| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2019/0008/З |
| Дугаар | 051 |
| Огноо | 2019-07-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 051
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “Э.Ө” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0292586 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э.Ө” ХК-ийг төлөөлж тус компанийн захирал М.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч татварын улсын байцаагч Х.Е, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын хэлтсийн ахлах байцаагч Ө.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншук нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Э.Ө” ХК нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримтуудаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас 445 454 545.45 төгрөгийн бараа худалдан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу татвараа хугацаанд нь төлж барагдуулсан болох нь татварын “Е” серийн баримт буюу нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтуудаар батлагдаж байна. Гэтэл татварын хэлтсийн улсын байцаагч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0292586 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 73 881.278 төгрөгийн /торгууль, нөхөн төлбөрийн хамт/ татвар нөхөн төлүүлэх шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт заасныг болон Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Засгийн газрын 2016 оны 30 дугаар тогтоолыг тус тус зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь бид зохих журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөөд, баримтаа бүрдүүлээд авч байсан. 2015, 2016 оны 4 баримт буюу “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын баримт буруу гэсэн байна. Уг компани нь татварын газарт, өөр холбогдох ямар байгууллагад шалгуулсныг мэдэхгүй. Аймгийн Татварын хэлтэс манайд нэг албан бичгийг үзүүлээд “ийм компани улсад шалгуулсан байна, үүнд танай компанийн нэр орсон байна, 400 хэдэн сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын шивэлт буруу байна” гэж хэлсэн. Бид бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хууль бусаар баримтын шивэлт хийсэн зүйл байхгүй, тухайн компанитай хамтарч ажилласан нь үнэн.
Сантехникийн материал, тоног төхөөрөмж, дулааны шугам сүлжээний материал авч байсан. Тооцоо хийхдээ заримдаа бэлнээр, заримдаа дансаар тооцоо хийж, сар болгон нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа авч байсан юм. Татварын улсын байцаагч нь шийтгэлийг хуудсыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн, 2016 оны 05-р сарын 25-ны өдрийн зарлагын баримтуудаар борлуулалт хийсэн үйлдэлд 2017 оны 07 -р сарын 01-нд хүчин төгөлдөр мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр заалт, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн юм. Зөрчлийн тухай хуулийн 1.4-р зүйлийн 4 дэх хэсэгт зөрчилд тооцохгүй болсон, шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, ... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт шинээр зөрчилд тооцсон,... шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, ... эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байдаг. Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуульд энэ төрлийн зөрчлийг тусгаагүй, зөрчилд тооцоогүй, шинээр зөрчилд тооцсон учраас Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул энэ хуулийг хэрэглэх нь оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж гомдол гаргаж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага тооцож буй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал зөрчилд тооцож буй борлуулалт нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн, 2016 оны 05 дугаар сарын 25 -ны өдрийн зарлагын баримтуудаар хийгдсэн болно. Гэтэл 2 жил 6 сар өнгөрсний дараа 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцсон нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг илтгэж байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд, зөрчил гаргагч “Э.Ө” ХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийн талаар нотлох баримт байхгүй, зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул гомдол гаргаж байна. “Э.Ө” ХК нь 2016 оны 03 дугаар сарын 06 -ны өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримтуудаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас 445 454 545.45 төгрөгийн бараа худалдан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу хугацаанд төлж барагдуулсан болох нь татварын “Е” серийн баримт буюу нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтуудаар хөтөлбөргүй батлагдаж байхад татвар төлөгч “Э.Ө” ХК-ийн санхүүгийн баримт, тухайн онуудын санхүүгийн тайлан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн үндсэн баримтуудыг шалгахгүйгээр гаднаас шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрх бүхий албан тушаалтны энэ үйлдэл нь мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасан шийтгэлийн хуудсыг гардуулах, танилцуулах журмыг зөрчсөн явдал болсон. Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0292586 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсье. Манай компанид 2015, 2016, 2017, 2018 онуудад ямар нэгэн татварын өр гараагүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн захирал н.Батсуурь гэдэг хүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, тус компани нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, энэ компаниас болоод манай компанийг буруутгагдаж байгаа нь үндэслэлгүй гэв.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа:
“Э.Ө ХК нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас бараа материал худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн орлого, зарлагын баримт, 2015 оны 11 дүгээр 15-ны өдрийн 18952093 дугаар, 2016 оны 05 дугаар 30-ны өдрийн 24153774 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг хуурамчаар үйлдэж татвар ногдох их хэмжээний орлого нуун дарагдуулсан, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдлийг тус хэлтсийн хяналт шалгалтын тасгийн байцаагчдаас татварын хяналт шалгалт хийх явцад илрүүлээгүй бөгөөд уг үйлдэл, зөрчлийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т ...энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан байна.
Татвар төлөгч “Э.Ө” ХК-ийн захиралд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсыг танилцуулсан боловч гардуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд тухайн өдөр зөрчилд шийтгэл оногдуулсан ажиллагааны тэмдэглэл болон хэрэг материалтай танилцуулсан тухай тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд авч үзвэл Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, мөн хуулийн 11.2-т татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацааны талаар маргах үндэслэлгүй байна гэж үзнэ.
Татвар төлөгчдөд хариуцлага оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хариуцлагуудыг бус татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн байна гэдгийг ойлгох нь зүйтэй.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэсэн тул “Эрчим Баян- Өлгий” ХК нь 2015-2016 онд дээрх компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падааныг ашиглаж албан татварын тайландаа татвар ногдуулах орлогоо 445 454 545.45 төгрөгөөр дутуу тусгаж, 44 545 454.54 төгрөгийн татварыг төсөвт төлөөгүй болох нь тогтоогдсон учир дээрх зөрчилд ‘Э.Ө” ХК-д нөхөн татвар 44 545454.50 төгрөг, торгууль 13 363 636.40 төгрөг, алданги 15 972 188 төгрөг нийт 73 881 278.9 төгрөгийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0292586 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахаар байгааг ‘Э.Ө” ХК-ийн захирал М.Тд удаа дараа мэдэгдэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн болно. 0292586 тоот шийтгэлийн хуудас болон хавсралтуудад тус ХК-ийн захирал М.Т нь өөрийнхөө эрхийн дагуу зөвшөөрөхгүй гэж гарын үсгээ зурж, хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр болсноо тайлбарласан. “Э.Ө” ХК-д бичигдсэн актад 4 сая төгрөгийн зөрүү байгаа, 18952093 дугаартай 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн падааны оронд 100 000 000 төгрөгийн дүнтэй 24153774 дугаартай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн падаан солигдож тооцогдсон тул 431 818.8 төгрөгийн нөхөн татвар,129 545.5 төгрөгийн торгуулийн зөрүүтэй боловч 1 608 921 төгрөгийн алданги дутуу тооцогдсон байна. Зөрчил гарсан огноо нь 2015, 2016 он учраас тухайн үед мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн заалтын дагуу алданги тооцсон. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байсан.Тухайн үед бид гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Татвар төлөгч хүн, хуулийн этгээд нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн зөрчил гаргасан тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0292586 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “Э.Ө” ХК-ийг 2015-2016 онуудад татвараа үнэн зөв тодорхойлон тайлагнах, төлөх үүргээ үл биелүүлж, хуурамч падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох нийт 445 454 545.45 төгрөгийн орлогоо бууруулж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хамаарах зөрчил гаргасан гэж үзэж, тус компанийн 445 454 545.45 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох 44 545 454.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын 30 хувь болох 13 363 636.4 төгрөгөөр торгож, 15 972 188 төгрөгийн алдангийн хамтаар нийт 73 881 278 төгрөгийг сайн дураар биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байжээ.
Хариуцагч талаас ийнхүү шийтгэл оногдуулсан үндэслэлийг тайлбарлахдаа “Э.Ө” ХК нь “Монгол гранд эйнжил инвэст” ХХК-иас бараа материал авах гэрээний үндсэн дээр хийгдсэн орлого, зарлагын баримтуудыг хуурамчаар үйлдэж, 2015-2016 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох их хэмжээний орлогоо нуун дарагдууж, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл, зөрчил нь Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэжээ.
Хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээндээ 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар ...борлуулалтын үнэлгээний 10 хувиар албан татвар төлөх бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.1-д ...хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцно гэж зааж, үүнд 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг хамааруулсан байна.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч байна гэж тодорхойлсон ба 5.2.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн этгээд нь хуульд зааснаар татвар суутган төлөгчид хамаардаг бөгөөд нэхэмжлэгч “Э.Ө” ХК нь албан татвар суутган төлөгч этгээд мөн байна.
Тус компани нь 2015-2016 оны тодорхой саруудад Татварын хэлтэст гаргасан “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан”-гаар тухайлбал 2015 оны 11 дүгээр сард компанийн нийт борлуулалтын орлогоо 339 750 857 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнийг 230 363 971 төгрөгөөр тайлагнаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмаар тухайн сард төлөх 33 975 085.7 төгрөгийн албан татвараас бусдаас худалдаж авсан гэх 230 363 971 төгрөгийн бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 23 036 397.10 төгрөгийг хасч тооцон, төлөх албан татварын хэмжээг 10 938 688.60 төгрөгөөр тодорхойлж төлсөн бол, 2016 оны 03 дугаар сард компанийн нийт борлуулалтын орлогоо 312 187 308.20 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа,ажил, үйлчилгээний үнийг 170 273 794.92 төгрөгөөр тайлагнаж, 31 218 730.82 төгрөгийн албан татвар төлөх ёстойгоос бусдаас худалдаж авсан гэх 170 273 794.92 төгрөгийн бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 17 027 379.49 төгрөгийг хасч тооцон, тухайн сардаа 14 191 351.33 төгрөгийн татвар төлжээ.
Мөн 2016 оны 04 дүгээр сард компанийн нийт борлуулалтын орлогоо 534 363 295.45 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа,ажил, үйлчилгээний үнийг 378 018 335. 45 төгрөгөөр тайлагнаснаар 53 436 329.54 төгрөгийн албан татвар төлөх ёстойгоос бусдаас худалдаж авсан гэх 378 018 335. 45 төгрөгийн бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 37 801 833.54 төгрөгийг хасч тооцон, энэ сард 15 634 496 төгрөгийн татвар төлсөн бол, 2016 оны 05 дугаар сард компанийн нийт борлуулалтын орлогоо 191 276 056.36 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа,ажил, үйлчилгээний үнийг 154 986 781.82 төгрөгөөр тус тус тайлагнаж, 19 127 605.63 төгрөгийн албан татвар төлөх ёстойгоос бусдаас худалдаж авсан гэх 154 986 781.82 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 15 498 678.18 төгрөгийг хасч тооцон, 3 628 927.4 төгрөгийн татвар төлсөн байжээ.
“Э.Ө” ХК-ийн дээрх хугацааны худалдан авалтын бүртгэлээс үзэхэд тухайлбал 2015 оны 11 дүгээр сард бусдаас худалдаж авсан гэх 230 363 971 төгрөгийн бараа ажил үйлчилгээний 95 681 818.18 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2016 оны 03 дугаар сард худалдаж авсан гэх 170 273 794.92 төгрөгийн бараа ажил үйлчилгээний 45 454 545.45 төгрөгийн бараа материалыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сард худалдаж авсан гэх 378 018 335. 45 төгрөгийн бараа ажил үйлчилгээний 200 000 000 төгрөгийн барааг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2016 оны 05 дугаар сард 154 986 781.82 төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдаж авсны 100 000 000 төгрөгийн бараа ажил үйлчилгээг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус нийт 441 136 363.63 төгрөгийн бараа материалыг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас худалдаж авснаар тайлагнажээ.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 5437024 регистрийн дугаартай “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийхэд тус компани нь ...2015-2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж, 368 690 515 795.55 төгрөгийн бараа материал борлуулсан, худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнаж, хуурамч, хий бичилттэй төлбөрийн баримт үйлдсэн зөрчил гаргасныг илрүүлж, энэ талаар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 250000817 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байх ба улмаар бусдад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр нийт 368 690 515 795.55 төгрөгийн зөрчлийг цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлжээ. Ингэснээр тус компанийн гаргасан гэх зөрчлийг эрүүгийн журмаар шалгах явцад Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай дээрх дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эдийн засгийн шинжилгээ хийснээр шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтээр татварын улсын байцаагчийн дээрх дүгнэлт үндэслэлтэй болох нь, “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь 2012 он, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид 184 217012097 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийсэн нь, дээрх 640 аж ахуйн нэгжийн нэг нь “Э.Ө” ХК болох нь, “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь нэхэмжлэгч “Э.Ө” ХК-д 2015-2016 онуудад 441 136 363.63 төгрөгийн бараа материал худалдсан мэтээр хуурамч, хий бичилттэй төлбөрийн баримтуудын үйлдсэн хууль бус ажиллагаа нь тогтоогджээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Э.Ө “ ХК-нь 2015-2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар дээрх байдлаар нийт 441 136 363.63 төгрөгийн бараа материалыг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас худалдаж авсан мэтээр тайлагнасан байх боловч бодит байдалд ийм хэмжээний худалдан авалт хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт,Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а-3/827 дугаартай албан бичиг, түүний хавсралтын холбогдох хэсэг, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн 2015-2016 онуудад 441 136 363.63 төгрөгийн бараа материалыг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас худалдаж авсан гэх маргаан нь үндэслэлгүй байна.
Ингэснээр “Э.Ө” ХК нь 2015 оны 11 дүгээр сард, мөн 2016 оны 3,4,5 дугаар саруудад “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас дээрх байдлаар нийт 441 136 363.63 төгрөгийн худалдан авалт хийгээгүй мөртлөө энэ үнийн дүнд ногдох нийт 44 113 636.36 төгрөгийн албан татварыг тухайн үедээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан компанийн өөрийн борлуулалтын орлогод ногдох албан татвараас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан журмаар хасч тооцуулж, мөн хэмжээний албан татвар төлөхөөс зайлсхийсэн байх тул энэ төрлийн зөрчил гаргасан гэх хариуцагч талын тайлбар, маргаан зөв байх ба нэхэмжлэгчид хуульд зааснаар татвар нөхөн төлүүлж, торгох, алданги ногдуулах үндэслэлтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан тул хуулийн этгээдийн 2015-2016 онд гаргасан, Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойшх хугацаанд илэрсэн зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан боловч мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд нь хуулийн этгээдэд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж, 4 дэх хэсэгт Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж, 5 дахь хэсэгт шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан.
Нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн зөрчил гаргасан гэж үзэхээр байгаа ба уг зөрчил нь Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх 2015-2016 онуудад хамаарах боловч энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан зөрчлийг агуулгаар нь Зөрчлийн тухай хуульд хэвээр хуульчилсан байна. Тухайлбал хуулийн 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийн үнийг өсгөх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тусгаж баталсан байх ба энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 74.1-д зааснаар ...татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах зохицуулалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт …татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор энэ төрлийн зөрчил гаргасан татвар төлөгчид оногдуулах хариуцлагыг мөн хэвээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх төрлийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар шинээр зөрчилд тооцоогүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд уг зөрчлийн төрлийг тодорхойлсон, нөгөө талаас Татварын ерөнхий хуульд заасан энэ төрлийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар зөрчилд мөн тооцсон тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.
“Эрчим-Баян-Өлгий” ХК-ийг дээрх төрлийн зөрчил гаргасан үед нь үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д болон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн аль алинд ч дээрх төрлийн зөрчил гаргасан тохиолдолд ...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдсан байх тул “Эрчим” ХК-ийг төсөвт төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй биш байна гэж дүгнэлээ.
Гэвч хариуцагч татварын улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчид шийтгэл оногдуулахдаа дараах байдлаар нөхөн төлүүлэх татварын хэмжээг буруу тооцсоны улмаас татварын хэмжээг төлөх ёстой хэмжээнээс илүү тогтоосон, илүү тогтоосон хэмжээгээр 30 хувийн торгох шийтгэл оногдуулсан, алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс илүү хувиар тооцож ногдуулсан нь хууль бус байх ба энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э.Ө” ХК-ийн 2015-2016 онуудад гаргасан нуун дарагдуулсан гэх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын хэмжээ нь 441 136 363.63 төгрөг болох нь тогтоогдсон байх ба энэ үнийн дүнд ногдох хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ 44 113 636.36 төгрөг байхад татварын улсын байцаагчаас татвар ногдох орлогын хэмжээг үндэслэлгүйгээр 445 454 545.45 төгрөгөөр тусгаж, нөхөн төлүүлэх татварын хэмжээг 44 545 454.50 төгрөгөөр тогтоосноор нэхэмжлэгч 431 818.14 төгрөгийн нөхөн татварыг илүү төлөхөөр байна. Нөхөн төлөх татварын бодит үнийн дүнгээр тооцоход 13 234 090.9 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал шийтгэлийн хуудсаар 13 363 636.4 төгрөгөөр торгож, хуульд заасан хэмжээнээс 129 545.5 төгрөгөөр илүү торгосон нь хууль бус байна.
Түүнчлэн шийтгэлийн хуудсаар 15 972 188 төгрөгийн алданги тооцсон нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 36.2 хувь байгаа нь дараах үндэслэлээр хууль бус байна гэж үзлээ.
Хариуцагч талаас алдангийн хэмжээг тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг баримталж тооцсон гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан.
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчилсөн. Үүнд хуулийн 1 дүгээр зүйлээр Татварын ерөнхий хуулийн 74,75 дугаар зүйлийг өөрчлөн найруулснаар 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж зааж, 4 дүгээр зүйлд энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.
Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж заасныг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж өөрчилсөн.
Түүнчлэн 2015 оны Зөрчлийн тухай уг хуулийг 2017 оны 05 дугаар 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба мөн өдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж зааснаар энэ үеэс ...нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байх талаарх Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг дагаж мөрдсөн байна.
Харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт энэ зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй албан татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тайлбарласан. Алдангийн хэмжээг тогтоосон Зөрчлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг нь тус тус нэг цаг хугацаанд үйлчилж эхэлсэн байх боловч Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Иймээс Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос өмнөх хугацаанаас эхэлж алданги тооцогдох тохиолдолд алдангийн хэмжээг нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тайлбарласан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй бөгөөд алдангийн хэмжээг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар тооцох үндэслэлтэй юм.
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтын хувьд нь энэ зохицуулалт нь дээрх байдлаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдсөн байхад үүнээс өмнөх хугацаанд үйлчилж байсан хуулийн 74.3 дахь хэсгээр алдангийг тооцсон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг татварын улсын байцаагч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1-д энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор алданги тооцох хугацааг тодорхойлох бөгөөд зохих үеэс эхлэн алданги тооцоход алдангийн нийт хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж хуульд дээрх байдлаар заасан тул 36.2 хувиар алданги тооцсон татварын улсын байцаагчийн шийдвэрийг хууль бус байна гэж үзлээ.
Иймд маргаан бүхий шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба энэ нь нэхэмжлэгчийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасан тул татварын улсын байцаагчаас нэхэмжлэгчийн нөхөн төлөх бодит татвар, торгох шийтгэлийн хэмжээ, алданги зэргийг хуульд заасан хэмжээгээр үнэн зөв тооцох замаар шийтгэлийн хуудсыг дахин гаргах боломжтойг дурдах нь зүйтэй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой маргааны хувьд тухайлбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон үндэслэл тогтоогдвол мөн зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр байгаа ба дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдсон байх тул эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч оролцсон, эрх бүхий албан тушаалтнаас түүнд оролцогчийн хувьд хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан, шийтгэлийн хуудсыг танилцуулсан нь Т-76 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаар тогтоогдож байх тул зөрчлийн талаар нотлох баримт байхгүй, зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, шийтгэлийн хуудсыг гардуулах танилцуулах журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Ө” ХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0292586 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА