Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0092/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Ц.А- /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-т холбогдох эрүүгийн 2118000810118 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.А, 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Бид бүтээнэ” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.А- нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бид бүтээнэ" ХХК-ийн хашаанд Ч.Г-тэй маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж “зүүн нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ц.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Найз, ажилтан Ч.Г-тэй хамт ажиллаж байгаад зүлгүүрээс болж маргалдсан. Би зүлгүүрээ өгчих гэтэл Гандөл өгөхгүй гээд багажаар цохих гэж далайгаад дараа нь намайг нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би түлхэж унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн.

...Өнөөдрийн байдлаар 1.108.000 төгрөг төлсөн.

...миний хувьд Гандөлд эмчилгээний зардалд 1028000 төгрөг төлсөн байгаа. Гандөл нь хагалгаанд орохдоо машинаа ломбардад барьцаалж, 17 сарын хугацаанд сар бүр 364.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулж, эмчилгээгээ хийлгэсэн. Тийм болохоор би 17 сарын хугацаанд сар бүр 364000 төгрөг, нийт 6188000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,

-Хохирогч Ч.Г-өөс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3/,

-Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариу /хавтаст хэргийн 4/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,

 

-Хохирогч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би Дархан сумын 8 дугаар багийн “Залуус” хотхоны урд талд байдаг “Бид бүтээнэ” нэртэй мужааны газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед ажлаа хийж байгаад хамт ажилладаг Ц.А-тай ажлаас болж маргалдаад би Ц.А-ын нүүр рүү мөргөсөн чинь намайг хүзүүгээр тэвэрч газарт унагасан. Тэгсэн хамт ажиллаж байсан Бадарч, Ууганбаяр нар салгасан. Ууганбаяр нь Ц.А-ыг тэврээд босгох үед Ц.А- миний нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний нүд хавдсан би 17 цагийн үед толгой өвдөөд байхаар нь нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

-Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Ц.А-, Гандөл, Анхбаяр, Ууганбаяр бид тав ажил дээрээ ажлаа хийж байхад Ц.А-, Гандөл хоёр мод зүлгэдэг зүлгүүрээс болж маргалдсан юм. Тэгээд Ц.А-, Гандөл хоёр барилцаж аваад Ц.А- нь Гандөлийг тонгорч унагаад дээр нь гарсан юм. Тэгэхээр нь би гүйж очоод Ц.А- Гандөл хоёрыг салгасан. Би Гандөлийг газар дараад Ц.А-ыг Ууганбаяр, Анхбаяр хоёр салгасан бөгөөд яг салгаж байхад Ц.А- нь Гандөлийн нүүр рүү нэг удаа өшиглөөд салсан юм. Тэгээд бид нар хоолонд орцгоосон бөгөөд хоол идээд сууж байхад Гандөлийн зүүн нүд нь хавдаад эхэлсэн. Тэгээд удалгүй Гандөл “миний толгой өвдөөд дотор муухайраад байна.” гээд хувцсаа солиод ажлаас гараад явсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18/,

 

-Гэрч Д.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчим ажлын байран дээрээ Ц.А-, Гандөл, Анхбаяр, Нямбадарч бид 5 ажлаа хийж байхад Ц.А-, Гандөл хоёр зүлгүүр булаацалдаж хоорондоо маргалдаад улмаар Гандөл гартаа барьсан байсан зүлгүүрээр Ц.А-ыг цохих гэж далайгаад зүлгүүрээ газар шидээд Ц.А-ын нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгэхэд Ц.А- нь Гандөлийг газар унагаад ноцолдсон.  Тэгэхэд Нямбадарч, Анхбаяр бид гурав тэр хоёрыг салгаад би Ц.А-ыг татаж авах хооронд Ц.А- нь Гандөлийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,

 

-“Ч.Г-ийн биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1855 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-25/,

 

-Хохирогч Ч.Г-ийн “...Ц.А- нь одоогоор 1028000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг  сарын 364000 төгрөгөөр 1,5 жилийн хугацаатай төлж барагдуулахаар тохиролцсон. Одоо гомдол санал байхгүй. Ц.А- бид 2 эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 44, 78/,

 

-Шүүгдэгч Ц.А-ын “Би Ч.Г-ийн хохирлыг барагдуулж бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 45/,

-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 62-68/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.А- нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бид бүтээнэ" ХХК-ийн хашаанд Ч.Г-тэй маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж “зүүн нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал” бүхий гэмтэл учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1855 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 23-25/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.А-т холбогдох хэргийн зүйл, хэсэг зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ч.Г- нь “...Ц.А- нь одоогоор 1028000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирол төлбөр сарын 364000 төгрөгөөр тооцож, 1,5 жилийн хугацаатай буюу 17 сарын хугацаанд нийт 6188000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон” /хавтаст хэргийн 78/ гэж мэдүүлсэн байх бөгөөд энэ нь хуулиар хориглоогүй, оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан нөхцөл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.А-аас 6188000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Г-д олгох нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг төлж, хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.А-т анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.А- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.А-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Ц.А-т анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.А-аас 6188000 /зургаан сая нэг зуун наян найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ч.Г-д олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ