| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/46 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/46
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Ц.Б,
Хохирогч: Б.М,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Цийн Б-д холбогдох 2128000420026 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Ногоочдын 1-10 тоотод Б.Мын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Бг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед өглөө нь би гэртээ 0.5 граммын архи уучихаад орой найз Ц.Бгийнд орсон. Б-ийнд ороход эхнэр Баясгалан, бас нэг найз нь согтуу унтаж байсан. Ц.Б босож чадахгүй байсан. Тухайн үед би Ц.Бтай юм ярьж сууж байгаад Ц.Бгийнд байсан архинаас нь 2 рунк уусан. Тэгээд эхнэр нь намайг гэртээ харь гэхээр нь би за гээд босох гэхэд Ц.Б босож ирээд миний толгой руу цохьсон. Маргалдсан зүйл байхгүй.
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг өнгөрч байхад гэртээ Ерөөл нэртэй 0.5 граммын тал шил архийг ганцаараа уусан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад хойд хашааг даваад найз Б-ийн гэрт ороход Б-ийн эхнэр Баясгалан байсан. Мөн гэрийн хойд талд Б-ийн найз гэсэн нэг залуу согтуу унтаж байсан. Батаа гэртээ согтуу байсан. Б-ийн гэрт 0.5 граммын тал шил Ерөөл нэртэй архи байснаас би 2 удаа аягалж уусан. Батаа бас бага зэрэг уусан. Гэхдээ тэр тал шил архи дуусаагүй байсан санагдаж байна. Тэгсэн чинь Баясгалан бие засах гэж гарахдаа намайг “одоо гэртээ харь болно” гэж хэлэхээр нь би гэртээ харих гээд боссон чинь Батаа гэрийн зүүн талаас босоод гэрийн баруун талд над дээр ирээд гэнэт миний толгой руу гараараа цохих шиг болсон. Тэгээд би Б-д яагаад миний толгой руу цохиж байгаа юм бэ гэж асуусан чинь Батаа “би цохиогүй” гэсэн. Тэгэхээр нь би “чи цохьсон” гэж хэлсэн чинь удалгүй цагдаа хүрээд ирсэн. Намайг эмнэлэг авч явсан. Харин Б-г цагдаа руу авч явсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 15-16-р хуудас/
Гэрч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би гэртээ байж байтал манай яг хойд талын арын хашаанд хүмүүс маргалдаад түчигнээд эхэлсэн бөгөөд төд удалгүй манай ээж Б.А-ийн төрсөн ах М-ын хашхирах чимээ сонсогдохоор нь би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд төд удалгүй цагдаа ирсэн бөгөөд гэрээс гараад харахад манай ах М цагдаатай хамт гэр рүүгээ ороод буцаад цагдаатайгаа хамт гараад явсан. Тэгтэл төд удалгүй М ах эмнэлэгт оёдол хийлгээд ирлээ гээд толгой нь хагарчихсан оёдол хийлгэчихсэн ороод ирсэн. /хх-ийн 20-р хуудас/
Гэрч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 сарын 04-ний өглөө 10 цагийн үед ажилдаа яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Батаа архи уугаад сууж байсан. Гэрийн хойд талд Энхтүвшин тасарчихсан бололтой унтаж байсан. Тэгээд би Б-д “ажлаасаа тарж ирэхэд шинэлэх гэж авсан цагаан сарын архиа ууж идлээ” гэж хэсэг загнаж байгаад гэрт цагаан сарын бууз жигнэж тавьсан байхаар нь тэрнээс цай хийж буузаа халааж идчихээд сууж байсан чинь гаднаас М согтуу орж ирсэн. Би Мыг “хариач юу хийгээд яваад байгаа юм” гэж хэлсэн чинь М “за” гэж хэлсэн. Тэгээд М, Батаа 2 гэрт байсан 0.5 граммын Ерөөл нэртэй архиа уугаад үлдсэн. Би 00 орж бие засчихаад Б-г архи уусан болохоор нь уур хүрээд хашаанаас гараад ээжийн гэр болох Ногоочдын 3-17 билүү 16 тоот руу алхаж байгаад маргааш болъё гэж бодоод замын дундаас буцаад гэр рүүгээ явж байсан чинь хашааны гадаа цагдаагийн машин ирчихсэн цагдаа нар гэрт ирээд манай нөхөр Б-г аваад хашаанаас гарч байсан. Мыг эмнэлэг авч явна гээд байж байхаар нь нэг цагдаагаас нь юу болсон талаар асуусан чинь М--ыг эмнэлэгт хүргэж боолт хийлгэнэ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод удаагүй ээжийнхрүүгээ хонохоор очих үед 00 цаг өнгөрч байсан. /хх-ийн 27-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Б.М-ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.М-ын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.М-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29-30-р хуудас/
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Б.М-ыг гэмтээсэн. Би маргааш өглөө нь М-тай уулзаад толгойг нь гэмтээсэн талаар сонсоод Мын толгойнд ямар эмчилгээ хийлгэх мөн шаардлагатай гэсэн боолт эмийг өөрөө авч өгсөн. Одоо М-ын толгой эдгэсэн. Нийт 100.000 төгрөг болсон. Би эм тариа болон боолт гэх мэт зүйлийг өөрөө явж авч өгсөн. /хх-ийн 37-р хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 04-р хуудас/
Гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 09-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39-р хуудас/
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 00 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг, Ногоочдын 1-10 тоотод Б.Мын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Б.Мын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Мын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Мын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 29-30-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...140.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн”, улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад “хохирогч Б.Мт 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн” гэснээр шүүгдэгч Ц.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Бгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 49-р хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолтод: Ц.Б нь Даланзадгад сумын Зүүнсайханы 5 дугаар багийн Ногоочид 1-10 тоотод ам бүл зургуул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 38-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39-р хуудас/ Мэргэжлийн үнэмлэхийн хуулбарт: ..өрөг угсрагч мэргэжлээр 3 дугаар зэрэгтэй төгссөн тул мэргэжлийн үнэмлэх олгов /хх-ийн 40-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасан ба шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдааны дүгнэлт сонсох ажиллагааны үед энэ гэмт хэрэгт холбогдсоны дараа харвалт өгч, эрүүл мэндийн байдал муу байгаа, ажил хөдөлмөр хийх чадваргүй болсон төдийгүй эм тарианыхаа мөнгөө ч олж чадахгүй байгаа байдлыг харгалзан торгох ял төлөх хугацааг сунгаж өгөөч гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Бд шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж овгийн Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.М-т 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА