Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********д холбогдох эрүүгийн 2127000060012 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 19__ оны __ дугаар сарын __-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, __ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, /гутал оёдог/ ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, ******** тоотод оршин суух, улаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******** /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3 дугаар багийн ******** тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр ********ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** нь мэдүүлэхдээ:

            2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос манай хүргэн манайд ирсэн. Бид хоёр 2.5 литрийн 2 том пиво хувааж уусан. Би хүргэнтэйгээ ПСР-ын шинжилгээнээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд байж байтал манай хүргэн манайд хүмүүс дуудаж оруулж ирээд байсан. Тэр үед би гадуур өвчин ихтэй байхад гэрт хүн цуглуулаад гэж ууралсан. Тэгээд манай хүргэн болон манайд орж ирсэн хүмүүс яваад өгсөн. Би хүмүүс явсны дараа “Найман Зуу“ дэлгүүр орж 1 том пиво авч ганцаараа уусан. Тухайн пивыг уугаад би тасарсан байсан. Бурхан дээр байсан нэг шил архийг уучихсан байна лээ. Их согтсон байсан учир тэрийгээ сайн санахгүй байгаа. Өглөө намайг бостол манай эхнэр ******** их ууртай намайг чи зодсон гээд уурлаад байсан. Би тухайн шөнө эхнэрээ зодсон талаараа юу ч мэдэхгүй байгаа. Би эхнэртээ их гомдож явдаг. Тэрнээсээ болоод согтохоороо эхнэртээ уурлаад байдаг. Манай эхнэр намайг Архангай аймгийн цагдаад хилс хэргээр барьж өгчихөөд ******** гээд хулгайч залууг дагаад Архангай аймгийн Батцэнгэл сум руу яваад өгч байсан. Би тэрэнд маш их гомдож явдаг. Энэ хэргийг үйлдсэн гэдгээ би их согтуу байсан учир сайн мэдэхгүй байгаа гэв.

       

Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 09 цагийн үед манай гэрт ********гийн хүргэн ******** гэгч орж ирсэн. Тэр хоёр манайд юм ярьж сууж байхдаа 2.5 литрийн 2 ширхэг пиво уусан байсан. Түүнийг ууж дуусаад тэр хоёр хоорондоо маргах шиг болохоор нь би дундуур нь орж та хоёр больцгоо гэж хэлсэн. Шөнө 03 цагийн орчим гэнэт сэрээд гичий минь чи гээд намайг заамдаад авсан. Тэгээд миний хоолойг цамцаар боосон ба түлхэж хойш унагаж дарж байгаад цээж рүү хэд хэдэн удаа зангидсан гараараа цохисон. Би босох гэхэд цээж нь дээр мордчихсон намайг босгохгүй дарсан. Би арай гэж босоход үүд рүү дөхсөн ба араас дахин барьж аваад ширээн дээр байсан асаагуур аваад чамайг шатааж ална гээд дайрсан. Тэгээд гал тогооноос гарч ирээд миний хоёр гар дээрээс хоёр гараараа барьж байгаад чамайг тамлаж ална амьд үлдээхгүй гээд зүүн талын гуя түнхний орчим 5-6 удаагийн давтамжтай өшиглөөд байсан. Тухайн үедээ миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,

 

Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...******** гэх хүнийг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Харин 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******** гэдэг хүн эмнэлэг дээр ирээд надад үзүүлэхдээ нөхөртөө зодуулсан талаар хэлж байсан. Тэгээд би цагдаад хандахыг зөвлөсөн юм. Тухайн үед надад үзүүлж байхдаа толгой их өвдөнө. Хөл цээжээр хөндүүр байгаа талаар хэлж байсан. Өөр зовиур хэлээгүй. Яагаад ийм зовиуртай байгаа талаар асуухад ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 03 цагийн орчим нөхөртөө зодуулсан талаар хэлсэн. ********ийн биед үзлэг хийхэд толгойны хуйх чамархай орчимд эмзэглэл ихтэй зөөлөн эдийн хаван хавдартай цээжинд болон хүзүүнд ягаан, улаан зулгаралтуудтай зүүн гуяны гадна хэсэгт эмзэглэл ихтэй хаван халдвартай зөөлөн эдийн цус хуралттай шинж тэмдэгүүд илэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №62 тоот:

“...1. Үзүүлэгч ********ийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн гэмтэл, хүзүү зүүн мөр, зүүн хөх, цээж, зүүн хөл, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн ....хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3 дугаар багийн ******** тоот өөрийн гэртээ эхнэр ********ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******** үйлдсэн болох нь

хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/, гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №62 тоот: “...1. Үзүүлэгч ********ийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн гэмтэл, хүзүү зүүн мөр, зүүн хөх, цээж, зүүн хөл, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/, шүүгдэгч ********гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч өөрийн эхнэр ********ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол  зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч ******** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хэргийн хохирогч ********ийн биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ******** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх, шүүгдэгч ********г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ********гийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ********г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5зааснаар ******** нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоожбиелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА