| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болорзаяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Жгийн Бд холбогдох эрүүгийн 2135000000043 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 24-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Хяргас сумын Бугат багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Урианхай овогт Жгийн Б /РД:ОР88022415/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ж.Б нь Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг “Нүхт” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг буюу 6.356 метр куб модыг хууль бусаар бэлтгэж ойн экологи эдийн засагт 4.226.643 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус сумын 2 дугаар багийн “Хавчиг зураа” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Цын нэр дээр авсан 094112 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан модны төрлийг зөрчиж хэрэглээний 45 ширхэг буюу 2.9773 куб метр хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэж, ойн экологи эдийн засагт 588.219 төгрөгийн нийт 9.3333 метр куб мод хууль бусаар бэлтгэж, ойн экологи-эдийн засагт 4.814.862 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг “Нүхт” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг буюу 6.356 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн, мөн тус сумын 2 дугаар багийн “Хавчиг зураа” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Цын нэр дээр авсан 094112 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан модны төрлийг зөрчиж хэрэглээний 45 ширхэг буюу 2.9773 куб метр хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [2],
- Эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхгийг эд эд зүйл хураан авах тухай тогтоол, тэмдэглэл[3], Mitsibushi Delica маркийн 1340УВА улсын дугаартай ачааны авто машин 1 ширхгийг эд хөрөнгө битүүмжлэх прокурорын зөвшөөрөл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл[4],
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын тамгын газарт 2006 оноос хойш байгаль орчны хяналтын улсын байцаагч албан тушаалд тасралтгүй 15 жил ажиллаж байна. Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгчтэй хамт 2021 оны 02 дугаар сарын 22- ны өдөр хяналт шалгалт хийж байгаад тус сумын иргэн Ж.Бы хашаанд гарал үүсэл эрхийн бичиггүй мод байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч тухайн хашаанд байсан модонд үзлэг хийсэн. Хашаанд нийтдээ 76 ширхэг тайрч бэлтгэсэн мод байсан. Тэгээд Ж.Баас асуухад эхний 45 ширхгийг нь Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн Хавчиг зураа гэх газраас түлшний мод бэлтгэхээр өөрийн ээж Ц гэх хүний нэр дээр эрхийн бичиг авч бэлтгэсэн байсан. Харин 31 ширхэг нойтон модыг ямар нэгэн эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2020 онд талбай тусгаарлалт хийгдээгүй Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн "Нүхт" гэх газраас нойтон мод унагаж бэлтгэсэн талаараа Ж.Б хэлж байсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй боловч байгаль хамгаалагч Ааас утсаар холбогдож асуухад Ж.Б өөрийн ээж Цын нэр дээр түлшний зориулалтаар мод бэлтгэхээр 4 метр куб модны эрхийн бичиг авсан талаар хэлсэн. Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн “Таван зураа” гэх газарт 25 га, “Хавчиг зураа” гэх газарт 10 га мод бэлтгэхээр тусгаарласан. Ж.Баас зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 4.814.862 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[5],
гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Хяргас сумын Ж.Б гэх иргэнийг би танина. Тухайн иргэн Хяргас сумын Бугат 2 дугаар багт өөрийн ээж Ж.Цын хамт мал маллан амьдардаг залуу байдаг. Ж.Б өөрийн нэр дээр ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин өөрийн ээж Цын нэр дээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түлшний зориулалтаар шинэс төрлийн 4 метр куб мод бэлтгэхээр зөвшөөрөл авсан. Түлшний зориулалттай модыг Увс аймгийн Хяргас сумын Бугат 2 дугаар багийн талбай тусгаарлалт хийгдсэн Хавчиг зураа гэх газраас бэлтгэхээр эрхийн бичиг авсан. Тухайн модыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд 3 хоногийн хугацаанд бэлтгэж тээвэрлэхээр эрхийн бичиг авсан тухайн хугацаандаа модоо бэлтгэж тээвэрлэсэн байх ёстой. Б гэх хүн Бугат багийн Нүхт гэх газраас мод бэлтгэхээр ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, тэгээд ч нүхт гэх газраас мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийгдээгүй учир тухайн газраас мод бэлтгэх нь хууль бус ажиллагаа юм.” гэх мэдүүлэг[6],
гэрч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хяргас сумын 2 дугаар багт хүү Бы хамт амьдардаг. Би 2020 оны 9 дүгээр сард байгаль хамгаалагч Ааас модны зөвшөөрөл авсан. Түлшний модны зөвшөөрөл авахаар болсон ба нийт 22.000 төгрөг төлөх байснаас би 9.000 төгрөгийн төлсөн. 22.000 төгрөгөөр төлсөн баримт нь том машин модны үнэ. Харин 9.000 төгрөг нь ачааны жижиг машин модны зөвшөөрлийн үнэ. 2020 оны 9 дүгээр сарын 15-нд манай хүү Б мод бэлтгэхээр өөрийн Дэлика загварын авто машинтай явсан. Б мод бэлтгэхээр явахдаа цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг аваад явсан.” гэх мэдүүлэг[7],
гэрч П.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 9 дүгээр сард Бтай хамт мод бэлтгэсэн удаа байгаа. Би 2020 оны 9 дүгээр сард хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Хяргас сумын 2 дугаар багийн нутаг Тэмээн дугардаг гэх газраас мод бэлтгэсэн. Би 3 дугаар багийн хүн учраас газрын нэрийг буруу хэлсэн байж магадгүй. Тухайн бэлтгэсэн модоо Б өөрийнхөө цагаан өнгийн авто машинаар тээвэрлэсэн.” гэх мэдүүлэг[8],
Шүүгдэгч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хяргас сумын 2 багийн нутагт ээж Цын хамтаар мал маллаж амьдардаг. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны үед миний ээж Ц сумын төв орж байгаль хамгаалагч Ааас түлшний модны зориулалтаар мод бэлтгэх 4 метр модны зөвшөөрөл авч ирсэн. Түлшний мод бэлтгэх зөвшөөрөл нь 2020 оны 9 дүгээр сарын 15-наас 17-ны хооронд Хяргас сумын 2 багийн нутаг Хавчиг зураа гэх газраас түлшний мод бэлтгэх эрхийн бичиг байсан юм. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хяргас сумын Хавчиг зураа гэх газраас ургаа 19 модыг тайрч 3 метрийн урттай тайрч бэлтгэсэн. Миний тайрсан ургаа 19 мод бол хуурай мод байсан. Би эдгээр мод дружба хөрөөгөөр тайрч сүхээр мөчрийг тасалж 45 ширхэг мод болгож бэлтгэж өөрийн Делика загварын 1340 УВА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж сумын төвд байх хашаандаа буулгасан. Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хяргас сумын 2 дугаар багийн нутаг Нүхт гэх газраас мод бэлтгэхээр манай төрлийн ах болох Т ахыг гуйж мод бэлтгэсэн. Нүхт гэх газраас 4 ширхэг нойтон модыг тайрч унагаад 2 метрийн хэмжээтэйгээр 31 ширхэг мод тайрч Делика загварын 1340 УВА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж сумын төвд байх хашаандаа буулгаад явсан. Намайг мод бэлтгэх үед сумын байгаль хамгаалагч нараас ямар нэг хяналт тавиагүй. Тухайн үед зөвшөөрөл олгож байсан үе юм. Би бэлтгэсэн моднуудаар амбаар барих санаатай байсан юм. Түлшний мод бэлтгэх эрхийн бичигтэй боловч эдгээр моднуудыг би бэлтгэсэн. Т ахад би мод бэлтгэхдээ эрхийн бичигтэй гэдгийг хэлж байсан. Эхний өдөр би ганцаараа модыг бэлтгэсэн. Би өөрийн дружба хөрөө, сүхээр бэлтгэж делика загварын автомашинаараа тээвэрлэсэн. Би эхний 45 ширхэг модыг ганцаараа бэлтгэсэн. Дараа нь Нүхт гэх газраас Т ахтай хамт бэлтгэсэн.” гэх мэдүүлэг[9] -үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шинжээчийн “Уг мод бэлтгэсэн N 49° 345338, Е 093 498504 солбицолд орших Хяргас Нүхт гэх газар нь тусгаарлалт хийгдээгүй болно. улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. N 49° 353103, Е 093 474944 солбилцолд орших Хяргас сумын Хавчиг зураа гэх газарт талбай тусгаарлалт хийгдсэн болно. Мод нийтдээ 9.3333 метр куб болж байна. Бэлтгэсэн мод нь Шинэс мод байна. Дээрх мод нь хэрэглээний мод байна. 1-45 хүртэлх мод нь хэрэглээний хуурай мод 2.977 метр куб шинэс модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 4.226.643 төгрөг болж байна. Нийтдээ 9.3333 метр куб шинэс модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 4.814.862 төгрөг байна.” гэх 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт[10]-ээр тухайн модыг бэлтгэсэн Увс аймгийн хяргас сумын 2 дугаар багийн “Хавчиг зураа” , “Нүхт” гэх газрууд нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй, ойн экологи-эдийн засагт учруулсан хохирол нь 4.814.862 төгрөг болох нь тус тус тогтоогджээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Ж.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг “Нүхт” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг буюу 6.356 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн, мөн тус сумын 2 дугаар багийн “Хавчиг зураа” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Цын нэр дээр авсан 094112 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан модны төрлийг зөрчиж хэрэглээний 45 ширхэг буюу 2.9773 куб метр хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр 4.814.862 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 4.814.862 төгрөг байна.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.629.724 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь байгаль экологид учруулсан бодит хохирол 4.814.862 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 9.629.724 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11]-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Бы түүний хувийн зан байдлын талаар гэрч Н.Тийн өгсөн: “...Б зан аашны хувьд даруухан талдаа, гэхдээ айлын бага хүүхэд болохоор дураараа зантай залуу юм. Хааяа архи дарс уучихдаг. Гэхдээ нэг их архи уугаад байдаггүй. Найз нөхөд гэж олон хүнтэй найзалж, нөхөрлөөд байдаггүй. Ангийнхаа нэг хоёр залуутай найзалдаг. Амьдрал ахуйн хувьд боломжийн.” гэх мэдүүлэг[12], гэрч Г.Дын өгсөн: “...Үг дуу цөөтэй, нэг их юм хэлээд байдаггүй залуу юм. амьдралын нөхцөл байдлын хувьд сүрхий малтай, ээжтэйгээ хоёул амьдардаг.” гэх мэдүүлэг[13]-үүд хэрэгт авагджээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Бд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан, улсын яллагчийн санал болгосон нийтэд ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 9.3333 метр.куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 13-40 УВА улсын дугаартай делика авто машин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг тус тус хурааж, ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлтэй байна.
2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 92 дугаартай “...2020 оны 9 дүгээр сарын байдлаар хуучин сүх хуучин цахилгаан хөрөө 30.000 төгрөг, 1996 онд Япон улсад үйлдвэрлэсэн Делика загварын автомашин 800.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт[14]-ээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон багажийг үнэлжээ.
“Гэрэгэ эстимэйт” ХХК-ны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21/15 дугаар “6.356 метр куб шинэс мод /нойтон/ - зах зээл дээр худалдаанд байдаггүй учир үнэлэх боломжгүй. 2.977 метр куб хэрэглээний шинэс мод /хуурай/ - 297.700 /хоёр зуун ерэн долоон мянга долоон зуу/ төгрөг” гэх дүгнэлт[15]-ээр 6.356 метр куб нойтон шинэс модыг үнэлээгүй боловч Увс аймагт 1м.куб хэрэглээний мод 100.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.
Шүүгдэгч Ж.Б хууль бусаар бэлтгэсэн 6.356 метр куб нойтон шинэс мод нь хэрэглээний мод тул уг модыг хэрэглээний хуурай модтой адилтган үнэлэх боломжтой гэж шүүх үзээд 6.356 метр куб нойтон шинэс модыг 635.600 төгрөгийн үнэтэй гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 933.300 төгрөгийн үнэ бүхий 9.3333 метр.куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий 1340УВА улсын дугаартай Делика авто машин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, ойн санд учруулсан 9.629.724 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б нь хохиролд 4.814.862 төгрөгийг Увс аймгийн Хяргас сумын Байгаль хамгаалах санд төлснийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх нь элэгдэж, муудан улсын орлогод оруулах боломжгүй болсон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Бд буцаан олгохоор тогтоов.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Жгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Бд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Б нь хохиролд 4.814.862 төгрөгийг Увс аймгийн Хяргас сумын Байгаль хамгаалах санд төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 9.629.724 төгрөгийг шүүгдэгч Ж.Баас, Увс аймгийн Хяргас сумын Байгаль хамгаалах сангийн 100151755402 данснаас 4.814.862 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 933.300 төгрөгийн үнэ бүхий 9.3333 метр.куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий 1340УВА улсын дугаартай Делика авто машин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, ойн санд учруулсан 9.629.724 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Бд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
[1] /хх-ийн 7-8, 9-10-р тал /
[2] /хх-ийн 2-6-р тал/
[3] /хх-ийн 14-16-р тал/
[4] /хх-ийн 18-21-р тал/
[5] /хх-ийн 30-р тал /
[6] /хх-ийн 35-36-р тал/
[7] /хх-ийн 41-р тал/
[8] /хх-ийн 42-44-р тал/
[9] /хх-ийн 81-82-р тал/
[10] /хх-ийн 57-р тал/
[11] /хх-ийн 85-88-р тал/
[12] /хх-ийн 46-47-р тал/
[13] /хх-ийн 49-р тал/
[14] /хх-ийн 64-р тал/
[15] /хх-ийн 71-р тал/