Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Ц,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б-ын Цт холбогдох 2128000230021 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 11 дүгээр байрны 1-5 тоотод орших гэртээ Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар хутгаар цохиж, биед толгойд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Цийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед би эхнэрийн хамт хадам ээжийнхээсээ гараад өөрийн ээжийн гэрт ирэхэд манай ах Б.Ц гэртээ А, Гансүх нарын хамт 4 ширхэг лаазтай пиво уусан бололтой байж байсан. Ээж гэртээ байхгүй байхаар нь би ахаас ээжийг хаачсаныг асуухад ах уурлангуй “би тэр чавганцыг яаж мэддэг юм бэ” гэхээр нь би “та ээжийг энэ харанхуй шөнө хаашаа явуулчихдаг юм. Өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байж байх юм” гээд уурласан. Тэгтэл ах уурлаж босож ирээд намайг 3 удаа толгой хэсэг рүү гараараа алгадсан. Тэгснээ чамайг ална гээд дайрахад нь найз Гансүх нь бид хоёрын дундуур орж хоёр тийш нь салгатал гал тогоо руу гүйж ороод эргэж гарч ирснээ миний толгой руу нэг зүйлээр цохиод авсан. Тухайн үед миний толгойноос цус их гарч би гэрээс гарч усаар толгойныхоо цусыг угааж арилгаад Цагдаагийн газрын 7053102 утсанд дуудлага өгсөн. Төд удалгүй 3 цагдаа гэрт ирж ахыг аваад явсан. Надад одоо гомдол санал байхгүй. /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр би Цийн гэрт очсон. Худалдааны төвийн гадаа сууж байхад найз Атай таарахад А “хөдөөнөөс сая орж ирлээ. Энэ архийг уучихаад буцна гээд энгэртээ байсан 0.75 граммын “Хараа” нэртэй архийг надад харуулсан. Мөн ханцуйнд нь 1 шил архи байсан. Бид 2 тэр архийг Цийн гэрт буюу 11 дүгээр байрны 2-5 тоотод очиж уухаар болоод Цийнд очиход гэртээ ганцаараа байж байсан. Бид хоёр гэрт нь ороод 2 шил архиа гаргаад эхний архийг нь ууж дуусгаад дараагийн архийг нь ууж байхад А согтоод унтаад өгсөн. Би бас нэлээн согтсон байсан. Тэр үед гаднаас Цийн дүү Батнасан эхнэр Сийлэгмаагийн хамт гэрт ороод ирсэн. Тэгээд Батнасан ээжийгээ асуугаад байх шиг байсан. Тэгж байгаад юунаас болсныг мэдэхгүй Батнасан, Ц нар хоорондоо муудалцаж барилцаад авсан. Тэгэхээр нь би босоод дундуур нь орж салгасан чинь Ц гэнэт заазуур барьж гарч ирээд тэр заазуураараа Батнасангийн толгой хэсэгт нь цохиод авахаар нь би Цээс заазуурыг нь булааж аваад гал тогооны өрөөнд оруулж нуусан. Тэгсэн Батнасангийн эхнэр цагдаа дуудна гэж ярихаар нь би цагдаа нар намайг мөн авч яваад эрүүлжүүлчих байх гэж бодоод гэрээс нь хурдан гараад явсан. А тэндээ унтаад үлдсэн. Ийм зүйл болсон юм. /хх-ийн 37-38-р хуудас/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би гэрт байж байхад Батнасан манайд хүрээд очсон. Би Б-д хоол унд хийж өгчихөөд орой 22 цаг өнгөрч байхад Батнасангийн гэр рүү яваад очсон чинь Батнасангийн ах Ц, Гтэй архи уугаад сууж байсан. Хажууд нь А унтаж байсан. Гэрт ороод Батнасан ахаасаа ээж хаана байгаа юм бэ гэсэн чинь Ц тэр хөгшнийг чинь би яаж мэддэг юм бэ гэж хэлсэн. Түүнээс болоод Ц, Б нар маргалдсан чинь Ц босож ирээд Б-г бариад авахаар нь би дундуур нь орсон чинь дийлээгүй. Тэгтэл хажуу талаас Гансүх босож ирээд салгасан чинь Ц цаашаа эргээд гал тогооны өрөөнөөс хутга авч гарч ирээд Батнасангийн толгой руу цохиод авсан. Тэр үед Гансүх дундуур нь орж салгаад хутгыг нь булааж авсан. Тэгсэн чинь Ц дахиад алх авахаар нь би булааж аваад орон доогуур шидсэн. Тэгээд Б бид хоёр гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нар удалгүй ирээд Ц-ийг аваад явсан. Ийм зүйл болсон юм. /хх-ийн 39-40-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Б-гийн биед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Б.Б-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-24-р хуудас/

Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын 3 дугаар баг 11 дүгээр байрны 1-5 тоотод ээж Цэцэгмаа, дүү Батнасан нарын хамтаар амьдардаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө манай ээж сувилалд явахаар боллоо гээд сувилалд явсан юм. Би тухайн өдөр гэртээ ганцаараа байж байх үед манайд багын найзууд болох А, Г хоёр халамцуу ирсэн. Тэр хоёр ирэхдээ 2-3 шил архитай ирсэн. Тэр хоёрын авчирсан архинаас 1 шил архийг нь уучихаад би гэрээс гараад такси бариад Баруун сайханд байх хүнсний дэлгүүр орж 4 лаазтай пиво аваад буцаж гэртээ ирээд архи болон авч ирсэн пивоо уугаад сууж байхад гаднаас миний төрсөн дүү Батнасан хамтран амьдардаг С-ийн хамтаар орж ирсэн. Батнасан гэрт орж ирэхдээ согтуу байсан. Тэгээд Батнасан надад хандаж ээж хаана байгаа юм бэ? Орой болсон байхад гэртээ хүн цуглуулаад та яаж байгаа юм гэж хэлсэн. Түүнээс болоод Батнасан бид хоёр муудалцаж, би Батнасанг 2-3 удаа алгадаж, цохиж авсан. Тэгсэн Батнасан өмнөөс дайрахаар нь гал тогооны өрөөнд орж заазуур аваад эргээд гараад ирэхэд Батнасан гэрийн коридорт зогсож байхаар нь заазуураараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн чинь Г миний барьж байсан заазуурыг булаагаад авахаар нь эргэж гал тогооны өрөөнд орж алх аваад гарч ирээд алхаар дүүгээ цохих гэсэн чинь Г хориод байсан. Тэгж байхад гаднаас цагдаа нар орж ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд авч ирсэн. Ийм зүйл болсон юм. /хх-ийн 46-47-р хуудас/

Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-12-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн  29-31-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/

00054 дугаартай дипломын хавсралтын хуулбар /хх-ийн 56-р хуудас/

00053 дугаартай Дипломын хуулбар /хх-ийн 57-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 11 дүгээр байрны 1-5 тоотод орших гэртээ Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар хутгаар цохиж, биед толгойд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Цийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бгийн биед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Б.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-24-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснээр шүүгдэгч Б.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Цийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Цийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй”  /хх-ийн 58-р хуудас/ гэснээр, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, Цэргийн их сургуулийг төгссөн болох нь: 00053 дугаартай дипломын хуулбарт: Ахлагч цолтой Б-ын Ц нь 1998 онд салааны захирагчийн бүрэн курс төгссөн тул улсын шалгалтын комиссын 1999 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр ерөнхий зохицуулалтын цэргийн команд тактикийн мэргэжил олгов. /хх-ийн 57-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод: Б.Ц  /ФД75111117/ нь Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн 11-1-5 тоот хаягт ам бүл 3. Эх, дүүгийн хамт түр оршин суудаг болно /хх-ийн 51-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Б-ын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА