Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Б.Х,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Х-д холбогдох 2128000120039 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ............................;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 23 өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 2-33 тоотод байх гэртээ, өөрийн эзэмшлийн Samsung S-4 маркийн гар утсаар, өөрийн эхнэр Б.Д-н “Б Д” гэх нэртэй фэйсбүүк цахим хаяг ашиглан, ашиг олох зорилгоор “Техас” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, 1.017.624 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Техас гэж хориотой тоглоом тоглуулсан. Хориотой гэж мэдээгүй. Шүүхээр явна гэж мэдээгүй төсөөлж байгаагүй. Өөрийн хүссэн ажилдаа орчхоод ийм асуудлаас болж ажлаасаа халагдсандаа харамсаж байна  гэв.

Гэрч Б.Д мэдүүлэгтээ: Би “Б Д” гэх нэртэй фэйсбүүк цахим хаягийг 2 жил хэрэглэж байна...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 2 дугаар гудамж 33 тоотод гэртээ зохион байгуулсан гэжээ. /хх-22-23/,

Гэрч Т.Х мэдүүлэгтээ: Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ гар утсаараа фэйсбүүктээ ороод байж байхад орой 17 цагийн үед байх цагаа санахгүй байна. “Б Д” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар лайв хийгээд “Техас” нэртэй тоглоом тоглуулж байхаар нь сонирхоод тоглосон...Х гэсэн нэртэй дансыг тоглуулж байхдаа байршуулсан байсан...1-6 хүртэл дугаарласан цагаан цаас байсан. Цаасны буланд “Азаа үз, ёндоо залуусаа” гэсэн бичигтэй, 5к-25к гэсэн тоо бичсэн байсан. Б Х гэж бичээд 5586034402 дугаарын данс тавьсан байсан... гэжээ. /хх-24/,

Гэрч Б.Д мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын эхээр Да хүрээ автомашины групп дээр тоглоомын лайв явдаг. Тэгээд тэр дундаас “Б Д” гэх хаягийг сонгож 2-3 удаа тоглосон...Мөнгөө Б-н Х гэсэн дансанд хийж тоглож байсан өөр дансанд мөнгө хийж тоглоогүй...гэжээ. /хх-27-29/,

Гэрч Ө.Б мэдүүлэгтээ: Манай нутгийн Х гэдэг залуугийн эхнэрийн фэйсбүүк хаяг байсан...Фэйсбүүк цахим орчимд тоглоом тоглуулж байхдаа Х өөрөө яриад зохион байгуулж байхад нь дуу хоолойгоор нь таньсан...Би 5586034402 дугаарын Х гэсэн нэртэй дансанд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Б 6” гэсэн утгатай 6000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Б 4” гэсэн утгатай 6000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Б 6” гэсэн утгатай 10.000 төгрөг 2 удаа шилжүүлсэн. Тэгээд тоглох хугацаандаа хожиж 5586034402 дугаарын Х гэсэн нэртэй данснаас 12.000 төгрөгөөр 2 удаа 24.000 төгрөг хожиж авсан гэжээ. /хх-31/,

Гэрч Б.Э мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Б Д” гэх нэртэй фэйсбүүк цахим хаягаар хөзөр ашиглан тоглодог Техас фокер гэх тоглоомыг нэг тоглолтод 6 хүн орж тоглодог байдлаар зохион байгуулж тоглуулж байсан... гэжээ. /хх-36/,

Гэрч У.Сүхбатаар мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Б Д” гэх нэртэй фэйсбүүк хаяг ашиглан хэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан талаар мэдэхгүй зүгээр Техас тоглоомын лайв бичлэг явж байхаар нь мөнгө шилжүүлж тоглосон. Би энэ хаягийн цаана ямар хүн эзэмшиж ашигладаг талаар мэдэхгүй. Тухайн өдөр лайв бичлэг хийж байсан хүн нь царай төрх нь харагдаагүй эрэгтэй л хүн байсан гэжээ. /хх-44-47/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/,

Эл зүйл хураан авсан тэмдэглэл /хх-17/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-18/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/,

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-67/,

Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-68/,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-72-145/,

Б.Х-гийн 5586034402 дугаарын дансны орлого зарлагын тооцоо /хх-146-149/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-151-158/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-160/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Х-гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч Б.Х нь фэйсбүүк цахим хаяг ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр болон бусад эд зүйл ашиглан  “Техас” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглуулсан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тоотод байх гэртээ, өөрийн эзэмшлийн Samsung S-4 маркийн гар утсаар, өөрийн эхнэр Б.Д-н “Б Д” гэх нэртэй фэйсбүүк мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан “Техас” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь гэрч Б.Д /хх-22-23/, Т.Х /хх-24/, Б.Д /хх-27-28/, Ө.Б /хх-31/, Б.У /хх-33/, Б.Э /хх-35-36/, Ц.Б /хх-38-40/,У.С /хх-44-47/ нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/, Эд зүйлээр 4 дүрс зурж дугаарласан хатуу цаас хураан авсан тухай тэмдэглэл /хх-17/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-18/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-72-145/, Б.Х-гийн дугаарын дансны орлого зарлагын тооцоо /хх-146-149/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-151-158/, шүүгдэгч Б.Х-гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Мэдээллийн технологи гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ойлгохоор Харилцаа холбооны тухай хуульд тодорхойлсон.   

Шүүгдэгч Б.Х нь өөрийн эзэмшлийн Samsung S-4 маркийн гар утсаар  “Б Д” гэх фэйсбүүк хаягаас шууд бичлэг дамжуулж, 6 хүн тоглох боломжтой хатуулаг цаасыг бэлтгэн, 5586034402 дугаартай дансанд тоглогч нараас урьдчилан мөнгө байршуулан, мөрий тавиулж “Техас” нэртэй тоглоомыг хөзөр болон бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан  зохион байгуулсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Х нь дээрх мөрийтэй тоглоомыг зохион байгуулан тоглуулах бүрдээ байршуулсан мөнгөнөөс нийт 1.017.624 төгрөгийн ашиг олсон болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-72-145/, дансны орлого, зарлагын тооцоо /хх-146-149/, гэрч нарын мэдүүлэг шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг ашиг олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг байхаар хуульчилсан.

Шүүгдэгч Б.Х нь “Б Д” гэх нэртэй фэйсбүүк цахим хаяг ашиглан, ашиг олох зорилгоор “Техас” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлээ хууль бус болохыг мэдсээр байж, зохион байгуулан хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Х нь ................................ болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-67/, Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-68/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-151-158/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Х-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Х-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах оногдуулах эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлт гаргасан.

Шүүх шүүгдэгч Б.Х-гийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Х нь 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн 8 ширхэг дөрвөлжин дүрс зурсан, 6 дөрвөлжин дүрс доор нь 1, 2, 3, 4, 5, 6 гэх тоонууд бичсэн, зүүн доор буландаа азаа үз, Ёндоор залуусаа амжилт гэх бичиглэлтэй, доод хэсэгтээ 5к=25к  Техас гэх бичиглэлтэй, 2 талын зах хэсэг болон гол хэсэгт өнгөгүй тууз наасан, 39*61 см хэмжээтэй цагаан өнгийн хатуулаг цаас 1 ширхэг, 5586034402 Б Х гэх бичиглэлтэй 5*28 см урттай цагаан өнгийн хатуулаг цаас 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдэхдээ хөзөр, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоо бичсэн хатуулаг цаас, Samsung S-4 маркийн гар утсыг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч Б.Х-гийн яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,

Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.Х-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эзэмшлийн Samsung-S-4 маркийн гар утсыг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  1.017.624 /нэг сая арван долоон мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь шүүх хуралдаанд “Шүүгдэгч би 300.00-400.000 төгрөгийн ашиг олсон байх” гэж тайлбар мэдүүлэг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Х нь дээрх гэмт хэргийг үйлдэж 1.017.624 төгрөгийн ашиг олсон болох нь хэрэгт авагдсан “Az, yondoo, endoo, 1, 2, 3, 4, 5, 6” гэж бичигдсэн мөнгөн шилжүүлгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Х-гийн 5586034402 дугаарын дансны орлого зарлагын тооцоо зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн гаргасан тайлбар, мэдүүлэг үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Х нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн 8 ширхэг дөрвөлжин дүрс зурсан, 6 дөрвөлжин дүрс доор нь 1, 2, 3, 4, 5, 6 гэх тоонууд бичсэн, зүүн доор буландаа азаа үз, Ёндоор залуусаа амжилт гэх бичиглэлтэй, доод хэсэгтээ 5к=25к  Техас гэх бичиглэлтэй, 2 талын зах хэсэг болон гол хэсэгт өнгөгүй тууз наасан, 39*61 см хэмжээтэй цагаан өнгийн хатуулаг цаас 1 ширхэг, 5586034402 Б Х гэх бичиглэлтэй 5*28 см урттай цагаан өнгийн хатуулаг цаас 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.017.624 /нэг сая арван долоон мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Samsung S-4 маркийн гар утсыг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ