Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 00294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5-1-145 тоотод оршин суух Оож овгийн Осоргочоогийн Батчулууны /ГЙ:57122211 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч О.Батчулуун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие 1978 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаанд санхүүгийн хэлтэст байцаагчаар ажилд орж,мөн улсын даатгалын салбарын нягтлангаар тус тус 1987 оны 9-р сар хүртэл ажилласан.Даатгалын салбараас ажлаас гарсан тушаал алга болсон тул тус шүүхэд хүсэлт гаргаж байна.1987 оны 9 сард Булган аймагт шилжиж аймгийн АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст цөөн сар ажиллаж байгаад Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс1996 оны 5 дугаар сар хүртэл эдийн засагч,нэгдлийн дарга,Онгон ББХК-ний захиралаар тус тус ажилласан болно.Энэ хугацаанд ажилд орсон,гарсан тухай зарим тушаал байхгүй тул ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.          

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргээс О.Батчулууны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаартай “ажилд томилох тухай” тушаал,Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай “ажилд томилох тухай” тушаал,мөн нэгдлийн даргын 36 дугаартай “ажилд томилох тухай” тушаал,мөн нэгдлийн даргын 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  02 дугаартай “Компани байгуулах тухай” тушаал,Тэшиг сумын “Онгон”ББХК-ний бүх гишүүдийн хурлын 1993 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол,мөн компаний 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Захиралын дэргэдэх зөвлөлийн тогтоол,Улсын даатгалын Ерөнхий газрын 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн,Төв аймгийн Санхүүгийн хэлтсийн 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хүндэт үнэмлэх,баярын бичиг,байцаагч нягтлан бодогч О.Батчулууны1981 оны ажил байдлын тодорхойлолт,Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн цалингийн лавлагаа,хамт ажиллаж байсан Т.Жаргалант,Ч.Гомбожав нарын гэрчийн мэдүүлэг,хөдөлмөрийн дэвтэр,иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Батчулуун  ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч О.Батчулуун нь 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст даатгалын мэрэгжилтэн,улсын даатгалын салбарын нягтлан бодогчоор,1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1996 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Булган аймгийн Тэшиг сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд эдийн засагч,нэгдлийн дарга,”Шинэ-Амьдрал” ХК-ний захирал,Тэшиг сумын ”Онгон “ББХК-ний захиралаар тус тус тасралтгүй ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд,гэрчүүдийн мэдүүлэг,Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдсон байна.

Дээрхи нотлох баримтууд нотлох баримтын хуулийн шаардлагад нийцсэн баримтууд  байх тул шийдвэрийн үндэслэл болгож хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Оож овгийн Осоргочоогийн Батчулууныг /ГЙ:57122211 /    1978 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл  Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст даатгалын мэрэгжилтэн,улсын даатгалын салбарын нягтлан бодогчоор,1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1996 оны 4 дүгээр сарыг дуустал Булган аймгийн Тэшиг сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд эдийн засагч,нэгдлийн дарга,”Шинэ-Амьдрал” ХК-ний захирал,”Онгон “ББХК-ний захиралаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.               .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ