Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2017/00098/И |
Дугаар | 00285 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-52 тоотод оршин суух Сөрт овгийн Жанчивын Баялаг-Эрдэний/ГИ:75062506 /нэхэмжлэлтэй
Хариуцагч: Англи улсын иргэн Давид Виддовсонд/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17-08 тоотод оршин суух, Цагаан гэрүүд овгийн Баярын Эрдэнэтуяа /ФА:95020604/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Баялаг-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Баялаг-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2007 онд Давид Виддовсонтой танилцаж гэр бүл болж 2011 онд гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2008 оны 10 дугаар сарын 02-нд хүү Виддовсон Давид Чингис төрсөн. 2011 оноос хойш миний бие Ж.Баялаг-Эрдэнэ Монголдоо, Давид Виддовсон Англи улсдаа тусдаа өөр хүнтэй хамт амьдрах болсон тул хүү Давид Чингисийг аавынх нь асрамжинд үлдээсэн. Бидний гэр бүлийн хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Баялаг- Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжинэ. 2011 оноос хойш миний бие Ж.Баялаг-Эрдэнэ Монголдоо, Давид Виддовсон Англи улсдаа тусдаа өөр хүнтэй хамт амьдрах болсон.Бидний дундын тохирохгүй зйүл их гарах болсон тул би Монголдоо ирсэн.Цаашид хамт амьдрахгүй.Давид өөр хүнтэй хамтын амьдралтай болсон.Хүү Чингис цаашдаа тэндээ амьдрах тул бид эцгийн хамт байлгахаар тохирсон.Тэтгэлэг нэхэмжлэхгүй,эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: "Нэхэмжлэгч Ж.Баялаг-эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Англи улсын иргэн Дэвид Виддовсоний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Баялаг-Эрдэнэ Дэвид Виддосон нарын дундаас хүү Чингис төрсөн бөгөөд хүү одоо Англи улсад эцгийхээ асрамжинд амьдарч, сургуульд суралцаж байгаа. Хүү Чингисийг эцэг Дэвидийн асрамжинд үлдээхийг эх Баялаг-эрдэнэ зөвшөөрсөн юм. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Ямар нэг маргаантай асуудал байхгүй. Хүүхэд эцгийн хамт амьдарч байгаа гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний болон хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарууд, хүүхдийн талаархи сургуулийн тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Баялаг-Эрдэнэ хариуцагч Давид Виддовсонд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн ба хүүхдийн асрамж,тэтгэлэг,дундын хөрөнгийн талаар маргаагүй.
Зохигчид 2011 онд гэрлэлтээ батлуулан, 2008 оны 10 дугаар сарын 02-нд хүү Давид Чингисийг төрүүлсэн ба зохигчид 2011 оноос тус тусдаа Монгол, Англи улсад амьдрах болсон ба хүү Давид Чингис нь эцгийн асрамжинд эрүүл өсөж байгаа болох нь тэдний тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 03-нд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба шүүх хуралдаанд хэн алин нь цаашид гэрлэлтийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх тул гэрлэлтийн цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, хүү Давид Чингисийг эцгийн асрамжинд Англи улсад амьдруулахаар зохигчид тохиролцсон, хариуцагч энэ талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Ж.Баялаг-Эрдэнэ, Давид Виддовсон нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийн хувийг гэр бүлийг баталсан газрын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ