Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-3 тоотод оршин суух, Хардал бөхийтөн овгийн Рэнцэнхорлоогийн Хуягболд /ФБ:83092111/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 10-88 тоотод оршин суух Боржигон овгийн Жаргалын Ариунтуяад холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах, хүүхдүүдтэй уулзуулж байх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Хуягболд, хариуцагч Ж.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Хуягболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Р.Хуягболд нь Ариунтуяа гэх бүсгүйтэй гэр бүлийн харьцаатай байсан бөгөөд гэрлэлтээ 2015 онд цуцлуулсан. Ингээд цуцлуулснаас хойш хүүхэдтэй маань уулзуулахгүй байсан бөгөөд хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзахаар бол байраа өг, хүүхдийн тэтгэвэрээ байрны зөрүүнд тооцуулж өг гэсний дагуу түүнд байрыг шилжүүлэн өгч байрны эзэн болох эгч Р.Хуягдэлгэрт өрийг өнөөдөр би сар бүр 500.000 төгрөгийг төлж байгаа билээ. Ингээд хүүхэдтэй уулзах гэтэл уулзаж болно гэсэн мөртлөө бизнес эрхэлж хүүхдүүдээ тэжээхэд мөнгө дутаад байна гэх нэрийн дор надаас мөнгө байнга зээлээч гэж нэхэх болсон.Ингээд би мөнгө зээлсэн .Уг мөнгөө машинаа зарахаар буцааж өгнө гэсэн. Гэтэл огт өгөөгүй. Мөн дахин мөнгө нэхэхэд нь мөнгө өгөхгүй, хүүхэдтэйгээ уулзмаар байна гэхэд амьдралаа бодмоор байна гэж хэлж надтай дотно харилцаа эргэж үүсгэж 3300000 төгрөгийг 2016.10.22 нд авсан. Ингээд амьдрах эсэхээ шийдвэрлэе гэтэл удаа дараа янз бүрийн юм хэлж хойшлуулж байсан. Саяхан мөнгөө хэрэг болоод зээлсэн мөнгөө нэхтэл, тусдаа өөр хүнтэй амьдарч байгаа гээд нэг залуу надруу эхнэрээс мөнгө нэхээд байх шаардлагагүй хол байгаарай гэж элдвээр дарамталж хэлэх болсон. Үр хүүхдээ гэсэн миний сэтгэлийг хууран мэхэлж , эргэж өгнө гэж худал хэлж авсан мөнгө болох 7000000 төгрөгийг хэзээ ч өгөхгүй мөнгө болох талаар сүүлд утсаар ярьсан ярианаас нь ойлгогдсон.

Өөр бусадтай дотно харьцаатай байж, буцаж амьдрах гэж байгаа хүн шиг жүжиглэж мөнгө авч байсан талаар олж мэдснээс хойш энэ байдлыг нь хэлэхэд шүүхдээд мөнгөө олж аваарай гэх болсон. Гэр бүл, үр хүүхдээ гэсэн миний сэтгэлийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө, байр орон сууцыг залилсан байна гэж үзэж байна. Намайг байнга зодсон гэж худал гүтгэж шүүхэд хандаж байсан бөгөөд энэ байдлыг нь үгүйсгэж тухайн үед нотолж чадаагүйгээс үр хүүхэд эд хөрөнгөнөөсөө саллаа гэж ойлгож байсан Гэтэл өөр бусадтай дотно харьцаатай болж түүнтэйгээ амьдрах зорилгоор худал хуурмаг байдлууд гаргаж байсан байна. Ялангуяа гэрлэлтээ цуцлуулснаас хойш надаас зээлж байна гэж 7 сая төгрөг

худал хэлэн авсан мөнгөө өгөхгүй, хохь чино шүүхдээд ав гэх зэргийг хэлж байгаа байдал

зэргээс анхнаасаа намайг хохироох зорилготойгоор байжээ гэж ойлгож байна.

    Иймд Ж.Ариунтуяагаас 7000000 төгрөгийг нэхэмжилж байна.Мөн хүүхдүүдтэйгээ тодорхой хугацаанд уулзах шаардлагыг гаргаж байна гэжээ.

     Нэхэмжлэгч Р.Хуягболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээс 636 500 төгрөг төлсөн тул хасаад үлдсэнийг нь нэхэмжилнэ.Ноднин машинаа жижигрүүлэх гэж байна гээд 450 000 төгрөг авсан.Урагшаа явж наймаа хийнэ гээд 3 300 000 төгрөг авсан.Эрээн рүү хамт явсан.Өмнө нь хамт хот явж машинд нь 4 дугуй авч өгсөн,хөмсгөө 100 000 төгрөгөөр шивүүлсэн,хувцас авч өгсөн.2 хүүхэддээ зориулж 2ш шкаф 700 000 төгрөгөөр өгсөн.2 хүүхэддээ авч өгсөн гутал хувцасны мөнгө 300 000-4000 000 төгрөг болсоөн байх.Тэгээд бага сага мөнгөнүүд зарцуулсан.2015 оны 12 дугаар сарын 11-нд Өмнөговьд 2 хүүхэд дээрээ очоод 2016 оны 1 сарын эхээр ирсэн.Ажилгүй мөнгөний хэрэгцээ их байна гээд байхаар нь өгч байсан.Гэтэл өөр залуу гарч  ирсэн.Мөнгийг чинв өгөхгүй,юу ч өгөхгүй гэж хашгирч байсан бичлэг байгаа.Би 636 500 төгрөг өгсөн гэсэн баримтад л гарын үсэг зурсан.Мөнгө авчихаад аваагүй гэж гүтгэж байна гэжээ.

         Хариуцагч Ж.Ариунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Р.Хуягболд нь хүүхэдтэйгээ чөлөөтөй уулзахаар бол байраа өг, хүүхдийн тэтгэвэрээ байрны зөрүүнд тооцуулж өг гэсний дагуу түүнд байрыг өгсөн гэжээ. Энэ нь огт худлаа 3 шатны шүүх хурлаар 2 хүүхдэд оногдох хувийг тогтоож өгсөн, ШШГА-ны газарт Р.Хуягболд өөрөө надад бэлэн мөнгө байхгүй, би байрнаас 2 хүүхдэд оногдох хувь, мөн 18 нас хүртэлх хүүхдийн тэтгэмж өгөхгүйгээр байраа өгий гэсний дагуу байрыг 2 хүүхдэд өгсөн. Тэр ч байтугай 18 нас хүртэл зарахгүй гэсэн гэрээ хийж наториатаар батлуулж үл хөдлөх газар Р.Хуягболд өгсөн. Зуны 3 сар Р.Хуягболд 2 хүүтэйгээ байнга уулздаг байсныг хүмүүс мэднэ. Ж.Ариунтуяа миний бие амралтын хугацаа дуусч 8 сарын 15-нд ажилдаа орох болоод явах үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрнаас 2 хүүхэдэд ноогдох хэсгийг тогтоох асуудлаас болж би ажилдаа явж чадаагүй.Миний оронд өөр хүн ажилд хүртэл авсан ингээд би 2017.01.01 хүртэл чөлөө аваад ирсэн. Би ажил хийх ямарч боломжгүй болоод байна. Ажил хийх гэхээр л Р.Хуягболд элдэв шалтаг гаргаж шүүхэд нэхэмжпэл гаргаад болохгүй юм.Үнэндээ миний ажил хийх эрхийг минь хүртэл хаагаад байна. (ажлын тодорхойлолт хавсаргав) Р.Хуягболд нь хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй гэж яаж хэлж чадаж байна .6 сараас хойш өдий хүртэл 2 хүүтэйгээ уулзаж байгаа.хамгийн сүүлд бага хүү Долгионы төрсөн өдөр 12 сарын 12 нд болсон...Түүнчлэн 2 хүү хөдөө газар сурлага нь муу, энд байрандаа бай би 2 хүүтэйгээ хуульд зааснаараа уулзана чиний яаж явах хамаагүй чи тайван амьдарч болно гэж эгч Р.Хуягдэлгэртэйгээ цуг уулзаад хэлж байсан.Гэтэл энэ үгэндээ хүрээгүй намайг алхам дутамд минь мөрдөж.мөшгиж хүнд(Болроо гэгч эмэгтэйд) 200000 төгрөг өгч чамайг мөрдүүлж байгаа, Эрдэнэт жижигхэн шүү гээд дарамталж эхэлсэн. Найз нөхөдийг минь ална гэж сүрдүүлээд,найзууд руу минь хүртэл дарамталж доромжилсон мэссэж бичиж.намайг таньж мэдэхгүй хүмүүст муулж миний нэр хүнд, миний эрхэнд хүртэл үнэхээр халдаж байна.(Нотлох баритыг хавсаргав). Р.Хуягболд нь намайг өөр хүнтэй дотносож, надтай амьдрах гэж байгаа юм шиг жүжиглэж мөнгө авч байсан гэжээ. Энэ нь огт худлаа.1-рт: Р.Хуягболдын хэлсэн шиг өөр бусадтай дотносож амьдарсан юм байхгүй 2-рт Р.Хуягболдтой ч эргэж амьдрах гэж байгаа юм шиг жүжиглэж мөнгө залилж авсан юм байхгүй. Харин найзтайгаа урагшаа явж наймаа хийдэг юмуу ажилгүй байхаар гэж ярьсаныг минь мэдчээд, та 2 наймаа хийх гэж байгаа юмуу, би мөнгө 0.5% хүүтэй олоод өгье гээд байсан. Дараа нь байрны гадаа таарчаад би чамд л мөнгө зээлье найзад чинь зээлэхгүй,би ээжийн бараанд явна, 2 хүүхэддээ би бас юм авч өгье, чи наймаагаа хий 2 хүүгийнхаа төлөө явж байгаа бол би 2 хүүгээ бодоод туслана. Чи хүнээс мөнгө зээлүүл хүн нь нэхээд байна, харин чи надад юмаа зараад боломжоороо өг гэж хэлсэн би ээж эгчдээ ч Р.Хуягболдоос мөнгө авсан, цуг явна гэж хэлээгүй.10 сарын 22-нд Р.Хуягболд нь Улаанбаатар хотын Урт цагааны өөдөөс харсан банкны АТМ-аас З сая төгрөг авах гэсэн боловч авч болохгүй байсан банкны ажилтанг дуудсан, та урд нь хэдэн төгрөг АТМ-аас авсан бэ? нэг хүн өдөрт дээд тал нь 3 саяыг төгрөг авдаг юм гэхэд.өө би ' 100.000 төгрөг авсан байсан гээд, 2900000 мянган төгрөг авсан. Үүгээрээ валют арилжаанаас 8000 юань 346.80 төгрөгөөр авсан. 8000 юаниас 3698 юань би Хуягболдоос авсан.3698 юань нь монгол мөнгөөр 1282466.4 төгрөг -замын зардал 44000 төгрөг,хүүдээ хувцас чамд юм авч өглөө гээд 75000 төгрөг,хөмсөг шивүүлэхэд 100000 төгрөг,гээд нийт 1501500 төгрөг болсон.Үүнээс би 840000 мянган төгрөгийн сарын дараа 250000 төгрөгний пүүз, хурган дээл оёсон 240000 төгрөг, дээл оёулсан хүн нь Хуягболдын дансруу шууд хийсэн , хөлөө гэмтээсэн эмний мөнгө хэрэгтэй гэхээр нь би цуг явж байгаад 350000 төгрөг хорооллын Вансэмрүүгийн Хаан банкнаас авч өгч төлсөн.Үлдэгдэл мөнгөө надаас нэхсэн утсаар дарамталж хурдан өгөхгүй бол ээж эгчид чинь хэлнэ цагдаад өгнө гэсэн, би гуйсан, учирлаж зөндөө хэлсэн. Юмаа зараад өгий ээж эгчид битгий хэл гэж гуйсан, тэгсэнч нэхсэн. Тэгсэн ч хаалга нүдээд элдвээр доромжлоод орцонд орилоод байхаар нь би хаалгаа онгойлгосон,орж ирээд суга таягаа авч шидээд намайг мөргөж унагасан.Би чамд дарамтлуулж чиний амаар ээж эгчдээ мэдэгдэж байхаар өөрөө хэлье гээд ээждээ үнэнээ хэлж утастсан, ээж Цэцгээ Өмнөговь аймгаас Орхон аймгийн Цагдаагийн газар руу дуудлага 2016 оны 12 сарын 13 нд өгсөн. Гэтэл утсаар сүрдүүлсэн. Би бухимдсандаа бичлэг дээр элдэв үг хэлсэн нь үнэн хүлээн зөвшөөрч байна ,мөн машинаа зараад мөнгий чинь өгнө гэж хэлсэн минь. Хуягболдоос авсан мөнгөний үлдэгдэл 635 000 төгрөгийг ээж Цэцгээ,эгч Нарантуяа нарт мэдэгдэхгүйн тулд би машинаа зараад өгий гэж хэлсэн ингэж хэлсэнийг минь ашиглаж бөөн мөнгө нэхээд байхын би огт ойлгохгүй байна. Ингээд миний эгч Ж.Нарантуяа нь Р.Хуягболдыг дуудаж уулзаад, чи юун 1600000 нэхээд байгаа юм бэ? чамд 840000 төгрөг өгсөн гэсэн гээ биздээ гээд эгч намайг дуудаж тооцоо хийсэн Р.Хуягболд таарч байна гээд хүлээн звшөөрч гарын үсгээ зураад явсан. Ээж Өмнөговь аймгаас ирж тэтгэвэрийн зээл авч Р.Хуягболдод мөнгийг нь 2016-12-21-нд шилжүүлсэн.одоо Р.Хуягболдод миний зүгээс ямар ч өр байхгүй.Хуягболдын өгсөн энэ нэхэмжпэлд үнэн үг нэг ч байхгүй байгааг би нотлохыг хичээлээ. Тиймээс Р.Хуягболдод хариуцлага тооцож энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

            Хариуцагч Ж.Ариунтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.Хуягболд өөрөө 2015 оны 12 сард шинэ жилээр Өмнөговьд очсон,2 сар шахам байсан.2 хүүхэддээ өөрөө мөнгө гаргаж зарцуулж байсан.Хөшиг авч өгсөн.2016 оны 10 сарын 22-нд урагшаа Эрээн хамт явсан.Ээжийнхээ бараанд явна гээд хамт явсан.Өөрөө банкнаас мөнгөө авч явсан.Би 1 сая гаруй төгрөг л зарцуулсан.Тооцоо хийгээд хамгийн сүүлд ээж тэтгэвэрийн зээл авч 636 500 төгрөг төлөөд тооцоо дууссан.Нийт 1 501 500 төгрөгний тооцоо хийсэн.Хуягболд өөрөө гарын үсэг зурсан.Гэтэл одоо юу нэхээд байгааг ойлгохгүй байна.Хүүхдүүддээ зарцуулсан бүх мөнгөө нэхэж байна.Хуучирч хэмхэрсэн 2ш шкаф 2 хүүхдээ хувцасаа хий гэж өөрөө авчирч тавьж өгсөн шүү дээ.Яахаараа 700 000 төгрөг болдог юм бэ.Энэ хүн намайг байнга дарамтад байлгаж байгаа.Байнга мөрдөж байдаг.Найз нөхдийг ч дарамталж байгаа гэжээ.

       Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар Р.Хуягболдын Хаан банкны дансны хуулга,2016-9-01-ний өдрийн гэрээ,Хаан банкны 636 500 төгрөгний орлогын мэдүүлэг,мөнгөний тооцооны гар бичмэл баримт,дуу бичлэгийн хуурцаг зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Р.Хуягболд хариуцагч Ж.Ариунтуяад холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах, хүүхдүүдтэй тодорхой хугацаанд уулзуулж байх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй.

      Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 7000 000 төгрөгний шаардлагаа үндэслэхдээ “...Ноднин машинаа жижигрүүлэх гэж байна гээд 450 000 төгрөг авсан.Урагшаа явж наймаа хийнэ гээд 3 300 000 төгрөг авсан.Эрээн рүү хамт явсан.Өмнө нь хамт хот явж машинд нь 4 дугуй авч өгсөн,хөмсгөө 100 000 төгрөгөөр шивүүлсэн,хувцас авч өгсөн.2 хүүхэддээ зориулж 2ш шкаф 700 000 төгрөгөөр өгсөн.2 хүүхэддээ авч өгсөн гутал хувцасны мөнгө 300 000-4000 000 төгрөг болсон байх.Тэгээд бага сага мөнгөнүүд зарцуулсан.636 500 төгрөг авсан тул үлдснийг нь нэхэмжилнэ”гэж тайлбарласан ба нотлох баримтаар Хаан банкны 2015 оны 11 сараас 2016 оны 12 сар хүртэл хугацааны өөрийн хугацаагүй хадгаламжийн дансны хуулгыг нэхэмжлэлд хавсаргасан байна.Нэхэмжлэгчийн дансны хуулгаар 2016 оны 10 сарын 22-нд 3 000 000 төгрөг зарлага гаргасан болох нь тогтоогдож байна.

      Хариуцагч хариу тайлбараа үндэслэхдээ “2016 оны 10 сарын 22-нд урагшаа Эрээн хамт явсан.Ээжийнхээ бараанд явна гээд хамт явсан.Өөрөө банкнаас мөнгөө авч явсан.Би 1 сая гаруй төгрөг л зарцуулсан.Тооцоо хийгээд хамгийн сүүлд ээж тэтгэвэрийн зээл авч 636 500 төгрөг төлөөд тооцоо дууссан.Нийт 1 501 500 төгрөгний тооцоо хийсэн.Хуягболд өөрөө гарын үсэг зурсан”гэж тайлбарласан ба Хаан банкны 636 500 төгрөгний орлогын мэдүүлэг,мөнгөний тооцооны гар бичмэл баримт, гар утасны дууны CD-д бэхжүүлсэн бичлэг зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

       Зохигчид 2015-10-28-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсаны дараа хэсэг хугацаанд харилцаатай байж 2016 оны 10 дугаар сард хамт БНХАУ-ын Эрээн хот руу явсан,2016 оны 12 дугаар сараас 2017 оны 1 дүгээр  сард нэхэмжлэгч Өмнөговь аймагт хариуцагчийн амьдарч буй газарт очиж хэсэг хугцаанд хамт байсан болох нь өөрсдийнх нь шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.Энэ харилцаатай байсан үедээ 2 хүүхэд болон Ариунтуяад,гэр оронд нь амьжиргаанд нь зарцуулсан мөнгөө нэхэмжлэгч нэхэмжилсэн гэж дүгнэх үндэстэй боловч 7 000 000 төгрөгний зарцуулалтыг баримтаар нотолж чадаагүй байна.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн нотлогдоогүй.

      Хариуцагчийн шүүхэд гаргасан мөнгөний тооцооны гар бичмэл баримтанд /хэргийн 17 дугаар хуудаст/ Улаанбаатараас-Эрээн,Эрээнээс-Улаанбаатар,Эрдэнэтээс-Улаанбаатар чиглэлийн замын зардал,худалдаж авсан бараан эд зүйлийн үнийн жагсаалт,монгол төгрөг,хятад улсын юань зэргийг шилжүүлж тооцоолсон тооцоог тэмдэглэсэн байх ба төгсгөл хэсэгт нь “үлд:636 500 “гэж тэмдэглээд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байна.Уг баримтыг нэхэмжлэгч “тооцоо хийж дууссан тухай баримт.Хуягболд гарын үсэг зурсан” гэж тайлбарлаж байна.Мөн гар утасны дууны бичлэгийг CD-д бэхжүүлснийг уншуулж судлахад “хариуцагч :1.0 сая төгрөг өгсөн,одоо 210 000 төгрөг өгнө гэхэд нэхэмжлэгч:1 640 000 төгрөг өгөх ёстой” гэж маргаж буй яриа хураагдсан байна.Энэ бичлэгийн тухайд нэхэмжлэгч шүүх хуралдаанд “3 300 000 төгрөгний талаар маргаж байна” гэж тайлбарласан.

      Зохигчдын шүүхэд гаргасан дээрхи баримтуудаар,зохигчид Улаанбаатар хотод болон Эрээн явахдаа нийт 3 000 000 төгрөгний зардал гаргасан ба үүнээс хариуцагч 1 501 500 төгрөгний тооцоог нэхэмжлэгчтэй хийсэн байна гэж  дүгнэх үндэстэй.Харин хариуцагч 3 300 000 төгрөгийг Р.Хуягболдоос хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдоогүй.

     Түүнчлэн нэхэмжлэгч тайлбартаа 3 300 000 төгрөгнөөс гадна хүүхдийн хувцасны мөнгө 300-400 мянган төгрөг,шкафны мөнгө 700 000 төгрөг, машинаа жижигрүүлэх гэж байна гээд авсан 450 000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч эдгээр тайлбар нь баримтаар нотлогдоогүйн зэрэгцээ бусад 2 150 000 төгрөгний зарцуулалтыг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж нотолж чадаагүй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл,тайлбар,түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 6 363 500 төгрөгний үндэслэлийн талаархи нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрдүүлэх үүрэгтэй юм.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж үгүйсгэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа эсэхийг гагцхүү нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийх тул нэхэмжлэгч өөрөө нотлох баримт гаргаагүй байдал нь нэхэмжлэлийг  хангахгүй байх үндэслэл болно. Иймд нэхэмжлэгчийг 6 363 500 төгрөг хариуцагчаас нэхэмжлэх шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэх үндэслэлтэй.

     Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хүүхдүүдтэй тодорхой хугацаанд уулзуулж байх “тухай шаардлага гаргасан.Энэ талаар хариуцагч тайлбарлахдаа “...Р.Хуягболд нь хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй гэж яаж хэлж чадаж байна.6 сараас хойш өдий хүртэл 2 хүүтэйгээ уулзаж байгаа.Хамгийн сүүлд бага хүү Долгионы төрсөн өдөр 12 сарын 12 нд болсон....Түүнчлэн 2 хүү хөдөө газар сурлага нь муу, энд байрандаа бай, би 2 хүүтэйгээ хуульд зааснаараа уулзана чиний яаж явах хамаагүй чи тайван амьдарч болно гэж эгч Р.Хуягдэлгэртэйгээ цуг уулзаад хэлж байсан”зэргээр тайлбарласан.

      Нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, гэрлэлт цуцалсны дараа 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 11 сар хүртэл зохигчид харилцаатай байсан болох нь тогтоогдсон тул хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байсан гэж дүгнэх үндэслэлгүйн зэрэгцээ нэхэмжлэгч хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй байгаа талаар нэхэмжлэлдээ  үндэслээгүй байна.Иймд нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах үндэслэлгүй.

       Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.                       

      Нэхэмжлэгчийн урьдчлан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126,500 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээсэн болно.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 281 дүгээр зүйлийн 281.1 -д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул  Р.Хуягболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 126,500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                           

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АРИУНЦЭЦЭГ