Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 182/2016/01175/и |
Дугаар | 1119 |
Огноо | 2017-05-10 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 1119
“Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00487 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдох
Гэрээ цуцалж, гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн хохиролд нийт 9 786 001 538 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сүхтөмөр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, Д.Батхуяг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай 2 том ажлын гэрээ байгуулсан. Нэг дэх нь 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ИТЗТБУ-2012/01 тоот “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр ажлыг 18 197 889 825 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012 оны 10 сарын 03-наас 2013 оны 12 сарын 03-ны хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү гэрээг 2013 оны 12 сарын 04-ний өдрийн №ИТЗТБУ-2012/01-01 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан.
Улмаар гэрээг шинэчилж, 2014 оны 9 сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014 оны 9 сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 сарын 01-ний өдрийн хооронд дуусгахаар тохиролцож, Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний санхүүжүүлэгч тал болон оролцсон. Энэхүү 3 талт гэрээнд 2015 оны 9 сарын 01-ний өдрийн С-ДБ-Б 2014-165-01 тоот гэрээгээр өөрчлөлт оруулж ажлыг 2016 оны 6 сарын 01-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцсон. 2 дахь гэрээ нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай 2012 оны 6 сарын 18-ны өдөр №ИТЗТБУ-2012/02-3 тоот “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр заасан ажлыг 8 739 498 905 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012 оны 6 сарын 18-наас 2013 оны 9 сарын 11-ний хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү гэрээг 2013 оны 9 сарын 12-ны өдрийн №ИТЗТБУ-2012/02-3-1 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан.
Улмаар 2014 оны 9 сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-162 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014 оны 9 сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 сарын 01-ний өдрийн хооронд дуусгахаар тохиролцож, Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний Санхүүжүүлэгч тал болон оролцсон. Энэхүү 3 талт гэрээнд 2015 оны 9 сарын 01-ний өдрийн С-ДБ-Б 2014-162-01 тоот гэрээгээр өөрчлөлт оруулж ажлыг 2016 оны 6 сарын 01-ний өдөр дуусгавар болгохоор охиролцсон. Дээрх гэрээнүүдийн дагуу “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Нэхэмжлэлд дурдсан ажлуудыг гүйцэтгэж эхэлснээс хойш гүйцэтгэгч талаас шалтгаалсан нөхцөл байдал болох ажил гүйцэтгэхтэй холбоотой зөвшөөрөл, захирамж, газар чөлөөлөлт, газрын маргаан, нэмэгдэл ажил гүйцэтгэх, санхүүжилтийн эх үүсвэр төсөвт тусгагдаагүй зэргээс шалтгаалан анх төлөвлөсөн хугацааг удаа дараа нэмэлт гэрээ байгуулан сунгасан. Энэхүү хугацаа хэтрэлт нь гүйцэтгэгч талын эрх ашгийг шууд хохироон дараах зардал, хохирлыг хүлээгээд байна. Үүнд:
1.Валютын үнийн зөрүүгээс үүссэн гадаад материалын зардал: Дээрх ажлуудыг гүйцэтгэх төсөв тооцоог хийж гэрээ байгуулах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1 350 орчим төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар ам.долларын ханш тасралтгүй өссөөр 50 орчим хувиар нэмэгдээд байна. Гэрээний дагуу хийгдэх ажлын үндсэн түүхий эд, материал нь импортоор оруулж ирдэг тул төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэсэн болно.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээний Хавсралт 2 буюу Гэрээний ерөнхий нөхцлийн Захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ажил эхлэх өдрөөс зөрчил, доголдол арилгасан тухай мэдэгдэл гарах хүртэлх хугацаанд Захиалагч дор дурдсан эрсдэлийг хүлээнэ” гээд 12.1.4-д “Валютын ханш уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20% буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилвэл” гэж харилцан тохиролцсон. Энэ нь гүйцэтгэгч тал ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг импортоор оруулж ирэх, төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэх онцлогтойг харгалзан үзсэн гэрээний нөхцөл юм.
2.Нэмэгдэл ажлын зардал: Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад газар чөлөөлөх болон газрын маргаантай холбоотой асуудал их гарсан. Газрын маргаан нь одоог хүртэл шүүхээр үргэлжилж байгаа болно. Анхны зургаар биш шугамыг биш шугамыг өөр газраар дайруулах, зургийг өөрчлөх, шугамын шонг ажил хүлээн авагчийн шаардлагаар бетон байсныг төмөр болгох, мөн газар шорооны ажил гээд төлөвлөгдөөгүй зардал их гарсан.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээний хавсралт буюу гэрээний ерөнхий нөхцлийн захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.2-д “... гэнэтийн эсхүл давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас ажил... саатах эрсдэл, Гүйцэтгэгч ажлыг хийж чадахгүй байх нөхцөл байдал”, 12.1.4-д “валютын ханш уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилбэл эрсдэлийг Захиалагч хүлээнэ”, 43.1.9-д “Захиалагчийн хүлээх эрсдэл нь гүйцэтгэгчид нөлөөлсөн” бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно, мөн гэрээний ажлын талбайг ашиглуулах гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-д “Хэрэв захиалагч нь ажлын талбайн аль нэг хэсгийг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд шилжүүлээгүй бол Захиалагчийн зүгээс холбогдох ажлыг эхлэхэд саад болсонд болсонд тооцох бөгөөд уг хожимдуулсан хугацааны хувьд гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөгдөнө”, Нөхөн төлбөр хийх гэсэн 43 дугаар зүйлийн 43.1.1-д захиалагч гэрээний тусгай нөхцөлд заасан ажлын талбайг шилжүүлэн өгөх хугацаанд багтаж ажлын талбайн аль нэг хэсгийг ашиглах боломжийг гүйцэтгэгчид олгоогүй”, 43.1.2-д “Захиалагч бусад гүйцэтгэгчдийн хуваарьт гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийх ажилд нөлөөлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан”, 43.1.5-д хөрсний нөхцөл нь гүйцэтгэгчид өгсөн мэдээлэл (ажлын талбайн судалгааны тайланг оролцуулан) нийтэд зарласан мэдээлэл болон ажлын талбайн хөрсний шинжилгээгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл өгөхөөс өмнө төсөөлж байснаас ихээхэн зөрүүтэй" бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно гэж заасан.
Захиалагч тал нь төрийн байгууллага бөгөөд гэрээний зүйл болох ажил нь төрийн өмчид шилжих цахилгааны шугам сүлжээ, станц тул анх гэрээг байгуулах үед газар чөлөөлөх, гүйцэтгэгчээс хэвийн ажлаа явуулах нөхцөл бололцоог хангах үүргийг захиалагч тал хүлээж гэрээний дээрх нөхцлүүдийг тохиролцсон юм.
Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ нь дээрх гэрээтэй адил нөхцөлтэй болно.
3. Зээлийн шимтгэлийн зардал: (Гүйцэтгэлийн баталгааны эрсдлийн шимтгэл) Гүйцэтгэгч талаас үл хамаарах шалтгаанаар буюу газар чөлөөлөлт, санхүүжилт төсөвт тусгагдаагүй зэрэг шалтгаанаас болж гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгасны зэрэгцээ ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн хэдий ч баталгааны барьцааны дүнг бууруулаагүй, гүйцэтгэлийн баталгааны барьцаанд санхүүжилтээс давхар суутгаж улмаар арилжааны банкинд эрсдлийн шимтгэл болон зээлийн хүүнд их хэмжээний төлбөр төлсөн бөгөөд энэхүү зээлийн хүүгийн төлбөр нь захиалагчийн хариуцахаар гэрээнд урьдчилан тохиролцсон валютын үнийн зөрүү болон нэмэгдэл ажлын зардлаас шалтгаалсан тул захиалагч энэхүү хохирлыг хариуцах үндэслэлтэй болно.
4. Ажил гүйцэтгэх, үргэлжлүүлэх нөхцөл хангагдаагүй улмаас хүлээсэн хохирол: Газар чөлөөлөлт, газрын маргаантай асуудлаас шууд шалтгаалсан шүүхийн шийдвэрүүдээр ажил гүйцэтгэх, үргэлжлүүлэх боломжгүй болж сул зогсолт, нэмэлт зардлууд гарсан болно.
Сонгинын дэд станцын ажлыг 2012 оны 12 сард хүлээн авсан. Энд гол нь тоног төхөөрөмж худалдан авах ажил байсан. Харин Сонгиноос Зайсан хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам явах газарт газрын асуудал ихээхэн хүндрэл учруулсан.
Сонгинын дэд станц дээр нэмж хийсэн ажил нь шаварлаг хөрс таарсныг шаврыг зөөж оронд нь хайрга хийх, налуу газрыг тэгшилж нягтруулах, мөн төмөр тулгуурын жингийн болон үнийн зөрүү, нийт 2 051 012 164 төгрөг болсон, ам.долларын ханшийн зөрүү 3 654 997 366 төгрөг, эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл 136 605 543 төгрөг болж, нийт 5 842 615 073 төгрөгийн хохирол гараад байна.
Зайсан хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын хувьд нэмж хийсэн ажил-угсралт хийх талбай бэлтгэх, хад асгатай газрыг бульдозороор ухах, түрж тэгшлэх, мөн бетон болон төмөр суурийн жингийн болон үнийн зөрүү 784 899 647 төгрөг, ам.долларын ханшийн зөрүү 691 969 954 төгрөг, эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл 65 596 923 төгрөг, шүүхийн шийдвэрээр ажил зогсоосонтой холбоотойгоор материал худалдан авалт хийж эргэлтийн хөрөнгө түгжсэн алданги 154 463 755 төгрөг, материал нүүлгэн шилжүүлэлтийн зардал 2 131 000 төгрөг, сул зогсолтонд гарсан зардал 80 000 000 төгрөг, бүгд 1 779 000 000 төгрөгийн зардал байна.
Санхүүжилт хугацаандаа хийгээгүй алданги 2 164 325 186 төгрөг, нийт 9 786 001 537 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжилнэ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамааралтай гэж нэмж хариуцагчаар татсан.
Харин нэхэмжлэгч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК болон хариуцагч Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын хооронд байгуулагдсан “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ” болон “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ”-ний үүргийг Захиалагч тал зөрчсөн тул дээрх гэрээг цуцлах тухай шаардлага гаргасан байснаасаа нэхэмжлэгч татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн хөрөнгө, оруулалтын газар нь бие даасан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад барилга захиалагчийн хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/125 дугаар захирамжаар Улсын төсвөөс Нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт болон жагсаалтад орсон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Захирамжийн 3 дахь заалтаар Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгасан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь энэхүү захирамжийн дагуу Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар тендерт ялсан Эрчим хүчний барилга угсралтын тресттэй 2012 оны 6 сарын 18-нд Улаанбаатар хотын 20 кВ-ын “Сонгино дэд станцаас 110 кВ-ын “Зайсан” дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын ИТЗТБУ-|012/02-3 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу санхүүжилтийг гүйцэтгэлээр олгосон.
2015 оны 12 дугаар сарын 21-нд барилга угсралтын ажил нь 93 хувьтай нийт олгосон санхүүжилт нь 8 155 625 387 төгрөг болсон ба үүнээс материал, тоног төхөөрөмжийн зардалд 6 540 640 107 төгрөгийг олгосон байна.
Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Эрчим хүчний барилга угсралтын тресттэй Улаанбаатар хотын 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай Сонгино дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын ИТЗТБУ-2012/01 дугаартай гэрээг 2012 оны 10 дугаар сарын 03-нд байгуулж, санхүүжилтийг олгосон.
2014 оны 12 дугаар сарын 03-нд барилга угсралтын ажил нь 91 хувьтай нийт олгосон санхүүжилт нь 16 628 320 231 төгрөг болсон ба үүнээс материал, тоног төхөөрөмжийн зардалд 13 121 126 297 төгрөгийг олгосон байна. “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын зүгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаагүй болно.
Нэхэмжлэгч зураг төслийн компанийг өөрсдөө сонгон шалгаруулж гэрээ байгуулан трассын зураг төсөл хийлгэсэн ба түүнээс үүдэн гарах аливаа хохирол, зардлыг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцсон байдаг. Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь тус гэрээнүүдэд ямар нэгэн тал болж ороогүй тул дээрх гэрээтэй холбоотой үүсэн гарах маргаанд хамааралгүй юм. Газар чөлөөлөлтийн асуудлыг манай тал дангаар хариуцахгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллан авч болох арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлэн, хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёcoop биелүүлж ирсэн.
Нэхэмжлэлд дурдагдсан зээлийн шимтгэлийн талаар: Нэхэмжлэгч компани нь тендерт ирүүлсэн материалдаа “зарлагдсан ажлыг гүйцэтгэх санхүүгийн бүрэн боломжтой, хангалттай техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтантай” эсэн материалыг ирүүлж, түүнийг нь үндэслэн тендерт шалгаруулсан байдаг. Гэтэл одоо гэрээ байгуулан ажил гүйцэтгэх явцдаа дээрх ажлыг гүйцэтгэх санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн хувьд боломжгүй гэж бусдаас зээл авсныг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцах үндэслэлгүй болно.
Сул зогсолтын талаар: “Эрчим хүч барилга угсралтын трест” ХХК-д 93 хувийн санхүүжилт олгосон байхад зарим ажил хийгдээгүй, тухайлбал, трансформатор суурилуулах ажил, дэд станцын тоноглолын туршилт тохируулгын ажил хийгдээгүй, дэд станцын хоёрдогч хэлхээний туршилт зүгшрүүлэлт хийгдээгүй. Шугамын ажлаас 2 км буюу ХУД-ийн 5.11 хороонд БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газар өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүйгээс төсөл арга хэмжээ зогсоод байна. Бусад хэсэгт 110 кВ-ын ЦДАШ-ын аянгын тросс татах ажил, 6,10,35 кВ-ын ЦДАШ-ын зөрлөгт хийгдэх ажил хийх боломжтой, 110 кВ-ын туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн байгууллагаар хийгдэх боломжтой, тоног төхөөрөмжийн зааврыг мэргэжлийн байгууллагаар орчуулах гэх мэт ажлуудыг хийх боломжтой.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь санхүүжилтийг хангалттай олгосон боловч нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үндэслэлгүй шалтаг, шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгэхгүй хариуцагчийг хохироож байгаа болно.
Дээр дурдагдсан ажил гүйцэтгэх 2 гэрээний гэрээний ерөнхий нөхцлийн 1.2-т “гэрээний ерөнхий нөхцөлд өөрөөр заагаагүй бол гэрээний үнэ нь зөвхөн байгууламжинд өөрчлөлт гарсан эсвэл гэрээнд өөрөөр заасан тохиолдлоос бусад ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй хатуу тогтсон үнийн дүн байна. Гэрээний тусгай нөхцлийн 11.2-т гэрээний үнэнд үнийн тохируулга хийхгүй” гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх: Монгол улсын Иргэний 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 3 675 548 409 төгрөгийг гаргуулж “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 6 110 453 129 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Нийслэлийн засаг даргын тамгын газрыг хариуцлагаас чөлөөлж,
Нэхэмжлэгч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ”, “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ”-нүүдийг цуцлах тухай шаардлагаасаа татгазсаныг баталж,
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тэмдэгтийн хураамжинд 18 535 692 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 087 958 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Сонгино дэд станцын хувьд тоног төхөөрөмж худалдан авах гол ажил нь байсан байх бөгөөд дийлэнх ажил хугацаандаа хийгдсэн, зарим нэг ажлын хугацаа сунжрахад захиалагчийн зүгээс шалтгаалсан байдал харагдахгүй байна. Энэ хэсгийн нэхэмжлэлээс нэмж хийсэн ажлын зардлыг төлүүлэх, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтэнд үндэслэн дэд станцын техник, тоног төхөөрөмж, бараа материал худалдан авсан валютын ханшны зөрүү, эх үүсвэргүй баталгааны эрсдлийн шимтгэлийн зөрүүг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангуулах гомдол гаргаж байна. Үүнд:
1.Валютын ханш. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч валютын ханш огцом өссөн болон гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад зөвхөн газар эзэмших эрх олгож ажлыг эхлүүлэх үүргээ Захиалагч гүйцэтгээгүйгээс 1 жилийн хугацаа алдагдсан бөгөөд цаашид гэрээний дагуу хуваарьт санхүүжилт хийгээгүй, зарим жил төсөвт огт суулгаагүйн улмаас хугацаа алдсан, анх олгогдох байсан газар өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар хугацаа алдаж, улмаар валютын ханшны өсөлтөөс шалтгаалж гол худалдан авах техник, тоног төхөөрөмж, бараа материалын үнэ өссөн болох нь худалдах, худалдан авах гэрээ, гадаад төлбөрийн даалгавар, гаалиар бараа орж ирсэн баримт, Монголбанкны ханшийн лавлагаа зэргээс тодорхой харагддаг.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот “Их тойрог 110 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын 2x40 мВа дэд станц (Улаанбаатар) төслийн хүрээнд хийгдэх /Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ”-ний салшгүй хэсэг болсон Хавсралт 2 буюу Гэрээний ерөнхий нөхцлийн Захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.2-д “... гэнэтийн эсхүл давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас ажил ... саатах эрсдэл, Гүйцэтгэгч ажлыг хийж чадахгүй байх нөхцөл байдал”-ын эрсдэлийг Захиалагч хүлээнэ, 43.1.9-д “Захиалагчийн хүлээх эрсдэл нь Гүйцэтгэгчид нөлөөлсөн” бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно, мөн гэрээний ажлын талбайг ашиглуулах гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-д “Хэрэв захиалагч нь ажлын талбайн аль нэг хэсгийг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд шилжүүлээгүй бол Захиалагчийн зүгээс холбогдох ажлыг эхлэхэд саад болсонд тооцох бөгөөд уг хожимдуулсан хугацааны хувьд Гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэний хариуцлагаас чөлөөлөгдөнө”, Нөхөн төлбөр хийх гэсэн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Захиалагч гэрээний тусгай нөхцөлд заасан ажлын талбайг шилжүүлэн өгөх хугацаанд багтаж ажлын талбайн аль нэг хэсгийг ашиглах боломжийг гүйцэтгэгчид олгоогүй” бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно.
Мөн гэрээний салшгүй хэсэг болсон хавсралт 2 буюу Гэрээний ерөнхий нөхцөлийн Захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ажил эхлэх өдрөөс зөрчил, доголдол арилгасан тухай мэдэгдэл гарах хүртэлх хугацаанд Захиалагч дор дурдсан эрсдэлийг хүлээнэ” гээд 12.1.4-д “Валютын ханш уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилвэл” гэж харилцан тохиролцсон. Энэ нь гүйцэтгэгч тал ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг импортоор оруулж ирэх, төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэх онцлогтойг харгалзан үзсэн гэрээний нөхцөл юм.
Захиалагч тал нь төрийн байгууллага бөгөөд гэрээний зүйл болох ажил нь төрийн өмчид шилжих цахилгааны шугам сүлжээ, станц тул анх гэрээг байгуулах үед газар чөлөөлөх, Гүйцэтгэгчээс хэвийн ажлаа явуулах нөхцөл бололцоог хангах үүргийг Захиалагч тал хүлээж гэрээний дээрх нөхцлүүдийг тохиролцсон боловч эдгээр үүргүүдээ ханган биелүүлээгүй болно.
2. Зээлийн шимтгэлийн зардал. (Гүйцэтгэлийн баталгааны эрсдлийн шимтгэл) Гүйцэтгэгч талаас үл хамаарах шалтгаанаар буюу газар чөлөөлөлт, санхүүжилт төсөвт тусгагдаагүй зэрэг шалтгаанаас болж гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгасны зэрэгцээ ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн хэдий ч баталгааны барьцааны дүнг бууруулаагүй, гүйцэтгэлийн баталгааны барьцаанд санхүүжилтээс давхар суутгаж улмаар арилжааны банкинд эрсдлийн шимтгэл болон зээлийн хүүнд их хэмжээний төлбөр төлсөн бегөөд энэхүү зээлийн хүүгийн төлбөр нь Захиалагчийн хариуцахаар гэрээнд урьдчилан тохиролцсон валютын үнийн зөрүү болон нэмэгдэл ажлын зардлаас шалтгаалсан тул Захиалагч энэхүү хохирлыг хариуцах үндэслэлтэй болно.
3. Валютын ханшийн огцом өсөлт, их хэмжээний нэмэгдэл ажлын зардал болон гүйцэтгэгчээс хамааралгүй шалтгаанаар хугацаа сунжирч улмаар хүлээх алдагдал нэмэгдэн ажил анх төсөвлөсөн төсөвт багтахгүй болж байгаа талаар захиалагчид удаа дараа мэдэгдэн арга хэмжээ авч өгөхийг хүсч байсан боловч асуудлыг шийдвэрлэлгүй өнөөдрийг хүргэсэн. Гэрээт ажлыг дуусгах үүднээс гүйцэтгэгч ажил явуулахад шаардлагатай байсан нэмэгдэл хөрөнгө, санхүүжилтийг өөрийн хөрөнгө болон бусад боломжит орлогоос гаргаж байсан бөгөөд бусад ажлаа санхүүжүүлэх эх үүсвэрээ зээл болон бусад хэлбэрээр гарган аж ахуйн үйл ажиллагааны хувьд алдагдал хүлээсэн тул 2 164 325 186 төгрөгийн алдангийг захиалагч хариуцан нөхөн төлөх үндэслэлтэй болно.
Иймд анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон Сонгино 220/110/35 кВт дэд станцад хамаарах тоног төхөөрөмж, бараа материал худалдан авсан валютын ханшны зөрүү 3 654 997 366 төгрөг, зээлийн эрсдлийн шимтгэл болох 136 605 543 төгрөг, мөн санхүүжилт хугацаандаа хийгээгүйн алданги болох 2 164 325 166 төгрөгийн хамт буюу нийт 5 955 928 075 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангаж өгнө үү.
Нэхэмжпэлийн нийт шаардлага болох 9 631 476 484 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвөөс олгуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.
Нэхэмжлэгч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК нь хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан гэрээ цуцалж, гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн хохирол, алданги нийт 9 786 001 538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг цуцлах шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн, тус газар нь уг ажлын захиалагч биш тул гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирлыг хариуцахгүй гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг оролцуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2017/01079 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгчээс тус газарт холбогдуулан юу шаардан нэхэмжлэл гаргаж байгаа эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулан нэхэмжлэлийг гаргуулан авч, эрх бүхий этгээдэд нь мөн хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулан өгч хариу тайлбар авах ажиллагааг хийгээгүй буруутай байна.
Учир нь хэрэгт хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас тус газрын Хууль, дотоод хяналтын албаны дарга С.Баясгалан, Барилга захиалагчийн хэлтсийн баруун бүсийн ахлах инженер С.Отгонцэцэг нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгосон 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэл, Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчаас Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Мөнхдөлд өөрийг нь хариуцагчаар татсан иргэний хэргийн нэхэмжлэлийн хувийг гардан авах эрх олгосон 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн, мөн “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Ц.Ариунбаяр, тус газрын Хууль, дотоод хяналтын албаны дарга С.Баясгалан, Барилга захиалагчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Отгончимэг, барилга хяналтын инженер Д.Батсүх нарт өөрийг нь төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгосон 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл тус тус авагдсан байх бөгөөд шүүх хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувийг С.Мөнхдөлд гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөх эрх бүхий этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй ноцтой зөрчил гаргажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч, түүний үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргасан эсэх, тэрээр уг зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний тал болон тус хэргийн оролцогч буюу хариуцагч мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.
/хэргийн 5 дахь хавтасны 144, 146, 153-154, 158 дугаар тал/
Хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нэхэмжлэгч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ИТЗТБУ-2012/01 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ байгуулагдаж уг ажлыг 18 197 889 825 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012 оны 10 дугаар сарын 03-наас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ИТЗТБУ-2012/01-01 тоот гэрээгээр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, улмаар гэрээг шинэчилж, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээгээр Сонгино дэд станцын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцож, Нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн оронд Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний санхүүжүүлэгч тал болон оролцож, энэхүү 3 талт гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн С-ДБ-Б 2014-165-01 тоот гэрээгээр 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ.
Мөн хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нэхэмжлэгч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №ИТЗТБУ-2012/02-3 тоот Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ байгуулагдаж, уг ажлыг 8 739 498 905 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012 оны 6 дугаар сарын 18-наас 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцож, уг гэрээний хугацааг 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ИТЗТБУ-2012/02-3-1 тоот гэрээгээр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж улмаар 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-162 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн оронд Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний санхүүжүүлэгчээр оролцож, энэхүү гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн С-ДБ-Б 2014-162-01 тоот гэрээгээр 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ.
Нэхэмжлэгч дээрх гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхэд захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээний хугацааг удаа дараа сунгаснаас валютын ханшийн зөрүү, нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс зэргийг хохиролд тооцож, захиалагч тал гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги зэргийг хэн хариуцах эсэх талаар маргаж байгаа тохиолдолд шүүх ажил гүйцэтгэх гэрээний талуудын эрх зүйн байдлыг зөв тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, тухайн ажил гүйцэтгэх гэрээ нь сонгон шалгаруулалт буюу тендерийн үйл ажиллагааны үндсэн дээр үүссэн болон уг харилцаанд хэн ямар эрх, үүрэгтэй оролцсон буюу захиалагч нь хэн болох хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулатын газар” ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын аль нь гэрээний дагуу хариуцлага хүлээх этгээд болохыг тодруулахад шүүх хамтран хариуцагчаар татсан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, энэ талаар тайлбар, нотлох баримтыг гаргуулан авах ажиллагааг хийх шаардлагатай.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхтөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасныг зөрчжээ. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн шүүх хуралдааны явцад гаргасан нэмэгдэл ажлын зардал нь төсөвт өртөгт хамаарч байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх боловч энэ талаарх шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан гэж үзэхэд эргэлзээтэй болно.
Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг арилгаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10 000 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
С.ЭНХТӨР