| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 124/2022/0284/3 |
| Дугаар | 221/МА2023/0083 |
| Огноо | 2023-02-01 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0083
|
|
|
|
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Нэхэмжлэгч: “Э” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 773 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж.
Хэргийн индекс: 128/2022/0284/З/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 773 дугаар шийдвэрээр:
“Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн ач, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Гомдлын агуулга:
2.1.Хүндэтгэх үзэх шалтгаан үүссэн тухай.
Анхан шатны шүүхийн шийдвэрт "Нэхэмжлэгч нь... коронавирусын халдвар авч өвчилж, өөрийгөө тусгаарласны улмаас хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж чадаагүй гэж тайлбарлан, эмнэлгийн тодорхойлолт, магадалгаанууд, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгч байх боловч үүнийг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна" гэжээ. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны 33 дугаар тогтоол болон 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмжид тайлбарласныг хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болон геологичийн коронавирусын халдвар авсан, тусгаарлалтын дэглэм сахисан нөхцөл байдал хамаарахаар байна.
Тодруулбал "Э" ХХК нь гүйцэтгэх захирал болон геологич гэсэн ажилтантай бөгөөд тэдгээр нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хоолой өвдөх, халуурах, Хуурай ханиах зэрэг коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өрхийн эмчийн заавраар өөрийгөө тусгаарлаж, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үеэс эдгэрч шинж тэмдэг арилах хүртэл өөрийгөө тусгаарлаж, эрх бүхий байгууллагаас тогтоосон 14 хоногийн хугацаа дуустал буюу 10 дугаар сарын сүүл хүртэл тусгаарлалтын дэглэмийг сахисан нь баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн удирдлага нь коронавирусын халдвар авсан, тусгаарлагдсан тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, энэхүү нөхцөл байдал нь эрх бүхий Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоож гэрчилгээ олгосон байхад шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
2.2.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн аваагүй тухай.
Анхан шатны шүүхийн шийдвэртээ "...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаа дуусахаас 1 сарын өмнө гэсэн хугацааг заавал 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэж ойлгохгүй, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө хэдийд ч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх боломжтой гэж ойлгохоор байна” гэжээ.
Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хандсан боловч тус газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.Х компанийн хүсэлтийг байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу хэмээн хүлээн аваагүй. Энэ тухай урьдчилан шийдвэрлэх шатанд гаргасан гомдолд тодорхой дурдсан байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/21/23 дугаар албан бичигт “...өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгаа" гэж дурдсаныг үзвэл нэхэмжлэгчийн хуулийн хугацаандаа ирүүлсэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хүн, хуулийн этгээдэд ялгавартай хандсан, эрх ашгийг хохироосон үйлдэл гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаанд захиргааны байгууллагад хандсан байхад тус хугацаанаас өмнө хандах боломжтой, өмнө хандаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа мэт тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед алдаа гарсан тухай.
Анхан шатны шүүхийн шийдвэртээ "...Нэхэмжлэгч... нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах үйлчилгээний төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн гэж тайлбарлан Богд банкны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн баримтыг шүүхэд гаргаж өгдөг боловч энэ нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасныг нотлох баримт биш юм" гэжээ.
Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны байгууллагад хандахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтуудаас өөрт байсан буюу өргөдөлд хавсаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах үйлчилгээний төлбөр төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн эх хувийг шүүхэд гаргаж өгсөн, бусад хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай тайлан болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан зэрэг нь хариуцагчид өөрт байдаг баримт тул сунгуулах хүсэлтэд хавсаргах шаардлагагүй байдаг.
Нэхэмжлэгч нь өөрт байгаа бүрдүүлэх шаардлагатай, сунгуулах өргөдөлд хавсаргасан нотлох баримтыг гаргаж өгсөн, бусад баримт нь хариуцагчид өөрт байхад шүүхээс нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасныг нотлох баримт биш хэмээн дүгнэсэн ойлгомжгүй байна.
Захиргааны хэргийн шүүхийн ажиллагааны онцлог нь шүүх нотлох зарчимтай буюу шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хуулийн хугацаанд хандсан эсэх тухай хангалттай нотлох баримт байхгүй хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагын хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй үйл баримтыг тодруулахгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө захиргааны байгууллагад хандаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 773 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “Э” ХХК-иас ““Э” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.
2.Анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 900 дүгээр шийдвэрээр[1] Дорнод аймгийн Гурван загал сумын Ө нэртэй 3117.30 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хайгуулын XV-*** дугаар тусгай зөвшөөрлийг[2] 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон.
3.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр[3] нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс тооцож 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.
4.Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байсан бөгөөд нэхэмжлэгчээс уг хугацааг дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг, холбогдох баримтын хамт гаргаж, хугацаа сунгуулах үйлчилгээний төлбөрийг төлсөн боловч хариуцагчаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргаагүй үндэслэлээр энэхүү өргөдлийг буцаасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас[4] тогтоогдож байна.
5.Үүний дараа нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 002 дугаар албан бичгээр[5] “...Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт хорио цээрийн дэглэмийн энэ үед ирэхэд хүндрэлтэй, удаашралтай байгаа бөгөөд хорио цээр дуусгавар болсон үед даруй авахаар аймаг, сумын холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж тохиролцсон болно..., байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтаас бусад бүрдүүлэх баримт болон зохих төлбөрийн баримтуудыг хугацаанд нь бүрдүүлсэн..., баримт бичгийн бүрдүүлэлтэд хүлээлгийн хугацаа өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг хариуцагчид гаргасан.
6.Уг албан бичигт хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8/4985 дугаар албан бичгээр[6] “...тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргахаар ...заасны дагуу хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа... 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон, хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн.
7.Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 19 өдрийн А21/23 албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлт[7] дахин хариуцагчид гаргасныг хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5605 дугаар албан бичгээр[8] “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зүгээс Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийг бүртгэж байгаа бөгөөд ...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хугацаа сунгуулахаар өргөдөл гаргаж байгаа бөгөөд ...хариуг 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8/4985 тоотоор хүргүүлсэн, танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй” гэсэн агуулга бүхий хариуг өгчээ.
8.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:”, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэжээ.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт.”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж тус тус заасан.
Уг хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заасан.
9.Дээрх хуульд заасан зохицуулалтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах ба хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоор байна.
10.Маргааны хувьд, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байсан бөгөөд нэхэмжлэгчээс уг хугацааг дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг, холбогдох баримтын хамт гаргаж, хугацаа сунгуулах үйлчилгээний төлбөрийг төлсөн боловч хариуцагчаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргаагүй үндэслэлээр энэхүү өргөдлийг буцаасан.
11.Үүнээс гадна хариуцагчаас нэхэмжлэгчийн хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтэд “...тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргахаар ...заасны дагуу хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа... 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон”,
12.Мөн “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зүгээс Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийг бүртгэж байгаа” зэрэг хариуг нэхэмжлэгчид өгчээ.
13.Үүнээс үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн хугацаагаа дуусахаас 1 сарын өмнө уг хугацааг сунгуулах хүсэлт гаргасан нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, мөн тухайн тохиолдолд нэхэмжлэгч компанид ач холбогдолтой нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэж үзэн нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэл хийсэн гэж үзэхээр байна.
14.Энэхүү хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
15.Түүнчлэн нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах цаг хугацаанд Коронавируст халдварын улмаас орон даяар удаа дараагийн хөл хорио болон бусад арга хэмжээг эрх бүхий этгээдээс авч байсан болон тухайн цаг хугацаанд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийг бүртгэж байсан” нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
Энэхүү Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотойгоор хариуцагчаас авч хэрэгжүүлсэн “өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийг бүртгэж байсан” үндэслэлд нэхэмжлэгч компанийг хамааруулах боломжтой байгааг дурдах нь зүйтэй.
16.Харин Анхан шатны шүүхээс “... эрүүл мэндийн шалтгаантай буюу коронавирусын халдвар авч өвчилж, өөрийгөө тусгаарласны улмаас хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж чадаагүй гэж тайлбарлан, эмнэлгийн тодорхойлолт, магадалгаанууд, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгч байх боловч үүнийг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй, ... 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө хэдийд ч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх боломжтой, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...баталгаат шуудангаар, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргах боломжтой байсан” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, ... 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн гэж тайлбарлан... гаргаж өгдөг боловч энэ нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасныг нотлох баримт биш” гэж маргааны үйл баримтыг буруу үнэлж, дүгнэн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй байх тул уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын “Э” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга”-д даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ