Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болорзаяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

   Шүүгдэгч: П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чурс овогт Пгийн Гд холбогдох  2135000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 17-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, засварчин механикч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь  2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхийн 154 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сар хорих ял, нэмэлтээр 2 жил тээрийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлж байсан  Чурс овогт Пгийн Г /РД:ОТ89071776/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч П.Г нь 2021 оны 2 дугаар сарын 01-нээс 06-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт мэдээллийн технологи буюу фейсбүүк ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч П.Гыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2021 оны 2 дугаар сарын 01-нээс 06-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт мэдээллийн технологи буюу фейсбүүк цахим хуудсаар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:

П.Гын “G G” гэх нэртэй фейсбүүк хаяг болон тэр хаягаас мөрийтэй тогтоол зохион байгуулж явуулж байсан үеийн зураг /хх-ийн 3-5-р тал/, гар утсанд хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/, фейсбүүк цахим хуудсанд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 9-12-р тал/, П.Гын Хаан банкны 5925710038 дугаартай дансны хуулга /хх-ийн 14-18-р тал/, Хаан банкны 5812142233 дугаартай дансны мэдээлэл болон дансны хуулга /хх-ийн 19-21/,

- гэрч Я.Чгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Увс аймгийн нэгдсэн групп” хаягт G G гэх фейсбүүк хаягаас лайв хийж хөзрөөр мөрийтэй тоглоом тоглуулж байхыг хараад 10.000 төгрөгийг 5952710038 дугаарын данс руу шилжүүлж нэг удаа 4 дугаартай суудал авч тоглосон. Би гүйлгээний утга хэсэгт “choijoo sul garsan suudal deer” гэсэн утга бичээд мөнгө шилжүүлж 3 удаа дараалж хожоод 30.000 төгрөг хожсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,

- гэрч Н.Аийн  мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 20 минутад Увс аймгийн нэгдсэн групп фейсбүүк хаягт G G гэсэн хаягаас цахимаар Техас тоглоомыг хөзрөөр тоглуулж байхаар нь би өөрийнхөө эзэмшлийн 5800861883 дугаарын данснаас 10.000 төгрөгийг 5925710038 дугаарын данс руу “altangerel3” гэсэн утгаар шилжүүлсэн. Би 3 дугаартай суудалд сууж тоглосон боловч ямар нэгэн мөнгө хожоогүй. Мөн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 45 минутанд эхнэр Оы Нын 5819070018 дугаартай данснаас 20.000 төгрөгийг “altaa2” гэсэн утгаар шилжүүлж 2 дугаарын суудал дээр тоглосон боловч ямар нэгэн мөнгө хожоогүй ба нийт 3 удаа тоглож 30.000 төгрөг алдсан. G G буюу Гыг манай хадам ээжийн гэрийн ойролцоо байдаг гэдгээр нь танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

- гэрч О.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “..манай нөхөр А миний хаан банкны 5819070018 дугаар данснаас 5925710038 дугаар данс руу 20.000 төгрөг шилжүүлэн хөзрөөр цахимаар мөрийтэй тоглоом тоглосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/,

- гэрч С.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Texas гээд хөзрөөр тоглоом зохион байгуулж байсан. Дөрвөлжин хавтан дээр тоглоом зохион байгуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/,

- гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...уг хавтангийн эхийг би бэлтгэж, хэвлэсэн. Яг юунд ашиглах гэж байгааг мэдээгүй. ...Үйлчлүүлэгчийн хэлсний дагуу эхийг бэлтгэж 10.000 төгрөгөөр гаргаж өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/,

- Шүүгдэгч П.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус аймгийн Тариалан сумын нутагт төрсөн. Аав Пгийн 1 дэх хүүхэд болон мэндэлсэн. Доороо 4 дүүтэй. Хойд ааваараа овоглодог нагац эмээгийндээ өсөж торнисон. Увс аймгийн ахлах 3 дугаар сургуульд 8 дугаар анги төгсөөд, Улаангом политехник коллежид элсээд 2 жил суралцаад төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Агротехникч мэргэжилтэй. Этүгэн дээд сургуульд 2 жил суралцаж байгаад Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангид 1 жил цэргийн алба хаасан. Би одоо ганцаараа тусдаа гараад амьдардаг болсон. Сарын тогтмол орлого байхгүй, амжиргааны түвшин доогуур. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу зүйл хийсэн учраас хэргээ хурдан хугацаанд шийдүүлмээр байна. Би 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүмүүс цахим орчинд лайв хийж хөзрөөр texas тоглуулаад байхаар нь нэг удаа туршиж үзий гэж бодоод 1цаг 30 минут орчим лайв хийж покер тоглуулсан. Гэтэл хүн бүрдэхгүй байсан тул маргааш болгож хойшлуулаад маргааш нь тоглуулсан. 2021 оны 2 дугаар сарын 01-05-ны өдрөөс хойш болон өмнө нь лайв хийж хөзөр тоглуулаагүй.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 Шүүгдэгч П.Г нь интернет орчинд фэйсбүүк цахим хуудсаар шууд дамжуулан  хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас гэх тоглоомыг  мөрийтэй  зохион байгуулж, тоглоомын үр дүнгээс ашиг олсон үйлдэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч П.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч П.Г нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Г урьд нь  2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхийн 154 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сар хорих ял , нэмэлтээр 2 жил тээрийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 106-р тал/-аар тогтоогдож байна

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч З.Агийн өгсөн: “...Г ах цовоо сэргэлэн зантай, эелдэг зөөлөн харилцаатай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг. Ажилсаг, тусархуу, сайхан сэтгэлтэй, ямар нэг муу бодолгүй, тусч, уурладаггүй, түргэн огцом уур байхгүй, бид нарыг зодож байсан удаа байхгүй. ...тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг өөр ямар нэгэн муу зуршилгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/, гэрч О.Нын өгсөн: “...нагац дүү Г нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, эелдэг зөөлөн харилцаатай. Бусадтай зөв боловсон харилцдаг. Олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, тусархуу, ихэвчлэн эмэгтэй хүмүүс дунд өсөж торнисон учраас их сайхан сэтгэлтэй, ямар нэг муу бодолгүй. Би уурлаж байгааг нь хараагүй. Өөрөөсөө ахмад хүнийг их хүндэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.Г нь энэ гэмт хэргийг үйлдэж 110.000 төгрөгийн ашиг олсон болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул 110.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөөсөнцөр хавтанг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Гд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Чурс овогт Пгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гд 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 110.000 төгрөгийг шүүгдэгч П.Гс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөөсөнцөр хавтанг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  П.Гд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                               

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ