Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********д холбогдох эрүүгийн 2127000000024 тоот хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, комьпютер хангамжийн инженер мэргэжилтэй, Их хорум зочид буудалд барилгын цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** дүгээр баг, ******** тоотод оршин суух хаягтай боловч одоо Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг ******** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй , ******** /РД: ********/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч ******** нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт байрлах Хархорин фарм эмийн сангийн лангуун дээрээс хохирогч ********ийн Samsung A30 маркийн гар утсыг хулгайлан авч хохирогч ********т 340,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сум ******** дотор байрлах ******** эмийн санд үйл ажиллагаа явуулж байхад 13 цаг 22 минутанд хамгийн сүүлд хүнтэй утсаар яриад лангуун дээрээ тавиад нягтлангийн хамт бараагаа янзалж байх хооронд 13 цаг 25 минутын үед үл таних залуу орж ирж Сибирийн бүтээгдэхүүн авъя гэж хэлээд би барааг нь лангуун дээрээ гаргаж өгсөн. Тэгээд тэр залуу гараад явсны дараа нягтлан руу Архангай аймгаас ******** гэж хүн залгаж ********ийн утас яагаад холбогдохгүй байгаа юм. Улаанбаатар хотоос бараа авах машин яриад байна гэж хэлэхэд нь гар утсаа алдсан талаараа мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 04 дүгээр сард Хархорин сум дахь Юнителийн салбараас лизенгээр самсунг АЗО маркийн гар утсыг 450,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хар өнгөтэй ажиллагаа хэвийн гар утас байгаа. ...Өмнө нь эхнэртэйгээ хамт орж ирж бараа авч байсан би сайн танихгүй. Би болон манай нягтлан ******** бид хоёр л байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

 

Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр ******** бид хоёр ажил дээрээ УБ хотоос эм тариа бараа ирж уг бараануудыг хүлээн авчихаад программд шивээд байж байхад гаднаас нэг жижигхэн бондгор залуу орж ирээд Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан. Тухайн залуугийн эхнэр нь манай эмийн сангаас урьд 2 удаа Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч байсан юм байна лээ, тэгээд тэр залуу эхнэрийнхээ өмнөөс ирж бараа авсан байх. Тэгээд тэр залууг гараад явсны дараа миний утас руу манайхаас Сибирийн бүтээгдэхүүн авдаг Архангай аймгаас захиалгын хүн залгаж ******** ер утсаа авахгүй байна гэхээр нь би ********т хэлэхэд нээрээ миний утас хааччихав гээд утсаа хайгаад байсан. Тэгсэн ******** манайхаар ороод гарсан жижигхэн бондгор залуугийн аав руу нь залгаад тэр залуугийн дугаарыг авч утас руу нь миний утсаар залгаж утсаа авъя гэтэл би утсыг чинь аваагүй, би яваад очъё гээд төд удалгүй тухайн бондгор залуу ирээд би утсыг чинь аваагүй гээд гүрийгээд байхаар нь цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би хамтран үүрэг гүйцэтгэж байсан ********гийн хамт тухайн газарт очиход эмийн сан дотор эмийн сангийн эзэн, хамт ажилладаг гэмээр 2 эмэгтэй байсан. ...Уулзаж гар утасны талаар тодруулахад “би гар утас аваагүй, би мэдэхгүй” гэж гүрийгээд байхаар нь би хэлэхдээ чи камерт бичигдсэн байна, чамаас өөр хүн байгаагүй байна гаргаад өгчих гэсэн чинь хэсэг хугацаанд би аваагүй гэж гүрийж байгаад сүүлдээ тухайн залуу хэлэхдээ би дүүгээсээ асуугаадхая гэж машинаасаа буугаад хэсэг хугацааны дараа алдагдсан гэх утсыг бариад ирсэн. Ирэхдээ тухайн залуу хэлэхдээ би Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч байхдаа эмийн санчийн гар утас лангуун дээр байхаар нь худалдаж авсан хайрцагтай бүтээгдэхүүнээрээ татаад цаасан хайрцагт хийгээд гараад явчихсан юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Шүүгдэгч ********гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “Миний бие 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 28 минутад Өвөрхангай аймаг Хархорин сумын ******** хажууд байрлах эмийн санд орж сибирийн эрүүл мэндийн сүлжээний эмнүүдийг эмийн сангийн худалдагчаас авахад бүх барааг лангуун дээр гаргаад тавьсан байсан тэгээд надад хайрцаг өгч би хайрцаг дотор бараагаа хийхдээ гар утасыг нь хамт хийгээд тэгээд би хайрцагтай бараагаа аваад гарсан. Тэгээд надруу эмийн сангийн худалдагч эгч 14 цаг 40 минутад залгаж би утсаа алдчихлаа гэхээр нь би аваагүй одоо яваад очъё гэж хэлчихээд тухайн гар утасны кодыг гаргах гэхэд гарахгүй болохоор нь буцаагаад бараан дотороо хийгээд эмийн сангийн худалдагч эгч дээр ороод хайрцагтай зүйл үзээд утасаа олуул авна биз гэж бодоод байж байтал хайрцагтай зүйлийг үзээгүй тэгээд тэр эгч цагдаа дуудлаа чи явж бай гэж хэлэхээр би явсан тэгээд гэртээ ирээд байж байхад худалдагч эгч залгаж цагдаа ирцэн байна хүрээд ир гээд залгахаар би айгаад тухайн гар утсыг машиндаа нуусан очиход цагдаа утасын гаргаад өгчих гэхээр би аваагүй гээд гүрийсэн. Би тухайн гар утсыг зүгээр лангуун дээр байхаар нь бараатайгаа хамт хайрцаганд хийгээд аваад гараад явсан. Би тухайн гар утасны маркийг мэдэхгүй байна, хар өнгийн саатай гэртэй, мэдрэгчтэй гар утас байсан. Өмнө эхнэр ********тэй цуг орж бараа авч байсан танихгүй. Тухайн гар утсыг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Аав ********ын эзэмшлийн ******** улсын дугаартай, тоёота спринтер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 73 дугаартай “Самсунг А-30 маркийн утас 340,000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх-ийн 24-р хуудас/

 

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,

           - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч ******** нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт байрлах ******** эмийн сангийн лангуун дээрээс хохирогч ********ийн Samsung A30 маркийн гар утсыг хулгайлан авч хохирогч ********т 340,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч ********гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, хохирогч ********ийн мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/, гэрч ********гийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч ********ын мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 73 дугаартай дугаартай дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

 

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

 

            Иймд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.

 

          Шүүгдэгч ********гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.

         

          Шүүгдэгч ******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч ********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

            Шүүгдэгч ********г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            Шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

             Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

           шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч ********г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

6.  Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН