Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 142

 

МАГАДЛАЛ

2017.01.06                                                  Дугаар 142                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Шинэ иргэншил дээд сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00919 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Шинэ иргэншил дээд сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Архитектор нэгдэл” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээ татгалзсаны үр дагавар 109 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Цэцэгээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Архитектор нэгдэл” ХХК-тай №ЗТГ-07/2012-АН тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, сургуулийн өргөтгөлийн 16 давхар барилгын ажлын зураг төслийг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр гэрээний үнийг 115 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу Шинэ иргэншил дээд сургууль нь “Архитектор нэгдэл” ХХК-д 51 500 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс хойш барилга бариулахад шаардлагатай инженерийн хайгуулын шинжилгээ, хөрсний техникийн нөхцөл, дулааны шугам сүлжээ, мэдээлэл холбооны, цэвэр бохир усны техникийн болон цахилгаан түгээх сүлжээний зэрэг зөвшөөрлүүд цуцлагдсан төдийгүй Ус-Орчин ХХК-тай байгуулсан барилга бариулах хэлцэл нэг талын санаачлагаар цуцлагдаж, сургуулийн өргөтгөл баригдах боломжгүй болж маш их хохирол учирсан. Иймд Шинэ иргэншил дээд сургуулийн захиргаа “Архитектор нэгдэл” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд өгсөн 51 500 000 төгрөг, гэрээний үнийн дүн 115 000 000 төгрөгнөөс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 57 500 000 төгрөг, нийт 109 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манай компани “Архитектор нэгдэл” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан бөгөөд тус компанийн захирал нь Ч.Цэцэгээ байсан.

Уг нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 05-нд анх шүүхэд гаргасан ба хариуцагч шүүхэд ирдэггүй, албадан ирүүлэх захирамж гаргасан боловч захирал Ч.Цэцэгээ нь солигдсон байсан тул манайх хүсэлт гаргаж, УБЕГ-аас тус компанийн болон удирдлагын талаар лавлагаа авахад Монголын Архитекторуудын эвлэл биш, биеэ даасан “Архитектур нэгдэл” ХХК-иар бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг, захирал нь Р.Баяр, дараа нь Ж.Наранцогт гэгч хүн болсон байсан. Гүйцэтгэх захирал Ж.Наранцогт нэхэмжлэлийн хувийг 2016 оны 08 дугаар сарын 30-нд гардаж авсан. Гэвч тус компани шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбар гаргаж өгөөгүй, шаардлага татгалзлаа нотлоогүй. харин Монголын Архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар гэгч 2016 оны 09 дүгээр сарын 20-ноор огноологдсон тайлбар ирүүлсэн байна. Монголын Архитекторуудын эвлэл нь манай хэргийн оролцогч биш, бид анхнаасаа “Архитектур нэгдэл” ХХК-тай гэрээг байгуулсан. Иймд тус компаниас 109 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Архитектур нэгдэл” ХХК-иас 51 500 000 төгрөг гаргуулж, Шинэ иргэншил дээд сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгч Шинэ иргэншил дээд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702 950 төгрөгнөөс 495 225 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК-иас 207 725 төгрөгийг гаргуулж Шинэ иргэншил дээд сургуульд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч "Архитектур нэгдэл" ХХК нь шүүх хуралдаанд орж өөрийн тайлбараа өгч эрх ашгаа хамгаалах бодолтой байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн туслахтай "Архитектур нэгдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Наранцогт өөрийн биеэр очиж уулзан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаар Бээжин явах болсон тухайгаа хэлж хурлыг хойшлуулж өгөх талаар хүсэлтээ тавьсан, хариуд нь "За тэгвэл хурлыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14:30-д болголоо" гэж хэлсэн. Тухайн үед хүсэлтээ заавал бичгээр өгөх талаар Ж.Наранцогтод юу ч хэлээгүй. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14:30 цагт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцгээ шүүх хуралдаанд оролцохоор шүүх дээр иртэл 10-ны өдөр шүүх хурал болоод хэргийг шийдсэн тухай мэдсэн. Ямар шалтгаанаар хурлыг 14-ний өдрийн 14:30 цагт хийхээ больсон, тэр тухайгаа яагаад Ж.Наранцогтод эргэж хэлж мэдэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Шинэ иргэншил дээд сургууль нь хариуцагч “Архитектор нэгдэл” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсаны үр дагаварт 109 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх тайлбар, нотлох баримтыг шүүхэд өгөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ЗТГ-07/2012-АН тоот гэрээгээр хариуцагч нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах, Шинэ иргэншил дээд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зураг төслийг боловсруулж, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, ажлын зургийн үнэ 115 000 000 төгрөгөөс урьдчилгаа болгож 51 500 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь гэрээний үр дүнг хариуцагч хүлээлгэж өгөөгүй тул уг гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 51 500 000 төгрөгийг гэрээний 4.2 дахь хэсэгт заасан алдангийн хамт гаргуулахаар шаардсан хэргийг шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй гэж үзнэ.

Тухайлбал, дээрх гэрээний хугацаа 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон ба гэрээний хугацааг сунгасан баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэх шаардлагатай байжээ.

Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх энэ байдлыг нэхэмжлэгчээс тодруулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэсэн боловч, гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа 51 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь зөрчилтэй болсон байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 420 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                         ШҮҮГЧИД                                                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                                          М.НАРАНЦЭЦЭГ