Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 520

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ш, Р.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Д.Ш,

шүүгдэгч Р.Ц,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 1811005060174 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Д Ш, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Актив хийц” ХХК-д зураг зүйч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эх 13 дугаар гудамжны .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:..../,

Х овогт Р.Ц, 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, охин, дүү, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Д.Ш, Р.Ц нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Т.Т Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смарт” хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр таксинаас буухдаа авто машин дотор гээж орхисон “айфоне 8 плас” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:  Д.Ш, Р.Ц нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Ш, Р.Ц нарыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш, Р.Ц нарт тус бүрт энэ тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Оюунгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай хуульчилсан байх бөгөөд тухайн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар заасан байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан буюу уг зүйл хэсэг хорих ял шийтгэл заагаагүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлгүй буюу шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Ш, Р.Ц нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Т.Т Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смарт” хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр таксинаас буухдаа авто машин дотор гээж орхисон “айфоне 8 плас” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Т: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 10 цагийн үед би найз Б.Б хамтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пийс молл” худалдааны төвийн үүдэн дээрээс хар бараан өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй, 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж явсан автомашинд суугаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо гэрийнхээ дэргэд Смарт хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр ирж зогсоод таксины үйлчилгээний хөлс болох 1500 төгрөгийг бэлнээр төлөөд буусан. Бид хоёр тэндээсээ шууд алхаад “Смарт” дэлгүүр рүү ороод нэгж авах зуураа гэнэтхэн барьж явсан гар утсаа санаад өөрийнхөө 99722860 дугаар руу залгатал эрэгтэй хүн миний дуудсан дуудлагыг аваад “байна” гэж хэлээд удалгүй утсыг минь салгачихсан...”  /хх-ийн 16-17/,

Шүүгдэгч Д.Шын: “...нөгөө хоёр хүнээ буулгаад хойш Баянбүрд чиглээд явж байсан чинь Ц хойд суудал дээр нэг гар утас байна үүнийг яах уу гэхээр нь алив наашаа өгч бай гэж аваад унтраагаад Цэд эргүүлээд өгсөн. “Теди” худалдааны төв дээр авч ирээд 500.000 төгрөгөөр зарчихаад, гар утас зарж олсон мөнгө Цэд байсан учраас түүнээс нь 150.000 төгрөгийг нь авсан юм...” /хх-29/,

Шүүгдэгч Р.Цийн: “...нөгөө 2 хүнийг авч 50 дугаар сургуулийн хажууд буулгаад цааш хөдлөөд явж байхдаа хойшоо харсан чинь машины хойд талын суудал дээр “айфони-8” маркийн бор өнгийн гар утас байхаар нь Шт хэлтэл аваад өг гэхээр нь би нөгөө гар утсыг Шт аваад өгөх үед нөгөө гар утас дуугарахаар нь би унтраачихсан юм. ...Тэгээд 2 хоногийн дараа нөгөө утсаа 500.000 төгрөгөөр зарчихаад ...нөгөө гар утас зарсан мөнгөнөөсөө 150.000 төгрөгийг нь өгчих гэхээр нь би Шт өгсөн. ...Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан учраас унтраагаад зарчихсан юм...” /хх-28/ гэх мэдүүлгүүд болон

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-23/,

Эд хөрөнгө хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9-10/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байна.

Д.Ш, Р.Ц нарын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Д.Ш, Р.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоожээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зөвхөн хорих  ялаас чөлөөлөхөөр  заасан бөгөөд Д.Ш, Р.Ц нарын үйлдсэн хэргийн зүйлчлэлд хорих ял оногдуулах заалт байхгүй, шүүх Д.Ш, Р.Ц нарт торгох ял оногдуулсан байна.

Иймд дээрх асуудлаар прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Шүүх шийтгэх тогтоолдоо тусгайлан заагаагүй тохиолдолд торгох ялын гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  160 дугаар зүйл буюу  “торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх” журмын дагуу явагддаг болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ