| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/24 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/24
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********т холбогдох эрүүгийн 2127000230022 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19******** оны ******** дүгээр сарын ********-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, ******** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3 дугаар багийн нутаг ******** замын хажуугаас иргэн ********ийн эзэмшлийн 441 700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А50 маркийн гар утсыг олж өөрийн хадам аав ********т өгч гээгдэл эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгчдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******** баруун талаас утас олсон асааж үзсэн ажиллахгүй байсан. Гэтэл ирж эхнэртээ үзүүлсэн. Манай гэрт 4-5 хоног байсан. Хадам аавыг манайд ирэхээр нь янзалж болдог бол та янзлаад ав гээд өгсөн. Саяхан цагдаагаас намайг дуудсан гэв.
Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө би Хархорин сумын 2 дугаар сургууль дээр өөрийн ажил дээрээ очиж ажлаа хийж байгаад сургуулийн сургалтын менежир ******** багшийн хамтаар орой 18 цаг 10 минутын үед гараад бие нь муу байгаа өөр нэг багш болох ******** багшийг эргэх санаатай манай гэр бүлийн унаж ашигладаг ******** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр сургуулийн гаднаас хөдлөөд Улаанбаатар хот руу явах гэж байгаа уанаанд хайрцагтай юм өгөх гээд “Их хорум” зочид буудлын уулзвар дээр очиж Ус сувгийн харалдаа засмал дээр зогсоод машинаасаа бууж уг хайрцагтай зүйлээ өгчихөөд доод өргөн чөлөөнд байрлах 800 хүнсний дэлгүүрийн гадна зогсоод дэлгүүр орчихоод гарч ирээд уг дэлгүүрийн гадна зогсоод дэлгүүр орчихоод гарч ирээд уг дэлгүүрийн замын эсрэг талд байрлах ахмадын өргөөний гудамжинд байрлах ******** багшийнд орсон. Тэгээд ******** багшийнд сууж байхад миний утас дуугарахгүй болохоор нь би халаасаа ухаад үзтэл миний гар утас байхгүй, машин дотроо үзтэл машинд ч бас байхгүй байсан. Тэгээд би машинаа асаагаад явсан замаараа гэрэл тусгаад шалгахад миний утас олоогүй, ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Сургуулиас гарахдаа утсаар яриад машиндаа суусан тэгээд машинтайгаа хөдлөөд машиныхаа голын хайрцагны урд хэсэгт утсаа хийж байснаа санаж байна. Би 2019 оны 10 дугаар сард Хархорин суманд байрлах Мобикомын салбараас лизингээр 839 000 төгрөгөөр худалдан авч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеээр ********ын гэрт нь ороход ар талын хэсэг нь цагаан өнгийн гар утас байхаар нь энэ ямар учиртай гар утас юм гэхэд ******** хэлэхдээ газраас олсон юм гэхээр нь тэгвэл би барьчихая гэхэд тэг тэг гэсэн юм. Тэгээд би тухайн утсыг барьж байсан чинь цагдаагийн байгууллагаас холбогдож алдагдсан утас гэж мэдэгдсэн. Уг гар утсыг би авчихаад Манлай тод хүнс барааны захын гар утас засвар дээр очоод кодыг нь 20 000 төгрөгөөр тайлуулаад Мобикомоос шинэ дугаар аваад хэрэглэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч ********ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...********, ******** багш нар манайд орж ирээд 1 цаг гаруй сууж байгаад ******** багш хэлэхдээ нээрээ миний утас яагаад дуугарахгүй байна. Хүүхдүүд залгах ёстой доо гээд гадуур хувцасныхаа халаасанд үзээд гарч машин дотор үзэхэд байхгүй байсан. Тэгээд бид нар гадуур гудамжинд хайгаад доод өргөн чөлөөний 800 дэлгүүрийн гадна хүртэл хайж үзсэн олдоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тухайн үед Хархорин суманд үйл ажиллагаа явуулж байгаа Мобикомын салбараас өөрийн нэр дээр бүртгэлтэй ******** дугаараа барьцаалж Самсунг А50 маркийн цагаан өнгийн 839 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг эхнэр ********т худалдан авч өгч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3 дугаар багийн нутаг ******** харалдаа замын хажуугаас иргэн ********ийн гээсэн 441 700 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А50 маркийн гар утсыг олж аван, улмаар өөрийн хадам аавдаа өгч, хадам аав нь сим картаа хийж ашигласан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******** үйлдсэн болох нь
хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч ********, ********, ******** нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13, 15, 19 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/, шүүгдэгч ********ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэж ойлгоно.
Шүүгдэгч ******** тухайн Самсунг А50 маркийн гар утсыг олж аван, улмаар уг утас нь бусдын өмчлөл, эзэмшилийнх гэдгийг мэдсээр байж бусдад өгч ашигласан үйлдэл нь “...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд хохирогч ********ийн гар утас нь хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 441 700 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ******** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн хохирол гар утсыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх, шүүгдэгч ********ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгийн завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******** нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА