| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Ө.А,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Өын Ад холбогдох 2028002240036 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Мобиком” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын үйлчилгээний заалнаас үзүүлэнд тавиатай байсан Huawei Y6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч тус компанид 429.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Аыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хийсэн зүйлд уучлаарай. Дахиж ийм зүйл болохгүй гэж та нартаа амлая.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 14-15 цагийн орчимд манай салбар дээр үзүүлэнд ашиглаж байсан Huawei Y-6 маркийн хар өнгийн цоо шинэ утас алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн өдөр нь манай салбарт Үүрийнтуяа гэх борлуулалт үйлчилгээний ажилтан ганцаараа ажиллаж байсан бөгөөд маргааш нь буюу 2020 оны 08 сарын 08-ны надад мэдэгдэж улмаар би хяналтын камерын бичлэг шүүж үл таних эмэгтэй авч явсныг мэдсэн. Мөн манай салбар дээр үзүүлэнд ашиглаж байгаа утаснуудыг сууринаас нь хөдөлгөхөд дохиолол дуугардаг ба тухайн үед утаснуудыг шинээр нь солих гээд дохиоллыг нь би салгасан байсан тул утас алдагдах үед ямар нэгэн дохио дуугараагүй. Тухайн утас нь 2019 онд үйлдвэрлэгдсэн, зөвхөн Мобикомын сим карт уншдаг хоёр симийн оролттой, хар өнгийн, 429.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан утас. Тус утасны өөрийн кодыг өргөдөл дээрээ тусгасан байгаа ба хэн нэгэн нь Мобикомын сим карт хийвэл ашиглах боломжтой. /хх-ийн 27-28-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А гэдэг эмэгтэй цагдаад баригдсаныхаа дараа манай компани дээр очиж уулзан хулгайлсан гар утасныхаа хохирлын үнэлгээгээр тогтоогдсон мөнгө болох 429.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ө.Аын манай компаниас хулгайлан авсан гар утсыг өөрт нь өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай компанийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр борлуулалт үйлчилгээний ажилтан Үүрийнтуяа бид хоёр ажлын байран дээрээ хоёулаа ажиллаж иргэдэд үйлчилж байсан юм. Манай салбарын захирал Оюунтуяа байсан боловч өдөр нь ажлаар гадагш явсан байсан. Энэ хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Өмнөговь аймаг дахь Мобиком салбарт үзүүлэнд ашиглаж, иргэдэд сурталчлах байдлаар зааланд тавьсан байсан гар утаснуудаас “Нuawei Y6” маркийн гар утас хулгайд алдагдсан байсан. Үзүүлэнд ашиглаж байсан гар утас хулгайд алдсан талаар ажлын цаг дуусах үед мэдсэн. Уг нь бол манай үзүүлэнд ашиглаж байсан гар утаснууд бүгд дохиоллын системд холбогдсон байдаг. Тэр үед манай салбар байгууллагынхаа үзүүлэнд ашиглаж байсан гар утаснуудынхаа дохиоллыг шинэчилж дохиоллуудыг түр салгасан байсан юм. Яг тэр хооронд уг гар утсыг хулгайд алдсан байсан. Тэгээд манай салбарын захирал заалны камерын бичлэгийг шүүж үзээд уг видео бичлэгт эмэгтэй хүн манай үзүүлэнд ашиглаж байсан гар утсыг хулгайлж аваад гарч яваа дүрс бичигдсэн байсныг хуулбарлаж аваад уг хүнийг олж өгч манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулах талаар цагдаагийн байгууллагад хандсан байсан. Уг эмэгтэй 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай салбарт орж ирээд ямар нэгэн үйлчилгээ авалгүйгээр үзүүлэнд тавьж ашиглаж байсан гар утаснуудыг сонирхож үзэж байгаад үзүүлэнд ашиглаж байсан “Нuawei Y6” гар утсыг хулгайлж аваад гарч явсан байсан. Уг эмэгтэйг манай Мобикомын хэрэглэгч мөн эсвэл биш гэдгийг би хэлж мэдэхгүй байна. 2019 оны дунд үеэр анх манай салбарын үзүүлэнд тавигдаж, хулгайд алдах үед 429.000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан утас юм. /хх-ийн 33-34-р хуудас/
Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 681 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Huawei Y-6 загварын гар утас 429.000 төгрөг /хх-ийн 42-р хуудас/
Шүүгдэгч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн төрсөн дүү Золжаргалын хамт явж байгаад Мобикомын төв дээр очиж дугаараа сэргээж авах гэж орсон юм. Тэгээд хүн олонтой байсан болохоор бид хоёр зарж байгаа гар утаснуудыг нь үзэж байгаад би нэг гар утсыг нь нууцаар аваад бариад гарсан. Тэгээд шууд гэртээ очсон хойно би Золжаргалд би Мобикомын зардаг утаснаас үүнийг нь авчихсан. Чи хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн. Би 5 хоногийн дараа өөрийнхөө Мобикомын дугаарыг сэргээж тэр хулгайлж авсан гар утсаа хэрэглэсэн юм. Манай нөхөр тухайн үед Цагаан хаданд ажилтай байсан болохоор 5 хоногийн дараа ирсэн. Би нөхөртөө тэр утсыг олсон гээд хэлчихсэн юм. Миний буруу, би дахиж ийм хэрэг хийхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 48-49-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.А нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Мобиком” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын үйлчилгээний заалнаас үзүүлэнд тавиатай байсан Huawei Y6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч тус компанид 429.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Мобиком” ХХК-д 429.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 681 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Huawei Y-6 загварын гар утас 429.000 төгрөг /хх-ийн 42-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Мобиком” ХХК-д 429.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хохирлын үнэлгээгээр тогтоогдсон мөнгө болох 429.000 төгрөгийг төлж барагдуулсан. Компанийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснээр шүүгдэгч Ө.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ө.Аын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 50-р хуудас/, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолтод: Ө.А нь 2004-2014 онд тус сургуульд суралцаж, 9 дүгээр анги төгссөн нь үнэнг тодорхойлов /хх-ийн 58-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод: Ө.А нь Даланзадгад сумын Зүүнсайханы 5 дугаар баг, 7-9 тоотод ам бүл 3 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. /хх-ийн 59-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Huawei Y6 загварын 429.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэгийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ө-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2–т зааснаар шүүгдэгч Ө.А-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Huawei Y6 загварын 429.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэгийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА