Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Хохирогч ********,

            Шүүгдэгч ******** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********т холбогдох эрүүгийн 2127000000007 тоот хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, ** настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ******** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** /РД: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******** нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “********” гэх газраас хохирогч ********ын эзэмшлийн 32 тооны буюу олон тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэсэг ямаа эзэнгүй байсан. Би 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөгөө хэсэг ямаа өчигдрийн байсан газраасаа урагшаа жаахан явсан байсан. Тэгээд чоно, нохойны хоол болчих байх гээд би өөрийн хонь ямаандаа нийлсэн. Манай хонь, ямаанд 2 хоносон хүн ирж сураглахгүй болохоор нь 14 ямааг нь бойлсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

 Хохирогч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 26-ны өглөө манайх хониноосоо ямаагаа ялгаад тоолоод гаргасан. Өдөр ******** манайд орж ирсэн. Хүний хониноос ганц хонь авч явах гэсэн юм, уяа байна уу гэхээр уяа өгч явуулсан. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өглөө цасан шуурга тавиад ямаагаа тоолсон 32 ямаа дутсан. Тэгээд ямаагаа сургалж Есөнзүйл сум орсон чинь сураг нь гарахгүй. Тэгсэн гэр рүүгээ явж байсан морьтой хүн таарахаар нь асуусан чинь 12 дугаар сарын 26-ны өглөө зээрд морьтой хүн баруун тийш нь туугаад явсан гэж хэлсэн. Тэгээд ********ын хонь, ямаанд шүүсэн чинь 18 тооны ямаа байсан. Хагас ямаа нь хаана байна гэсэн ******** мэдэхгүй гэхээр 14 ямаа дутаад байна. Хэлэхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гээд 18 ямаагаа туугаад явсан. Хархорин сумын цагдаад мэдэгдсэн. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна. Ямаагаа ямаагаар нь авах хүсэлтэй байна. Нааш цаашаа явсан бензиний мөнгө 80,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Хажуу худаг” гэх газрын өөрийн байгаа гэрийн ертөнцийн зүгээр чанх урд байх уулнаас 32 тооны ямаа бэлчээр дээрээс алдсан. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ямаа тоолсон чинь 32 ямаа дутуу байсан. Учир нь эхнэр бид хоёр 2020 оны 12 сарын 26-ны өглөө хонь, ямаагаа тоолж гаргасан юм ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай байгаа газраас ертөнцийн зүгээр баруун тийш даваад нутгийн иргэд ******** гэдэг айлын хонинд шүүж үзсэн чинь 18 тооны жижиг эм ямаа нь байсан. Үлдсэн ямаагаа асуутал 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээс баруун урд талын энгэр дээр хоносон байсан. Тоолж үзтэл 18 тооны ямаа байхаар өөрийн хонинд нийлүүлсэн гэж хэлсэн. Одоо олдохгүй байгаа 14 тооны ямаа нь том эр ямаанууд байхгүй байна ...Манай ямаа 2 чих цуулбар эмтэй, эвэр дээрээ зарим ямаа нь цэнхэр будагтай байгаа ...Манай хонь гэр байгаа газраас ертөнцийн зүгээр баруун урагш бэлчдэг. Харин ********гийн хонь нь гэрийнхээ ертөнцийн зүгээр урагш бэлчдэг. Тийм учраас хонь, ямаа бэлчээр тусдаа байдаг ...Цагаан-Овоо гэх газар баруун урд талаас нь хойш нь тууж явсан гэж хэлсэн ...Зээрд морь унадаг ...Манай гэрээс ертөнцийн зүгээр баруун урагшаа нутагладаг Гандалай гэх нутгийн иргэд дууддаг залуу 2020 оны 12 дугаар сарын 26-ны орой зээрд морьтой хүн 30-40 тооны ямаа туугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойш нь туугаад явж байсан гэж хэлсэн ...Өндөр том биетэй цагаан ямаа, хар халзан эр ямаа, хамар дээрээ цагаантай улаан ямаа, гэх мэт ерэн улаан, хар зүсмийн ямаанууд байхгүй байна....” гэсэн мэдүүлэг, /хх 16-18-р хуудас/,

 

Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед Цагаан-Овоо гэх газраас ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо 30-40 тооны орчим бараан голдуу бог мал туучихсан зээрд зүсмийн морь уначихсан бараан өнгийн дээлтэй эрэгтэй хүн явж байсан талаар хэлсэн. Би өөрийн гэр байгаа газраас ертөнцийн зүгээр зүүн талд нь байсан... Би 5 км орчим зайнаас дурандаж харсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24-р хуудас/,

 

Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат ******** гэх залуу 14 тооны эр ямааны мах, 14 ширхэг эр ямааны арьс тус тус авчирч өгсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат ногоон хочит Ширнэнтэй саарал өнгийн Мusso маркийн тээврийн хэрэгсэл дээр мах, арьсаа ачсан автомашин дотор эхнэр хүүхдүүд нь хамт байсан. ******** 14 тооны ямааны мах өгөхдөө гарал үүслийн ариун цэврийн гэрчилгээ өгөөгүй. Надад хэлэхдээ үлдэгдэл 10 гаруй ямааны мах тэрийг авчирч өгнө тэр үедээ бичиг баримтыг нь өгнө гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг, /хх 26-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2/11 дугаартай дүгнэлт “...Эдгээр бог малын үнийн судалгаа мэдээллийг Өвөрхангай аймгийн статистикийн мэдээ мэдээлэл, мал махан бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуй нэгж, хувь хүмүүс, тодорхой тооны малчдаас сурвалжпах замаар тогтоолоо. Ингэхдээ малын чанар, шинж, байдлын судалгааг харгалзан үзлээ. Нас гүйцсэн эр ямаа 100,000 төгрөгийн үнэтэй байна. Дээрх мэдээллийг үндэслэн дээр дурдсан 14 тооны бог малын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,400,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх 63-66-р хуудас/,

 

          - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх 1-3-р хуудас/,

 

          - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8-р хуудас/,

 

          - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 86-р хуудас/,

 

          - Хаан банкны дансны хуулга / хх 80-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч ******** нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “********” гэх газраас хохирогч ********, гэрч ********, ******** нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, хөрөнгийн үнэлгээний “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2/11 дугаартай дүгнэлт тогтоолын хуулбар, мал, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн “...шүүгдэгч ******** нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, харин алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

          Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох тодорхой мэдэгдэхгүй байгаа бэлчээрийн мал юм. Мал сүрэг нь хариуцан маллаж буй эзнийхээ нутаглаж байгаа бэлчээрийн хүрээнээс өөрийн хөлөөр /хариулгагүй, байгалийн давтагдашгүй хүчинд авагдсан/ гарч, өөр нутаг оронд бэлчээрлэн очсон малын эзэн, хариуцагчийг тогтоох бололцоогүй, бод малын бэлчих нутаг дэвсгэр бэлчээрийн хэмжээ, хүний оролцоогүйгээр гадны хүчин зүйлээс шалтгаалан бэлчээрийн хүрээнээс гарсан байдлыг алдуул мал гэж үзнэ.

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад хохирогч  ********ын шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 27-ны өглөө цасан шуурга тавиад ямаагаа тоолсон 32 ямаа дутсан. Тэгээд ямаагаа сураглаж Есөнзүйл сум орсон чинь сураг нь гарахгүй байсан. Тэгсэн гэр рүүгээ явж байсан морьтой хүн таарахаар нь асуусан чинь 12 дугаар сарын 26-ны өглөө зээрд морьтой хүн баруун тийш нь туугаад явсан гэж хэлсэн. Тэгээд ********ын хонь, ямаанд шүүсэн чинь 18 тооны ямаа байсан. Хагас ямаа нь хаана байна гэхэд ******** мэдэхгүй гэсэн. 14 ямаа дутсан. Хэлэхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гээд 18 ямаагаа туугаад явсан. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг, гэрч ********гийн“...2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед ЦагаанОвоо гэх газраас ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо 30-40 тооны орчим бараан голдуу бог мал туучихсан зээрд зүсмийн морь уначихсан бараан өнгийн дээлтэй эрэгтэй хүн явж байсан...” гэх мэдүүлэг /хх 23-24-р хуудас/, гэрч ********ын “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат ******** гэх залуу 14 тооны эр ямааны мах, 14 ширхэг эр ямааны арьс тус тус авчирч өгсөн ...******** 14 тооны ямааны мах өгөхдөө гарал үүслийн ариун цэврийн гэрчилгээ өгөөгүй. Надад хэлэхдээ үлдэгдэл 10 гаруй ямааны мах авчирч өгнө тэр үедээ бичиг баримтыг нь өгнө гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх 26-р хуудас/ зэргээр шүүгдэгч ******** нь бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

          “Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодийг дөрвөн богоор тооцно” гэж хуульчилсан.

 

           Шүүгдэгч ******** нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

          Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******** нь хохирогч ********ын 32 тооны ямааг хулгайлж өөрийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн эзэмшлийн морийг ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

  

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

 

          Иймд шүүгдэгч ********т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Шүүх хуралдаанд хохирогч ******** “...32 тооны ямаагаа алдсан бөгөөд 18 тооны ямаа авсан, нас гүйцсэн 14 эр ямаа дутсан. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна. Ямаагаа ямаагаар нь авах хүсэлтэй байна. Нааш цаашаа явсан бензиний мөнгө 80,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

          ********ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Вендо” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ӨХЦ21-02 дугаар шинжээчийн дүгнэлтийг хохирогч зөвшөөрөхгүй дахин үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан байна.

           Мөн түүнчлэн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.

           “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч ********ын нас гүйцсэн эр ямаа 100,000 төгрөгийн үнэтэй байна. 14 тооны бог малын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,400,000 төгрөг төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********аас гэмт хэргийн улмаас хохирогч ********ад учирсан 14 эр ямааны хохирол 1,400,000 төгрөг, бинзений зардлын 80,000 төгрөг нийт 1,480,000 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх 3 дугаар багт оршин суух ******** /РД:ЙВ69050216/-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

          Шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаад нотлох баримтыг үнэлж шүүгдэгч ********ыг “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулахад шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар” гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлах хугацааг 5 хоногоор тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч ******** нь хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

          Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар яллах дүгнэлтэд “яллагдагч ******** нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хажуу худаг” гэх газраас хохирогч ********ын эзэмшлийн 32 тооны буюу олон тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч олон тооны мал хулгайлсан гэх гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэж бичсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч тодорхойлохдоо “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх шинжийг хуульчлаагүй тул шүүх гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч ********ыг “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч А.********тарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргав.

         

          Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэсэн хэдий ч шүүгдэгч ******** нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор уналга ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

         

           Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт бусдын олон тооны малыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн зээрд зүсмийн морьтой явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого ” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх морь нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарч байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд ********ын эзэмшлийн зээрд зүсмийн 3 настай морийг 650,000 төгрөгөөр үнэлжээ.

           Шүүх шүүгдэгч ********аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зээрд зүсмийн 3 настай морийг улсын орлогод оруулахаар тогтоосон тул уг морийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээв.

 

           Шүүгдэгч ******** нь 13 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

    1.  Шүүгдэгч ********ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ********ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ********ын эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий зээрд зүсмийн 3 настай морийг улсын орлого болгосугай.

 

      6. Шүүгдэгч ******** нь 13 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

      7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********аас 1,480,000 төгрөгийг хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх 3 дугаар багт оршин суух ******** /РД:ЙВ69050216/-д олгосугай.

 

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8 дахь заалтад зааснаар ********ын эзэмшлийн зээрд зүсмийн 3 настай морийг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.ЭНХ-АМГАЛАН