Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.Батханд /цахимаар/,

   Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Бгийн Ад холбогдох  2135000580065 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын   27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 30-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн I-60 айлын орон сууцны 53 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Боржигон овогт Бгийн А / РД:ОЮ99093015/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.А нь согтуугаар Увс аймгийн Улаангом суманд байрлах “Өгөөж” караокед 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хохирогч О.Быг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А нь согтуугаар Увс аймгийн Улаангом суманд байрлах “Өгөөж” караокед 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хохирогч О.Быг зодсон болох нь:

- хохирогч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 18-нд ажлаа дуусаад Улаангом сумын 12 дугаар багт байрлах Өгөөж караокед ажлын газрын хэсэг залуусын хамт өрөө авч дуулж суусан. Тухайн үед 22 цаг орчим болж байтал гаднаас үл таних залуу орж ирээд намайг хүн зодчихлоо тэр хүн хаана байна гэж хэлж байсан. Бид нар түүнд та өөрөө андуурсан байна, тантай маргалдсан зүйл байхгүй гэж хэлээд сууж байтал тэр залуу шууд миний зүүн нүд рүү гараараа цохисон. Миний нүд харанхуйлаад би нүүрээ дараад доош хараад хэвтчихсэн. Тэр орж ирсэн залуу хамгийн захын сандал дээр сууж байсан намайг ямарч шалтгаангүй шууд зодсон. Миний зүүн нүд хөхөрч хавдаж тагларсан, хАс цус гарсан, толгой хүчтэй хатгаж өвдөж байсан, мөн нүүрний зүүн талаар хөндүүрлэж өвдөж байсан. ...орж ирсэн залууг А гэдгийг сүүлд мэдсэн. А хүн андуурсан бололтой намайг зодсон хүн хаана байна гэж хэлж байгаад цохисон. А гэх залуу миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Хохирлоо тооцож үзээгүй, тооцож үзэж байж нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 3, 30-р тал/,

- гэрч Я.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын өдрийн 23 цагийн орчимд би гэртээ унтаж байтал миний эхнэрийн дүү А удаа дараа над руу залгаад байсан тул утсаа авахад тэрээр Өгөөж төвийн караокед хэдэн залуучууд намайг зодох гээд байна та хүрээд ирээч гэж хэлсэн. Өгөөж төвд би ганцаараа очиход А намайг тосоод Солонго төвийн үүдэнд зогсож байсан бөгөөд би түүнтэй уулзаад Өгөөжийн караокены үүдэнд хэдэн залуучууд байсан тул очиж хэн зодсоныг асууж лавлах хооронд А дотогш орчихсон. Араас нь караокед булангийн өрөөнд А хэдэн залуучуудтай маргалдаж байсан. Би ороод яасан юу болсон болоод энэ хүнийг зодох гээд байгаа юм бэ гэж асуухад тэдний дунд сууж байсан танил А гэх залуу босож ирээд бид зодож маргалдсан зүйл байхгүй гэж хэлсэн. ...Атай маргалдаад үгэнд нь итгэхгүй зогсож байтал А маргалдаж байгаад Б гэх зүс таних залууг цохисон. Б хамгийн захад буйдан дээр сууж байсан юм. А Быг зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 4, 32-р тал/,

- гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “тэр өдөр А гэх найз болон түүний ажлын залуучууд, бас баз нь гэх хүмүүсийн хамт Өгөөж караокед 21:30 цагийн орчимд очиж дуулж суусан. Би караокед орж байх үед коридорт А гэх танил залуу хэсэг залуучуудтай муудалцаад барьцалдаад зогсож байсан тул тэднийг болиулаад салгаж Аг шат руу явуулчихаад өөрсдийн өрөөнд ороод суусан. Сууж байгаад би гарч бие засахаар 00 орох үед нөгөө хэд дахин маргалдаж байсныг бас салгаад явуулсан. Буцаад өрөөндөө ороод байж байтал А ороод ирсэн. Араас нь Б гэх танил ах ороод ирсэн. Бид нар Аг зодоогүй гээд та хүн андуурсан байна гээд тайлбарлаж байтал А гэнэт Ба гэх Агийн ажилтан залууг сууж байхад нүүр рүү нь гараараа цохиод унагачихсан. А нь Бын зүүн нүдний орчимд гараараа нэг удаа цохисон. Ба сууж байгаад цохиулаад газарт уначихаад нэлээд удаан хэвтэж байгаад босож ирсэн. А нь махлах том биетэй, Б нь жижиг намхан залуу байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 36-р тал/,

- гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр цэргийн баяр болж байсан бөгөөд баз Атай хамт хоолонд орчихоод хариад амарч байтал 22:00 цагийн үед А ирж баяр болж байгаа юм чинь гэж хэлээд караоке орсон. Гаднаас нэг залуу орж ирээд намайг зодчихлоо тэр нөхдүүд хаана байна гэж хэлээд байсан. Тэгж байтал араас нь Бгэх танил залуу орж ирсэн. Б юу болоод байгаа юм гэж хэлээд маргалдах шинжтэй байтал эхэлж орж ирсэн залуу нь Быг цохиод унагасан. Б босож ирэхгүй нэлээд удаан хэвтсэн. ...зодооны хувьд эхэлж гаднаас орж ирсэн Бтой хамт явсан том биетэй залуу Быг ямар нэгэн шалтгаангүй цохиод унагасан. Бын зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

- гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 23 цаг 50 минутын үед караоке хаах гэж байтал бааранд үйлчлүүлж байсан махлаг биерхүү залуу караокед орж ирсэн. Ариун цэврийн өрөөнд орох гэж байгаад караокены 4 дугаарын өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүстэй муудалцаж маргалдаад хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд хүмүүс салгаад явуулахад би тэйкэн дээрээ зогсож байсан. Тэгтэл нөгөө бүдүүн ах 6 дугаарын өрөөнд ороод араас нь нэг ах миний дүүг хэн зодсон гээд тэр өрөөнд орсон. Тэгээд удалгүй маргаан зодоон болоод явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,  

- шинжээч Б.Хын өгсөн: “О.Бын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний ухархайн ясны дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байсан бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой тул тус тусад нь салгахгүйгээр бүрдэл байдлаар гэмтлийн зэргийг тогтоосон. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хийсэн үзлэг нүдний эмчийн үзлэгтэй таарч байсан. Зүүн нүдний харааны алдагдал нь тухайн нүдний хаван хавдар, эмзэглэл, зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарлын эдгэрэлт, салстын цус хуралт, мөн нүд хөдөлгөгч булчингуудын хөдөлгөөн чөлөөтэй болсон үед хараа алдагдалт нь сэргэх магадлалтай тул бие даасан байдлаар зүүн нүдний хараа алдалтыг гэмтлийн зэрэгт хамаатуулан авч үзээгүй болно. Зүүн нүдний хараа 0.4 байгаа нь харааны тогтонги алдалт биш гэмтлийн дараах үеийн түр зуурын хараа алдалт” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

- Шүүгдэгч Б.Ан мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр орой найз нарын хамт Өгөөж төвийн лоунжид орж 1 цаг орчим суусан. Бид тийшээ орохоос өмнө пиво уусан халамцуу байсан бөгөөд караокены хажуу талын лоунжид орж дахин пиво авч ууцгаасан. Би ариун цэврийн өрөөнд ороод бие засах гэтэл хэдэн залуучууд таараад намайг шоглоод араас түлхэх зэргээр аашилж зодох гээд байсан. Би гадагш гараад хүргэн ах Бруу утасдаж намайг хэдэн залуучууд зодох гээд байна. Та хүрээд ирээч гэж хэлсэн. Б.Б ахыг ирэхэд Өгөөж караоке руу түрүүлж орсон. Б ах гадаа байсан хүмүүсээс миний талаар асууж хэн зодох гээд байгааг нь асууж байх хооронд би дотогш ороод мухрын өрөөнд ороход намайг түлхэж байсан саарал куртикатай  залуутай төстэй залуу хамгийн наад талд сууж байсан тул түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хажууд нь байсан хүмүүс салгасан. Араас Б ах бас ороод ирчихсэн байсан. Быг урьд нь таньдаггүй байсан. Бидний хооронд өр авлага өш хонзонгын зүйл байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан. Би Мандах их сургуулийн банк санхүүгийн төгсөх дамжааны оюутан бөгөөд сургуулийн төгсөлтийн шалгалтын цаг хугацаа ойртсон тул Улаанбаатар хот руу зайлшгүй явах шаардлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаартай шинжээчийн “О.Бын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний ухархайн ясны дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 03 сарын 22-ны байдлаар Зүүн нүдний хараа 0.4 байгаа нь цаашид хөдөлмөрийг чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн ясны дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой тул тус тусад нь салгахгүйгээр бүрдэл байдлаар гэмтлийн зэргийг тогтоосон болно.” гэх дүгнэлт /хх-ийн 12-14-р тал/-ээр хохирогч А.Бын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч О.Бын тархи доргилт, зүүн нүдний ухархайн ясны дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 59-р тал/-аар тогтоогдож байна

Хохирогч О.Б-д учирсан хохиролыг бүрэн бараглуусан одоо санал гомдол байхгүй гэх хохирогчийн бичсэн хүсэлт нотариатаар баталгаажуулсан, мөнгө шилжүүлэгийн баримт /хх-ийн 66-67-р тал/-аар хохиролоо бүрэн барагдуулсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Т.Бын өгсөн: “Б.А нь дунд сургуульд суралцаж байх үед нөгөө ангид суралцаж байсан бөгөөд бид үе тэнгийн найзууд байгаа юм. Одоо ч найзын харилцаатай байдаг юм. А нь дунд сургуульд суралцаж байхдаа даруу төлөв зантай, үг дуу цөөтэй хүүхэд байсан бөгөөд спортын сонирхолтой, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортоор тууштай хичээллэдэг, уг төрлүүдээр олон удаа уралдаан тэмцээнд оролцож шагнагдаж байсан. Биеийн хөгжил сайтай үеийнхнээсээ том биерхүү хүүхэд байсан. Найз нөхөд олонтой тэдний дунд нэр хүндтэй. Хичээл сурлагадаа ч онц, сайн сурдаг ангидаа тэргүүлэх сурагч нарын нэг байсан. Сургуулиас зохион байгуулагдсан олимпиад тэмцээнүүдэд анги хамт олон оо төлөөлөн амжилттай оролцдог байсан. Ар гэрийн амьдралын хувьд эцэг, эхийн хамт амьдардаг. Эгч нь тусдаа гарч амьдрал зохиосон. А нь элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглээд байдаггүй. Найз нөхдөөрөө нийлж баяр ёслол арга хэмжээний үеэр тохируулаад хэрэглэдэг. Хэтрүүлэн хэрэглэж агсам согтуу тавьж байсан зүйл байхгүй. Биднийг хамт байх үед ямар нэгэн хэрүүл маргаан зодоон гараад байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/, гэрч Д.Гын өгсөн: “Б.А бид хоёр Улаангом сумын 2-р сургуульд 7-р ангидаа нэг ангид орж түүнээс хойш найзалж эхэлсэн. Одоог хүртэл найзалж байгаа найзууд байгаа юм. А нь дунд сургуульд суралцаж байхдаа даруу төлөв үг дуу цөөтэй, хичээлдээ дур сонирхолтой ангидаа мэдлэг чадвартай онц, сайн сурдаг хүүхдүүдийн тоонд ордог байсан. Сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан бөгөөд уг төрлүүдээр сургууль, аймгийн чанартай тэмцээнүүдээс олон удаа амжилт үзүүлж байр шагнал эзэлж байсан. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3*3 тэмцээнд 3-р байранд орж байсан. Одоо ч сагсан бөмбөгөөр хичээллэж уралдаан тэмцээнд оролцож байгаа тамирчин хүн байгаа юм. Найз нөхөд олонтой, тэдний дунд нэр хүнд сайтай. Бидний дунд сургуулиасаа найзалсан 10 гаруй найз байдаг бид хоорондоо илэн далангүй ярилцдаг дотно байдаг юм. Ар гэрийн амьдралын хувьд эцэг, эх, эгчийн хамт амьдардаг. Аав нь эмнэлэгт түргэн тусламжийн жолооч ажилтай, гэр бүлийнхээ хамт орон сууцанд амьдардаг, ар гэрийн амьдралын хувьд боломжийн дутагдах гачигдах зүйлгүй амьдралтай. Мандах их сургуульд санхүү, ня-бо чиглэлээр суралцдаг одоо 4-р дамжааны оюутан бөгөөд энэ жил төгсөх юм. А нь зан аашны хувьд дуу цөөтэй, бие бялдрын хувьд хөгжил сайтай, найз нөхөд олонтой, дотно найз нартайгаа чөлөөтэй ярьж хөөрч амьдрал ахуй тулгамдсан зүйлээ нээлттэй хуваалцдаг. Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, хүнтэй янз бурийн харилцаа үүсгэж хэрэлдэж маргалдаад байдаггүй, тэвчээртэй хүн байгаа юм. Хааяа маргалдсан ч гэсэн зодож цохиод байдаггүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчтай тохиролцож ирүүлсэн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Боржигон овогт Бгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Ад  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ