Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 052

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц  сумын  *** дүгээр багийн оршин суугч Т  овогт  С.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Сийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч К.Зулкаш, хариуцагч Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга К.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншук нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би ХААИС-ийг 1985-1989 оны хооронд таваар судлал мэргэжлээр, бакалавр  зэрэгтэй төгссөн, дээд боловсролтой, ажлын туршлагын хувьд 1989-1992 оны хооронд Хөвсгөл аймгийн Их уул сумын худалдаа бэлтгэлийн ангид даргаар, 1992-2008 оны хооронд хувийн бизнес, 2008-2009 онд НИК ХХК-ийн Алтанцөгц сумын колонкийн эрхлэгч, 2009-2012 онд Алтанцөгц сумын 4 дүгээр багийн Засаг дарга, 2012-2016 оны хооронд Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга зэрэг албан тушаалуудыг хашиж төрийн байгууллагад нийт 27 жил хөдөлмөрлөсөн, зохих ёсны туршлага суусан албан тушаалтан юм.

2018 оны 12 дугаар сард Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Зайкен нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 34 тоот тогтоолоор намайг уг орон тоонд зохих журмаар захиалга өгч, сонгон шалгаруулалт явуулах хүртэл түр хугацаагаар томилсон билээ.

Тухайн үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан учир уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасан журмаар томилох эрх бүхий төрийн жинхэнэ албан тушаалтан байхгүй нөхцөлд төрийн алба тасралтгүй явагдах зарчмын дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.16 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа С.С намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд ажиллуулж байсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Харин 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш мөрдөж эхэлсэн үед тухайн орон тоонд ажиллаж байсан намайг Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолоор чөлөөлсөн нь дараах байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд,Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасныг зөрчиж, төрийн албанаас сахилгын шийтгэлээр халагдсан Ш.Шыг ямар ч сонгон шалгаруулалтгүй ажилд томилсон.

2017 оны Төрийн албаны тухай  хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д ...сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтан орон тоо гарснаас хойш 7 хоногт олон нийтэд мэдээлнэ, захиалгыг 21 хоногт багтаан холбогдох байгууллагад мэдэгдэнэ” гэснийг зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр Ш.Шыг томилсон явдалд гомдолтой байна.

Тухайн орон тоонд томилсон Ш.Ш нь Алтанцөгц сумын МАН-ын хорооны даргаар ажилладаг тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.4-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид томилогдох эрх бүхий албан тушаалтан биш юм.

Ш.Ш нь улс төрийн албан тушаал эрхэлж байгаа хүн учир Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэснийг зөрчиж, сумын МАН-ын дарга Ш.Шыг томилсон нь хуулийн дээрх заалт зөрчилдөж байна.

Ш.Шыг уг албан тушаалд томилохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Ш.Шын эхнэр Д.Сьезд орж санал гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус эрхийн акт юм.

Уг орон тоонд ажиллахаар анх 5 хүн өргөдөл өгсөн. Эдгээр хүмүүс бүгд төрийн албаны шалгалт өгөөгүй. Би олон жил ажилласан туршлагаараа шаардлага хангаж, төрийн албанд тэнцсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүгд намайг дэмжиж байгаа.  Хурлын дарга Ө.С дарга хувийн ашиг сонирхлын улмаас намайг ажлаас халсан гэж үзэж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ө.Саас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

                 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Алтанцөгц сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ‘ Ажилд түр томилох тухай” 34 тоот тогтоолоор С.С намайг төрийн албаны сул орон тоо болох сумын Хурлын нарийн бичгийн даргын орон тоонд зохих журмаар захиалга өгч, сонгон шалгаруулалт явуулах хүртэл түр хугацаагаар томилсон ...” гэжээ.

Тухайн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээс харахад, Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд нийтдээ 6 хүн өрсөлдсөн гэж үзэхээр байгаа ба дээрх 6 хүнээс аль нь ч төрийн бусад байгууллагад ажилладаг, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч нөөцөд байгаа эсэх нь тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тусгасанчлан энэхүү сул орон тоог журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд түр томилогдсон гэх агуулгатай зүйл тусгагдаагүй байсан болохыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Мөн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Зайкенийг албан ёсоор ажлаас чөлөөлсөн эрх зүйн акт гараагүй байхад томилгооны асуудал яригдсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ.

Мөн Ц.Зайкенийг ажлаас чөлөөлөхөөс өмнө, чөлөөлсний дараа С.Сийг томилсноос хойш Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд сул орон тоог нөхөх тухай захиалгыг хүргүүлээгүй болох нь нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл хууль бус бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл С.Сийг маргаан бүхий орон тоонд түр томилсон агуулга харагдахгүй байгаагаас гадна тухайн сул орон тоог нийтэд зарлаагүй, салбар зөвлөлд захиалга хүргүүлээгүй гэдгээрээ хууль бус томилгоо болсон гэдэг нь илт байна.

                 Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албан тушаалд авах асуудлыг зохицуулсан бөгөөд 17.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эхлээд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөхөөр зохицуулжээ. Гэтэл С.Сийн хувьд Алтанцөгц сумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тоо гарах үед тухайн байгууллагад буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаагүй, мөн дээрх арга замаар сул орон тоог нөхөх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай тул С.Сийг уг сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

                 Харин Ш.Шыг Алтанцөгц сумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар түр томилсон байгаа.Хэдийгээр Ш.Шыг томилсон шийдвэр хууль ёсны эсхүл  хууль бус байсан ч дээр дурдсанаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог хуульд заасан журмаар нөхөх тул маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгч С.Сийг шууд ажиллуулах үндэслэлгүй, түүнийг тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч биш, мөн уг албан тушаалын чиг үүргийг орлон гүйцэтгэх боломжгүй, энэхүү орон тоонд Ш.Шыг томилсон тушаалын улмаас С.Сийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор С.Сийн эрх сэргээгдэхгүй тул эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж дүгнэж байна.

Нөгөө талаас нь үзвэл, С.С ч, Ш Ш ч тухайн маргаан бүхий орон тоонд ажиллах хуульд заасан шаардлагыг дээрх байдлаар хангахгүй байгаа бөгөөд гагцхүү уг орон тоо сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөгдөх ёстой. Энэ ч үүднээс Алтанцөгц сумын Хурлаас аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд сул орон тооны захиалгыг хүргүүлсэн болно. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас /шинээр Хурлын даргаар томилогдсон К.Р/ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Би нэхэмжлэгч С.Сийг 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдөр сонгон шалгаруулж ажилд авсан. Тухайн орон тоонд ажиллах сонирхол бүхий 5 хүн өргөдөл өгснөөс С.Сийг урьд өмнө төрийн албанд ажиллаж байсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсныг харгалзан  Тэргүүлэгчидтэй зөвшилцөөд түүнийг ажилд авсан. Намайг Хурлын даргын ажлаас чөлөөлөгдсөний  миний оронд томилогдсон Хурлын дарга Ө.С нь эхлээд уг орон тоонд  багш мэргэжилтэй н.Гүлжан гэдэг хүнийг томилсон, дараа нь Ш. Ш гэдэг хүнийг ажилд авсан байх бөгөөд одоо Ш.Ш ажиллаж байгаа. С.Сийг анх ажилд авсан гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Гэвч С.Сийн хувьд цаашид төрийн албаны шалгалт өгөөд тухайн маргаан бүхий орон тоонд ажиллах боломжтой гэж үзэж байна.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.С нь Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн “Ажилд томилох тухай” 34 дүгээр тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тоонд томилогдон ажиллаж байтал тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

С.С ажилд томилогдсон үед Төрийн албаны тухай 2002 оны хууль үйлчилж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх үед шинэ хууль үйлчилж байсан.

Нэгэнт С.С томилогдсон үед Төрийн албаны тухай 2002 оны хууль үйлчилж байсан учраас мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасан үндэслэлээр түүнийг ажилд томилсон. Нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны жинхэнэ албан тушаалд ажиллах төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй гэдгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад өөрөө тайлбарлаж хэлж байна. Журмаараа төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад орж, тухайн үед нөөцөд бүртгэлтэй хүнээс томилох ёстой байтал  ажил олгогчийн зүгээс С.Сийг томилсон. Гэтэл С.Сийг тухайн орон тоонд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар ажилдаа тэнцээгүй нөхцөл байдал үүсээгүй, ажлаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй байхад Төрийн албаны тухай хуулийн дагуу дахин ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь С.Сийн орон тоонд шинээр томилогдсон этгээд нь мөн адил төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ алба хаах болзлыг хангахгүй байгаа.

Шинэ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т заасан үндэслэлээр томилох ёстой байтал уг хуулийн тухайн заалтыг үндэслээгүй. Мөн адил төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй хүнийг томилон ажиллуулж байгаа нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан намын үзэл бодлын дагуу ажлаас халсан байж магадгүй гэж үзэж байна.

Тухайн үед С.Сийн оронд томилогдсон Ш нь урд төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орсон  хэдий сахилгын шийтгэлээр төрийн жинхэнэ албанаас халагдсан учраас Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албанд дахин ажиллах  бол  дахин сонгон шалгаруулалтад орох ёстой байсан. Энэхүү шаардлагыг хангаагүй этгээдийг томилсон явдал нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч С.С нь тухайн орон тоонд томилогдон ажиллаж байхад чөлөөлөхдөө ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон байх ёстой. Гэтэл ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн.

С.Сийн орон тоонд ажиллаж байгаа Ш.Ш нь тухайн үед нь Алтанцөгц сумын Монгол Ардын Намын даргын үүргийг гүйцэтгэж байхад нь  төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан төрийн албаны суурь зарчим зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл  улс төрийн албан тушаалтан төрийн албанаас ангид байна гэсэн суурь зарчим алдагдсан.

Ш.Шыг ажилд томилохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж тогтоолоор баталсан. Уг тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд түүний эхнэр н.Сьезд нь оролцож санал өгсөн нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн   2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  01 дугаартай “Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Сийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Алтанцөгц сумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Зайкен нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон үндэслэлээр  түүнийг тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар тогтоолоор ажлаас нь чөлөөлснөөр маргаан бүхий ажлын байрны сул орон тоо гарсан байх ба уг орон тоонд эрх бүхий этгээдийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч С.Сийг түр томилсон байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дугаартай “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд төрийн захиргааны албаны  сул орон тоо гарсан тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар ажил олгогч сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй ба  уг орон тоог эхний ээлжид 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ...сонгон шалгаруулах замаар нөхөхөөр,  эдгээр албан хаагчдаас нөхөх боломжгүй бол  17.4-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авахаар, 17.4-т заасан журмаар  нөхөх боломжгүй бол 17.3-т зааснаар ...иргэдээс мэргэшлийн шалгалт авч шалгарсан иргэнийг  томилохоор зохицуулагдсан.

Мөн хуулийн 17.8-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Тавын 5.2-т төрийн байгууллага тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа холбогдох зөвлөлд ирүүлэхээр заасан.

 Нэхэмжлэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон үед ажил олгогчоос төрийн жинхэнэ албан тушаал болох маргаан бүхий ажлын байрны талаар нийтэд мэдээлээгүй, уг орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг салбар зөвлөлд ирүүлээгүй байх ба нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй зэрэг үйл баримтууд нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байна.  Төрийн жинхэнэ албаны сул орон тоог дээрх байдлаар 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмаар нөхөх байтал энэ талаарх хуульд заасан ажиллагааг ажил олгогч болон салбар зөвлөлөөс  явуулаагүй байхад  нэхэмжлэгчийг анх маргаан бүхий орон тоонд ажиллуулахаар томилсон нь хууль бус байна.

Зүй нь сул орон тоог хуульд заасан журмаар нөхөх хүртэл тухайн хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын[1] Гурвын 3.1-д зааснаар уг ажлын байрны албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх бөгөөд сул орон тооны албан үүргийг түр орлон гүйцэтгэх этгээд нь хуулийн 21.1-д зааснаар  ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч байна. Иймд нэхэмжлэгчийг анх уг ажлын байранд томилсон Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай тогтоол нь хууль бус байх ба сумын Хурлын Тэргүүлэгчдээс  2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 01 дугаартай тогтоол гаргах замаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө  хуульд заасан журмаар ажил олгогчоос сул орон тооны захиалгыг холбогдох зөвлөлд ирүүлээгүй, салбар зөвлөлөөс уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй байхад тухайн байгууллагад буюу холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаагүй, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдээгүй С.Сийг маргаан бүхий албан тушаалд томилсныг хууль бус буюу Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчиж томилсон  гэж үзсэн нь  үндэслэлтэй, энэ нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

2017 оны Төрийн албаны тухай хууль нь /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж  мөрдөгдсөн ба хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд  томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.  Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Мөн           хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албаны хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална гэж заасан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа томилох эрх бүхий этгээдээс маргаан бүхий сул орон тоог нөхөх захиалгыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр салбар зөвлөлд[2] хүргүүлсэн нь   хуулийн 27.2-т заасан          төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд  томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй талаарх зохицуулалт нийцсэн байх ба  хуулийн 23.4-т зааснаар төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг албан тушаал тус бүрээр шинэчлэн боловсруулж батлуулах ажиллагаа  улсын хэмжээнд одоогоор явагдаж байгааг, албан тушаалын тодорхойлолтыг батлуулсны дараа сул орон тоог журмын дагуу нөхөх, сонгон шалгаруулалт явуулахыг салбар зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай албан бичгээр шүүхэд мэдэгджээ.

Иймд нэхэмжлэгч хуульд заасан шаардлагыг хангах тохиолдолд маргаан бүхий ажлын байранд ажиллах иргэдийг хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонгон шалгаруулах ажиллагаанд оролцож, маргаан бүхий ажлын байранд ажиллахаар өрсөлдөх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ сумын Хурлын Тэргүүлэгчид нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор сул орон тоонд Ш.Шыг томилсон нь хууль бус гэж маргасан. Уг тогтоолын талаар хариуцагчаас сул орон тооны захиалгын дагуу сонгон шалгаруулалт явуулах хүртэл чадвартай хүнийг ажиллуулах шаардлагаар Ш.Шыг түр томилсон гэж тайлбарлажээ. Гэвч энэ нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8-д зааснаар албан хаагчийг албан тушаалаас нь ...чөлөөлсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ орлон гүйцэтгүүлж болох талаарх хуулийн 42.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байгаа ч энэ нь нэхэмжлэгчийн  хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул энэхүү маргаан нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Сийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.РИЗА

 

 

 


[1] Энэхүү журам нь сул орон тоо гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан.

[2] Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд томилох эрх бүхий этгээдээс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/06 дугаар албан бичгээр сул орон тоог нөхөх захиалга хүргүүлсэн нь хэргийн 43  дугаар  хуудаст авагдсан.