| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/0103/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********т холбогдох эрүүгийн 2027000640094 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг “********” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “********” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хуурай Шинэс мод хууль бусаар бэлтгэж, 2 метрийн урттай 20 ширхэг болгон, өөрийн төрсөн ах ********гийн эзэмшлийн ******** улсын дугаартай цэнхэр өнгийн ******** маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Малчин болон мал бүхий иргэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЗДТГ-ын хамгаалагч болон сум дундын ойн ангийн холбогдох мэргэжилтэн нараас гарал үүсэл авч түүгээр мод бэлтгэдэг. Бэлтгэсэн модыг байгаль хамгаалагч нар очиж үзээд хөндлөн зураасаар тэмдэглэгээ хийж тоо ширхэг куб метрийг гаргаж хяналт тавьдаг ...Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ******** нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан торгуулийн мөнгийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 72-р хуудас/,
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Миний нөхөр ******** нь эцэг эхээс аравуулаа бөгөөд долоо дахь хүүхэд нь юм. Бид хочр 2003 онд гэр бүл болсон. Одоо 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт мал маллаж амьдарч байна. Миний нөхөр зан байдлын хувьд сайхан сэтгэлтэй, хүнд тусархаг хүн байгаа юм. Бил гэр бүл болоод 20 орчим жил хамт амьдрахад агсам согтуу тавьж байгаагүй. Хайр халамжтай. Миний нөхрийн зүүн хөл гэмтэлтэй. Хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэж үзээд эмчийн хяналтанд байдаг. Манай нөхөр 50 гаран толгой малтай, автомашинтай” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт 1977 онд төрсөн эцэг эхээс 9-үүл бөгөөд айлын 8 дах нь байгаа юм. Одоогоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “******** гэх газарт эхнэр гурван хүүхдийн хамт мал маллаж амьдарч байна. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг гэрийнхээ орчимд мод бэлтгэж улмаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төврүү ах ********гийн автомашинаар тээвэрлэж яваад цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Манайх 2018 онд өвөлжөө буюу малын байр саравч хороо барихаар зөвшөөрөл авсан тэгээд 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр өвөлжөө баригда» бүрэн дуусан. Тэрнээс хойш буюу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны үеэр нөгөө өвөлжөө барихдаа бэлтгэж газар унгаж орхисон байсан моднуудыг уулнаас ганцаараа буулгаж нөгөө барьсан байсан өвөлжөөнийхөө хажууд хураасан тэгээд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвд байдаг хашаа салхинд нурсан учир уг өвөлжөөний хажууд хураалттай модоор хашааны шон хийхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв рүү тээвэрлэсэн юм. Надад хуучин гар хөрөө байгаа түүгээр мод бэлтгэсэн. Манайд хар зүстэй нас гүйцсэн сарлагийн үхэр байдаг. Уулнаас мод буулгах үедээ үхэр ашиглаж уулнаас модыг зөөж 2018 онд барьж байсан малынхаа саравч хорооны хажууд авч ирсэн. Тухайн үед би ганцаараа байсан надаас өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/,
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хяналт шалгалт ажиллаж байхад ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийг ******** жолоодож түүний араас ********гийн дүү гэх ******** мотоцикль унаж ирсэн тэр хоёр ямар нэгэн гараг үүсэл байхгүй мод автомашинд ачиж явсан тул илтгэх хуудас бичиж өгсөн. ******** би хашааны шон хийх гэж бэлтгэсэн юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/,
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би бага байхаасаа хөдөө мал маллаж эхэлсэн. Одоо эхнэр дөрвөн хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “********” гэх газарт мал маллаж амьдарч байна. Би ******** улсын дугаартай ******** маркийн автомашиньг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын найман нуур гэх газарт хөдөө айлын гадна байж байхад нь 1,300,000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед энэ автомашин асахгүй эвдэрчихсэн байсан. Би худалдаж аваад янзалсан бүх эд ангийг сольсон тэрнээс хойш унаж хэрэглэж байна. Автомашины гэрчилгээнд ******** гэж хүний нэр бичигдсэн байсан. Тухайн хүнтэй би уулзсан бид хоёрын дунд ямар нэгэн мөнгө төгрөгийн тооцоо байхгүй. ******** улсын дугаартай ******** маркийн автомашины эзэмшигч нь би өөрөө байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн үед миний төрсөн дүү ******** утсаар надруу залгаж ярьсан. Тэгээд манай төвд байх хашаа нурах гээд хашааны хэдэн шон модыг манай хаваржаанаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв хүргэж гэж хэлсэн тэгэхээр би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг ******** гэх газарт 2018 онд дүү ********ын хаваржаан дээр очиж малын саравч хорооны баруун хэсэгт хураалттай байсан 20 ширхэг шинэс модыг миний ******** улсын дугаартай ******** маркийн автомашины ард ачиж яваад цагдаад баригдсан. Тухайн үед би ********ыг зөвшөөрөлтэй мод зөөж явж байгаа гэж бодож байсан. Гарал үүслийн талаар асуугаагүй. ******** бид хоёр эцэг эхээс аравуул бөгөөд ******** нь 9 дэх нь байгаа доороо нэг эрэгтэй дүүтэй. Бага байхаас эхлэн ********ын хөл гэмтэлтэй байсан. Одоо хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан энэ талаараа эмнэлэгт тухай бүрт үзүүлдэг. Зан байдлын хувьд миний дүү сайхан сэтгэлтэй хүнд тусархаг хүн байгаа юм. Би модыг ачиж өөрийнхөө ******** улсын дугаартай ******** маркийн автомашиныг унаж явсан харин миний араас ******** өөрийнхөө улсын дугааргүй цэнхэр өнгийн хятад мотоциклыг унаж явж байгаад цагдаатай таарсан. Тэгээд л гарал үүсэл болон холбогдох баримт бичиг байхгүй талаар мэдсэн. Би ямар ******** хэзээ хэнтэй ямар байдлаар хэрхэн яаж бэлдсэн болохыг мэдэхгүй төрсөн ах дүүс гэсэн тусдаа гараад олон жил болж байна. ******** манай хоёрын гэр өөр хоорондоо хол хэн хэнийгээ юу хийгээд байгааг харах боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Сум дундын ойн ангийн 2020 онь 04 дүгээр сарын 30-ны өдрийн “...1. ******** нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг авч бэлтгэх ёстой. 2. ********ын бэлтгэсэн мод хуурай шинэс мод. 3. ********ын хуурай “Шинэс” модны экологи эдийн засгийн үнэлгээ 315.720 төгрөг болж байна...” гэх 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ‘Бат-Өлзий сумын “********” гэх газрын уртраг өргөргийн ******** .Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэсэн 135 дугаартай албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 67-68-р хуудас/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 33-34-р хуудас/,
-Мод бэлтгэсэн гэх газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 41-46-р хуудас/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 56-60-р хуудас/,
-Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч ********ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “нөхөн төлбөр тогтоох тухай 39-04-078-10 дугаартай акт /хх-ийн 26-р хуудас/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-ийн 91-93-р хуудас/,
-Шүүгдэгч ********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/
-Шүүгдэгч ********, Шүүгдэгч ********ын хүүхдүүд болох ********, ******** нарын төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгч ********, түүний эхнэр ******** нарын цахим үнэмлэхний хуулбарууд /хх-ийн 111-112-р хуудас/,
-Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 113-р хуудас/,
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн засаг даргын 2020 оны
05 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай тодрхойлолт /хх-ийн 115-р хуудас/,
-Шүүгдэгч ********ын хохирол төлбөр барагдуулсан талаар банкны баримт /хх-ийн 134-135-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “********” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хуурай Шинэс мод хууль бусаар бэлтгэж, 2 метрийн урттай 20 ширхэг болгон, өөрийн төрсөн ах ********гийн эзэмшлийн ******** улсын дугаартай цэнхэр өнгийн ******** маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Иргэний нэхэмжлэгч ********ийн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/, гэрч ********ийн мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Сум дундын ойн ангийн 2020 онь 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 135 дугаартай албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 67-68-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 2-3 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 33-34-р хуудас/, мод бэлтгэсэн гэх газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 41-46-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 56-60-р хуудас/, орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч Д.Эрдэнэчимэгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “нөхөн төлбөр тогтоох тухай 39-04-078-10 дугаартай акт, шүүгдэгч ********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.
Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ********т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ********гийн эзэмшлийн ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,000,000 төгрөгийг шүүгдэгчийн ********оос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
шүүгдэгчийн бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 2 метрийн урттай 20 ширхэг хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг улсын орлогод орохоор хуульчлагдсан байх тул улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
хэрэгт битүүмжлэгдсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №43 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, 11 дүгээр сарын 09-ний өдрийн №44 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин төмөр хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,
шүүгдэгч ********ын хохиролд Төрийн банкны Хархорин салбарын тооцооны төвөөр дамжуулан төлсөн 947,160 төгрөгийг Төрийн сан дахь 100101813001 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100100351404 тоот дансанд олгуулах нь зүйтэй байна.
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******** нь сарлагийн үхэр ашигласан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгох боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ********гийн эзэмшлийн ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,000,000 төгрөгийг шүүгдэгчийн ********оос гаргуулж улсын орлого болгох,
шүүгдэгчийн бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 2 метрийн урттай 20 ширхэг хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №43 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, 11 дүгээр сарын 09-ний өдрийн №44 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин төмөр хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгын газрын тусгай сангийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч ********ын хохиролд Төрийн банкны Хархорин салбарын тооцооны төвөөр дамжуулан төлсөн 947,160 төгрөгийг Төрийн сан дахь 100101813001 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100100351404 тоот дансанд олгуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН