| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/00328/и |
| Дугаар | 182/ШШ2017/01040 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2017/01040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК-д холбогдох
Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхлэж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн төлөөлөгч Н.Батгэрэл, Л.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.М- шүүхэд болон төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тинд 2013 оны 07 сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатарын зээлийн хэлтсийн мэдээлэл судалгааны мэргэжилтнээр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2015 оны 06 сарын 03-ны өдөр бага хүү Б.Анандыг төрүүлж, 2015 оны 08 сарын 03-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан. 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн ажилдаа эргэж орох хүсэлтээ Тинд удаа дараа тавьсан боловч өмнөх ажилд томилох боломжгүй, эдийн засагчаар ажилла эсвэл хүүхэд асрах чөлөөний хугацаагаа сунга гэсэн татгалзсан хариу өгдөг байсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1359 тоот тушаалаар 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон. Ажилд орох хүсэлт гаргасан 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс ажилдаа эргэж орсон 2016 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан цалинд 9,605,190 төгрөг гаргуулна.
Тны Улаанбаатар банкны газрын Зээлийн хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтний Хөдөлмөрийн дотоод журам, Ттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тоггоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. 2016 оны 11 сарын 18-ны өдөр Улаанбаатар банкны газрын Зээлийн хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтэн Ш.М-ийн ажлыг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй. Гэтэл Тны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 д|тээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн Тны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр Мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтан Ш.М- 1 нас 7 сартай хүүхэдтэй учир Хедөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 сарын 10 өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5,397,202 төгрөг гаргуулж, Тны Улаанбаатар банкны газрын Зээлийн хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч Н.Батгэрэл, Л.Нарантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар Тны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар болж тушаалын 1 дүгээр хавсралтаар Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, 2 дугаар хавсралтаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг, 3 дугаар хавсралтаар Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго даалгаврын гүйцэттэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний нийлбэр дүнгээр нэгдсэн үнэлгээг гаргахаар заасан. Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т зааснаар тухайн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол “Тэнцсэн”, 60 хүртэлх оноо авсан бол “Тэнцээгүй” гэсэн дүгнэлтийг Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргахаар зохицуулсан. Түвшин тогтоох ажиллагааны гол зорилго нь дан ганц мэдлэгийн үзүүлэлтээр сорилго авч дүгнэх бус тухайн ажилтныг олон талаас нь бодитойгоор дүгнэх үүднээс 3 үе шаттайгаар зохион байгуулсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “ажилтан өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргана.” гэж заасны дагуу Ш.М- өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргаж байгаагүй. Ш.М-т 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон нэг сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 сарын 18-ны өдрөөр ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Ш.М- гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг. Ш.М- нь Харьяалах газрын захирлын үнэлгээ 25,50 Мэдлэг ур чадвар сорилго 17,00, Оролцоо, чанарын үнэлгээ 15 нийт 57,50 хувиар шалгагдаж “Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3.4.2-т зааснаар “Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр гарсан. Түүнчлэн Банкны удирдлагаас Ш.М-тэй уулзан ажлын байр санал болгох зорилгоор Хүний нөөцийн газраар дамжуулан удаа дараа утсаар холбогдсон боловч Мэдэгдэл хүлээн авч, ажил хүлээлцсэн өдрөөс хойш буюу 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс хойш ирж уулзахаас татгалзаж байсан. Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар Ш.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэл гардуулж, гарын үсэг зуруулж мэдэгдсэний дараа ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцласан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байсан.
Ш.М-ийн хүүхэд асрах чөлөөтэй байгаад ажилдаа эргэж орсон 2016 оны 11 сарын 04-ний өдөр хуртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулах үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Ш.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.М- хариуцагч Т ХХК-д холбогдуулан Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхлэж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэж маргажээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1.,Тны Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 74 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн Тны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул Тны Улаанбаатар банкны газрын Зээлийн хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтэн Ш.М-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 сарын 11-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж ажлаас чөлөөлсөн болох нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн /хх-ийн 156 талд/ байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 тоот тушаалаар Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг 1 дүгээр хавсралтаар, "Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг 2 дугаар хавсралтаар, “Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтаар тус тус /хх-ийн 40 талд/ баталжээ
Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 сарын 04-ний өдрийн шийдвэрээр Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, Тны ажилтны мэргэжил, vp чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журмыг хавсралтаар баталсан байна.
Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т зааснаар тухайн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол тэнцээгүй гэж дүгнэж, тэнцсэн ажилтны цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах, тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлахаар заажээ.
Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс Тны Улаанбаатар банкны газрын Зээлийн хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтэн Ш.М- харьяалах газрын захирлын үнэлгээ 25,50 мэдлэг, ур чадварын үнэлгээ 17,00, оролцоо, чанарын үнэлгээ 15, нэгдсэн үнэлгээ 57,50 үнэлгээ авч “Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон” талаар комисс дүгнэлт /хх-ийн 114 талд/ гаргасан байна.
Нэхэмжлэгч Ш.М- хариуцагч Тны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар дүгнэсэн гэж маргаж байна.
Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 сарын 04-ний өдөр хуралдаж Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг 01 дүгээр шийдвэрийн хавсралтаар баталж, мөн комиссын 2016 оны 11 сарын 05-ний өдрийн хуралдаанаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов, тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомж хүрээнд хамаарагдахыг заасан 02 дугаар шийдвэр, Түвшин тогтоох ажиллагааны нэг хэлбэр болох Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, загвар, аргачлалыг баталсан 02/02 дугаар шийдвэрийг тус тус гаргаж ажилтнуудад мэдээлсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Ажилтан Ш.М- нь 2016 оны 06 сарын 03-ны өдөр хүү Б.Анандыг төрүүлсэн болох нь Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гэрлэлтийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож /хх-ийн 12-13 талд/ байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан зохицуулалттай нийцээгүй байна.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэж ажилтан Ш.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан зохицуулалттай нийцээгүй байна.
Иймд Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Ш.М-ийг урьд эрхэлж байсан Тны Улаанбаатар банкны газрын Зээлийн хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 01 сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт сарын дундаж цалинг 983,390 төгрөг, өдөрт 45,739 төгрөгөөр тооцож 79 хоногийн олговорт 3,613,381 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгах үндэстэй.
Ажил олгогчоос 2016 оны 12 сарын 23-ны өдөр 883,053 төгрөгийг 12 сарын сүүлийн цалин гэж, 2017 оны 01 сарын 13-ны өдөр 1,150,000 төгрөгийг тэтгэмж гэж шилжүүлсэн болох нь Дипозит дансны хуулга /хх-ийн 144 талд/, хариуцагчийн “ажил үүрэг гүйцэтгээгүй боловч цалин хөлс олгосон” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл хугацааны цалин 1,783,821 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Мөн нэхэмжлэгч Ш.М- нь ажил олгогчид хандаж “ажилдаа 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс ажилдаа орох” хүсэлтээ 2015 оны 12 сарын 24-ний өдөр, 2016 оны 9 сарын 21-ний өдөр бичгээр /хх-ийн 90-91 талд/ гаргаж хүргүүлсэн талаар хариуцагч маргахгүй байна.
Хүүхэд асрах чөлөө авсан ажилтан эхийн чөлөөтэй байх хугацаанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй хэвээр үргэлжлэн түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдана. Ямар хугацаагаар чөлөө авснаас үл хамаарч эх нь чөлөөг бүрэн дуусгаад эсхүл дуусахаас өмнө ажил, албан тушаалдаа эргэн ирж үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Уг эрхээ эдлэх нөхцөлийг нь ажил олгогч нь хангаж ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.
Ажилтан үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээж аваагүй болох нь нэхэмжлэгчийн удаа дараа бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул ажлаас халсантай адилтган үзэх үндэстэй боловч ажилтан ажилд орох хүсэлт гаргасан 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 9,605,190 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,605,190 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.11., 69 дүгээр зүйлийн 69.1., 129 дүгээр зүйлийн 129.1. дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Ш.М-ийг урьд эрхэлж байсан Тны Улаанбаатар банкны газрын Зээлийн хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,613,381 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ш.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,389,011 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хариуцагч Т ХХК-иас 72,764 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ