Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Нэхэмжлэгч: П.Б

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны гарааш албадан буулгасан үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, түүний улмаас учруулсан хохирлыг гаргуулах ”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 820 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2020/0382/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 820 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Б-аас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, түүний улмаас учруулсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0820 дугаартай шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, танилцаад дараахь үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт "... хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны A/431 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хариуцагчаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан "нөхцөл байдлыг тогтоох" болон "оролцогчийг сонсох"-той холбоотой хуульд заасан журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн... газар албадан чөлөөлөх үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга барьсан ... бол .... дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэснийг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлийг дүүргийн Засаг дарга П.Б-д өгөөгүй. Мэдэгдлийг хуульд заасны дагуу өгөөгүй бол мөн зүйлийн 57.4-т газрыг нэхэмжлэгчид чөлөөлөх үүрэг үүсэхгүй.

2.2.Хариуцагчид Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан үүргээ биелүүлээгүй, энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад "хэрэгжүүлсэн" гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй.

Газар чөлөөлөх үйл ажиллагаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн атлаа уг ажиллагааны үед гаражаас алдагдсан эд зүйлс алдагдсан асуудлаар нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн зөрчилтэй дүгнэлт хийсэн.

2.3.Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн "Засаг дарга дулааны шугамын хамгаалалтын зурвасын хэмжээг Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан дагуу баталгаажуулаагүй атлаа түүнийг чөлөөлөх тухай шийдвэр гаргасан нь хууль бус" гэсэн үндэслэлд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0820 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч П.Б-аас “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны гарааш албадан буулгасан үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, түүний улмаас учруулсан хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын “Дулааны шугамын хамгаалалтын зурвас албадан чөлөөлөх тухай” А/431 дүгээр захирамжаар[1] Дулааны эрчим хүчний 7в, г, д, и, к магистралын төв шугамын 2019 оны зуны засварын ажлыг гүйцэтгэхэд саад учруулж байгаа 19 дүгээр хороо, орон сууцны 52 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй байрлуулсан 3 ширхэг төмөр гарааш, 9 ширхэг тоосгон гараашийг албадан нүүлгэж дулааны шугамын хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлжээ.

3.Анх Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/322 дугаар захирамжаар[2] Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах ага хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг даалгаж, ... газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн хэмжээнд хариуцан зохион байгуулах үүрэг бүхий салбар ажлын хэсэг байгуулж, газар чөлөөлөх, зөрчил арилгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ..

            4.Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 06/1496 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан Улаанбаатар хотын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугамын 2019 оны зуны засварын батлагдсан графикт 3, 4 дүгээр хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг 7в магистралийн 500 мм голчтой 151 хос метр шугамыг шинэчлэн солих хугацаатай ажилд холбогдох хууль, журмыг зөрчсөн зөвшөөрөлгүй 3 ширхэг төмөр гарааш, 9 ширхэг тоосгон гараашуудын газрыг чөлөөлүүлэх хүсэлтийг[3], тухайн засварын ажлыг гүйцэтгэгч Нэг шугам ХХК-иас Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19/89 дүгээр албан бичгээр[4] “... Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захиалгаар 7в магистраль ДХ-784-ДХ-781 худгийн хооронд 2Ф500 мм голчтой 151 хос метр дулааны шугамыг хэсэгчлэн шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд шугам тоноглол дээр баригдсан 388, 417, 418, 420, 421 дугаартай тоосгон гараашууд, 5 ширхэг дугааргүй гарааш, 2 ширхэг төмөр гараашийг Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг үндэслэн газрыг чөлөөлж өгнө үү” гэх албан бичгийг тус тус хүргүүлсэн.

5.Дээрх хүсэлтүүдтэй холбогдуулан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооллын 52 дугаар байрны дэргэдэх нэхэмжлэгч П.Б-ын гараашийн хаалганд 19/01 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудасыг[5] наажээ.

6.Улмаар маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Дулааны шугамын хамгаалалтын зурвас албадан чөлөөлөх тухай А/431 дугаар захирамж[6] гарсантай холбогдуулан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр газар албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан болох нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны болон 06-ны өдрийн огноо бүхий газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас[7] , гарааш албадан буулгах үйл ажиллагааны тэмдэглэл[8], фото зураг[9] зэргээр тогтоогдож байна.

7.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022/31 дүгээр шинжээчийн дүгнэлтээр[10] “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 7в магистралын хамгаалалтын зурвасын зураглал (М1:1000)-ын солбицлын утгыг нэгж талбарын 18640311572387 дугаартай газрын кадастрын зургийн солбицлын утгатай давхцуулан үзэхэд хоорондоо давхцаж байна” гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 52 дугаар байрны зүүн талд байрлах 420 тоот гарааш нь тус дүүргийн 3, 4 дүгээр хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг 7в магистрал шугамын хамгаалалтын зурваст орсон болох тогтоогдож байна.

8.Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03-06/3765 дугаар албан бичгээр[11] Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн П.Б-д газар эзэмших эрх олгогдоогүй гэх хариуг ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 52 дугаар байрны зүүн талд байрлах 420 тоот гараашийг албадан буулгах үйл ажиллагааны хүрээнд тухайн гарааш дотор байсан эд зүйлсээс тодорхой нэр төрлийн эд зүйлс алга болсон гэж үйл баримт хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарийн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

9.Дээр дурдсан үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд  маргаан бүхий Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 52 дугаар байрны зүүн талд байрлах 420 тоот гарааш байрлах газар нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгүй, тус гараашны газрыг П.Б-д эзэмшүүлж, ашиглуулахаар хуульд заасан эрх бүхий этгээдийн захирамж, шийдвэр гарч байгаагүй гэж үзэхээр байна.

10.Газрын тухай хуулийн  3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.”,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”,

Газрын тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг...   тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар...   газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг...-ын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заажээ.

 

11.Дээр дурдсан хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч, Монгол Улсын иргэн төрийн өмчийн газрыг ашиглах, эзэмших эрхийг олж авахдаа Газрын тухай хуульд заасан журам, нөхцөлийн дагуу  хүсэлт гаргаж, эрх бүхий Засаг даргын шийдвэр, гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглах, газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн эзэмшиж, ашиглах, гэрчилгээгүй бол эзэмшиж, ашиглахыг хориглохоор зохицуулжээ.

 

12.Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэж, гаргасан шийдвэрийг үндэслэн эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хууль ёсны газар эзэмшил, ашиглалт үүснэ.

 

13.Гэтэл П.Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 52 дугаар байрны дэргэд байрлах 420 тоот гараашийг эзэмшүүлж, ашиглуулахаар эрх бүхий тухайн шатны Засаг даргын шийдвэр гарсан, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байтал нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг ашиглаж байсан болох нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 19/586 дугаар Газрын төлбөр тодорхойлох тухай актын[12] үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд газрын төлбөрт 95040 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

14.Аливаа этгээд хуульд заасан эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гарч байгаагүй, эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж, ашиглаж байсан бол үүнийг хууль бус эзэмшил, ашиглалт, хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрхийг олж аваагүй гэж үзэх тул нэхэмжлэгчийн маргаан бүхий гараашны газрыг эзэмших, ашиглах эрхтэй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

15.Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаагүй маргаан бүхий газарт байрлах гараашийг албадан буулгасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

16.Анхан шатны шүүхээс “гарааш албадан буулгасны улмаас учирсан хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд нэхэмжлэгч нь тухайн асуудлаар хуульд заасан журмын дагуу иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн атлаа уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “гарааш албадан буулгасны улмаас учирсан хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 820 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-аас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/431 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-аас Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 88 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 100 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 86 дахь тал 

[4] Хэргийн 1-р хавтас 89 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 88 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 136 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 147-149 дэхь тал

[9] Хэргийн 1-р хавтас 150-164 дэх тал

[10] Хэргийн 2-р хавтас 60-62 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 108 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 233 дахь тал