Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0096

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0086/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч О.Б, Э.З /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, Э.З нарт холбогдох эрүүгийн 1918003170102 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Э.З 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

2.Монгол Улын иргэн, О.Б 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хүрэл эрчим” ХХК-нд операторчин ажилтай, ам бүл 3,  урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Залуус хотхоны 63 тоотод иргэн С.Б-ын I phone-6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулж, мобайль банкнаас 350000 төгрөг шилжүүлж авч, нийт 700000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Б нь Э.Зын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Залуус хотхоны 63 тоотод иргэн С.Б-ын I phone-6 маркийн нууцаар хууль бусаар авсан гар утасны мобайль банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1500000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Э.З-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сард Дархан-Уул аймагт барилга дээр Батбаяр гэх хүний ахалсан 10 гаруй хүнтэй бригадад ажиллаж байсан юм. Бид нар “Хүслийн хотхон”-ы барилгыг барьж байсан. Дархан сумын 8 дугаар баг “Залуус” хотхонд байрлаж байсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн орой 19 цагийн орчим цалин буугаад “Залуус” хотхонд манай бригадын ажилчид бөөндөө архи уусан юм. Бид нар гурван өрөө байранд байрлаж байсан бөгөөд тухайн өдөр том өрөөндөө хөзөр тоглоод архи уугаад сууж байсан юм. Тэгээд бид нар Батбаяр ахын гар утас үнэгүй болохоор нь ээлжлээд утсаар нь ярьсан юм. Тухайн үед надтай хамт архи ууж байсан хүмүүсийн нэрийг би сайн санахгүй байна. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед гэгээ орж байхад Батбаяр ахын гар утсыг аваад Батсуурийн гэр рүү буюу Дархан сумын 16 дугаар баг Хуучин хороолол 21 дүгээр байр руу ганцаараа явсан юм. Батсуурийн гэрт очиход 05 цаг өнгөрч байсан. Тэгээд Батсуурийн гэрт очиход унтаж байхаар нь сэрээгээд би захирал Батбаяр ахын гар утсыг аваад гараад ирсэн чинь дотор нь 2.300.000 төгрөг байна гэж харуулаад мобайл банкны нууц үгийг нь мэдэж байна гэж хэлээд нууц үгийг нь хэлж өгсөн. Ямар учраас нууц үгийг нь хэлж өгөөд бас утсыг нь өгсөн гэхээр нь байрны мөнгө нэхэгдээд байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь хэлж өгсөн. Тэгээд намайг гэрт нь үлдээд унтаж байтал удалгүй гаднаас 1.480.000 төгрөгтэй орж ирээд Батбаяр захирлын чинь утаснаас мөнгө авчихлаа шүү гэж хэлсэн. Дээр нь нэмж хэлэхэд Батсуурийн гэрт очихоосоо өмнө өөрийн ашигладаг байсан салсан одоо хаана байгаа нь мэдэхгүй Цэлмэг гээд охины данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тэгээд тэр өдрөө Батсуурийн гэрт Батбаяр захирлын I phone 5 маркийн гар утсыг нь унтраагаад нуучихсан.

...Би Батбаяр захирлын гар утасны үнэ болох 350.000 төгрөг болон өөрөө хэрэглэх гэж авсан 350.000 төгрөг нийт 700.000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч О.Б- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнөх орой нь шоудаад гэртээ унтаж байсан юм. Тэгсэн чинь гаднаас Золжаргал гэх манай найз халамцуу орж ирээд “манай захирлын гар утас надад байна, би мобайл банкны нууц кодыг нь мэднэ” гэсэн. Надад тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан бас Золжаргалд мөнгөний хэрэгцээ байсан учраас ярилцаж зөвшилцөж байгаад санаа нийлээд мобайл банкнаас нь мөнгө авахаар болоод Золжаргал надад тус гар утсыг нууц кодтой нь өгөөд унтаад үлдсэн.

...би урьд шөнө нь хамт хоносон Хулан гэх хүүхэнтэй хамт яваад “Золжаргалын цалин нь орсон байна, хоёулаа хамт яваад атм-аас мөнгө аваадахъя” гээд явсан юм. Тэгээд бид хоёр оюутны байрны тэнд хоёр хүүхэдтэй тааралдаад данс руу нь 1.500.000 төгрөг хийгээд атм-аас тэр хоёр хүүхдээр авхуулаад шагналд нь 20.000 төгрөг өгсөн юм. Тэгээд би гар дээрээ 1.480.000 төгрөг аваад буцаж Золжаргал дээр очсон. Харин Хулан гэдэг хүүхэн тэр мөнгөнөөс аваагүй гэр рүүгээ харилаа гээд яваад өгсөн юм. Тэгээд би тэр мөнгөнөөс 750.000 төгрөгийг байрны түрээсэнд өгсөн. Золжаргал харин 350.000 төгрөгийг Цэлмэг гэдэг хуучин эхнэр рүүгээ шилжүүлсэн байдаг юм. Үлдэгдэл 400000 төгрөгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дуусгасан юм. Тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага байсан учраас дээрх гэмт хэргийг үйлдсэн юм. Золжаргал бид хоёр болохгүй зүйл хийж байгаагаа мэдэж байсан ч хоорондоо ярилцаж байгаад дээрх үйлдлийг хийсэн юм.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 1100.000 төгрөг өгсөн. Одоо 500.000 төгрөг дутуу байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19/,

 

-Хохирогч С.Б-ын Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 20/,

 

-С.Б-ын 5039166171 дугаартай ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 21-22/,

 

-Хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 сарын 24-ний орой ажилчдынхаа цалинг өгчхөөд ажлын захиалагч талын инженертэй нэг хоёр пиво уугаад нөгөө инженер гэртээ харих гээд явсан. Би ганцаараа “Royal” гэдэг нэртэй газар 5 шил пиво уучхаад гэртээ харьсан. Тэгтэл манай гэрийнхэн буюу манай ажилчид өнөөдөр цалингаа авсан гээд архи ууж байхаар нь цуг уусан. Би ажилчидтайгаа “Залуус” хотхонд байр түрээсэлдэг юм. Бид ууж байсан архиа дуусгаад амрах болоод би том өрөөнд унтсан. Тэгээд өглөө сэрээд ажлаар Зүүнхараа явах гэтэл миний I phone-6 маркийн гар утас гэрээс олдохгүй байхаар нь яараад гэрт л байгаа байх гээд явсан. Өдөр 13 цагт Зүүнхараад байхдаа хүнд мөнгө шилжүүлэх гээд АТМ ортол дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Тэгээд үлдэгдлээ шалгатал долоон зуу гаран мянган төгрөг үлдсэн байсан. Би ХААН банк ороод дансны хуулгаа авахад 5055484220 дугаарын данс руу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 05 цаг 41 минутад 350.000 мянган төгрөг, 5108207872 дугаарын данс руу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны 09 цаг 43 минутад 1.500.000 мянган төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм.

...Би Золоо гэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр байхаа хохирлын мөнгө гэж 2 удаагийн шилжүүлгээр нийт 700.000 төгрөгийг гаргуулан авсан. Харин Батсуурь гэгч нь 1000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо надад 500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн. Уг үлдэгдэл хохирлыг гаргуулан авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 26-27, 79/,

 

-Гэрч П.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай анги эхний цаг буюу 08 цагаас 09 цаг 30 минутын хооронд хичээлтэй байсан. Би хичээлдээ суучхаад гэртээ харьж цайгаа уугаад ирье гээд Баярсайхан бид 2 хамт сургуулиас гараад Политехникийн коллежийн урд явж байсан чинь танихгүй эгч ирээд “та хоёрт Хаан банкны виза карт байхгүй биз” гэж асуусан. Тэгсэн чинь Баярсайхан “байгаа” гэж хариулахад “эгч нь данс руу чинь мөнгө шилжүүлээд авчихаж болох уу?” гэхээр нь Баярсайхан “за, тэг тэг” гэж хэлээд Баярсайхан дансны дугаараа хэлсэн чинь үл таних эгч хажууд зогсож байгаад “шилжүүлсэн шүү.” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй бид хоёрыг “та хоёр яваад аваад ирэх үү?, би энд хүлээж байя” гэхээр нь “АТМ хол шүү дээ” гэж хэлсэн чинь “таксины мөнгө авах уу?” гэж асуусан. Тэгээд гэнэт “за за, цуг явъя” гэж хэлээд замын урд зогсож байсан ахыг дуудаад таксинд суугаад ШУТИСургууль болон Политехникийн коллежийн сургуулийн дундуур хойшоо явсан. Тэгээд би харих гээд ХААИС-ийн урд ганцаараа алхаад явж байхад Баярсайхан нөгөө танихгүй ах эгч хоёртой цуг суусан такситайгаа ганцаараа ирээд “суучих нөгөө ах, эгч ажилтай гээд буугаад үлдчихлээ, хоёулаа үйлчилгээний төвийн АТМ-ээс мөнгийг нь аваад буцаад аваачиж өгье” гэсэн. Бид 2 үйлчилгээний төвийн АТМ-ын зүүн гар талын АТМ-ээс 1.500.000 мянган төгрөг авсан. Бид 2 мөнгийг нь аваачиж өгөх гээд таксины мөнгө байхгүй буцаж алхаад Политехникийн коллежийн сургуулийн урд явж байсан чинь нөгөө эмэгтэй нь урдаас алхаж ирээд “за баярлалаа” гэж хэлээд бид хоёрт 20.000 төгрөг өгсөн. Нөгөө ах цаана нь зогсож байсан. Бид 2 тэгээд мөнгө авчхаад үйлчилгээний төвийн ард байдаг Студент цайны газар орж хоол идээд үйлчилгээний төвийн хажууд байдаг Goodluck нэртэй интернэт тоглоомын газар орж 2 цаг тоглочхоод харьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/,

 

-Гэрч О.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 09 цаг 40 минутын орчимд би хичээлдээ суучхаад гэр рүү явах гээд сургуулиасаа гараад Политехникийн коллежийн сургуулийн урд Цэнд-Аюуш гэдэг найзтайгаа хамт явж байхад танихгүй эгч ирээд “та хоёрт Хаан банкны виза карт байхгүй биз” гэж асуухаар нь би “байна” гэж хэлсэн чинь “эгч нь мобайль банкаар шилжүүлж болохгүй байна, чиний данс руу мөнгө шилжүүлээд бэлнээр авах хэрэгтэй байгаа юм.” гэхээр нь би “за, тэг тэг” гэж хэлэхэд “эгч нь одоо мобайль банкаар шилжүүлчихье” гээд миний 5108207872 гэсэн данс руу 1500000 төгрөг шилжүүлсэн. Тэр эгч намайг “за цуг таксинд суугаад АТМ явчхаад ирье” гэхээр нь би “за за тэгье” гэж хэлээд таксинд суусан чинь Цэнд-Аюуш “чи цуг явах гэж байгаа бол би гэр рүүгээ алхаж байя” гээд үлдсэн. Тэгээд тэр эгч замын цаана байсан махлаг ахаас таксины мөнгө өгчих гэж асуухад би цуг явъя гээд бид 3 цуг таксинд суусан. Тэгээд таксинд суугаад Политехникийн коллежийн сургуулийн урд явж байсан чинь цуг явж байсан залуу “нөгөө хүнтэйгээ уулзахгүй юм уу?” гэхэд нөгөө эгч “за тэгье” гээд “бид 2 энд ажилтай болчихлоо, чи яваад мөнгөө аваад энд буцаад хүрээд ирээрэй” гэсэн. Би тэгээд яасан юм бол гээд эргээд харахад тэр 2 Политехникийн коллежийн сургуулийн хашаа руу явж орж байсан. Би суусан такситайгаа цаашаа явж байтал ХААИС-н урд Цэнд-Аюуш алхаж байхаар нь би “цуг явъя, суучих” гээд бид 2 хамт үйлчилгээний төвийн ХААН банкны АТМ-ны зүүн гар талаасаа эхний АТМ-ээс мөнгө авах гэтэл болохгүй байхаар нь зүүн талаасаа 2 дахь АТМ-ээс 1.500.000 төгрөг авсан. Бид 2 мөнгийг нь аваачиж өгөх гээд таксины мөнгө байхгүй буцаж алхаад Политехникийн коллежийн сургуулийн урд явж байсан чинь нөгөө эмэгтэй урдаас алхаж ирээд “за баярлалаа” гэж хэлээд надад 20.000 төгрөг өгсөн. Тэр үед хамт явж байсан ах цаана нь зогсож байсан. Бид 2 мөнгө авчхаад үйлчилгээний төвийн ард байдаг Студент цайны газар орж хоол идээд үйлчилгээний төвийн хажууд байдаг Goodluck нэртэй интернэт тоглоомын газар орж 2 цаг тоглочхоод би гэртээ харьсан. Баярсайхан ч гэсэн гэртээ харилаа гээд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний байдлаар 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 39-40/,

 

-Гэрч Д.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би огт архи уугаагүй хэвтэж байхад манай нөхөр, нөхрийн дүү Батбаяр нар архи ууж байхад Батбаяр гар утсаараа хүнтэй яриад байсан. Батбаяр унтах гээд хэвтэж байхад гар утас нь байсан. Тэгээд шөнө хаалгаа түгжээгүй унтаж байхад хаалга муухай дуу гараад онгойхоор нь харахад Золжаргал гэх залуу орж ирээд шууд гэрэл асаагаад унтраахгүйгээр Батбаярын хажуугаар орж хэвтээд нээх удалгүй босоод гэрэл унтраагаад гараад явсан. Тэрнээс өөр хүн тэр байранд орж ирээгүй Батбаярын гар утсыг Золжаргал гэх залуу авсан байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54/,

 

-Гэрч Э.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...5055484220 тоот данс нь миний данс байсан юмаа. Би тухайн дансыг одоо ашиглахгүй байгаа.

...тухайн үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний картыг надтай хуучин үерхэж байсан залуу болох Золжаргал ашиглаж байсан юм. Дээрх хугацаанаас өмнө ч гэсэн миний энэ дансыг карттай нь ашиглаж байсан. Би гүйлгээний талаар юу ч мэдэхгүй. Би тухайн 350000 төгрөгийг хэрэглээгүй. Золжаргал хувьдаа зарцуулсан байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Залуус хотхоны 63 тоотод иргэн С.Б-ын I phone-6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулж, мобайл банкнаас 350000 төгрөг шилжүүлж авч, нийт 700000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Б нь Э.Зын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Залуус хотхоны 63 тоотод иргэн С.Б-ын I phone-6 маркийн нууцаар хууль бусаар авсан гар утасны мобайл банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1500000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Э.З, О.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч С.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “...Би Золоо гэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр байхаа хохирлын мөнгө гэж 2 удаагийн шилжүүлгээр нийт 700.000 төгрөгийг гаргуулан авсан. Харин Батсуурь гэгч нь 1000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо надад 500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн. Уг үлдэгдэл хохирлыг гаргуулан авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79/ өгсөн байх бөгөөд О.Б нь завсарлага авсан хугацаанд 100.000 төгрөгийг төлсөн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч О.Батсууриас 400000 төгрөг гаргуулж, хохирогч С.Б-т олгох зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.З, О.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.З, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг төлж, хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, шүүгдэгч Э.З, О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд О.Бт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 400000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, мөн шүүгдэгч О.Б, Э.З нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.З, О.Б нарт анхааруулж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 700000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Э.З нарт ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, О.Бд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Э.Зд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус  үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 400000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, мөн шүүгдэгч О.Б, Э.З нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.З, О.Б нарт анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б-иас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч С.Б-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ