Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч: Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн шүүгдэгч Таргад овогт Өийн Дд холбогдох  2135000020044 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын   13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 02-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  малчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Таргад овогт Өийн Д /РД:ОЗ00260217/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ө.Д нь Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 16-нд бэлчээрийн маргааны улмаас хохирогч Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Ө.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ө.Д нь Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 16-нд бэлчээрийн маргааны улмаас хохирогч Б.Быг зодсон болох нь:

1. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг малчин юм аа. Би 2006 онд Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн нутагт байрлах "Хоньчин цахир" гэх өвөлжөөний газрын гэрчилгээг бичүүлж авсан юмаа. Тэгээд манай хүүхдүүд бага насны сургуульд байдаг учраас би уг өвөлжөөндөө 2006 оноос хойш 2017 оны хооронд өвөлжөөгүй юм аа. Тэгээд 2017 онд сумын Засаг даргадаа мэдэгдээд би өвөлжөө дээрээ хашаа барьж авна гэж хэлээд мөн уг өвөлжөөнд өвөлжиж байсан Наранбулаг сумын 4 дүгээр багийн иргэн Б.Ө гэх хүнд би өвөлжөөгөө авна гэж хэлсэн. Тэгтэл манай сумын засаг дарга Шагдаржав тэр газар манай сумын газар нутаг учир та өвөлжөөний хашаагаа барь гэж хэлсэн. Тэгтэл 2017 оны намар уг өвөлжөө дээр өвөлжиж байсан Ө гэх хүн би ирэх хавар өвөлжөө дээр барьсан хашаагаа буулгаж цуцаж авна гэж хэлээд цаасан дээр хашааныхаа модыг тоолоод гарын үсэг зураад явсан. Тэгээд түүнээс хойш буюу 2017 оны өвлөөс одоог хүртэл манайх "Хоньчин цахир" гэх өвөлжөө дээр өвөлжиж байна. Тэгээд би 2020 оны 12 дугаар сарын 05-ны үед өөрийнхөө багийн даргад утсаар холбогдоод манайтай айл саахалт байгаа Наранбулаг сумын малчин Ө манай гэрийн эргэн тойрон 200 метр газарт малаа бэлчээгээд байна энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүссэн. Тэгээд сумын захиргаанаас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд Өтэй уулзана гэж хэлээд явсан. Тэгтэл иргэн Ө өөрийн бог малаа дахин манай гэрийн эргэн тойрон бэлчээгээд байхаар нь би Өийн залуу Дд ахын дүү хонио цааш нь эргүүл манай гэр рүү манай бэлчээр рүү битгий ойртуул гэж хэлтэл тэр залуу чи хар өтгөө ав би бэлчээрээ авна гэж хэл амаар намайг доромжилсон. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед манай гэрийн хойд хэсэгт Д хонио бэлчээгээд байхаар нь би худгаас ирж байгаад морьтой очоод залуу одоо хонио цааш нь бэлчээрлүүл гэж хэлтэл над руу чулуу шидээд ясыг чинь тарааж ална чамайг гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ хариад гар утсаа аваад өөрийн бага хүүхэд болох Эын хамтаар мотоциклоор хариу буцаад очсон. Тэгтэл Д миний мотоциклыг надтай хамт татаж унагаад миний хоолойг боогоод газарт унагачхаад миний дээр суучхаад цээж хэсэг рүү өвдөглөсөн. Тэгээд намайг босгоод миний цамцны энгэрээс бариад хоолой боогоод 5-6 метр газарт намайг чирсэн. Тэгээд миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл надтай хамт явсан манай хүүхдийн утсыг булаагаад утсан дээр нь бичсэн бичлэгийг устгасан. Тэгээд би мотоциклоо унаад хүүхдээ гэртээ буулгачхаад сумын төв рүү явсан. Би сумын төв рүү явахдаа сумын засаг дарга руу утсаар холбогдож болсон зүйлийг хэлсэн. Миний толгой хэсэгт гараараа 3-4 удаа цохиж намайг газарт унагачхаад миний хоолойг боосон, мөн газарт унагаачхаад 5-6 м газарт чирсэн, миний цээж хэсэг рүү, баруун гарын суга руу өвдөглөсөн. Миний толгой таллаж өвдөж байна. Баруун гар тохой хэсэгтээ өвчтэй, хамар мушгирсан. ...Би эмчилгээ хийлгэсэн зардал мөнгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг[1],

2. Насанд хүрээгүй гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед аав Б.Бын хамтаар мотоциклтой хонь руугаа явж байтал манай хажуу талд байдаг Ө ахын хонь манай гэрийн ойролцоо ирэхээр нь аав бид хоёр уг хонийг малынхаа бэлчээрээс хөөж гаргах гээд очиход Д ах хониныхоо хажууд байсан тэгээд аав бид хоёр мотоциклтой очиж зогстол Д ах аавыг заамдаад мотоциклоос татаж унагаах гэхээр нь би үсрээд буусан. Тэгтэл Д ах аавыг мотоциклтой нь хамт газарт унагаасан. Тэгтэл аав мотоциклоо босгочихъё бензин нь асгарч байна гэж хэлтэл Д ах аавын мотоциклыг босгож данхраадчихаад аавын хоолойг нь боогоод газарт 20 метр орчим чирсэн. Тэгтэл аав 2 минут орчим хэвтэж байгаад боссон. Тэгээд Д ах намайг бариад миний утсыг булааж авсан. Тэгтэл аав Д ахаас миний утсыг буцааж авч өгтөл Д ах аавын араас нь гараараа цохисон яг хаашаа нь цохисныг нь би хараагүй. Тэгээд аав Д ах хоёр хоорондоо барьцалдаад аавыг газарт унагаад дээр нь дарж суучхаад толгой руу нь 3 удаа цохисон. Тэгтэл аав түлхээд боссон. Тэгээд аав бид хоёр гэр рүүгээ харьсан. ...Аавын толгой хэсэг рүү 3 удаа цохиж заамдаад шороо дээр 20 м орчим чирсэн, мөн толгойг нь ороочхоод газар мөргүүлсэн” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “...Манайх уг Б гэх айл өвөлжиж буй хоньчин цахир гэх өвөлжөөнд 17 жил өвөлжөөд 2018 оноос хойш уг өвөлжөөнд өвөлжихөө больсон юм...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хугарлыг шинэ хуучин гэж ялгах боломгүй бөгөөд хамар ясны гавлын зураг харахад хамрын яс хугаралттай харагдаж байна...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 сарын 17-ны өдөр бусдад зодуулсан шалтгаанаар тархины доргилт тархины хаван оношоор хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөний биеийн байдал дунд ухаан санаатай, орчиндоо харьцаатай амин үзүүлэлт тогтвортой зовуурь толгой өвдөнө бөөлжис хутгана гэсэн зовуурьтай байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Б гэх өвчтөн нь гэмтлийн тасгаас үзүүлэхээр ирээд би үзсэн. Уг өвчтөн нь хамар ясны хугарал, таславчийн мурийлттай байна гэж үзээд хамар яс засуулах заалт бичиж өгөөд явуулсан. Тухайн үед тархины зовиур их байсан их байсан учир хамар засах эмчилгээ хийгдээгүй...” гэх мэдүүлэг[6],

7. Шинжээч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг өвчтөн нь тархи доргилт оноштойгоор гэмтлийн тасагт эмчлүүлж байсан ба тухайн оношийг нь үндэслэж дүгнэлт гаргасан. Тухайн өвчтөний өвчний түүх болон чих хамар хоолойн эмчийн тавьсан онош болох хамар ясны хугарал нь үзлэгт хуучин хугарал байсан тул гэмтлийн зэрэг тогтоохдоо тухайн хамар ясны хугарлын гэмтлийг шинжээчийн дүгнэлтдээ оруулж өгөөгүй болно.” гэх мэдүүлэг[7],

8. Хохирогч Б.Бын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүх[8],

9. Шүүгдэгч Ө.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 11 цаг өнгөрч байхад хониндоо явсан. Тэгээд би хониныхоо бэлчээрт байж байтал Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Б.Б гэх хүн 15 цаг өнгөрч байхад өөрийн сургуулийн хүүхдийнхээ хамтаар мотоциклтой над дээр ирсэн. Тэгээд Б.Б намайг малаа ав яагаад манай малын бэлчээр дээр малаа хариулаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та юу яриад байгаа юм бэ гэж хэлтэл намайг пизда шээс гээд энэ миний бэлчээр нутаг гэж хэл амаар доромжлохоор нь би таны нутаг гэж юу хэлээд байгаа юм бэ эвтэй байцгаая гэж хэлтэл Б ах би газар нутаг дээрээ байгаа хүн чамаар заалгадаг юм уу гэж хэлсэн. Тэгтэл Б ах намайг энгэрээс заамдаж газарт унахаар нь би та ээж, аавтай очиж учраа ол гэж хэлсэн Тэгтэл Б ахын хүүхэд утсан дээрээ бичлэг хийгээд байхаар нь би чи бичлэг хийгээд байгаа юм уу гэж асуутал тэр хүүхэд би бичлэг хийгээгүй утсаа оролдож байна гэхээр нь би очоод утсыг нь аваад хартал миний хэлсэн үгийг бичсэн байхаар нь би Б ахыг та ингэж байхаар манай аав ээжтэй очиж учир байдлаа олцгоо гэж хэлтэл Б ахын хүүхэд ирээд миний зүүн хөлөөс барихаар нь би болиулсан. Тэгээд би Б ахтай заамдалцаад уг хүнийг газарт унагаад чирсэн юм аа. Тэгээд бид хоёр салцгаагаад Б ах мотоциклоо унаад гэр рүүгээ явсан юм аа. Би морио унаад гэртээ хариад болсон зүйлийг аав ээждээ хэлсэн юм аа. ... Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна.гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Б.Бын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн чих, эрүү, хамар зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт[9],

Хэргийн материалд хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээгээр 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 159 дугаар “Увс аймгийн ШША-ны шинжээч эмч Б.Хын гаргасан 2020.12.23-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, 2021.01,18-ны өдрийн 02 дугаартай нэмэлт дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.Бын биед тухайн үед тархины доргилт, зүүн чих, эрүү, хамарт зулгаралт гэмтлүүд учирсан нь тогтоогдсон байх бөгөөд эдгээр гэмтлүүд нь мохоо. Б.Бын хамар яс хуучин хугаралтай байна. Үзлэгээр тогтоогдсон бусад гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт[10]-үүдээр хохирогч Б.Бын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ө.Д нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Бын Тархи доргилт, зүүн чих, эрүү, хамар зулгаралт гэмтэл учирсан байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 1.823.723 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл авсан зардал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Өлгий сумаас Улаангом суманд ирж оролцсон, буцаж явсан зардал, өмгөөлөгчийн хөлс багтжээ.

Хохирогчийн 1.823.723 төгрөгийн нэхэмжлэлээс 524.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үүнд өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөг, хохирогч Б.Б 2021 оны 01 дүгээр сарын 04-нд  шинжээч томилсон тогтоолтой танилцахаар  Өлгий сумаас Улаангом суманд Мотоциклоор ирэхэд зарцуулсан бензиний үнэ 16.500 төгрөг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан зардал 8.000 төгрөг  нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгов.

Гэмт хэргийн хохирогч нь өмгөөлөгч авч  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхтэй боловч өмгөөлөгч авах эсэх нь тухайн хохирогчийн сайн дурын үндсэн дээр явагдах ажиллагаа тул уг ажиллагаатай холбоотойгоор зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Мөн 500.000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй дурдах нь зүйтэй.

Хохирогч Б.Б 2021 оны 01 дүгээр сарын 04-нд  шинжээч томилсон тогтоолтой танилцахаар  Өлгий сумаас Улаангом суманд Мотоциклиор ирэхэд зарцуулсан бензины үнэ 16.500 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 11 оны 30-ны өдрийн А/894 дугаартай захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл Увс аймгийн нутаг дэвсгэрт Мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон тул дээрх хугацаанд мотоциклиор замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан зардал 8.000 төгрөг ийг нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

Иймд хохирогчийн 1.823.723 төгрөгийн нэхэмжлэлээс 524.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ө.Даас 1.299.223 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгч Ө.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ө.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Д урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[11]-аар тогтоогдож байна

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Б.Ггийн өгсөн: “манай дүү Д нь хүүхдээрээ зантай, хүнтэй зөв боловсон харилцдаг. Зөөлөн даруухан ааштай ажилсаг, найз нөхөд ховортой. ...ээж аавынхаа үгнээс гардаггүй, уян зөөлөн, хорт зуршилгүй...” гэх мэдүүлэг[12], гэрч Ч.Мгийн өгсөн: “манай дүү зөөлөн даруухан, дуу цөөтэй. Хүний урдаас үг хэлдэггүй, аав ээжтэйгээ хөдөө мал малладаг. Хүнд тусархаг, хорт зуршилгүй. Их даруухан уян зөөлөн хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг[13] хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ө.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Таргад овогт Өийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогчийн 1.823.723 төгрөгийн нэхэмжлэлээс 524.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ө.Даас 1.299.223 төгрөг гаргуулж хохирогч Б.Б /Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, РД:ОИ78021311/-д олгосугай.

5. Шүүгдэгч Ө.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Ө.Дд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ

 

 

 

 

[1] /хх-ийн 20-21, 29-30, 99-100-р тал/

[2] /хх-ийн 26-28, 104-105-р тал/

[3] /хх-ийн 24-25-р тал/

[4] /хх-ийн 108-109-р тал/

[5] /хх-ийн 111-112-р тал/

[6] /хх-ийн 114-115-р тал/

[7] /хх-ийн 122-123-р тал/

[8] /хх-ийн 155-162-р тал/

[9] /хх-ийн 74-76, 126-128-р тал/

[10] /хх-ийн 164-167-р тал/

[11] /хх-ийн 186-р тал/

[12] /хх-ийн 107-р тал/

[13] /хх-ийн 117-р тал/