Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 049

 

           Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад  холбогдох,

            “Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн хавсралтын “Ф” ХХК-д холбогдох хэсэг”, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн захирал А.К, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга К.Х, гуравдагч этгээд “К” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид Х.Х, Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ф” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтдээ:

Тус компани нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар захирамжийн дагуу Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар  эзэмшиж, ашиглаж байсан билээ. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай компанид газар эзэмшүүлэх тухай Ногооннуур сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ хүчингүй болгосон тухай ямар нэгэн захирамжийг манай компанид гардуулж өгөөгүй. Үүний дагуу аймгийн Засаг дарга А.Гылымханд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гомдол гаргаж, манай компанид эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон захирамжийг хүчингүйд тооцож өгөхийг хүссэн  боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул шүүхэд хандаж байна.

Ногооннуур сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар захирамжийг урьдчилж мэдэгдэхгүйгээр, хууль бусаар хүчингүй болгосноор манай компани хуулийн дагуу газар эзэмших, газрын үр шимийг хүртэх эрх ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна.

Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-нд холбогдох хэсэг, манай компани эзэмшлийн хадлангийн талбайг “К” ХХК-д эзэмшүүлсэн Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Ногооннуур сумын Засаг дарга нь манай компанид газар эзэмшүүлсэн захирамжийг хууль бусаар хүчингүй болгож, манай  компани эзэмшлийн газрыг “К” ХХК-д эзэмшүүлсэн байна.

Иймээс эдгээр захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн захирал А.К шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Ф” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5 жилийн эзэмшлээр хуулийн дагуу хадлангийн талбай авсан. Гэтэл миний авсан газарт сумын Засаг дарга давхар захирамж гаргаж энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “К” ХХК-д олгосон байна. Энэ нь хууль бус миний эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-д газар олгосон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 104 дүгээр захирамжийг хүчингүй болгосон хэсгийг, мөн гуравдагч этгээд “К” ХХК-д хадлангийн зориулалтаар газар ашиглуулсан сумын Засаг даргын 62 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ф” ХХК нь Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ф” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг сумын Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаар захирамжийн “К” ХХК-д эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэсэн хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны 83 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлавал, хариуцагч талаас нэхэмжлэгч “Ф” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг мэргэжлийн хяналтын байгууллагын албан шаардлагыг үндэслэн хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа. Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан шаардлага очоогүй байхад, тэр албан шаардлагыг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байдаг.

 Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан байгууллагын шаардлагыг үндэслэн маргаан бүхий хадлангийн талбайг нэхэмжлэгч  “Ф” ХХК нь 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх шалтгаанаар хүчингүй болгосон байдаг. Гэтэл “Ф” ХХК нь маргаан бүхий газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг тогтоохгүйгээр, тухайн байгууллагын саналыг аваагүй, мэдэгдээгүй байж газар эзэмшүүлсэн шийдвэрийг шууд хүчингүй болгосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн иргэд, хуулийн этгээдийг алагчилж, нэгэнд нь давуу эрх олгож, нөгөө компанид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож эрх ашгийг зөрчсөн асуудал байдаг.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчдыг тодорхойлох ёстой байсан боловч тодорхойлоогүй, нэхэмжлэгч “Ф” ХХК-ыг тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй шууд захиргааны шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байгаа. Хариуцагчаас хуульд нийцээгүй, зорилгодоо нийцээгүй шийдвэр гаргасан учраас нэхэмжлэгч “Ф” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл дараах байдлаар үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд, “Ф” ХХК нь хууль журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 2016 оны 10 дугаар сард 5 жилийн хугацаатайгаар 10 га газрыг эзэмшсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрчилгээ, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа.

Өөрөөр хэлбэл, “Ф” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох хүртэл тухайн газрыг нэхэмжлэгч байгууллага эзэмшиж, ашиглаж байсан нь тогтоогдож байгаа. “Ф” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. 2016 оны 10 дугаар сард маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрыг нэг жил хүрэхгүй хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх шалтгаанаар газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч “Ф” ХХК нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаад 2017 онд хадлан авч байсан. Захирамжийг хүчингүй болгосныг нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдэж хуульд заасан хугацаанд дээд шатны Засаг даргад гомдолд гаргаж маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг авсны дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой дурдсан байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага гаргасан шийдвэрийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчдод гардуулан өгч, тухайн захиргааны шийдвэрийг эс зөвшөөрвөл, хаана, ямар журмаар гомдол гаргах вэ гэдгийг зааж өгөх ёстой. Гэтэл хариуцагч дээрх хуульд заасан ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч тухайн захиргааны актыг мэдсэний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагын 2 дугаар хэсэгт дуудлага худалдаанд оруулаагүй эзэмшүүлсэн, мөн 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй газрыг хүчингүй болгуулахаар дурдсан байх бөгөөд төлөвлөгөөнд ороогүй газрыг хүчингүй болгох гэсэн шаардлага тавиагүй юм.

Гэтэл хариуцагчаас төлөвлөгөөнд ороогүй гэх шалтгаанаар болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн “Ф” ХХК-д олгосон газрыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна энэ газрыг өмнөх Засаг дарга ямар журмаар хэрхэн олгосныг өмнөх Засаг дарга гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, “Ф” ХХК-ийн хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийг баримталж тухайн газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон талаар хэлсэн. Энэ хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдээс хадлангийн зориулалтаар эзэмшүүлэх газрыг тухайн жилийн төлөвлөгөөнд оруулдаггүй байсан гэж хэлж байгаа. Тухайн жилийн газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд оруулах, оруулахгүй байх нь Хурал эсхүл Засаг даргын эрхийн асуудал юм. Эдгээр эрх бүхий байгууллагууд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж иргэн, хуулийн этгээд хохирох ёсгүй.

 Иргэн, хуулийн этгээд хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаад захирамж гаргуулан тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байгаа. 2018 онд усжилт ихтэй байсан учраас тухайн газраас хадлан авах боломжгүй байсан гэж нэхэмжлэгч сая тайлбарлаж хэлсэн. Маргаан бүхий хадлангийн газраас нэхэмжлэгч “Ф” ХХК нь 1 жил буюу 2018 онд хадлан аваагүй гэх үндэслэлээр сумын Засаг дарга тус компанид хадлангийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон байх гэж миний бие үзэж байгаа. Нэхэмжлэгч байгууллага сумын Засаг даргын захирамжийн дагуу тухайн газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд газрын даамал гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Газрын даамал хадлангийн зориулалтаар олгох газрын ерөнхий төлөвлөгөөг батлуулах ёстой байсан боловч батлуулаагүй гэж гуравдагч этгээдээс тайлбарлаж байна.

Газрын даамал төлөвлөөгөөг батлуулаагүйгээс болж иргэн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөх ёсгүй. Нөгөө талаар хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй гэх шалтгаанаар газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон мөртлөө гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. “Хар тахар” нэртэй газрыг хадлангийн зориулалтаар ашиглуулъя гэж эрх бүхий этгээдээс шийдвэрлэсний дараа сумын Засаг дарга нэхэмжлэгч “Ф” ХХК-д олгосон. Хадлангийн талбай төлөвлөгөөнд орсон нөхцөлд тухайн хадлангийн талбайн нэг хэсэг болох “Ф” ХХК-д олгосон газар мөн адил төлөвлөгөөнд орсон байх ёстой. Хэрэв тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй байвал дараа жил төлөвлөгөөнд оруулж ашиглуулах боломжтой байсан боловч сумын Засаг дарга нэхэмжлэгчид тийм боломж олгоогүй түүнд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосныг мэдэгдээгүй, нууц байдлаар захирамж гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна. Тийм учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.

Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. 

Хариуцагч Ногооннуур сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Баян-Өлгий аймгийн  Ногооннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Ф” ХХК-иас тус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 115 дугаар захирамжийг хүчингүй болгосон тус сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзэхэд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тусгай жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана...” 31 дүгээр зүйлийн 31.2-т “.. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” гэж тус тус заасан. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хүсэлт гаргасан газар нь иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Гэтэл Ногооннуур сумын Засаг даргаас “Ф” ХХК-д 2016 онд олгохдоо хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн.

Түүнчлэн, зөвхөн нэг компанид 10 га газрыг бүхэлд нь эзэмшүүлэх нь шударга ёсонд нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгч байгууллагын “Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар захирамжийг хүчингүй болгосон тус сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Тус сумын “Хар тахар” гэх газарт байршилтай хадлангийн талбайгаас “К” ХХК-д хуучин ашиглан хадаж байсан хадлангийн талбайг сэргээн сумын Засаг даргын 2018 оны 68 дугаар захирамжаар ашиглуулсан.

Миний бие сумын Засаг дарга болсны дараа манайд хяналт шалгалт хийгдсэн бөгөөд шалгалт хийгдсэнээс хойш сар гаруй хугацааны дараа 20-н хэдэн газрыг хүчингүй болгох гэсэн албан шаардлага ирсэн. Уг албан шаардлагад “Ф” ХХК-д эзэмшүүлсэн газар багтсан байгаа ба үүний дагуу би Засаг даргын хувьд эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаас манайх энэ газрыг олон жил хамгаалж, ашиглаж ирсэн тул манай компанийн нэр дээр эзэмшүүлсэн захирамж гаргаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Түүний хүсэлтийг хүлээн авч сумын газрын даамалд цохолт хийж, хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдсан газрыг судалж үзээд хэн нэгэнд эзэмшүүлээгүй, ямар нэгэн маргаан байхгүй бол энэ хүнд эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулж ирээрэй гэсэн үүрэг өгсөн байсан.

Тэгээд газрын даамлаас судалж үзээд ямар нэгэн маргаан байхгүй гэж захирамжийн төслийг боловсруулж ирсэн ба үүнийг би давхар судлаад маргаан байхгүй гэж үзээд захирамж гаргаж өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа “К” ХХК-д эзэмшүүлсэн байгаа. Миний хувьд эдгээр хүмүүсийн аль нэгэнд үйлчлээд, аль нэгийг алагчилж хууль бусаар захирамж гаргасан зүйл байхгүй. Эцсийн эцэст шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх болно. Манай сумаас зөвхөн энэ маргаан биш газрын маргаан байнга гардаг учраас захирамж гаргаж ажлын хэсэг байгуулсан. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирсэн гомдлын дагуу маргаан бүхий газарт очиж судалж үзээд дүгнэлт гаргадаг.

 Энэ ажлыг хэсгийг сумын Засаг даргын орлогч Сайлаубек ахалсан 7 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Өмнө нь маргаан бүхий газар болох “Хар тахар” гэх газраас Х.Х, А.К нар өвс хаддаг байсан. Зөвхөн энэ хоёр хүн биш Ногооннуур сумын ихэнх хүмүүс тухайн газраас хадлан авч өвлийн бэлтгэл ажлыг хийдэг. Миний бие өөрөө санаачлаад А.Кт эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон зүйл байхгүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн албан шаардлагын дагуу хүчингүй болгосон гэдгийг дахин хэлье гэв.

Гуравдагч этгээд “К” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

1. Ногооннуур сумын “К” хоршооны гишүүд болох Хуаныш овогтой Хайратхан, Хунафия овогтой Риза, Хайратхан овогтой Тилеужан, Хайратхан овогтой Ниетхан, Хайратхан овогтой Нуртуган, Хайратхан овогтой Кадирбек, Риза овогтой Жанибек, Өкимет овогтой Унасхан нар тус сумын “Хар тахрын даршаан” гэдэг газраас 16 га  хадлангийн талбайг 1990-ээд оноос эхлэн 2010 оныг хүртэл он удаан жил ашиглаж эзэмшиж ирсэн.

2. Ногооннуур сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 05-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар хадлангийн талбайн асуудлыг хэлэлцээд уг хуралдаанаар илүү хадлангийн талбайтай иргэдийн хадлангийн талбайг дахин хуваарилах нь зүйтэй гэж үзээд мөн өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны “Хадлангийн талбай хуваарилах тухай” 39-р тогтоолыг гаргасан. Мөн хурлын тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2010 оны 05-р сарын 28-ний өдрийн хүчин төгөлдөр “Хадлангийн талбай ашиглах тухай” 55-р захирамж гарч тус сумын иргэдийн урьд нь ашиглаж байсан хадлангийн талбайг өөр өөрсөд нь  өгч илүү гарсан хадлангийн талбайг дахин хуваарилах комисс байгуулагдсан. Хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын бүрэлдэхүүнд Засаг дарга Абай овогтой Авчукир, орлогч дарга Есбол овогтой Дүйсенби, багийн засаг дарга Охым овогтой Хурмет, багийн засаг дарга Сани овогтой Айнур, газрын даамал Б.Аманбек, иргэний төлөөлөл Мустафа овогтой Ербол, иргэний төлөөлөл Магау овогтой Самыш нар ажиллаж иргэдэд хадлангийн талбайг хуваарилж өгсөн.

3. “К” хоршооны гишүүдийн хадлангийн талбай илүү хадлангийн талбайтай иргэдийн нэрсийн жагсаалтад байсан тул бидний эзэмшиж ашиглаж ирсэн хадлангийн талбайд комиссын гишүүд хэмжилт хийж бидний урьд нь ашиглаж, эзэмшиж ирсэн 16 га хадлангийн талбайгаас “К” хоршооны гишүүд болох Х.Х, Х.Риза, Р.Жанибек, Х.Тилеужан, Х.Ниетхан, Х.Нуртуган, Х.Кадирбек, Ө.Унасхан нарын нэр дээр 10 га хадлангийн талбай хуваарилан өгч, үлдсэн илүү гарсан 6 га хадлангийн талбайг иргэн Савидолда овогтой Алибект 1,5 га, Сани овогтой Айнурд 1,5 га, Хадай овогтой Авлашт 1,5 га, Асганбай овогтой Ерген нарт 1,5 га, хадлангийн талбай хуваарилж өгсөн. Үүнийг Савидолда овогтой Албекийн 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөр гаргасан “2010 онд сумын ЗДТГазраас хадлангийн талбай хуваарилахад “Хар тахрын даршаан” буюу иргэн Абу овогтой Аманбекийн баруун талаас иргэн Х.Хы урьд ашиглаж эзэмшиж ирсэн хадлангийн талбайн хэсгээс тасалж 1,5 га хадлангийн талбайг надад өгсөн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт мөн иргэн Хадай овогтой Авлашын 2019 оны 4-р сарын 16-ний өдрөөр гаргасан “2010 онд сумын ЗДТГазрын хадлангийн талбай хуваарилах үеэр “Хар тахрын даршаан” гэдэг газраас Х.Хайтратханы урьд нь ашиглаж ирсэн хуучин хадлангийн талбайгаас 1,5 га хадлангийн хуваарилуулан авсан болно” гэсэн тодорхойлолтууд гэрчлэн нотолно.

4. Ногооннуур сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр 2010 оны 05-р сарын 27-ний өдрөөр гаргасан “Хадлангийн талбай хуваарилах тухай” 39-р тогтоол болон Засаг даргын 2010 оны 05-р сарын 28-ний өдрөөр гаргасан хүчин төгөлдөр “хадлангийн талбай ашиглах тухай” 55-р захирамжийн дагуу байгуулагдсан хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын хүчин төгөлдөр шийдвэрээр “К” хоршооны гишүүд Х.Х, Р.Жанибек, Х.Ниетхан, Х.Тилеужан, Х.Нуртуган, Х.Кадирбек, Х.Риза, Ө.Унасхан нар тус сумын “Хар тахрын даршаан” гэдэг газраас хуваарилуулан авсан 10 га хадлангийн талбайг жил алгасалгүй хадаж өнөөдрийг хүртэл ашиглаж эзэмшиж ирсэн. Үүнийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр 2010 оны 05-р сарын  27–ны өдрөөр гаргасан “Хадлангийн талбай хуваарилах тухай” 39- р тогтоол, Засаг даргын 2010 оны 05-р сарын 28-ний өдрөөр гаргасан хүчин төгөлдөр “Хадлангийн талбай ашиглах тухай” 55-р захирамж мөн захирамжийн дагуу байгуулагдсан комиссын гишүүдийн 2010 оны 05-р сарын 28 –ний өдрийн комиссын хуралдааны тэмдэглэл мөн комиссын гишүүдийн “бид “Хар тахрын даршаан” гэдэг газраас Х.Х, Р.Жанибек нарын ашиглаж ирсэн хадлангийн талбайд хэмжилт хийж тэдний ашиглаж ирсэн хадлангийн талбайгаас 10 га хадлангийн талбайг ”К” хоршооны гишүүд Х.Х, Х.Риза, Р.Жанибек, Х.Тилеужан, Х.Ниетхан, Х.Нуртуган, Х.Хадирбек, Ө.Унасхан нарын нэрээр хуваарилан өгч 6 га хадлангийн талбайг тасалж иргэн Савидолдагийн Алибект 1,5 га Сани Айнурт 1,5 га, Х.Авлашт 1,5 га, Асганбайн Ерген нарт 1,5 га газрын хуваарилан өгсөн нь үнэн болно” гэж өөрсдийн гарын үсэг бүхий 2019 оны 04-р сарын  15-ний өдрөөр гаргасан тодорхойлолт нотолно.

5. Мөн “К” хоршооны гишүүдийн урьд нь он удаан жил ашиглаж эзэмшиж ирсэн хадлангийн талбай бол тус сумын “Хар тахрын даршаан” гэх газар буюу А.Аманбекийн өвөлжөөний баруун талд оршдог “К” хоршоо 2010 онд уг 10 га хадлангийн талбайг “Хар тахрын даршаан” гэх газар буюу А.Аманбекийн өвөлжөөний баруун талаас, иргэн А.Аманбек, Ш.Мерейхан, Б.Оронбасар нарын хадлангийн талбай хил залгаа баруун талаас иргэн С.Алибекийн хадлангийн талбайтай хил залгаа өмнөд талаас, иргэн Д.Серикжаны хадлангийн талбайтай  хил залгаа дээд талаас сумын Хурлын хүчин төгөлдөр тогтоол, Засаг даргын хүчин төгөлдөр захирамжаар байгуулагдсан хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын шийдвэрээр хуваарилуулан авсан. Үүнийг тухайн үед тус газраас “К” хоршооны гишүүд болох бидэнтэй хамт хадлангийн талбай хуваарилуулан авсан бидний хадлангийн талбайтай иргэн Абу овогтой Аманбекийн 2019 оны 04-р сарын 17-ний өдрөөр, иргэн Бекен овогтой Оронбасарын 2019 оны 04-р сарын 17-ний өдрөөр, Дөрбетхан овогтой Серикжаны 2019 оны  04-р сарын 17-ны өдрөөр, иргэн Савидолда овогтой Алибекийн 2019 оны 04-р сарын  16-ны өдрөөр иргэн Хажхан овогтой Кадирбек нарын 2019 оны 04-р сарын  10- ны өдрөөр 2010 онд Х.Х, Х.Риза, Р.Жанибек болон нэр бүхий дээрх “К” хоршооны гишүүд “”Хар тахрын даршаан” гэдэг газраас бидний хадлангийн талбайн хажуугаас хил залгаа 10 га хадлангийн талбайг хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын шийдвэрээр хуваарилуулан авсан нь үнэн болно” гэж гаргасан дээрхи нэр бүхий иргэдийн өөрсдийн гарын үсэг бүхий тодорхойлолтуудаар тус тус нотлогдоно.

6. Мөн “К” хоршооны Х.Х тэргүүтэй нэр бүхий гишүүд өөрсдийн он удаан жил ашиглаж эзэмшиж ирсэн хадлангийн талбай болох “Хар тахрын даршаан” гэх газраас 2010 онд иргэн Абу овогтой Аманбек, Шаривхан овогтой Мерейхан, Бекен овогтой Оронбасар нарын хадлангийн талбайтай хил залгаа баруун талаас иргэн Хажхан овогтой Кадирбекийн хадлангийн талбайтай хил залгаа зүүн  талаас иргэн Савидолда овогтой Алибекийн хадлангийн талбайтай хил залгаа өмнөд талаас, иргэн Дөрбетхан овогтой  Серикжаны хадлангийн талбайтай хил залгаа дээд талаас сумын Хурлын хүчин төгөлдөр тогтоол, Засаг даргын хүчин төгөлдөр захирамжаар болон захирамжийн дагуу байгуулагдсан хадлангийн талбайг хуваарилах комиссын шийдвэрээр “К” хоршооны гишүүд 10 га хадлангийн талбайд хэмжилт хийлгэн хуваарилуулан авахад комиссын гишүүдтэй тус сумын иргэд Х.Кадирбек, М.Сураубай, Х.Авлаш, Х.Омарбек, Т.Мусахан, А.Дагыс, Б.Кеншилик нар хамт байлцаж хяналт тавьж бидэнтэй хадлангийн талбайг хэмжихэд хамт байсан.

Эдгээр иргэд тус газраас бас хадлангийн талбай хуваарилуулан авсан болно. “К” хоршооны гишүүдийн “Хар тахрын даршаан” гэх газраас бидэнтэй хамт хадлангийн талбай хуваарилуулан авсан нь үнэн болохыг нь тухайн үед тус газраас бидэнтэй хамт хадлангийн талбай хуваарилуулан авсан иргэн Х.Омарбекийн 2019 оны 04-р сарын 08- ний өдрөөр, иргэн Х.Кадирбекийн 2019 оны 04-р сарын 10-ны өдрөөр, иргэн М.Сураубайн 2019 оны 04-р сарын 12-ны өдрөөр, иргэн Х.Авлашын 2019 оны 04-р сарын 16-ны өдрөөр, иргэн А.Дагыс, Б.Кеншилик нарын 2019 оны  04-р сарын 19-ний өдрөөр, иргэн Т.Мусахан нарын 2019 оны 04-р сарын 20-ний өдрөөр гаргасан “К” хоршооны гишүүд Р.Жанибек, Х.Х нар 2010 онд тус сумын “Хар тахрын даршаан” гэдэг газраас 10 га хадлангийн талбайг бидэнтэй хамт хуваарилуулан авч өнөөдрийг хүртэл жил алгасалгүй хадаж ашиглаж эзэмшиж ирсэн нь үнэн болно” гэсэн ард иргэдийн гарын үсэг бүхий тодорхойлолтууд давхар гэрчлэн нотолно.

7. Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2010 онд иргэдэд хуваарилж өгсөн хадлангийн талбайд ЗДТГазраас Хадлан ашиглах зөвшөөрлийн бичгийг анх нэг жилийн хугацаагаар Засаг дарга А.Авчукир, Газрын даамал Б.Аманбек нарын гарын үсгээр олгож, нэг жилийн хугацаагаар иргэдтэй “Газар ашиглуулах гэрээ” байгуулж гэрээнийхээ хугацааг жилээр сунгаж жил жилийн хадлангийн төлбөрийг төлүүлэн ажиллаж ирсэн. “К” хоршооны гишүүдийн 2010 онд “Хар тахрын даршаан” гэх газраас хоршооны гишүүдийн нэрд 10 га хадлангийн талбайг зохих журмын дагуу хуваарилуулан авч, хуваарилуулан авсан хадлангийн талбайг өнөөдрийг хүртэл жил алгасалгүй хадаж, өнөөдрийг хүртэл жил болгон гэрээгээ байгуулан хадлан ашигласны төлбөрийг журмын дагуу төлж ашиглаж эзэмшиж ирснийг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан А.Авчукир, газрын даамлаар ажиллаж байсан.

Б.Аманбек нарын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй хоршооны гишүүн Хуаныш овогтой Хайратханы нэрд 2010 оны 05-р сарын 31-ний өдрөөр бичигдсэн 030800016 дугаартай хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг, хоршооны гишүүн Хунафия овогтой Ризагийн нэрд 2010 он 05-р сарын 31-ний өдрөөр бичигдсэн 030890026 дугаартай хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг, Хайратхан овогтой Ниетханы нэрд 2010 оны 05-р сарын 31-ний өдрөөр бичигдсэн 030890017 дугаартай Хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг, газрын даамал Б.Аманбекийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2010 оны 05-р сарын 31-ний өдрөөр Хуаныш овогтой Хайратхантай байгуулсан “Газар ашиглуулах гэрээ”, Газрын даамал Б.Аманбекийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2010 оны 05-р сарын 31ний өдрөөр Хайратхан овогтой Ниетхантай байгуулсан “Газар ашиглуулах гэрээ”, Газрын даамал Тилеубай овогтой Манарбекийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Риза овогтой Жанибектэй 2016 оны 01-р сарын 06-ний өдөр байгуулсан “Газар ашиглуулах гэрээ”, Газрын даамал Имашхан овогтой Оналбекийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Риза овогтой 2017 оны 07-р сарын 27-ний өдөр байгуулсан “Газар ашиглуулах гэрээ” зэрэг хуулийн хүчин төгөлдөр баримтууд тус тус гэрчлэн нотолж байна.

8. Дээрх нэр бүхий хоршооны гишүүд “К” хоршоогоо Газар тариалан, хадлан бэлтгэх, мал аж ахуй эрхлэх зориулалтаар 2017 оны 10-р сарын 27-ний өдөр байгуулан хоршооны даргаар Риза овогтой Жанибекийг томилон ажиллуулж байгаа. “К” хоршоо 3074692 регистрийн дугаартай, 000126578 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж байгаа тул нотлох баримтаар 000126578 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргав.

9. “К” хоршоо “Хар тахрын даршаан” гэх газар буюу Абу овогтой Аманбекийн өвөлжөөний баруун талаас хуваарилуулан авч жил жилийн гэрээгээ хийж төлбөрөө төлж ашиглаж эзэмшиж ирсэн уг 10 га хадлангийн талбайг 5 жилийн хугацаатай ашиглуулж газар эзэмших гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2018 оны 5-р сарын эхэнд сумын Засаг даргад тавьсан. Тухайн үед тус суманд газрын даамлаар ажиллаж байсан Имашхан овогтой Оналбек нь Засаг даргын даалгавраар 2018 оны 05-р сарын 06-ний өдөр уг газар өөрийн биеэр “К” хоршооны “Хар тахрын даршаан” гэх газар буюу Абу овогтой Аманбекийн өвөлжөөний баруун талаас хуваарилуулан ашиглаж ирсэн уг 10 га хадлангийн талбайд дахин хэмжилт хийж ямар ч маргаангүй “К” хоршооны хадлангийн талбай мөн болохыг тогтоосон. Үүнийг Газрын даамал Имашхан овогтой Оналбекийн  өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2018  оны 05-р сарын  06-ны өдрөөр гаргасан тодорхойлолт нотолно.

10. Ногооннуур сумын Засаг дарга “К” хоршооны “Хар тахрын даршаан” гэх газар буюу А.Аманбекийн баруун талаас 2010 онд хуваарилуулан авч ашиглаж эзэмшиж ирсэн 10 га хадлангийн талбайг тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Имашхан овогтой Оналбекийн ямар ч маргаангүй “К” хоршооны эзэмшлийн газар мөн байна гэсэн саналыг үндэслэн уг газрыг 3074692 тоот регистрийн дугаартай “К” хоршоонд 5 жилийн хугацаатай ашиглуулах нь зүйтэй гэж үзээд Ногооннуур сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий  тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр 2018 оны 05-р сарын 09-ний өдрийн “Хадлангийн талбайг ашиглуулах тухай” 62 тоот захирамжийг гаргасан. Мөн Засаг даргын захирамжийг үндэслэн “К” хоршоонд Газрын даамал Тилеубай овогтой Манарбек өөрийнхөө гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 000324973 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 06-р сарын 19-ний өдөр 10 га хадлангийн талбайг “Хар тахир” А.Аманбекийн баруун талаас хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон. Үүнийг Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 05 –р сарын 09 – ний өдрийн “Хадлангийн талбай ашиглуулах тухай” 62 дугаар захирамж, Газрын даамал Т.Манарбекийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 000324973 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нотолно.

11. Мөн Ногооннуур сумын “К” Хоршоо 2010 оноос эхлэн “Хар тахрын даршаан” гэх газар буюу А.Аманбекийн өвөлжөөний баруун талаас хуваарилуулан авсан 10 га хадлангийн талбайг өнөөдрийг хүртэл жил болгон гэрээгээ байгуулан тасралтгүй жил алгасалгүй ашиглаж эзэмшиж ирснийг минь газрын даамалтай байгуулсан миний дээрх Газар ашиглах гэрээнд болон гэрээнийхээ дагуу Төрийн санд бэлнээр 2012 онд Х.Х газрын төлбөрт 35700 төгрөг, Х.Риза хадлангийн төлбөрт 5000 төгрөг,  2017 онд Х.Х, Х.Ниетхан, Р.Жанибек нар хадлангийн төлбөрт 9600 төгрөг, 2018 онд Х.Х хадлангийн төлбөрт 37600 төгрөгийг бэлнээр хууль журмын дагуу төлж байсан жил жилийн төрийн санд төлсөн хадлангийн болон газрын төлбөрийн мөнгө төлж байсан зэргээр нотлогдоно.  

12. Мөн Ногооннуур сумын “Хар тахрын даршаан” гэх газраас А.Аманбекийн баруун талаас “К” Хоршоо нь 2010 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 39-р тогтоол болон Засаг даргын мөн оны 55-р захирамжийн дагуу байгуулагдсан комиссын шийдвэрээр Ногооннуур сумын Засаг даргын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр 2018 оны 05-р сарын  09-ний өдрийн “Хадлангийн талбайг ашиглуулах тухай” 62 тоот захирамжаар 10 га хадлангийн талбайг хууль журмын дагуу хуваарилуулан авч өнөөдрийг хүртэл алгасалгүй хадаж ашиглаж эзэмшиж ирснийг тус сумын 8 дугаар багийн Засаг дарга Д.Ержаны гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 04-р сарын 21-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.

13. Ногооннуур сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 05-р сарын 27-ны өдрийн хуралдааны “Хадлангийн талбай ашиглах тухай” 55-р захирамжийн дагуу байгуулагдсан комисс тус сумын иргэдийн урьд нь ашиглаж байсан хадлангийн талбайг өөр өөрсөд нь өгч илүү гарсан хадлангийн талбайг иргэдэд дахин хуваарилахад “Ф” ХХКомпани нь тус сумын “Хар тахрын даршаан” гэх газраас хадлангийн талбай хуваарилуулан авч байгаагүй. Иргэдээс илүү гарсан хадлангийн талбайг дахин хуваарилж иргэдэд өгчихсөн байхад “Ф” ХХКомпани “Хар тахар”-т эзэмшлийн газартай байсан гэж огт үндэслэлгүй юм ярьж байна. “Ф” ХХКомпани нь тус сумын “Хар тахар” гэх газраас 2010 оноос өнөөдрийг хүртэл нэг ч удаа  хадлангийн талбай хуваарилуулан авч байгаагүй гэдгийг тус сумын “Хар тахар”-аас  хадлангийн талбай эзэмшдэг нутгийн иргэд хэлж байгаа бөгөөд “Ф” ХХКомпани нь өнөөдрийг хүртэл “Хар тахар”-аас нэг ч удаа өвс хадаж байгаагүй юм. Үүнийг “Хар тахрын даршаан” гэх газраас өвс хаддаг хадлангийн талбайтай тус сумын иргэд болох А.Аманбек, Ш.Мерейхан, Х.Кадирбек, М.Сурабай, Б.Кеншилик, Т.Мусахан, А.Дагыс, Б.Оронбасар, С.Албек, Х.Авлаш, Д.Серикжан нарын 2019 оны 04-р сарын 23-ний өдрөөр гаргасан “Айдар овогтой Калемшарив нь 2010 онд сумын ЗДТГазраас хадлангийн талбай хуваарилуулан авч эзэмшиж аваагүй бөгөөд одоо хүртэл “Хар тахар”-аас нэг ч удаа өвс хадаж байгаагүй нь үнэн болно” гэсэн дээрх гэрчүүдийн гарын үсэг бүхий тодорхойлолтоор бүрэн нотлогдож байгаа.  

Иймд “Ф” ХХКомпани дээрх шаардлага бүхий нэхэмжлэл нь огт үндэслэлгүй байгаа тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “К” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“К” хоршоо нь 2010 оноос эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, сумын Засаг даргын захирамжаар маргаан бүхий хадлангийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа. Ер нь тус газрыг хадлангийн зориулалтаар ашиглаад 20 гаруй  жил болж байна. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 39 тоот тогтоол гарсан. Мөн 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргын захирамж гаргасан байгаа. Тухайн өдрийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрээр “К” хоршооны гишүүд 10 га газрыг “Хар тахар” гэх газраас эзэмшүүлснээр жил болгон тухайн газрыг алгасалгүй хадаж ирсэн юм.

Гэтэл энэхүү хадлангийн газрыг сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Мейремхан гэдэг хүн “Ф” ХХК-д хууль бусаар эзэмшүүлсэн учраас тус компанид газар эзэмшүүлсэн захирамжийг бид  хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын тогтоол болон сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг маргаан бүхий хадлангийн талбайг он, удаан жил ашиглаж ирсэн “К” хоршоонд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, “К” хоршооноос тавьсан хүсэлтийн дагуу 2016 оны 06 дугаар сард сумын Засаг даргад тавьсан. Үүний дагуу сумын Засаг дарга тухайн газрыг судалж үзээд ямар нэгэн маргаангүй учраас гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн болно.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж өгсөн. А.К нь “Хар тахар” гэх газраас сүүлийн 20 жилд хадлан хадаж үзээгүй ба үүнийг тухайн газраас хадлан авдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Эдгээр хүмүүс тодорхойлолтоо өгсөн байдаг. Х.Хы хадлангийн талбайгаас илүү гарсан газрыг Алибек, Абыл гэх мэт хүмүүст хуваарилж өгсөн байсан. Тийм учраас “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “К” хоршоо нь жил болгон гэрээ хийж, гэрээний дагуу эзэмшдэг газраа ашиглаж жил болгон хоршооны татвар, газрын төлбөрийг төлж, хууль журмын дагуу ажиллаж байгаа компани байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ф” ХХК-иас Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсэг[1], 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг[2] тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг  хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж дүгнээд  дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.  Нэхэмжлэгч “Ф” ХХК-д Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[3] сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс хадлан бэлтгэх зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлж, 000322214 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[4] олгож, эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг үйлдэн[5], 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ”[6]-г  байгуулжээ.

Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нь  2017 оны хавар усалж, 2017 оны намар хадлан авсан нь гэрч Ш.Хурмет, С.Бурхасын нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр[7] тус тус тогтоогдож байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчид хадлангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн дээрх захирамжийг “... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй” үндэслэлээр хүчингүй болгосон гэж шүүхэд тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас анх газар эзэмшүүлэх хүсэлт гаргах үед  “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”  гэсэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан газар  эзэмшүүлэхэд тавигдах хуульд заасан шаардлагыг  хангаж байгаа  эсэхийг нягтлан хянахгүйгээр газар эзэмшүүлсэн хариуцагчийн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгаж,  түүнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хадлангийн зориулалтаар  газар ашиглах  эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн    гэж үзлээ.

 Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д  “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно”, 26 дугаар зүйлийн 26.1-д  “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”,  43 дугаар зүйлийн 43.1-д  “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан.

Хариуцагч нь дээрх заалтуудыг  зөрчиж, шийдвэр гаргах ажиллагаанд  хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийг сонсох, түүнд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй,  түүнээс тайлбар авах, санал гаргах боломжийг олгоогүй ба  хариуцагч нь энэ  үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актыг гаргах явцад Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлээгүй гэж маргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гуравдагч этгээд “К” хоршооноос Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоол[8], Ногооннуур сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар захирамж[9], сумын Засаг дарга болон газрын даамлаас 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн Х.Х, Х.Риза, Х.Ниетхан нарт олгогдсон “Хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг”-ийг[10] үндэслэн маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй гэж маргажээ.

Хадлангийн талбайг ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна”, 53.5-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно” гэж тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтын агуулга нь сумын Засаг дарга нь тухайн хадлангийн талбайн  нутаг дэвсгэрийн  багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж жил болгон хадлангийн талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар хуваарилах эрхтэй, хэрэв сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  тухайн хадлангийн талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан бол хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн этгээдэд эзэмшүүлж болохоор  байна.

Гуравдагч этгээдийн үндэслэл болгосон дээрх захиргааны актууд нь хүчинтэй  байх, үйлчлэх хугацаа нь тухайн жилдээ дууссан, тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2010 оны 55 дугаар захирамжийн дагуу олгогдсон “Хадлангийн талбайн зөвшөөрлийн бичиг”-т тусгасан зөвшөөрлийн   хугацааг нь 1 жил гэж заасан, мөн жил бүр сунгалт хийсэн тэмдэглэлээр хадлангийн талбайг ашиглах хугацаа нь дууссан байх тул дээрх захиргааны актуудыг үндэслэж “К” хоршоог маргаан бүхий хадлангийн талбайн хууль ёсны ашиглагч гэж үзэх боломжгүй байна.

3. Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Хадлангийн талбайг ашиглуулах” 62 дугаар захирамжаар[11] “К” ХХК-д маргаан бүхий газрыг хадлангийн зориулалтаар ашиглуулах шийдвэрийг гаргажээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүх хуралдааны явцад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Хадлангийн талбай эзэмшүүлэн ашиглуулах тухай” 59 дүгээр тогтоолыг[12] нотлох баримтаар гарган өгч, сумын Засаг дарга энэхүү тогтоолыг үндэслэн 2018 оны 62 дугаар захирамжийг гаргасан гэж тайлбарласан  боловч Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  газрын харилцааны талаар хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг нарийвчлан хуульчилсан,  Хурлын  уг бүрэн эрхийг  Хурлын чөлөөт цагт Тэргүүлэгчид хэрэгжүүлэхээр  Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор заагаагүй тул сумын Засаг дарга нь хууль ёсны шийдвэрийг үндэслэж газар ашиглуулах тухай 2018 оны 62 дугаар захирамжийг гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Мөн маргаан бүхий газрыг “К” хоршоод ашиглуулах шийдвэрийг гаргахдаа хариуцагч нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, уг газрын байршил, хил зааг, нэгж талбарыг харуулсан тойм зураггүйгээр, маргаантай эсэхийг харгалзахгүйгээр газар ашиглуулах шийдвэрийг гаргасан нь хэрэгт авагдсан   сумын газрын даамлаар ажиллаж байсан И.Оналбекийн “ ... Хүсэлт гаргасан газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй учраас миний бие хууль бус гэж үзэж, уг газрыг олгох ёсгүй газар гэж татгалзан захирамжийн төслийг боловсруулаагүй, кадастрын зураг үйлдээгүй юм. Гэтэл сумын Засаг даргаас шууд энэхүү захирамжийг гаргасан байсан” гэх  мэдүүлгээр[13], сумын газрын даамал Т.Манарбекийн “...Маргаан бүхий захиргааны акт гарах үед миний бие газрын даамлаар ажиллаж байгаагүй ба энэ захирамж хэрхэн, яаж гарсан талаар мэдэх зүйлгүй. Харин 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилогдсон үед Х.Х ирж гэрчилгээ бичиж өгөөч гэж дахин дахин хүсэлт гаргаад байхаар нь миний бие гэрчилгээг нь бичиж өгсөн. Гэхдээ маргаантай газар гэж сонсоод гэрээ хийгээгүй” гэсэн мэдүүлгүүдээр[14] тус тус тогтоогдож байна.

Хариуцагчаас  анх уг газрыг “Ф” ХХК-д уг эзэмшүүлсэн захирамжийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 онд баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй үндэслэлээр 2017 онд хүчингүй болгосон атлаа  уг маргаан бүхий газрыг  бусдад хадлангийн зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэх талаар мөн адил 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд[15] тусгаагүй байхад “К” ХХК-д ашиглуулах шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”  төрөөс баримтлах зарчмыг алдагдуулсныг дурдах нь зүйтэй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 53 дугаар зүйлийн 53.2, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Ф” ХХК-иас Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай

            2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 


[1] Хэргийн 30, 31 дүгээр хуудас

[2] Хэргийн 60 дугаар хуудас

[3] Хэргийн 5 дугаар хуудас

[4] Хэргийн 6 дугаар хуудас

[5] Хэргийн 7 дугаар хуудас

[6] Хэргийн 33 дугаар хуудас

[7] Хэргийн 108, 111 дүгээр хуудас

[8] Хэргийн 143 дугаар хуудас

[9] Хэргийн 144 дүгээр хуудас

[10] Хэргийн 156-158 дугаар хуудас

[11] Хэргийн 207 дугаар хуудас

[12] Хэргийн 243 дугаар хуудас

[13] Хэргийн 127-128 дугаар хуудас

[14] Хэргийн 123-124 дүгээр хуудас

[15] Хэргийн 87-89 дүгээр хуудас