Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 109/2022/0098/3 |
Дугаар | 221/МА2023/0084 |
Огноо | 2023-02-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0084
|
|
|
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат,
Нэхэмжлэгч: Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын орлогчийн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд илгээсэн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 104 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Т.Мөнхтуяа ,
Хэргийн индекс: 109/2022/0098/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.6, 37 дугаар зүйлийн 37.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар “Санал хүргүүлэх” тухай албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заасан.
Гэтэл Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын орлогчийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд илгээсэн "Санал хүргүүлэх тухай" 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг захиргааны акт гэж үзэн хуулийг илтэд буруу тайлбарласан.
Маргаан бүхий "Санал хүргүүлэх тухай" албан бичиг нь Архангай аймгийн Засаг даргын орлогчоос Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт олгогдсон ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нар байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байна гэж үзэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уг зөрчлийг таслан зогсоож, хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээг тооцуулах хүсэлтэй байгаагаа уламжилж байгаа үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл нутгийн захиргааны байгууллагаас тухайн нутаг дэвсгэртээ үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах эрх хэмжээгүй тул байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нөхцөл байдлыг тогтоон дүгнэлт буюу захиргааны акт гаргах эрх бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуульд заасны дагуу нийтийн эрх ашгийг төлөөлөн эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргуулах хүсэлттэй байгаагаа "Санал хүргүүлэх тухай" албан бичгээр уламжилж байгаа тул уг албан бичиг нь эрх зүйн шууд үр дагаваргүй, захирамжилсан буюу заавал биелэгдэх шинжгүй юм.
Мөн тус албан бичиг нь хэн нэгэн гуравдагч этгээд рүү чиглээгүй, шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллагад санал хүргүүлсэн үйлдэл буюу нийтийн эрх ашгийг төлөөлөх эрх бүхий захиргааны байгууллагаас нийтийн эрх ашиг хөндөгдөж буй асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллагад хаяглан гаргасан захиргааны байгууллага хоорондын харилцааны хэлбэр юм.
2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт "Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.", 108.2 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно" гэж тус тус заасан. Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсны дараа хариуцагч маргаан бүхий албан бичиг нь захиргааны актын 6 шинжээс 3 шинжийг хангаж байна гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-дэх хэсэгт заасан шинжийн нэгийг л агуулсан байхад захиргааны акт гэж үзнэ. Иймээс маргаан бүхий албан бичиг нь захиргааны акт гэж тайлбарласан.
Гэтэл шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа тус тайлбараа тусгаагүй бөгөөд Зургаан шинжийг хангаж байгаа тул захиргааны акт гэж дүгнэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 37-д шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... уг нэхэмжлэл, маргааныг Баянгол дүүргийн шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн.. дахин шийдвэрлэхгүй.." гэж мэтгэлцсэн хэмээн үзжээ.
Манай талаас уг албан бичгийн тухай биш уг албан бичиг дурдагдаж байгаа нөхцөл байдал буюу байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн эсэх дээр дахин маргах шаардлагагүй гэж тайлбарласан.
Шүүгчээс тус тайлбарыг дахин дахин тодруулан асуусан атлаа илтэд мушгин гуйвуулсан байна. Мөн шүүхээс шүүх хуралдаан болохоос 30 минутын өмнө манай байгууллага дээр үзлэг хийж хэрэгт шинээр нотлох баримтыг бүрдүүлсэн нь тус нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай холбон тайлбарлаж, мэтгэлцэх, тус баримтай холбогдуулан дахин нотлох баримт гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.
Шүүхийн дээрх үйлдлүүд нь хууль ёсны байх, хууль дээдлэх зарчмуудад үл нийцнэ. Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг илтэд буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 109/ШШ2022/0104 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-оос “Архангай аймгийн Засаг даргын орлогчоос Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогчид тус тус холбогдуулан гаргажээ.
2.Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Цэнхэр сумын Орхон багт хийж гүйцэтгэсэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хяналт шалгалтын ажлын тайлан, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09/063/25 дугаар акт, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 56 дугаар албан бичиг[1], Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаар албан бичиг[2], Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 109 дүгээр албан бичиг[3] Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/260 дугаар албан бичгийг[4] тус тус Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Эдгээр албан бичиг, тайланд ““Монгол газар” ХХК-нь ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа нөхөн сэргээлт хийж голын гольдролыг сэргээх хуульд заасан үүргийг гүйцэтгээгүй, хаягдал усны далан хаалтыг чанаргүй хийснээс хаягдлын далангууд задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан, цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч зарим газраар задарч карьер руу орж байгаа зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан зөрчлийг арилгуулах шаардлагатай талаар, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хандаж “Монгол газар ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулж, орон нутгийн хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах” агуулга бүхий санал, хүсэлтийг тусгажээ.
3.Эдгээр санал, хүсэлтийг үндэслэн маргаан бүхий 02/975 албан бичгээр[5] “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт олгогдсон MV-002426, MV-002427 ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Монгол газар” ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгнө үү” гэх агуулга бүхий саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн гэдэг нь тогтоогдож байна.
4.Энэхүү маргаан бүхий албан бичгийг хүлээн аваад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ““Монгол газар” ХХК-ийн эзэмшдэг MV-002426, MV-002427 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн 2019/02[6] дүгнэлтийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргажээ.
5.Уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр[7] “Монгол газар” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ...ажлын хэсгийн 2019/02 дүгнэлтээр тогтоогдож байгаа үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын MV-002426, MV-002427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.
6.Нэхэмжлэгч А.Э-оос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр[8] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар магадлалаар[9] анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 300 дугаар тогтоолоор[10] хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аймаг, ...ийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, мөн хэсгийн 4 дэх заалтад “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг ... уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэжээ.
8.Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар аймгийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 12.1.3-д “байгаль орчныг хамгаалах, ... талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус зохицуулжээ.
9.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус заасан.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэжээ.
11.Маргааны хувьд, хариуцагч Засаг даргаас өөрийн орон нутгийн эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлтүүдийг үндэслэн дээр дурдсан хуулиудад заасан өөрт олгогдсон “ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа үйл ажиллагаа явуулж байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар саналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” зэрэг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол газар” ХХК нь “байгаль орчинд хортой нөлөөлөл" буюу байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах үйл ажиллагааг явуулсан гэж үзэн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай саналыг Байгаль орчны яаманд уламжилсан байна.
12.Үүнээс үзэхэд маргаан бүхий албан бичиг буюу Засаг даргын санал нь дангаараа “Монгол газар” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шууд үндэслэл болохгүй, цаашлаад уг тусгай зөвшөөрлүүдийг цуцлах эрх зүйн шууд үр дагаврыг үүсгээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
13.Үүний учир хариуцагчийн “...нутгийн захиргааны байгууллагаас тухайн нутаг дэвсгэртээ үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах эрх хэмжээгүй тул байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нөхцөл байдлыг тогтоон дүгнэлт буюу захиргааны акт гаргах эрх бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуульд заасны дагуу нийтийн эрх ашгийг төлөөлөн эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргуулах хүсэлттэй байгаагаа "Санал хүргүүлэх тухай" албан бичгээр уламжилж байгаа тул уг албан бичиг нь эрх зүйн шууд үр дагаваргүй, захирамжилсан буюу заавал биелэгдэх шинжгүй юм.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ын “Архангай аймгийн Засаг даргын орлогчийн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд илгээсэн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Архангай аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогчид тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ