| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/45 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/45
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч, хохирогч: П.Г, З.Н
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-ийн Г, Б овогт З-
ийн Н нарт холбогдох 2128000000032 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч З.Н нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо багийн нутаг Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн дагуу байрлах Морин заг гэх газарт байрлах гэрт 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Г нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо багийн нутаг Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн дагуу байрлах Морин заг гэх газарт байрлах гэртээ 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, зүүн шанааны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.Н, П.Г нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй.
Шүүгдэгч П.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй.
Хохирогч З.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй.
Хохирогч П.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй.
Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өчигдөр буюу 02 сарын 20-ны өдөр Морин заг дахь өөрийн гэртээ ганцаараа архи уугаад нэлээд согтсон байсан. Үдээс хойш Н манай гэрт ирсэн ба бид 2 юм ярьж сууж байгаад муудалцсан гэсэн. Би тухайн үед Н-г орж ирэхийг л бүдэг санаж байгаа. Бусдыг нь санахгүй байгаа юм. Н надад хэлэхдээ бид 2 манай гэрт миний ууж байсан архийг хувааж ууж байгаад би Н-д хандаж “чи миний дошин дээр надад томрохгүй шүү” гэж уурлаж Н-г 17, 19-ийн түлхүүрээр нүүр рүү нь цохьсон. Тэгэхээр нь Н уурлаж, зөрүүлээд уг түлхүүрээр миний толгой руу цохьсон гэж ярьсан. Би тухайн үедээ яг болсон зүйлийг тодорхой санахгүй байгаа юм. Нэлээд их согтсон байсан. Би өмнөх өдөр нь бас архи уучихсан байсан юм. Би гэрийнхээ зүүн талын орон дээр толгойноосоо цус гоожуулаад сууж байгаад гэнэт ухаан орсон. Тухайн үед архи уугаад согтсон бас цохиулаад манарсан байсан байх. Н нь манай гэрийн баруун талд сууж байсан. Тэгж байхад гаднаас эмч ирээд миний толгойг үзээд цусыг тогтоосон. Тэгээд би орондоо ороод хэвтсэн. Миний толгойноос нэлээд их хэмжээний цус гарсан. Гэрийн шалаар дүүрэн цус болчихсон байсан. Миний толгойны баруун дээд хэсэгт түлхүүрээр цохиулснаас болж толгой хагарсан. Сумын эмнэлэгт хүргэгдэж ирээд 2-3 оёдол тавиулсан. Өөр миний биед гэмтэл шарх учраагүй. Миний бие одоогоор хэвийн байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 24-25-р хуудас/
Хохирогч З.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 сарын 20-ны өдөр Морин загийн ажиглан тусгаарлах байрнаас гараад “Айфронтиер” ХХК-ийн менежер Ч-той уулзаад нүүрс тээвэрт явах машиныг хүлээж авсан юм. Тэгээд Морин заг орж тогоо шанаганы зүйл олж авахаар явж байгаад Гын гэрээр орсон. Намайг гэрт нь ороход Г нь гэртээ нэлээд согтуу 0.75 литрийн архи задлаад уучихсан байсан. Уг архины гуравны нэгийг нь уусан байсан байх. Үлдсэн архийг би Гтой юм ярьж уусан. Г нь надад ярихдаа эхнэр маань салаад явж байгаа гэчихсэн ганцаараа байж байсан юм. Тэгээд архиа уугаад бараг дуусч байхад Г нь нэлээд их согтчихсон “чи муу энэ тэр” гээд над руу агсраад хаанаасаа гаргаж ирснийг нь мэдэхгүй гартаа цагаан юм бариад намайг цохихоор нь би арагшаа далдирсан. Тэгэхэд миний зүүн нүдний хажуугаар цохиод гарсан. Тэгэхэд миний хажуугаар Г нь өөрийнхөө эрчинд унасан. Би гарт нь байсан түлхүүрийг нь булааж аваад “чи хүний нүд сохоллоо, намайг нүдгүй болголоо” гэхэд миний нүднээс цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаж зөрүүлээд түлхүүрээр толгой руу нь нэг удаа цохьсон. Өөр зүйл болоогүй. Би тухайн үед архи уугаад бас согтчихсон байсан. Эмч ирээд Гын толгойн цусыг нь тогтоож, боолт хийж, тариа хийчихээд буцаад явчихсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гтой эвлэрсэн бөгөөд хэргийн талаар ямар нэг маргаан байхгүй. /хх-ийн 28-29-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: П.Гын биед хуйхны язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 33-34-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Нгийн биед зүүн шанааны язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 36-37-р хуудас/
Шүүгдэгч З.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1974-1978 онд Улаанбаатар хотод сурсан. Төв аймгийн Эрдэнэсант сумын ЕБС-д 1978-1982 оныг хүртэл сурч Бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1984- 1987 онд Ховд аймгийн Булган сумын 05 дугаар отрядад 3 жилийн цэргийн алба хаасан. 1987 онд цэргээс халагдаж ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. 2015 оноос одоо хүртэл “Айфронтиер” ХХК-д нүүрс тээврийн жолоочийн ажил хийж байна. Би л төмөр түлхүүрээр толгой руу нь цохиж П.Год гэмтэл учруулсан. Яагаад гэвэл П.Г нь тухайн үед намайг эхэлж төмөр түлхүүрээр цохьсон. Тэгээд би зөрүүлээд нэг л удаа цохьсон юм. Гын гэрт тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Г нь нэхэмжилж байгаа зүйл огт байхгүй. Бид 2 харилцан тохирч эвлэрсэн. Яагаад гэвэл бид хоёрын буруугаас болж нэгнийхээ биед гэмтэл шарх учруулсан болохоор харилцан тохирч нэгэндээ гомдол саналгүй болсон. /хх-ийн 43-44-р хуудас/
Шүүгдэгч П.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо баг /5-р баг/-т байх гэртээ ганцаараа “Соёрхол” гэдэг архи уусан. Би архи ууж байгаад тасарчихсан байсан. Би болсон асуудлыг сайн санахгүй байна. Маргааш өглөө нь эмнэлэгт сэрээд юу болсон талаар мэдсэн. Гэхдээ би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Би Нд хар буруу санасан зүйл байхгүй. Би тухайн үедээ болсон зүйлийг санахгүй байсан. Ямар ч байсан гэртээ ганцаараа архи ууж байхад Н гаднаас орж ирсэн. Тэрнээс хойш санахгүй байгаа. Ямар ч байсан Нгийн зүүн шанааны дээд хэсгийг гэмтээсэн байсан. Би тухайн үедээ согтсон байсан. Нг эхлээд төмөр түлхүүрээр цохиход Н нь зөрүүлээд намайг цохьсон байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гэмтэл шарх эдгэрсэн. Сорви тогтсон байгаа. Би Нтэй харилцан тохирч эвлэрсэн болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 43-44-р хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-17-р хуудас/
Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-21-р хуудас/
Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52, 57-р хуудас/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 53, 64-р хуудас/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/
Иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 55, 63-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/
П.Гын иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /60-62-р хуудас/
П.Гын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 66-р хуудас/
З.Нгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 69-р хуудас/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Н нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо багийн нутаг Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн дагуу байрлах Морин заг гэх газарт байрлах гэрт 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Г нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо багийн нутаг Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн дагуу байрлах Морин заг гэх газарт байрлах гэртээ 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, зүүн шанааны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Нгийн үйлдлийн улмаас хохирогч П.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: П.Гын биед хуйхны язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 33-34-р хуудас/ гэснээр,
Мөн шүүгдэгч П.Гын үйлдлийн улмаас хохирогч З.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Нгийн биед зүүн шанааны язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 36-37-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч П.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан ба хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч З.Н, П.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Н, П.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч З.Нгийн хувийн байдал нь оршин суугаа газрын тодорхойлолтод НЮ66080832 регистрийн дугаартай Боржигон овогт Зундуйсүрэнгийн Н нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар баг Буянтад оршин суудаг /хх-ийн 58-р хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, иргэний гэрлэлтийн лавлагаанд: З.Н, Г.Хулан нарын 1999 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Эрдэнэсант сумын 13 дугаарт 2005 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов /хх-ийн 55-р хуудас/ гэснээр болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/ зэргээр,
Шүүгдэгч П.Гын хувийн байдал нь оршин суугаа газрын тодорхойлолтод КИ72082419 регистрийн дугаартай Хошууд овогт П Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум Зүүнсайханы 2-10 тоотод оршин суудаг /хх-ийн 64-р хуудас/, иргэний гэрлэлтийн лавлагаанд П.Г, С.Гүндмаа нар нь 1995 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 74 дүгээрт 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлтэй байгаа тул лавлагаа олгов /хх-ийн 63-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.Н, П.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч З.Н, П.Г нар нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н, П.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18-ын түлхүүр 1 ширхэг, “Eden” нэртэй архины шил 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч З.Н, П.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Н, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт П Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт З-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч З.Н, П.Г нар нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н, П.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18-ын түлхүүр 1 ширхэг, “Eden” нэртэй архины шил 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтсугай.
6. Шүүгдэгч З.Н, П.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Н, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА