| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Г.Г,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогтой Г-т холбогдох 2128000000051 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Г.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын б-р баг Малчны хорооллын хойд талд байх мод үржүүлэхийн хашаанд орших гэрт 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед халдан, баруун талын 6, 7-р хавирганы хугарал, хамар, баруун шуу, баруун, зүүн тохойнд зулгаралт, баруун мөр, эгэмд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Г-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй.
Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Мотоциклийн сэлбэг болон нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад таксигаар гэртээ ирсэн. Гэрт ирэхэд 14 цаг болж байсан байх. Гэртээ ирээд Г бид 2 худалдаж авсан архиа ууж дуусгаад Г миний мотоциклийг аваад дэлгүүр ороод ирье гэж яваад нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи, нэг уут бууз аваад ирэхээр нь би зөрж мотоциклио унаж гараад найз О рүү залгаж “хүрээд ир” гэсэн чинь “за би таксигаар тээврийн товчоо хүртэл явна. Чи намайг тосоорой” гэхээр нь “за” гээд тээврийн товчоон дээр очиж Ог аваад гэртээ ирэхэд 16 цаг болсон байсан байх. Бид 2-ыг гэрт ирэхэд бууз чанаад болчихсон байсан. Тэгээд О, Г бид 3 буузаа идэнгээ архиа хувааж уугаад 19 цагийн үед би нэлээн халамцуу дүү Г-т юу гэж хэлсэн юм мэдэхгүй. Уурыг нь хүргэх зүйл хэлсэн байх. Гийн уур нь хүрээд намайг гэрийн зүүн орон дээр сууж байхад түлхэж унагаад миний дээрээс гуталтай хөлөөрөө /хэдэн удааг нь санахгүй байна/ нэлээн хэдэн удаа дэвссэн. Би бас Г руу халуун сав шидсэнээ санаад байна. Гэхдээ хэзээ яагаад шидсэнээ санахгүй байна. Өглөө гэртээ ирэхэд манай гэрийн халуун сав хагарсан байсан. Тэгээд би Г-т намайг дээрээс дэвсээд байхаар нь хуучин хугарсан хавирга байгаа, битгий сэдрээчих гэж хэлсэн чинь Г зогсохгүй миний дээрээс гуталтай хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд Г-ийг дэвсэхээ болихоор нь би босоод өөрийн гар утсаараа ногооны талбайн эзэн О руу залгаж цагдаа аваад хүрээд ир гэж хэлсэн чинь за гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд Гийг авч явсан. Намайг эмнэлэг рүү авч явсан. Би ганцаараа гэртээ амьдардаг. Гийг би арваад хоногийн өмнө Гурвантэс сумаас гүйдэг хаалга хийлгэх гэж гэртээ дуудсан байсан юм. Г манайд ирээд арваад хонож байна. Би 2021 оны 01-р сарын сүүл үеэр /өдрийг нь санахгүй байна/ үхэрт явж байгаад голын мөсөн дээр халтирч унаад баруун талын хавиргаа гэмтээсэн. Гэхдээ миний хавирга эдгэж байсан байх. Сая Г дээрээс нь дэвсээд бага зэрэг сэдрээсэн байх. Миний баруун талын хавирга бага зэрэг хавдартай байна. Босч суухад бага зэрэг хөндүүрлэж байна. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 06—07-р хуудас/
Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад 16 цагийн үед над руу Б залгаад “би өөртэй чинь уулзмаар байна. Бууз чанаж байна. Дараа нь буцаагаад хүргээд өгнө” гэхээр нь би тээврийн товчоо руу таксигаар очсон. Намайг очиход Б мотоцикльтой ганцаараа намайг хүлээж байсан. Тэгээд миний таксины мөнгийг төлөөд бид 2 мотоцикльтой Бын гэрт очсон. Гэрт нь очиход Бын дүү гээд нэг танихгүй залуу бууз чанаж байсан. Тэгээд бууз идээд ундаа уугаад сууж байсан чинь Бын дүү надад архи хундагалж өгөхөөр нь амсаад буцааж өгсөн чинь эгч уугаад өгөөрэй гэхээр нь би архийг нь уучихаад өгсөн чинь Б руу бас хундагалж өгсөн. Тэгээд бид нар нэг шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи ууж дууссан чинь Бын дүү ахиад дэлгүүр рүү архинд явсан. Дэлгүүрээс 0.75 граммын нэг шил “Ерөөл” нэртэй архи авчраад задлаад ууж байсан чинь Б дүүтэйгээ маргалдаад Бын дүү нь уурлаад Б руу нэг юм аваад шидсэн чинь Быг онолгүй хажуугаар нь гарсан. Тэгээд би айгаад боль гэсэн чинь Бын дүү нь босч ирээд Быг орноос унагаад дээрээс нь гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би айгаад гэрээс нь гараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд буцаад Бын гэрт орсон чинь Б дүүтэйгээ маргалдаж байсан. Удалгүй цагдаа ирээд Бын дүүг аваад цагдаа руу явсан. /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өвчтөнтэй уулзаж рентгений зургийг хараад өвчтөнд тайлбарлаж өгсөн. Тухайн өвчтөн зүүн талын хавиргандаа өмнө нь гэмтэл авсан гэж хэлсэн. Тэгээд зургийг нь харахад баруун талын 6, 7-р хавирга эгэмний гол шугамаар шинэ хугаралтай байсан. Би үзлэг хийгээгүй. Би тухайн өвчтний рентген зургийг уншсан. Би биеийг нь үзээгүй болохоор гэмтэл шарх хаана байсан гэдгийг мэдэхгүй байна. Шинэ гэмтэл байсан. Өмнө нь өвчтөний зүүн талын 2-р хавирга хугарч байсан гэж хэлсэн. Тэгээд рентген зургийг харахад зүүн талын 2-р хавирга хуучин хугаралтай бороолж эдгэсэн байсан. /хх-ийн 15-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Бын биед баруун талын 6, 7-р хавирганы хугарал, хамар, баруун шуу, баруун, зүүн тохойнд зулгаралт, баруун мөр, эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Т.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Т.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 17-18-р хуудас/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03-р сарын 16-ны өдөр Б болон түүний найз эмэгтэйтэй нийлж Бын гэрт архи ууж байгаад Бтай би маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан. Маргалдсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир биед нь халдсан байх. Би 2021 оны 03-р сарын 07-ны өдөр Бт 100.000 төгрөг зээлсэн байсан юм. Би тэр мөнгөө Бт эмчилгээндээ зарцуулаарай авахгүй гэж хэлсэн. /хх-ийн 29-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/
Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн Архивын лавлагаа /хх-ийн 30-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын б-р баг Малчны хорооллын хойд талд байх мод үржүүлэхийн хашаанд орших гэрт 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед халдан, баруун талын 6, 7-р хавирганы хугарал, хамар, баруун шуу, баруун, зүүн тохойнд зулгаралт, баруун мөр, эгэмд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас хохирогч Т.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Бын биед баруун талын 6, 7-р хавирганы хугарал, хамар, баруун шуу, баруун, зүүн тохойнд зулгаралт, баруун мөр, эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Т.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Т.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 17-18-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”, шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2021 оны 03-р сарын 07-ны өдөр Бт 100.000 төгрөг зээлсэн байсан юм. Би тэр мөнгөө Бт эмчилгээндээ зарцуулаарай авахгүй гэж хэлсэн. /хх-ийн 29-р хуудас/ гэснээр шүүгдэгч Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Гийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 38-р хуудас/ гэснээр, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, суурь боловсрол эзэмшсэн болох нь: Өмнөговь аймаг дахь Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн лавлагаанд: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1999-2000 оны хичээлийн жилд Г.Г нь 8 дугаар анги төгсөж, 111 бүртгэлийн дугаартай суурь боловсролын гэрчилгээ авсан байна. /хх-ийн 30-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс хохирол хор уршгийн хувьд илүү байхаар хуульчилсан тул шүүгдэгчид оногдуулах ялын бодлогыг мөн ялгамжтай байдлаар оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэх болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана... гэж заасан тул шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, улсын яллагчийн ялын саналын хэмжээнд шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Т.Б-т 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА