Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,  

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********д холбогдох эрүүгийн 2127000000008 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, ******** оны ******** дугаар сарын ********-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, "********" гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, “********”  гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг хуш мод хууль бусаар бэлтгэж, ******** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 394 652 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Иргэний нэхэмжлэгч ********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            "...Мол бэлтгэх зөвшөөрөл ******** аваагүй аав ******** нь 2020 оны зун, намар 2 удаа түлшний модны эрхийн бичиг 4 мкб зөвшөөрөл авсан. Улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй Байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

 Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Манай хүү ******** модоо бэлтгэчихээд гэрээрээ дайраад сумын төв рүү явсан. Бэлтгэсэн мод нь газрын унанги моднууд 1 метр гарантай тайрсан моднууд байсан. Бэлтгэсэн модоо машиныхаа ар талд ачсан байсан. Модондоо ганцаараа явж бэлтгэсэн цахилгаан хөрөөгөөр тайрч бэлтгэсэн. Зохих зөвшөөрөл нь байхгүй байсан юм байна лээ. Манай гэрт бороонд нороод бичсэн бичиглэл нь арилчихсан гоожин байхаар нь хүүгээ очоод үзүүлчих гэж хэлсэн юм. Тэр эрхийн бичиг нь ********гийн бэлтгэсэн модонд хамааралгүй эрхийн бичиг байна лээ..., ...******** нь миний 2 дахь хүүхэд маань байгаа юм. Манай хүү сургуульд сурч байгаагүй эрхэлсэн тодорхой ажил байхгүй хөдөө мал дээр мал маллан амьдардаг хүүхэд байгаа юм. Ааш зангийн хувьд төлөв даруу, хүний үгнээс гардаггүй томоотой, элдэв янзын буруу зуршилгүй, найз нөхөд, ах дүү нартай нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. Манай гэрийн хамаг ажлыг л нугалдаг хүүхэд байгаа юм. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө гээд байх юм байхгүй гэр бүлдээ дундаа цөөн тооны мал, нэг машинтай өөр зүйл байхгүй. Багаасаа л мал дээр гарсан хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41, 52 дугаар хуудас/,

 

Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тус машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би тус машиныг 2020 оны 12 дугаар сард Арвайхээр сумаас ******** гэх хүнээс худалдаж авсан юм. Машиныхаа бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй өмнөх эзэмшигчийн нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...******** нь хүний үгнээс гардаггүй, ажил хөдөлмөрт сайн, элдэв янзын буруу зуршилгүй, төлөв даруу залуу байгаа юм. Одоогоор байдлаар эрхэлсэн тодорхой ажил байхгүй хөдөө мал маллан амьдардаг бөгөөд малчин хүн байгаа юм. Ерөнхийдөө их хүмүүжил сайтай хүн байгаа юм миний мэдэхээр гэмт хэрэг зөрчилд огт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай

“...Бэлтгэсэн мод нь хуш төрлийн хуурай мод байна. Унанги хуурай мод байна. Мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн боломжтой байна. Мод нь ойд ургаж байгаа унанги хуурай модыг огтолж бэлтгэсэн тууш модноос тодорхой зориулалтаар хэсэглэж тайрч авсан хэрэглээний бөөрөнхий мод мөн байна. Нийт үнэлгээ 394 654 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, “Монгол санхүү” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээ, /хх-ийн 11-12, 20-23, 24-27, 75-80 дугаар хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн Засаг даргын ********гийн оршин суух болон эд хөрөнгийн талаарх тодорхойлолт, шүүгдэгчийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого, /хх-ийн 89, 91-93 дугаар хуудас/,

 

********гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, “********” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******** үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч ********, ******** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 31-32, 41, 44, 54, 58 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ********гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

            Шүүгдэгч ******** нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 394 652 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 394 652*3=1 183 956 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 1 183 956  төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул ********гаас 1 183 956 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч  ******** нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн ********ийн эзэмшлийн 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ******** маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч ********, ******** нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

            Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч ********гаас ******** маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн хууль бусаар бэлтгэсэн 126 000 төгрөгийн үнэлгээ бүхий 18 ширхэг хуш мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч ********гийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

           

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********г зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ********г 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ********д  оногдуулсан 320  /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********гаас ойн санд учруулсан хохирол 1 183 956 /нэг сая нэг зуун наян гурван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч ********гаас гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000 /нэг сая/ төгрөг, хууль бусаар бэлтгэсэн 126 000 төгрөгийн үнэлгээ бүхий 18 ширхэг хуш модыг тус тус гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй. 

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА