Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 163

 

МАГАДЛАЛ

 

2017.01.09                                                 Дугаар 163                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ч.Амаржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06651 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Амаржаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Амгаланбат,

Хамтран хариуцагч Ж.Бямбасүрэн нарт холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ж.Бямбасүрэнгийн нэр дээр хийгдсэн бүртгэл болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Амаржаргал,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: С.Амгаланбаттай 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр танилцан, 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүү А.Өсөхбаяр, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин А.Заяа нар төрсөн. Нөхөр бид хоёр гэр бүлийн гадуурх харилцаанаас болж 2010 оны 10 дугаар сараас эхлэн өдий хүртэл тусдаа амьдарч байна. 2010 оны 10 дугаар сард АНУ руу гэр бүл болон хувийн амьдралаа дээшлүүлэх зорилгоор сургуульд суралцахаар зорьсон. Гэр бүлийн хоорондын харилцан тохиролцсоноор нөхөр, хүү 2 миний араас ирэхээр ярилцаж байсан. Нөхөр, хүү А.Өсөхбаярын хамт АНУ-д ирэх болоход нөхрийн ажлын нөхцлөөс шалтгаалан нөхөр ирэлгүй, хүү А.Өсөхбаяр 2011 оны 8 дугаар сард ирснээр АНУ-д хүүгийн хамт 2013 оны 8 дугаар сар хүртэл амьдарсан. 2013 оны 7 дугаар сараас нөхөр гэр бүлээ цуцлах асуудал үүсгэснээр, хүүгийн хамт Монгол руу буцан ирсэн. Нөхөр 2008 оноос эхлэн гэр бүлээ хууран гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, одоо амьдарч байгаа хүнтэйгээ 2008 оноос эхлэн холбогдон гэр бүлээ үл ойшоон худал хуурмаг гэр бүлийг бий болгон амьдарч ирсэн. Монголд ирснээс эхлэн байнгын гэр бүлийн маргааныг нөхөр үүсгэн, гэр бүлийн үл ойлголцлыг бий болгон, үргэлж гэр бүлээ цуцлахыг хүссэн. Ийм гэр бүлийн асуудалтай үед охин А.Заяа төрсөн. Цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд эвлэрлийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд эвлэрлийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Амаржаргал, хариуцагч С.Амгаланбат, хамтран хариуцагч Ж.Бямбасүрэн нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ч.Амаржаргалын нэхэмжлэлтэй, С.Амгаланбатад холбогдох иргэний хэрэгт талууд доорх байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд болох гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг хуваах шаардлагын тухайд талууд доорх байдлаар тохиролцов.

1. С.Амгаланбат, Ч.Амаржаргал нарын гэрлэлтийг цуцалж, А.Өсөхбаяр /хүү 14 настай/, А.Заяа /охин 2 настай/ нарыг эх Ч.Амаржаргалын асрамжид үлдээхээр тохиролцов.

2. Хариуцагч С.Амгаланбат нь хүү, охин хоёр хүүхдийн тэтгэлэгт 700 000 (долоон зуун мянган) төгрөгийг сар бүрийн 05-ны дотор 18 насанд хүртэлх хугацаагаар Ч.Амаржаргалын эзэмшлийн Голомт банкны 3100004017 тоот данс руу шилжүүлэх.

3. Эцэг С.Амгаланбат, эх Ч.Амаржаргал нарын зүгээс үр хүүхдүүдийнхээ асаргаа, сувилгааны зардал, шаардлагатай тохиолдолд гарсан эмчилгээний төлбөрийг хамтран хариуцна.

4. Хариуцагч С.Амгаланбат нь хүү А.Өсөхбаярын, нэхэмжлэгч Ч.Амаржаргал нь охин А.Заяа нарын бүрэн дунд, их дээд сургуулийн сургалтын төлбөрийг тус тусдаа бүрэн хариуцах.

5. Гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг зохигчид дараах байдлаар хуваахаар шийдвэрлэв.

5.1. Нэхэмжлэгч талд доорх эд хөрөнгийг:

5.1.1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Интернэйшнл рэнт” хотхон /17025/, Ар зайсангийн гудамж 90/6 дугаар байрны 3 тоот, 138,42 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах 11 тоот авто зогсоолыг нэхэмжлэгч Ч.Амаржаргал болон түүний асрамжид үлдэх хүү А.Өсөхбаяр, охин А.Заяа нарын нэр дээр энэхүү гэрээг шүүгчийн захирамжаар батлагдмагц хариуцагч С.Амгаланбат болон хамтран хариуцагч Ж.Бямбасүрэн нараас өмчлөлд нь шилжүүлэх. Ингэхдээ байрны ашиглалтын шилжүүлэхээс өмнөх бүх зардлыг /контор, СӨХ/ хариуцагч С.Амгаланбат бүрэн хариуцахаар тогтов.

5.1.2. Ч.Амаржаргал нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Интернэйшнл рэнт” хотхон /17025/, Ар зайсангийн гудамж 90/6 дугаар байрны 3 тоот, 138,42 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцанд байгаа бүх тавилга, эд зүйлсийг авахыг С.Амгаланбат хүлээн зөвшөөрөв.

5.1.3. Тоёота Харьер маркийн 36-16 УБЕ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Ч.Амаржаргалын өмчлөлд шилжүүлэх,

5.2. Хариуцагч талд доорх эд хөрөнгийг:

5.2.1. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шинэ зуун хотхон, 24а байр, 44 тоот, 2 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах 22 тоот авто зогсоолыг хариуцагч С.Амгаланбатын өмчлөлд үлдээх.

5.2.2. Тоуоta prius маркийн 42-42 УНУ улсын дугаартай автомашиныг хариуцагч С.Амгаланбатын өмчлөлд үлдээх.

5.2.3. Марк-Dongfeng, улсын бүртгэлийн дугаар УБМ 00-24, арлын дугаартай автомашиныг хариуцагч С.Амгаланбатын өмчлөлд үлдээх.

5.2.4. Марк-Тоуоta land-200, улсын бүртгэлийн дугаар УБО 06-08, арлын дугаартай автомашиныг хариуцагч С.Амгаланбатын өмчлөлд үлдээх.

Талууд эвлэрлийн гэрээнд дурдсан асуудлаас өөр аливаа байдлаар өмчлөлийн маргаангүй болохоо харилцан нотлохын сацуу Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх, эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор үүсэх эрх зүйн үр дагаврын талаар ойлгосон болно гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Амаржаргал /регистрийн дугаар ШД80070863/, хариуцагч С.Амгаланбат /регистрийн дугаар АЭ83080390/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Өсөхбаяр, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин А.Заяа нарыг төрсөн эх Ч.Амаржаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хүүхэд тус бүрээр буюу хүү А.Өсөхбаяр, охин А.Заяа нарыг 18 нас хүртэл нь тус бүр сард 700 000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдрийн дотор хариуцагч С.Амгаланбат нь нэхэмжлэгч Ч.Амаржаргалын эзэмшлийн Голомт банкны 3100004017 тоот дансанд шилжүүлэхээр тохирсоныг баталж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, интернэйшнл рент хотхон /17025/, Ар зайсангийн гудамж, 90/6 дугаар байрны 3 тоотод байрлах, 138.42 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206022023 дугаарт бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамтран хариуцагч Ж.Бямбасүрэнгийн өмчлөлд бүртгэгдсэн 000483191 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Амаржаргал /хүү А.Өсөхбаяр, охин А.Заяа/ нарыг бүртгэхийг, мөн уг орон сууцны зоорийн давхарт байрлах 11 тоот автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Амаржаргал /хүү А.Өсөхбаяр, охин А.Заяа/ нарыг бүртгэхийг тус тус Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Тоёота харьер маркийн 3616 УБЕ улсын дугаартай, арлын MHU380044173 дугаартай автомашиныг хариуцагч С.Амгаланбатын эзэмшлээс нэхэмжлэгч Ч.Амаржаргалын эзэмшилд шилжүүлэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгаж, Хариуцагч С.Амгаланбат, нэхэмжлэгч Ч.Амаржаргал нарын зүгээс үр хүүхдүүдийнхээ асаргаа, сувилгааны зардал, шаардлагатай тохиолдолд гарсан эмчилгээний төлбөрийг хамтран хариуцна, хариуцагч С.Амгаланбат нь хүү А.Өсөхбаярын, нэхэмжлэгч Ч.Амаржаргал нь охин А.Заяа нарын бүрэн дунд, их дээд сургуулийн сургалтын төлбөрийг тус тусдаа бүрэн хариуцах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, интернэйшнл рент хотхон /17025/, Ар зайсангийн гудамж, 90/6 дугаар байрны 3 тоот орон сууцны ашиглалтын Ч.Амаржаргалд шилжүүлэхээс өмнөх бүх зардлыг /контор, СӨХ/ хариуцагч С.Амгаланбат бүрэн хариуцахаар, уг 4 өрөө орон сууцанд байгаа бүх тавилга, эд зүйлсийг нэхэмжлэгч Ч.Амаржаргал авахыг хариуцагч С.Амгаланбат хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдаж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24а дугаар байрны 44 тоот, зоорийн давхрын 22 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204032232 дугаарт бүртгэгдсэн, 71.8 мкв болон 18 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, автомашины зогсоол, тоёота приус маркийн 4242 УНУ улсын дугаартай, арлын NHW207837079 дугаартай автомашин, dongfeng EQ1168 маркийн 0024 УБМ улсын дугаартай, арлын LGAX2B13XCL700167 дугаартай автомашин, тоёота ланд круйзер маркийн 0608 УБО улсын дугаартай автомашинуудыг хариуцагч С.Амгаланбатын өмчлөлд хэвээр үлдээхээр зохигчид харилцан тохирсоныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 150төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дутуу төлсөн 3 225 450 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Амаржаргалаас нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч С.Амгаланбатаас улсын тэмдэгтийн хураамжид 2 013 150 /1,942,950+70.200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Амаржаргалд олгож, хүүхдүүдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 325 950 төгрөгийг хариуцагч С.Амгаланбатаас гаргуулж, улсын орлогод оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурьдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Эвлэрлийн гэрээнд тусгаснаас өөрөөр буюу дээрх захирамжийн тогтоох хэсгийн 3-т "...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хүүхэд тус бүрээр буюу хүү А.Өсөхбаяр, охин А.Заяа нарыг 18 нас хүртэл нь тус бүр сард 700000 төгрөгийг cap бүрийн 05-ны өдрийн дотор хариуцагч С.Амгаланбат нь нэхэмжлэгч Ч.Амаржаргалын эзэмшлийн Голомт банкны 3100004017 тоот дансанд шилжүүлэхээр тохирсныг баталсугай гэж 2 хүүхдэд нь тус бүр 700000 төгрөг өгөхөөр зааж агуулгыг нь үндэслэлгүйгээр өөрчилсөн, хариуцагч болоод нэхэмжлэгч нарын тохиролцооноос өөр байгаа нь эвлэрсэн 2 талын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байсныг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрээ авахдаа мэдсэн ба энэ талаар шүүгчээс тодруулахыг туслахаас хүсэхэд шүүх хуралдааны явцад ингэж тохирсон гэдэг хариуг авсан ба энэ үйл байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "...хариуцагч С.Амгаланбат нь хүү, охин 2 хүүхдийн тэтгэлэгт 700000 төгрөгийг cap бүрийн 05-ны дотор 18 насанд хүртэл хугацаагаар Ч.Амаржаргалын эзэмшлийн Голомт банкны 3100004017 тоот данс руу шилжүүлэх" хэмээн өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын эвлэрлийн гэрээнд заасан нөхцлийг шүүхийн шийдвэрт буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Ч.Амаржаргал нь хариуцагч С.Амгаланбат, Ж.Бямбасүрэн нарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ж.Бямбасүрэнгийн нэр дээр хийгдсэн бүртгэл болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулан, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн хэмжээ, түүнийг төлөх хэлбэр, хугацаа, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар тохиролцон гарын үсгээр баталгаажуулан шүүхэд өгсөн.

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, нотлох баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ дээрх эвлэрлийн гэрээний 2-т “Хариуцагч С.Амгаланбат нь хүү, охин хоёр хүүхдийн тэтгэлэгт 700 000 /долоон зуун мянган/ төгрөгийг сар бүрийн 05-ны дотор 18 нас хүртэлх хугацаагаар Ч.Амаржаргалын эзэмшлийн Голомт банкны 3100004017 тоот данс руу шилжүүлэх” гэснийг шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “хүүхэд тус бүрт сард 700 000 төгрөгийг” гэж буруу бичсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад талуудын эвлэрлийн гэрээнд тохиролцсон нөхцөлөөр 2 хүүхдийн тэтгэмж төлөх талаар өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ч.Амаржаргал нь дээрх эвлэрлийн гэрээнд “2 хүүхдэд тус бүр 700 000 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр заасан” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа ч талууд гарын үсэг зурсан эвлэрлийн гэрээний агуулгыг анхан шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгч тодруулан асуухад нэхэмжлэгч нь “...нийлээд 700 000 төгрөг болно, 14 настай хүүхэд маань 4 жилийн дараа 18 нас хүрнэ, тэгэхээр энэ 700 000 төгрөг бол бага охиныг 18 нас хүртэл үргэлжилнэ, тодорхойгүй тусгасан байна, хүүхдийн тэтгэлгийг энэ байдлаар эвлэрсэн...” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд, хавтаст хэргийн 4 дэх талд тусгагдсан байх тул түүний тайлбар үндэслэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцуулаагүй гэх боловч хэргийн баримтын нөхцөл байдал энэ нь тогтоогдоогүй.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06651 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “...хүүхэд тус бүрээр буюу, тус бүр сард” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                               ШҮҮГЧИД                                            Ш.ОЮУНХАНД                                                         

 

                                                                                            М.НАРАНЦЭЦЭГ