид  2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дээрхи гэрээг 2015 оны 8 сард хийсэн гэж тайлбарлаж байна.Уг гэрээнд 2015-5-01-ний өдөр 18 500 000 төгрөгийг 5 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлүүлсэн,төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 2 960 000 төгрөгийг /2015 оны 5,6,7,8 сарын хүү/ 2015-10-01-ний дотор төлөхөөр талууд тохиролцсон,зээлдэгч зээлийн мөнгийг хүүгийн хамт 2015-10-01-ний дотор төлөх үүрэгтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцно гэж тус тус заажээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д нийцсэн гэрээ гэж тайлбарлаж байна.

       Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн ...56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж,56.1.8-д”хуулиар тогтоосон хэлбэрийг  зөрчсөн...” гэж тус тус заасан байдаг.

      Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул зохигчдын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 07-ноос 2012 оны 12 дугаар сарын 16-ны хооронд амаар хийсэн мөнгөн зээлүүдэд хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй.

      Түүнчлэн 2015-5-01-ний өдрийн 18 500 000 төгрөгний зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтын дагуу бүхэлд нь тайлбарлах нь уг заалтын агуулгад нийцэхгүй.Учир нь, уг заалтын дагуу тайлбарлагдах хэлцэл нь “уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч” хийсэн байхыг ойлгоно.Гэтэл 2012 оны 4 дүгээр сарын 07-ноос 2012 оны 12 дугаар сарын 16-ны хооронд тус тусад нь амаар хийсэн нийт 17 567 000 төгрөгний зээлийн гэрээнүүдээр тухайн үед илэрхийлсэн талуудын хүсэл зоригийг 2015-5-01-ний өдрийн 18 500 000 төгрөгний үнийн дүнтэй,уг мөнгөнд хүү,алданги тооцох заалттай зээлийн гэрээгээр хожим илэрхийлсэн гэж дүгнэх нь хууль болон хариуцагчийн тухайн үеийн хүсэл зоригт нийцээгүй байна.Өөрөөр хэлбэл,нэгдүгээрт,үнийн дүн зөрүүтэй,хоёрдугаарт, 18 500 000 төгрөгний дүнтэй зээлд 2015-5-01-нээс хойш хүү,алданги тооцох хүсэл зоригийн илэрхийлэл 2012 онд гэрээ байгуулж байх үед талуудад байгаагүй,тухайн үеийн хүсэл зориг 2015-5-01-ний өдрийн гэрээнд илэрхийлэгдээгүй гэж үзнэ.

        Харин, уг гэрээний 2 дахь заалтад “талуудын сар бүр төлөхөөр тохирсон зээлийн хүүгийн үлдэгдэл буюу төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 2 960 000 төгрөг байгааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр талууд тохиролцов” гэж заасныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар тайлбарлагдах, тухайн үеийн хүсэл зоригийг хожим хүчин төгөлдөр болохыг илэрхийлсэн хэлцэл гэж үзэх үндэстэй гэж үзсэн.Уг заалтаар хариуцагч өмнөх зээлийн гэрээний дагуу тохирсон төлбөл зохих хүүгийн үлдэгдэл төлбөр байгааг хүлээн зөвшөөрч бичгийн хэлбэрээр илэрхийлсэн гэж үзнэ.Гэрээний энэ заалтын дагуу нэхэмжлэгч хариуцагчаас тохирсон хүү нэхэмжлэх эрхтэй.

        Нөгөө талаар, зохигчид өөр үнийн дүнтэй,өөр нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурсан байх боловч уг гэрээний дагуу хариуцагч 18 500 000 төгрөг тухайн өдөр хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгчид зээл,хүү,алданги шаардах эрх үүсэхгүй.

       Хариуцагч 23 925 000 төгрөгийг зээлийн төлбөр,хүүд тооцон нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн гэж тооцох үндэслэлтэй.Гэвч хариуцагч 2 960 000 төгрөгний хүү төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

       Ийнхүү нэхэмжлэгч  2015-5-01-ний өдрийн 18 500 000 төгрөгний зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү,алданги нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж хариуцагчаас 2 960 000 төгрөг гаргуулахаар зааж шийдвэрлэсэн болно.

       Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 21-нд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн.

       Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж,нэхэмжлэлийн хангагдсан хэсэгт тохирох хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэмжээнд тохирох хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

       

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ө.Мөнхзулаас 2 960 000 төгрөг гаргуулан Б.Ганчимэгт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Б.Ганчимэгийн нэхэмжлэлийн шардлагаас 21 120 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278.350 төгрөгнийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 62 310  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ