Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1001

 

  

 

 

 

 

 

 

 

  2017 оны 05 сарын 05 өдөр

        Дугаар 182/ШШ2017/01001

        Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                                                                                                                                                                                                    

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

   

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо,14-р хороолол, Нарны зам гудамж 58 байрны 16 тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар ШВ86111214/, Хойд овогт Цэндийн Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

               Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Баянгол плаза өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар 9011235065, регистрийн дугаар 5407834/, Глобал бевериж ХХК-нд   холбогдох

 

    Түрээсийн гэрээг цуцалсанд тооцож, дэнчингийн 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Баатар, хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Баатар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол” плаза барилгын В-1 давхарт 486м2 талбайг караоке ажиллуулах зорилгоор сарын 2.700.000 төгрөгөөр түрээслэх гэрээг Глобал бевериш ХХК-тай 2016 оны 04 сарын 25-ны өдөр 1/01-04 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Гэтэл түрээслүүлэгч тал байрныхаа түрээсийн үнийг нэмэгдүүлэх санал гаргасныг манайх хүлээн авах боломжгүй байна. Эдийн засгийн хямралтай үед орлого бүрдүүлэлт хангалтгүй байхад түрээсийн үнийг нэмэх нь биднийг санхүүгийн дампууралд хүргэхээр байна. Иргэний хуулийн 294-р зүйлийн 294.2.3-т заасан үндэслэлээр түрээсийн гэрээг цуцлах болсон бөгөөд энэ талаараа мэдэгдэж түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн тул түрээсийн гэрээг цуцлагдсанд тооцож, түрээсийн гэрээний 6-р заалт, Иргэний хуулийн 233 дугаар зүйлд зааснаар дэнчингийн 2.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Глобал бевериж ХХК шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Ц.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 01 сарын 05 өдөр Гэрээ цуцлах тухай мэдэгдэл манай компанид ирүүлж 2017 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн гэрээг цуцлах тухай бичсэн байдаг. Ц.Мөнх-Эрдэнэтэй 2016 оны 04 сарын 25 өдөр байгуулсан 01/01-01 тоот түрээсийн гэрээ байгуулж 2016 оны 05 сарын 01 өдрөөс 2018 оны 05 сарын 01 өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, гэрээний хугацаа дуусгавар болохоос нэг сарын өмнө бичгээр урьдчилан мэдэгдэнэ” гэж харилцан тохиролцсон байтал үйлчилгээний талбайг 2016 оны 05 сарын 26 өдөр хүлээлцсэн Караоке хүлээлцэх акт, Эд хөрөнгө хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн. Гадна хаалганы түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний 3.4 дэх хэсэгт “түрээслүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулах үүднээс тус ажлын байрны хаалганы голыг солиулах эрхтэй” гэж заасны дагуу гаднах хаалганы голыг сольсон. 2017 оны 02 сарын 13 өдөр тооллогоор 1,388,166 төгрөгийн караокены эд хөрөнгө дутсан. Тус гэрээний 4.5-д зааснаар учирсан хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр нэн даруй бүрэн төлж барагдуулах, эсвэл ижил төрлийн эд хөрөнгөөр солих үүрэгтэй бөгөөд 1,388,1667 төгрөгийг барагдуулсан тохиолдолд бид 2016 оны 04 сарын 25 өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцлахад бэлэн байна. Иргэний хуулийн 320.4-т “Түрээсийн гэрээний хугацаа нь 2 жил байх бөгөөд 2016 оны 05 сарын 01 өдрөөс 2018 оны 05 сарын 01 өдөр хүртэл үргэлжилнэ” гэж заасан хугацааны өмнө түрээсийн  гэрээг цуцалж байгаа тул дэнчингийн 2,700,000 төгрөгийг нэхэх эрхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ хариуцагч Глобал бевериж ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалсанд тооцож, дэнчингийн 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хариуцагч Глобал бевериж ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч караокены 1,388,166 төгрөгийн эд хөрөнгө дутсан, түрээсийн гэрээний 2.1. дэх хэсэгт 2016 оны 05 сарын 01 өдрөөс 2018 оны 05 сарын 01 өдөр хүртэл 2 жил үргэлжилнэ гэсэн хугацааны өмнө гэрээг цуцалж байгаа тул дэнчинг буцаан олгохгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Глобал бевериж ХХК нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ нар 2016 оны 05 сарын 01 өдрөөс 2018 оны 05 сарын 01 өдөр хүртэл хоёр жилийн хугацаатай, Баянгол плаза барилгын В-1 давхарт 486м2 талбайг караокены зориулалтаар эзэмшиж ашиглахаар түрээсийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 1/01-04 дугаартай түрээсийн гэрээ /хх-ийн 8-10 талд/-гээр тогтоогдож байна.

 

Глобал бевериж ХХК нь өөрийн өмчлөлийн барилгын В-1 давхарт 486 метр квадрат талбайг караоке ажиллуулах зориулалтаар түрээсэлж түрээсийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр байгуулах шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч Глобал бевериж ХХК нь дээрх объектийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлж, түрээслэгч тал түрээслэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үйл ажиллагаа явуулахад зориулж сарын төлбөрийг 2,700,000 төгрөгөөр тооцож төлбөрийг төлж байсан талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байна.

 

Түрээслүүлэгч Глобал бевериж ХХК-нь түрээсийн үнийг нэмэгдүүлэх санал гаргасныг түрээслэгч Ц.Мөнх-Эрдэнэ эс зөвшөөрч 2017 оны 01 сарын 05-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл /хх-ийн 33 талд/ хүргүүлсэн байна.

 

Түрээслүүлэгч Глобал бевериж ХХК 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 17/46 дугаартай албан бичгээр “түрээсийн байрны төлбөрт өөрчлөлт  оруулах тухай асуудлыг түрээслэгч талд санал тавьсан боловч санхүүгийн боломжгүйн улмаас өөрчлөлт оруулах асуудлыг цуцалсан болно. Иймд түрээсийн гэрээг цуцлах хүсэлтээ эгүүлэн авна гэдэгт найдаж байна” гэсэн хариу хүргүүлсэн байна.

 

Хариуцагч Глобал бевериж ХХК нь 2017 оны 02 сарын 13 өдөр тооллогоор 1,388,166 төгрөгийн караокены эд хөрөнгө дутсан, түрээслэгч үйлчилгээний талбайг 2016 оны 05 сарын 26 өдөр хүлээлцсэн гэж мэтгэлцэж байгаа нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Түрээслэгч Ц.Мөнх-Эрдэнэ  2017 оны 01 сарын 05-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж, түрээсийн байрыг Караоке хүлээлцэх актаар /хх-ийн 11 талд/, хүлээлгэн өгч, 2017 оны 02 сарын 10-ны өдөр Кассын орлогын баримт /хх-ийн 57 талд/-аар төлбөрийн тооцоог дууссан гэх тайлбар нь түрээсийн гэрээний 4.3 дах хэсэгт Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4-д заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол энэ тухайгаа түрээслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд уг хугацааг дуусах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсны үндсэн дээр гэрээг цуцлах эрхтэй гэж тохиролцсон тохиролцоог зөрчөөгүй байна.

 

Түрээслэгч Ц.Мөнх-Эрдэнэ 2017 оны 01 сарын 05-ны өдөр түрээсийн үнийг нэмэгдүүлэх саналыг эс зөвшөөрч, түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3.хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан бол Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болохоор зохицуулсан зохицуулалтай нийцсэн байх тул түрээсийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан гэж үзэх үндэстэй байна.

 

Дэнчин гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 1/01-04 дугаартай түрээсийн гэрээний 6.3. Дэнчин нь түрээсийн төлбөрт хамаарахгүй бөгөөд түрээслүүлэгч нь түрээслэгчийн энэхүү гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан гэж үзсэн тохиолдолд гэрээ дуусгавар болсноос ажлын 3  хоногийн дотор дэнчинг түрээслүүлэгчид буцаан шилжүүлнэ гэж заасан байна.  

 

Түрээслэгч Ц.Мөнх-Эрдэнэ  2017 оны 02 сарын 10-ны өдөр Кассын орлогын баримт /хх-ийн 57 талд/-аар түрээсийн төлбөрийн тооцоог дуусгасан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч мэтгэлцэж, хариуцагч Глобал бевериж ХХК-нь энэ талаар маргаагүй байна.

 

Харин  түрээслүүлэгч Глобал бевериж ХХК-нь 2017 оны 02 сарын 13 өдөр тооллогоор караокены 1,388,166 төгрөгийн эд зүйл дутсан гэж мэтгэлцэж байгаа боловч сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 233.2.Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж зааснаар хариуцагч Глобал бевериж ХХК-иас дэнчин 2,700,000 төгрөгийг гаргуулах үндэстэй.

 

Тус шүүхийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 182/ШЗ2017/00681 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2017 оны 01 сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч энэ мөнгөн шилжүүлгийн баримтыг хавсарган ирүүлснийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нөхөн гаргуулж Төрийн санд олгох үндэстэй.

 

Хариуцагч Глобал бевериж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Сүхбаатар дүүрэг 1 хороо, Олимпийн  гудамж 9-18 тоот хаягт бүртгэлтэй боловч нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлээ ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд гаргасан байх ба хариуцагч маргаагүй. Иймд зохигчид хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг хэлэлцэн тохиролцсон тул нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэж үзэхгүй.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.2.3, 233  дугаар зүйлийн 233.2 дах хэсэгт заасныг баримтлан 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 1/01-04 дугаартай түрээсийн гэрээг цуцалсанд тооцож, хариуцагч  Глобал бевериж ХХК-иас 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнээс 58,150 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн санд олгож, хариуцагч Глобал бевериж ХХК-иас 128,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ