Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Батбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ч.Батбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дүгээртэй улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 1806006360259 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Ж.Н, 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хабитатын 7-А-12 тоотод оршин суух бүртгэлтэй, .... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 1 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 264 тоотод хохирогч Р.Бтэй маргалдах явцдаа баруун сарвуун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ж.Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Нг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  Ж.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Нгаас 65 625 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Бд олгуулахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэнд: “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэхээр заасан байна.

Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” зүйл ангиар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан буюу зүйл хэсгийг буруу бичиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ж.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ /хх-66/.

Гэтэл анхан шатны шүүх Жавхлангийн Нд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэсэн прокурорын яллах дүгнэлтэнд байхгүй, Эрүүгийн хуулийн өөр зүйл заалтаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

 Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Нд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Нд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ж.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

О.ЧУЛУУНЦЭЦЭГ